| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2020/00663/И |
| Дугаар | 001/ХТ2022/00877 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/00877
Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1824 дүгээр магадлалтай,
Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй
Моннис эйр сервис ХХК-д холбогдох
Тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16,757,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, Б.Хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хосбаяр, төрийг төлөөлж Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намрсай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцагч Моннис эйр сервис ХХК-д холбогдуулан тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16,757,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Моннис эйр сервис ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,757,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 241,735 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Моннис эйр сервис ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 241,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1824 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.
Төрийн өмчийн хорооны 2006.10.19-ний өдрийн 631 тоот тогтоолоор МИАТ Агросервис Төрийн өмчит үйлдвэрийн газрыг цогцолбороор нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдан 2006.12.14-ний өдрийн 712 тоот тогтоолоор Моннис интернэйшнл ХХК-д өмчлөгчийн эрх олгохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар МИАТ Агросервис Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Моннис интернэйшнл ХХК-д хүлээлгэн өгөх актын өглөг хэсгийн 1-т Иргэний нисэхийн ерөнхий газарт 16,757,100 өглөгтэй гэж дурдаад талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Улмаар хариуцагч талаас уг төлбөрийг төлж барагдуулснаар талууд 2011.09.30-ны өдөр тооцоо нийлэхэд Моннис эйр сервис ХХК нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт 1,606,533 төгрөгийн өглөгтэй болсон байдаг.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа ...Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар болон хариуцагч Моннис эйр сервис ХХК-ийн хооронд 2015.01.31-ний өдөр тус хоёр байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж төлбөр төлөгч Моннис эйр сервис ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 18,723,677 төгрөгийн өглөгтэй бөгөөд уг тооцооны жагсаалтад 2006.12.14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор МИАТ Агросервис ХХК-ийн 16,757,144 төгрөгийн өглөг гэж заасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа талуудаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн бодитой, цаг хугацааны дэс дараалалтай дүгнэж үзээгүй бөгөөд хариуцагч талаас гаргаж өгсөн Моннис эйр сервис ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2011 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэгбүрчлэн нийлж, төлбөр төлөгч Моннис эйр сервис ХХК нъ нэхэмжлэгч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт 1,606,533 төгрөгийн өглөгтэй байгаа талаарх нотлох баримтыг огт үнэлээгүй байна. 2006.12.14-ний өдрийн 712 тоот тогтоолоор МИАТ Агросервис Төрийн өмчит үйлдвэрийн газрыг цогцолбороор Моннис интернэйшнл ХХК-д өмчлөгчийн эрх олгохоор шийдвэрлэсэн байдаг бөгөөд 2011.09.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар Моннис эйр сервис ХХК нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт 1,606,533 төгрөгийн өглөгтэй болсон талаар нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Улмаар 2015.01.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, төлбөр төлөгч Моннис эйр сервис ХХК нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт 16,757,100 биш 18,723,677 төгрөгийн өглөгтэй болсон байдаг. Энэ нь талуудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үүссэн өмч хувьчлалын асуудалтай ямар ч холбоогүй өр төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байна. Мөн Анхан шатны шүүх нотлох баримтыг хууль журмын дагуу үнэлж, Моннис эйр сервис ХХК-аас 16,757,144 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газар, Моннис эйр сервис ХХК-ийн хооронд байгуулагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар биш, Иргэний нисэхийн ерөнхий газрын хуулбар үнэн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нъ үнэлнэ гэснийг зөрчжээ.
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэг эхлэхэд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн зарим нотлох баримтууд нь хуулбар үнэн гэсэн тэмдгээр дарагдсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй талаар сануулахад нотариатаар баталгаажуулсан баримтуудыг нь нотлох баримтын хэмжээнд үнэлнэ хэмээн шүүгч тайлбарлан тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь тухайн шүүх хурлын хяналтын камерт бичигдсэн байгаа билээ.
Тиймээс шүүх хэргийг хянахдаа хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримт, хүсэлт тайлбарыг огт харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэгч талын нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ. Тиймээс магадлалыг хүчингүй болгож, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцагч Моннис эйр сервис ХХК-д холбогдуулан МИАТ Агросервис ТӨҮГ-ын өр 16,757,100 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх төлбөрийг Моннис интернэйшнл ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
8. Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, ...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ. /Тодорхойлох хэсгийн 4/
9. Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл, Засгийн газрын 2006 оны 153 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2006.10.19-ний өдрийн №631 дугаартай тогтоолоор Агросервис ТӨҮГ-ыг цогцолбороор нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн бөгөөд нээлттэй дуудлага худалдааны ялагч Моннис-Интернэшнл ХХК нь Агросервис ТӨҮГ-ын үнийг бүрэн төлж, өмчлөх эрхтэй болсон үндэслэлээр Төрийн өмчийн хорооны 2006.12.14-ний өдрийн №712 дугаар тогтоолоор Агросервис ТӨҮГ-ын өмчлөх эрхийг Моннис-Интернэшнл ХХК-д шилжүүлэн олгож, 2007.01.17-ны өдөр Агросервис ТӨҮГ /цогцолбор/-ыг Моннис-Интернэшнл ХХК-д хүлээлгэн өгсөн актын Өглөг хэсэгт Агросервис ТӨҮГ нь ИНЕГ-т 16,757,100 төгрөгийн өртэй болохыг тусгажээ.
“Моннис эйр сервис” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь харилцан тооцоо нийлж, 2015.01.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, “Моннис эйр сервис” ХХК 18,723,677 төгрөгийн өглөгтэй гарсныг баталсан байх бөгөөд дээрх өглөгт 2006.12.14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан “Агросервис” ТӨҮГ-ын 16,757,144 төгрөгийн өр багтсан болох нь авлагын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.
10. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр зохигчийн хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгааг Тооцоо нийлэх гэрээ гэж дүгнэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ, тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ, тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно гэж Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-466.3-т тус тус зохицуулжээ.
11. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч Моннис эйр сервис ХХК 18.723,677 төгрөгийн тооцооны үлдэгдлийг төлөх үүрэгтэй байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэж, хариуцагчаас 16,757,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь заалтад нийцсэн, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул үлдэгдэл 1,606,533 төгрөгийн өглөгийн талаарх нотлох баримтыг огт үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, хариуцагчийг ИНЕГ-т 16,757,1 мянган төгрөгийг өглөгтэйг нотолсон Агросервис ТӨҮГ /цогцолбор/-ыг хүлээлцсэн тухай акт нь нотариатаар гэрчлэгдсэн байх ба Тооцооны үлдэгдлийн баталгааны үндэслэл болох Авлагын дэлгэрэнгүй бүртгэл хэрэгт эх хувиар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
Иймд шүүх шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1824 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.10.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД