Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01728

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК-ийн Хаан банкны данснаас Б.Э-ы дансанд 95 000 000 төгрөгийг зээл гэсэн утгатайгаар шилжүүлэн авсан байсан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарч ирсэн. Улмаар шалгаж үзтэл Б.Э нь Ж.Гансүхийн гэр бүлийн хүн нь болж таарсан. Бидний хувьд Б.Э-д ямар нэгэн өр төлбөргүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 95 000 000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад буцаан төлөхдөө манай гэр бүлийн хүний дансаар дамжуулж шилжүүлсэн. Би 2014 оноос эхэлж “М” ХХК-д ажиллаад 2016 онд ажлаасаа гарсан. Компанид санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болоод н.Ангарын байрыг барьцаанд тавьж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага гарсан. Л.Гончигсүрэн захирал н.Эрдэнэцэцэг гэх хүнээс зээл авахаар болсон. Улмаар н.Эрдэнэцэцэг гэх хүнтэй холбогдоход “манай банк бус санхүүгийн байгууллага мөнгө гаргах боломжгүй байна, “Хүрэн бэлчир уул ББСБ” ХХК-аас авчих” гэсэн. “Хүрэн бэлчир уул ББСБ” ХХК нь дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байсан ба бид нарт зээл олгосон. Зээлийн гэрээ, мөнгийг иж бүрнээр нь компанид авчирч өгсөн. Ингээд компанид мөнгө орж ирээд зээлийг төлсөн. Төлөхөд н.Ангар бид 2 явсан. Тухайн үед компанийн Хаан банкны дансанд мөнгө байсан учраас мөнгийг Хаан банкаар дамжуулбал хурдан шилжих учраас Хаан банкны данс хэрэгтэй болсон. Надад Хаан банкны данс байхгүй байсан учраас манай гэр бүлийн хүнийн данс руу орсон. Манай гэр бүлийн хүн н.Эрдэнэцэцэг гэх хүнд дамжуулсан. Н.Ангар бид 2 бэлэн мөнгө тушаасан баримтад гарын үсэг зураад Баянзүрх дүүргийн өмчийн газраас барьцаалбарыг чөлөөлөхийг зөвшөөрөв гэсэн албан тоот бичүүлэн барьцааг суллаж авсан ийм л процесс болсон. Тухайн үед компанийн төлбөр тооцооны гүйлгээ надаар дамжсан болохоос биш ямар нэгэн байдлаар компаниас мөнгө авсан зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2, 492.2.1-т зааснаар хариуцагчаас 25 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч Б.Э-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар нэхэмжилсэн 95 000 000 төгрөгөөс өөр байдлаар төлсөн талаар баримтгүй тул зээлийн 70 000 000 төгрөгийн төлөлтийн талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ хэмээн зөв дүгнэсэн атлаа нөгөө зээлийн төлөлт болох 25 000 000 төгрөгийн талаар мөн л өөр байдлаар төлсөн эсхүл төлөгдөөгүй талаар баримтгүй байтал тухайн мөнгийг би авсан хэмээн мэдүүлсэн гэрч Ж.Алтанцэцэгийн мэдүүлгийг огт авч хэлэлцсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зурж, тамга тэмдгээ даран зээл төлөлт гэсэн тайлбартайгаар хариуцагчийн дансанд 95 000 000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, хариуцагч тэр мөнгийг 2 хуваан цааш нь зээлдүүлэгч нарт зээл хүүг нь төлсөн үйл баримт хангалттай нотлогдож байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Шүүх тухайн 25 000 000 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна гэх ямарч үйл баримт нотлогдоогүй байхад хариуцагчийг хувьдаа авсан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Зүй нь бол нэхэмжлэгч зээл төл гэж шилжүүлсэн мөнгөөр зээл төлөөгүй байна гэж маргаад тэр нь нотлогдох ёстой. Мөн нэхэмжлэгч тал бусдаас зээл авсан, түүнийгээ төлөх ёстой гэсэн үүргээ ухамсартайгаар мэдэж байсан гэдэг нь тус гүйлгээний утга болон мөнгөн дүнгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны үеэр тайлбартаа Ж.Гансүх олон баримтын дунд хавчуулан теөрөгдүүлэх замаар мөнгөн гүйлгээний баримтанд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тал өөрийн биеэр Хаан банк дээр очиж шилжүүлэг хийсэн нь банкны гүйлгээний баримтаар нотлогдож байна. Ийнхүү тайлбар үйлдэл хоёр нь зөрж байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч тал илт үндэслэлгүй зүйлээр бусдыг гүтгэн хохироож байгаа нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч Б.Э-аас 95 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тус компанийн бусдаас авсан зээлийн төлбөр нэхэмжлэгчийн дансаар дамжиж төлөгдсөн гэх тайлбарыг гаргажээ.

            “М” ХХК-ийн захирал Л.Гончигсүрэнгийн гарын үсэг зурж, компанийн тэмдгээр баталгаажсан 2014 оны 3 дугаар сарын 14-ний төлбөрийн баримтаар Б.Э-ы ХААН банк дахь 5011222992 тоот дансанд 95 000 000 сая “зээл төлөлт” гэсэн утгатайгаар шилжсэн баримт хэрэгт авагдсан ба 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 70 000 000 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгийн ХААН банк дахь 5030199784 тоот дансанд шилжүүлсэн нь дурдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.

            Хариуцагч талын 70 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн захирал Л.Гончигсүрэнгийн “Хүрэн бэлчир уул” ББСБ-аас зээлсэн 70 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн гэх тайлбар хэргийн дараах баримтаар нотлогджээ.

            Д.Ангар, Л.Гончигсүрэн нар нь Хүрэн бэлчир уул ББСБ-тай 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ЗГ2014/04 тоот зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулан 70 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай /хх-57,58/ зээлсэн баримт болон 70 000 000 төгрөгийн зээлийг бэлнээр төлж, зээл хаасан талаарх Хүрэн бэлчир уул ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, зээлийн дансны хуулгыг хариуцагч шүүхэд баримтаар гаргасан бөгөөд уг мөнгөөр Л.Гончигсүрэнгийн зээлийн төлбөрийг төлж, Д.Ангарын орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

            Иймд нэхэмжлэгчийн Б.Э-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 70 000 000 төгрөгийг шаардсаныг хариуцагч татгалзсанаа баримтаар нотолсон, нэхэмжлэлийн үндэслэл баримтаар няцаагдсан тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй.

            Харин 25 000 000 төгрөгийг иргэн Ж.Алтанцэцэгээс авсан Л.Гончигсүрэнгийн зээлд төлсөн гэх боловч хэрэгт Л.Гончигсүрэн Ж.Алтанцэцэгээс зээл авч байсан баримтыг гаргаагүй, гэрч Ж.Алтанцэцэгийн мэдүүлгээр нэхэмжлэлийн үндэслэл бүрэн няцаагдаагүй гэж үзэх бөгөөд татгалзлаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахдаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ.

            Тодруулбал, 25 000 000 төгрөгийн тухайд хариуцагч Б.Э, “М” ХХК-ийн хооронд үүрэг үүссэн нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ