Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 118/ШШ2019/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд-Очир, шүүгч Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ж.Баасанжав, иргэдийн төлөөлөгч Л.Хоролмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч С.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох

Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгуулах, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15 975 580 төгрөг гаргуулах, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс тасалдаж байгаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Өлзийжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, Э.Билгүүн

Хариуцагч Г.Болормаа

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд

Иргэдийн төлөөлөгч Л.Хоролмаа

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд иргэн С.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаа ба дээрх хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч С.Өлзийжаргал миний бие 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул Засаг даргын Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт /Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана/ гэж заасны дагуу дээр дурдсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Б/01 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох зорилгоор Төрийн албаны Зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл хянаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргасан. Уг дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны төв зөвлөлөөс Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна хэмээн хариу мэдэгдсэн. Энэ талаар аливаа этгээдийн зүгээс захиргааны шүүхэд тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй учир төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл Архангай аймаг дахь салбар зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоолыг үл хүндэтгэн илт хууль бус болох нь тогтоогдсон захиргааны акттай холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Засаг дарга Г.Болормаа нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт /Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ/ гэж заасан хуулийг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Төрийн албаны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Төвшрүүлэх сумын Засаг дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэгч С.Өлзийжаргал миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа болно гэжээ. /5-р хавтаст хэргийн 10-р хуудас/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие нэгдүгээрт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, хоёрдугаарт: ажлаас халагдсанаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл, ажилгүй байсан хугацааны цалин болох 15.975.580 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ажил амьдралын минь асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргаж байна. Цалингийн хувьд Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын цалинг шинэчилэн тогтоосон шийдвэрийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацааг оруулсан цалинг олгохоор байгаа. Нэхэмжлэгч миний бие эдийн засгийн хувьд маш их хохирч байгаа. Энэ удаа зөвхөн би цалинг нөхөн авах талаар хариуцагч талаас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлээр тайлбарлая. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх тухай зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалт байгаа. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тухайн шийдвэрийг хариуцагч тал заавал биелүүлэх үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байвал Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дэх хэсэгт заасан Төрийн албаны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын дагуу шүүхэд гомдол гаргах эрх нь хариуцагч талд байсан боловч гомдол гаргаагүй учраас тухайн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж ойлгож байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч тал үүргээ биелүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нэгэнт төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж тооцсон тохиолдолд тухайн захиргааны актын үйлчлэл байх ёсгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан Б/01 дугаар захирамжийн үйлчлэл байх ёсгүй. Ийм учраас нэхэмжлэгч нь ердийн журмаар ажлаа хийх ёстой. Тухайн актын үйлчлэлээс бий болсон үр дагаврыг арилгаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Болормаа нь С.Өлзийжаргалын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. Б/01 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчим, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн эдгээр зарчмыг хариуцагч ноцтой зөрчсөн. Мөн сонсох ажиллагаа хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг нөхөн бүрдүүлж өгсөн байдлыг шүүх анхаараасай гэж хүсэж байна. С.Өлзийжаргалын гаргасан сахилгын зөрчил нь хэзээ, хаана, ямар үндэслэлээр гарсан нь нотлогдохгүй байгаа. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны оролцогчийн хувьд түүний эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгож өгч, С.Өлзийжаргалыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 24 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Болормаа миний бие 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч С.Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Тамгын газрын дарга С.Өлзийжаргалыг албан үүрэгт ажлаас нь халсан болно. С.Өлзийжаргал нь Засаг даргын Б/01 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус хэмээн үзэж төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргажээ. Уг гомдлыг төрийн албаны салбар зөвлөл хянаж үзээд Засаг даргын гаргасан Б/01 захирамжийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэх боломжгүй хууль тогтоомжийн ноцтой зөрчсөн.

Засаг дарга миний бие Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хэмээн үзэж байна. Учир нь Тамгын газрын дарга С.Өлзийжаргал нь албан үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа ажлын байрны тодорхойлолт болон Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр хангалтгүй хандаж төсөвт өр авлага үүсгэн, төсвийн шууд захирагчийн санхүүгийн сахилга хариуцлагыг алдагдуулж дараах зөрчил дутагдлуудыг гаргасан болно.

  Байгууллагын батлагдсан төсөв орон тоонд багтааж ажиллаагүй, орон тоо хэтрүүлж жилийн дундуур буюу жилийн эцэст өр үүсгэсэн.

  Байгууллага хамт олныг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллаагүй

  Байгууллагын дотоод хяналт шалгалтыг огт хийгээгүй бөгөөд төсвийн ил тод нээлттэй байх зарчим алдагдсан.

  Албан хаагчдын ажлын цагийн бүртгэл, цалин хөлс олголтыг хурууны хээ уншигч машины билл болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн олгогдоогүй/ чөлөөний бичиг, гадуур ажилласан удирдамж зэрэг холбогдох баримт бичиг хангалтгүй/

  Байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлуудыг тооцоо судалгаагүй, хяналтгүй зарцуулж батлагдсан төсөв хэтрүүлэн өр үүсгэсэн.

  Байгууллагын албан хаагчдад олгох төсвийн урамшууллыг ажлын үр дүнг үнэлж дүгнэн хамт олны хурлаар хэлэлцүүлэн олгоогүй, зөвхөн тушаал гаргаж өөрийн дураар албан хаагчдын цалингийн данс руу шууд шилжүүлсэн./ тухайн албан хаагчид өөрийн дансанд мөнгө орсон талаар мэдээгүй байсан.

  Төрийн захиргааны албан хаагчдын манлайллыг бий болгох, сахилга бат ёс зүйг дээшлүүлэх талаар огт ажил зохион байгуулаагүй.

  Байгууллагын албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж хариуцлага урамшууллын тогтолцоог бий болгоогүй.

  Үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх явцад төсвийн ерөнхийлөн захирагчийг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллаагүй.

  Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг огт боловсруулаагүй гэх мэт

Засаг дарга миний бие С.Өлзийжаргалд ажил сайжруулах тухай албан тоот, чиг үүрэг, чиглэл хүргүүлэх, санал солилцох, дэмжлэг тусламж үзүүлэх болон сахилгын шийтгэл ногдуулах хүртэл боломжит бүхий л хэлбэрээр ажилласан боловч ахиц дэвшил гарч үр дүнд хүрээгүй болно. С.Өлзийжаргал нь ажлын хариуцлага алдаж буй өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч өргөдөл хүсэлт гарган ажлын байрандаа хэвээр үлдэж байсан болно. Засаг дарга миний бие Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу дүгнэж 55.6 оноо буюу F үнэлгээтэй дүгнэсэн. Үр дүнгийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчийг байлцуулан тэмдэглэл хөтлүүлж, С.Өлзийжаргалтай ярилцлага хийн санал бодлоо солилцож, үр дүнгийн гэрээний тайлан болон тухайн жилийн хугацаанд хийгдсэн дотоодын болон бусад хяналт шалгалтын дүн, хамтран ажилладаг байгууллагын санал, хамт олны санал асуулга, тайланд бичигдсэн ажлуудын талаарх нотлох баримт, холбогдох албан хаагчдаас тодруулга авах зэрэг үндэслэлүүдийг харгалзан дүгнэсэн болно. С.Өлзийжаргал нь 2017 оны үр дүнгийн гэрээний F үнэлгээг тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсгээ зураагүй үйлдлийг хянан үзээд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд үнэлгээг өөрчлөөгүй. С.Өлзийжаргал нь үр дүнгийн гэрээний үнэлгээ өөрчлөгдөөгүй байхад холбогдох төрийн албаны зөвлөл, шүүхэд гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн тул тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн гэрээг дүгнэсэнд тооцсон. Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6-д заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулсан. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолын хариуд:

Нэг. Захиргааны ерөнхий хуулийг захиргааны акт гаргахдаа хэрэгжүүлэн ажилласан талаар: Засаг дарга миний бие 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг гаргахдаа: 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үр дүнгийн гэрээний дүнг нэгтгэн илтгэх хуудас бичиж, Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтын дагуу төрийн албанаас халах арга хэмжээ авах болсныг С.Өлзийжаргалд танилцуулан Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж тэмдэглэл хөтөлсөн. С.Өлзийжаргалд тайлбар гаргах 1 сарын хугацаа олгосон болно. Уг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар биечлэн уулзаж 6 хуудас тэмдэглэл хөтөлсөн. Тухайн сонсох ажиллагааны тэмдэглэлээрээ хариуцлага тооцох болсныг мэдэгдсэн. Шийдвэр гаргахдаа авах арга хэмжээний талаар санал солилцож тэмдэглэл үйлдсэн.

Хоёр: Төсвийн тухай хуулийн талаар: Үр дүнгийн гэрээг бүтэн жилээр дүгнэсэн ба тухайн гэрээний жилд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Өлзийжаргал нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх заалт /төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах 6.4.8 дахь заалт /төсвийг зохистой удирдаж авлага төлбөр үүсгэхгүй байх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болно. Үүнд: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/444 албан тоот, Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн Архангай аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 36/01 тоот акт /төсвийн тухай хуулийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах заалтыг зөрчсөн тухай/ Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн богино хугацаат өр төлбөрийн тодруулга, Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2017 оны 10 дугаар сарын ажлын цагийн тооцоог буруу гаргаж цалин олгосныг нотлох ажлын цагийн тооцоо, хурууны хээ уншигч машины билл, холбогдох баримт бичиг, Архангай аймгийн Нью гэрэлт ертөнц ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өр нэхэмжилсэн албан хүсэлт, Тамгын газрын даргын албан хаагчдын үр дүнг тооцолгүй тушаал гаргалгүйгээр үр дүнгийн урамшууллын мөнгө хийж буцааж авсан тухай өргөдөл гэх мэт нотлох баримтуудыг хүргүүлсэн болно. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар С.Өлзийжаргалд сахилгын зөрчил ногдуулсан үндэслэл нь С.Өлзийжаргал нь хагас жилийн тайлан гаргаж өгөөгүй байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй албан хаагчдын цалин хөлсийг олгохдоо хууль ёсны нэмэгдэл болон урамшууллыг журмын дагуу дүгнэж цаг хугацаанд нь олголгүйгээр Төсвийн тухай хууль зөрчсөн зөрчил дээр нь арга хэмжээ ногдуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар С.Өлзийжаргалыг ажлаас халахдаа 2017 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн, батлагдсан төсөвт багтааж ажиллаагүй төсвийн хэмнэлтийн горимд шилжиж үр ашигтай зарцуулах тал дээр хариуцлага алдаж тодорхой зардлуудад өр авлага үүсгэж төсвийн тухай хууль зөрчсөн гэх зөрчлүүд дээр арга хэмжээ авсан нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан зүйл байхгүй. Сумын Засаг дарга Тамгын газрын дарга нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлт, тайлан, үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас, сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрээ дүгнэхэд ярилцлага хийсэн тэмдэглэл зэргийг хүргүүлсэн болно. Засаг дарга миний бие 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Байгууллагын дотоод журам, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмуудын холбогдох заалтуудыг үндэслэн гаргасан болно. Иймд Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Болормаа миний бие 2012 онд орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргаар томилогдон 7 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие Засаг даргаар томилогдон орж ирэхэд С.Өлзийжаргал Тамгын газрын даргаар 4 дэх жилдээ ажиллаж байсан. Ингээд 2012-2016 он хүртэл тодорхой хэмжээнд гар нийлж хамтран ажиллаж байсан. 2015 оноос хариуцлагын тухай яригдаж ирсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн 2015-2017 оны хугацаанд жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж, жил бүрийн төсөвт хүндрэл учруулж, 2015 онд цалингийн санд 4.500.000 төгрөг, 2016 онд 2.819.000 төгрөг, 2017 онд цалин, нийгмийн даатгал бусад зардалд гээд нийт 1.341.000 төгрөгөөр жил дараалан төсөвт хүндрэл учруулсан. 2017 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын албан тоотоор С.Өлзийжаргалд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага алдсан гэх үндэслэлээр хариуцлага тооц гэсэн албан бичиг хүргүүлсэн. С.Өлзийжаргал сахилга, хариуцлагаа сайжруулна гэж албан тушаалдаа ажиллах талаар хүсэлт өгөхөд тухайн үед миний зүгээс ар гэрийг нь бодож, хариуцлага хүлээлгэхгүйгээр өнгөрч байсан. 2017 оны 9 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулахад нэхэмжлэгч өөрөө хариуцлагаа хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн ажилласан. Ингээд 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд нэхэмжлэгч нь төсөвт өр дахин гаргасан байдаг. Үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй 55.6%-ийн түвшинд биелүүлж, төсвийн шууд захирагчийн ажлын хариуцлагыг удаа дараа алдсан, ноцтой зөрчлийг гаргасан байсан. Нэхэмжлэгчид гаргасан алдааг хэлж, албан тушаалыг бууруулах саналыг тавьсан байгаа ч саналыг хүлээн зөвшөөрөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б/01 дугаартай захирамжийг гаргаж, ажлаас нь халсан байгаа. Ажлаас халагдсанаас хойш 2 удаа ажилд орох өргөдлөө өгсөн гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан ба тухайн үед нэг хүүхэд нь оюутан байсан. Өнөөдрийн байдлаар 2 хүүхэд нь сургуулиа төгсөөд хоёулаа ажил хийж байгаа гэсэн хэдий ч би нэхэмжлэгчид сэтгэл гаргаж, 2019 оны 3 дугаар сард Архангай аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж, хурлын дараа өмгөөлөгчтэйгээ хамт С.Өлзийжаргалтай уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргасан боловч өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад хэлье гээд алга болж, эвлэрлийн гэрээнээс татгалзсан. Миний зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаа хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх, цалин нэхэмжлэх шаардлагыг анх С.Өлзийжаргал гаргаж байсан. /Хавтаст хэргийн 9-10 хуудсанд бий/ Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орж ирсэн, тухайн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх, цалингаа нэхэмжлэх гэж оруулж ирсэн нэхэмжлэлээ өөрчилж, Төвшрүүлэх сумын тамгын газрын даргын үүрэгт ажилд томилуулах гэсэн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж нэхэмжилж байна. Энэ тал дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бол би юм ярихгүй байх байсан. Яагаад гэвэл тухайн үед 3 үндэслэлээр нэхэмжлэл гарган дараа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хасаж, салбар зөвлөлийн гаргасан тогтоолыг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа боловч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь 2012 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарын 19 дүгээр зүйлд нэхэмжлэгчийн эрх үүргийг тайлбарласан тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа нь нэхэмжлэлийн тухайн хэсгээс татгалзаж байгаа гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг гэсэн энэ практикаар өнөөг хүртэл шийдэгдэж ирсэн. Иймд нэхэмэлэгч нь сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй гэж үзэж байна. Төрийн албаны салбар зөвлөлийн гаргасан тогтоолыг биелүүлэх ёстой байсан. Хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг зүйл яригдлаа, энэ тогтоолыг биелүүлэх боломжгүй тогтоол юм. Яагаад гэвэл Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байдаг. Энэ журмын 2.9-ийн 3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгуулах саналаа нотлох баримтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ гэсэн журмын дагуу салбар зөвлөл нь өнөөдөр Г.Болормаа дарга хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байвал салбар зөвлөл тогтоол шийдвэр гаргах биш холбогдох баримтын хамт төв зөвлөлд хүргүүлж, тухайн тогтоол гарах ёстой байсан. Тухайн үед хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжийн хүрээнд заавал төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасан хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн байна. Иймд хариуцагч нь салбар зөвлөлийн тогтоолыг өөрчлөх хүчингүй болгох эрх байхгүй байсан. Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуульд ч байхгүй байгаа. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан төрийн албаны, хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гарсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд төсвийн шууд захирагч байсан. Ажил байдлын тодорхойлолт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд төсвийн шууд захирагч түүний бүрэн эрх, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, 16 дугаар зүйлийн 16.5.2 дэх хэсэгт заасан батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээнийхээ хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих гэж байгаа. Өнөөдрийн хувьд энэ маргааны гол үндэс нь энэ байна. Хариуцлагын талаар нотолж чадаагүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын талаар нотлох баримт шинжлэн судалсны дараа тайлбар хийх нь зүйтэй байх гэж бодож байна. Иймд тухайн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 975 580 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгч С.Өлзийжаргалыг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга хариуцлага алдаж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу F үнэлгээтэй дүгнэгдсэн гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1, Төсвийн тухай хуулийн 40.4.2, 6.4.1, 6.4.8, байгууллагын дотоод журмын 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан С.Өлзийжаргалыг Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд гомдол[2] гаргаснаар салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор[3] хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасныг зөрчсөн, үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас нь дутуу бүрдэл хангаагүй гэж үзэж, Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч энэ шүүх хуралдаанаас өмнө буюу тодруулбал, 2019 оны 02 дугаар сарын 28[4], 2019 оны 04 дүгээр сарын 10-ны[5] өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх ба хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгуулах, Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2018 оны 01 дүгээр сарын 26-наас хойших нөхөн олговрыг тооцож гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлж байжээ.

Харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хасч багасган бусад шаардлагыг дэмжин оролцож байгаагаа илэрхийлсэн бөгөөд шаардлагынхаа хэмжээг ийнхүү багасгаж байгаа тул хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийх, энэ талаарх нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч агуулгын хувьд авч үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тодорхойлж байсан шаардлагуудын аль нэгийг өөрчлөөгүй, зөвхөн шаардлагын нэг хэсэг хэмжээг багасгасан гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...2018 оны Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаагүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дээрх хэмжээгээр багасгасан, учир нь салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоолоор дээрх 2018 оны Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох эрх шууд сэргээгдэх ёстой гэж бид үзсэн... хэмээн тайлбарлаж байгаа ба түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүхээс баталж, шийдвэрлэсэн ямар нэгэн эрх зүйн акт гараагүй тул ...урьд нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргах хууль зүйн үндэслэлгүй гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий 2018 оны 06 дугаар тогтоолыг гаргасан Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байх ба уг салбар зөвлөлөөс гаргасан 06 дугаар тогтоолыг дээрх хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага буюу хариуцагч биелүүлэх үүрэгтэй байна.

Дээрх 06 дугаар тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосноор үр дагавар үүссэн бөгөөд С.Өлзийжаргалын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нөхцлөөр хангах үүрэг хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргад үүссэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоолын талаар шаардлага гаргаагүй, зөвхөн уг хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотойгоор даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй тул салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоолын талаар хариуцагч 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 1/55 дугаар албан бичгээр[6] Төрийн албаны төв зөвлөлд гомдол гарган шийдвэрлүүлж 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 400 дугаар албан бичгээр[7] хариу авсан байх ба Төрийн албаны төв зөвлөл нь салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолыг өөрчилж, хүчингүй болгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул уг 06 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

3. 2017 оны Төрийн албаны тухай хуулийг энэ маргаанд хэрэглэх эсэх талаар: Хариуцагчийн өмгөөлөгч нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх хэсэгт Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж зааснаар уг маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх байсан, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байтал салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж Төрийн албаны төв зөвлөлөөс Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгох талаар захиргааны акт гаргаагүй учраас төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоолыг биелүүлэх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж маргаж байх боловч салбар зөвлөл гомдлыг хянан шийдвэрлэх болон нэхэмжлэлийг шүүхэд гаргах үед 2017 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан тул дээрх хуулийн 75 дугаар зүйлд заасан зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэхээргүй байна.

Харин УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам-ын 4-р зүйлийн б-д зааснаар С.Өлзийжаргалын гаргасан гомдлыг зөвлөл хүлээн авч хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 болон дээрх журмын 18-р зүйлд зааснаар зөвлөлийн гаргасан тогтоолыг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй байна. Энэ журмын 8-д зааснаар Зөвлөлийг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл гэж ойлгохоор заасан байна.

4. Нэгэнт салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдэх ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж зааснаар С.Өлзийжаргалыг 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 353 хоног ажилгүй байсан гэж үзэж, 15 510 820 төгрөгийн нөхөн олговрыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, 464 760 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын 7-ийн а-д ...ажилтанд...буруу халсан үеийн ...олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох-оор заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг түүний нийгмийн даатгалын дэвтэр[8] дэх бичилтийг үндэслэн 2017 оны 12 сард нэхэмжлэгчид бусад саруудаас илүү хэмжээний цалин хөлс олгогдсон байх тул 2017 оны 9, 10, 11 дүгээр саруудын дундаж цалин хөлснөөс тооцон гаргасан болно.

Дээрх журамд зааснаар дундаж цалин хөлсийг ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалин хөлснөөс ийнхүү тооцохоор байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдсэн цалин хөлсний хэмжээг харгалзан үзэж 2019 онд ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 3-д зааснаар төрийн албан хаагч нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн ...эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийг ажил олгогч эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу С.Өлзийжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлийн 39.6, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэх /нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон захиргааны акт гаргах/-ийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Өлзийжаргалын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 510 820 /арван таван сая таван зуун арван мянга найман зуун хорин/ төгрөгийг Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД-ОЧИР 

Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 4-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 7-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 19-р хуудас

[4] 5-р хавтаст хэргийн 9-р хуудас

[5] 5-р хавтаст хэргийн 62-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 31-р хуудас

[7] 2-р хавтаст хэргийн 30-р хуудас

[8] 5-р хавтаст хэргийн 36-р хуудас