Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр                               2020/ДШМ/26                                                                Зуунмод

 

С.Г-, Б.Э-, Т.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Т-,

Шүүгдэгч Б.Э-, Т.Т-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Т.Урангэрэл, Д.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжтай Т.Т-, С.Г-, Б.Э- нарт холбогдох 1934008460499 дугаартай 1 хавтас, 178 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, гаалийн татварын байцаагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбатар хот СХДүүрэг 13-р хороо 11-110 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цэцэн сартуул Буянжаргалын Э-, ____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот СХДүүрэг 14 дүгээр хороо 13-286 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Олхан Түмэнжаргалын Т-, __________________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот СХДүүрэг 30-р хороо Хамбын 5-28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  Алаг адуун Самданбазарын Г-, _________________ регистрийн дугаартай,

   Шүүгдэгч С.Г-, Т.Т-, Б.Э- нар нь бүлэглэн 2019 оны 09 сарын 29-ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Цэцэгт нуга” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисийн жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн шүүгдэгч Б.Э-, С.Г-, Т.Т- нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисийн жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 31-84 УУА улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/120 дугаар шүүгчийн захирамжаар:

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Цэцэн сартуул Буянжаргалын Э-, Алаг адуун Самданбазарын Г-, Олхан Түмэнжаргалын Т- нарт холбогдох эрүүгийн 1934008460499 дугаартай дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэрэг прокурорын газар очтол яллагдагч Б.Э-, С.Г-, Т.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 хэрэгт эд мөрийн баримтаар 1.370 гр жинтэй, 1.170 гр жинтэй гэх 2 уут ургамал хураагдан ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота “Приус -30” маркийн 31-84 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Т- давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч С.Г-, Т.Т- нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн "Цэцэгт нуга" гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Мөн яллагдагч Б.Э-, С.Г-, Т.Т- нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 3184 УУА улсын дугаартай "Приус-30" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Тус Аймгийн Прокурорын газраас С.Г-, Т.Т-, Б.Э- нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна. Үүнд:

1. Хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 422 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Т.Төмөртулгын нэрийг бичихдээ алдаатай бичсэн мөн иргэний нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнгийн мэдүүлэгт "...уг тээврийн хэрэгсэлд банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гэж бичсэн нь ойлгомжгүй, яллагдагч Г-ийн нэрийг Ганчөдөр гэж тус тус алдаатай засуулах гэжээ.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг техникийн шинжтэй алдааг засуулж гэм буруугийн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой байхад дээрх заалтыг үндэслэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2.а/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох ажиллагааг хангалттай бус гэжээ.

-Хавтаст хэрэгт яллагдагч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, цагдаагийн Асап сангийн бүртгэл болон Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа зэрэг баримтуудаар хувийн байдлыг тогтоосон байхад хувийн байдлыг тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.б/ Хэрэгт яллагдагч нарын шээсэнд хийсэн 5545 дугаартай дүгнэлт "үзлэг ба шинжилгээ" хэсэг нь хэт ерөнхий ямар стандарт зааврын дагуу дээж бэлтгэж шинжилгээ хийсэн нь ойлгомжгүй гэжээ.

-Хэргийн яллагдагч нарын шээсэнд хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу гаргасан бөгөөд хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болно гэж заасан байхад шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3. Мөрдөгч нь С.Г-, Т.Т-, Б.Э- нарыг хэрэгт холбогдуулан байцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан "Худал мэдүүлэх" гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг сануулах гэрчээр байцаалт авч, уг байцаалт нь яллах дүгнэлтэд гол нотлох баримтанд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

-С.Г-, Т.Т-, Б.Э- нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус удирдлага болгон хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар эд зүйл хураан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд дээрх ажиллагааг байцаан шийтгэх ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл тогтоогдож байхад хэргийг буцаах үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд С.Г-, Т.Т-, Б.Э- нарт холбогдох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/120 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т- гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, С.Батнасан, Д.Амаржаргал нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Т-, Б.Э- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдааны   мэтгэлцээний явцад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзэж 1934008460499 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг шүүх хэрхэн дүгнэсэн, яагаад хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн хэргийг буцааснаар ямар ажиллагаа нэмж хийлгэх нь тодорхойгүй байна.

Яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтэнд дурьдагдсан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Т.Т- болон банк бус санхүүгийн байгууллагын нэрийг алдаатай бичсэн нь буруу байх боловч энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал биш юм.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ургамлын жин зөрүүтэй, мөрдөгч  “2 хүнээс нэг цаг хугацаанд мэдүүлэг авсан тул мөрдөн байцаалтад буцааж дахин ажиллагаа явуулах” тухай өмгөөлөгч нарын хүсэлтүүд үндэслэлгүй байна. Учир нь: хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.185 грамм, 1.785 грамм жинтэй 2 шуудайтай ургамлын жин хэмжээ нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, мөрдөгч, цагдаагийн хошууч С.Энхмөнх 3 гэрчээс мэдүүлэг авахдаа мэдүүлгийг өөр өөр цаг хугацаанд авсан нь тэмдэглэлээр /хх-27, 28, 29/ тус тус тогтоогдсон байна.

Шинжээчийн №5545, 5546 дугаартай дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс асууж тодруулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтойгоос гадна шаардлагатай гэж үзвэл шүүхийн шатанд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх боломжтой.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийсэн, баримтуудыг хэрэгт хавсаргасан байх ба хуулиар хэргийн оролцогчдоос яллагдагч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд нэмж гаргаж өгөх нь нээлттэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/120 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Г-, Т.Т-, Б.Э- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгийн бичсэн 08 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд С.Г-, Т.Т-, Б.Э- нарт авсан хувийн  баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

 

                                                                            Г.БОЛОРМАА