Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/01461/И |
Дугаар | 001/ХТ2022/00893 |
Огноо | 2022-10-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2022/00893
Г.Ганбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1698 дугаар магадлалтай,
Г.Ганбатын нэхэмжлэлтэй
Баядах өргөө ХХК, Т.Оюунчимэг нарт холбогдох
Гэм хорын хохиролд 13,963,800 төгрөг, ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Т.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Ганбатаас Баядах өргөө ХХК, Т.Оюунчимэг нарт холбогдуулан гэм хорын хохиролд 13,963,800 төгрөг, ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11,115,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Оюунчимэгээс гэм хорын хохиролд 10,249,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,714,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Баядах өргөө ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11,115,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,769 төгрөг, 192,790 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 389,210 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Г.Ганбатад буцаан олгож, хариуцагч Т.Оюунчимэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79,753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганбатад олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1698 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Т.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэр дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017.11.03-ны өдрийн 243 дугаартай прокурорын тогтоолыг буруу тайлбарлаж, дүгнэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч Т.Оюунчимэг нь хууль бусаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг гагцхүү шүүх тогтооно гэсэн гэм буруугийн үндсэн зарчимтай зөрчилдсөн байна. Түүнчлэн уг тогтоол нь хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш тул шүүх ИХШХШтХ-ын 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу уг тогтоолоор нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл прокурорын тогтоолд ...Т.Оюунчимэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 13,963,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна... гэсэн байгааг шууд нотлогдсон баримт гэж үзсэн нь ИХШХШтХ-ын 40.2, 40.4 дэх заалтуудад нийцээгүй байна.
4.2. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШтХ-ын 40.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй буюу гэм хорын хохиролд 10,249,800 төгрөгийг хариуцагч Т.Оюунчимэгээс гаргуулж шийдвэрлэхдээ үндэслэсэн Акпар аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, хууль ёсны шаардлага хангасан эсэхийг анхаарч үзээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ бичгийн нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтой гэж дүгнэсэн боловч ийнхүү дүгнэхдээ бичмэл нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хууль ёсны байх талаас нь үнэлээгүй байна. Нэгдүгээрт, уг нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт биш бөгөөд нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримт байдаг. Хариуцагчийн зүгээс уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 3 шинжээч томилогдож, дүгнэлт гаргаснаас Акпар аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь нөгөө 2 шинжээчийн дүгнэлтээс илтэд зөрүүтэй, хариуцагчийн эзгүйд хийгдсэн дүгнэлт байдаг. Хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын дүгнэлт нотлох баримтаар мөн авагдсан байдаг бөгөөд уг дүгнэлтэд гэм хорын хохирлын нийт хэмжээ 2,598,700 төгрөг гэж тогтоосон. Ингэхдээ байшинд засвар хийж, гадна талыг өөрчлөхөөс өмнө буюу Оюунчимэг намайг байшингийн гадна талыг эвдсэн гэх үед газар дээр нь очиж үзэн талуудыг байлцуулан дүгнэлт гаргасан байдаг. Харин Акпар аудит ХХК-ийн дүгнэлт нь байшинг засварлаж өөрчилсний дараа нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтын хүрээнд хийгдсэн байдаг.
Тиймээс уг нотлох баримтыг ИХШХШтХ-ын 47.1 -д заасны дагуу шинжээчийн дүгнэлт хэмээн үзэж, дүгнэх боломжгүй төдийгүй үнэн зөв, эргэлзээгүй бичгийн нотлох баримт гэж үзэх нь учир дутагдалтай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Акпар аудит ХХК -ийн Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2016.12.20-ны өдөр дуусгавар болсон байдаг боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан тус компанийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь 2017 оны 1 дүгээр сард гарсан байдаг. Үүнээс харахад эрхгүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээч нь мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй болох нь 2-р хавтаст хэргийн 95-103 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлийг хүчинтэй гэж тайлбарласан буюу хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн Акпар аудит ХХК-ийн дүгнэлтэд дурдсан гэм хорын хохирол гэх 10,249,800 төгрөг нь яг ямар ажил үйлчилгээ хийхэд төлсөн төлбөр болох, нэхэмжлэгчийн байшин ямар байхад нь хариуцагч ямар болгож эвдсэн мөн түүнийг буцаан хэвийн байдалд оруулсан байдал нь ямар байгаа зэргийг нотолсон баримтууд огт хэрэгт авагдаагүй. Гагцхүү иргэн Г.Төмөрхуяг болон нэхэмжлэгч Ганбат нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон байдаг. Уг гэрээ нь гүйцэтгэх ажлын цар хүрээг заагаагүй, ямар ажлын гэрээ болох нь ойлгомжгүй, ажил хүлээлцсэн акт байхгүй зэрэг олон талаар шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй байдаг. Цаашлаад хавтаст хэрэгт авагдсан Акпар аудит ХХК-ийн дүгнэлтэд хавсаргасан зураг болон эрүүгийн хэргийн явцад цагдаагаас хэргийн газарт үзлэг хийн баталгаажуулсан зургийг харьцуулж үзвэл нэхэмжлэгч Ганбат нь анх Оюунчимэгтэй тохиролцож хийлгэснээс өөр материалаар байшингийн гадна талыг засварлуулсан байдаг. Тухайлбал гадна талын өнгөлгөөний чулуунуудыг бүгдийг буулгаж, өөр материалаар гадна талыг хийлгэсэн байгаа нь зургаас тодорхой харагддаг. Энэ талаар миний бие шүүх хуралдааны үеэр тайлбартаа ч дурддаг боловч шүүх үүнийг анхаарч үзэлгүй, анх харилцан тохиролцсоноос өөр байдлаар дахин засвар хийлгэсэн зардлыг Оюунчимэгийн учруулсан гэм хорын хохирол гэж үзэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Энэ байдлаар нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ын 40.2 дахь хэсэгт нийцээгүй төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолно гэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.
4.3. Давж заалдах шатны шүүх магадлалдаа хариуцагч Оюунчимэг нь Акпар Аудит ХХК-ийн гаргасан дүгнэлтэд гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хариуцагчид холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон бөгөөд хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул гомдол гаргах боломжгүй байсан. Үүнийг шүүхийн зүгээс нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагчийн хувьд Акпар Аудит ХХК-ийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй, эрхгүй этгээдийн дүгнэлт тул үнэлэх боломжгүй нотлох баримт гэж үзсэн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт хариуцагч гаргаж байгаагүй нь уг дүгнэлтийг хууль ёсны гэж үнэлэх үндэслэл болно гэх байдлаар дүгнэсэн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн буюу нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан ИХШХШтХ-ийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Г.Ганбат миний бие Т.Оюунчимэгтэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Тэнгэр Вилла хотхоны 115 дугаар байрны 3 тоот орон сууцандаа их завсар хийлгэхээр болж, хийсэн ажлын хөлсөнд 170 сая төгрөгийг төлсөн бөгөөд хийх ёстой ажлаас хийгдээгүй ажил үлдсэн болон зарим ажлын чанар хангалтгүй байсан зэрэг учир шалтгааны улмаас үлдэгдэл мөнгийг тухайн ажлуудыг хийж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Гэтэл Т.Оюунчимэг нь үлдэгдэл мөнгийг төлөхгүй байна гэх шалтгаанаар 2016.01.28-ны өдөр хүмүүс дагуулж ирэн, бүлэглэн танхайрч орон сууцны гаднах шат, хана, хашаа, усны хоолой зэрэг бусад эд хөрөнгийг устгаж гэмтээсэн. Түүний энэ хууль бус үйлдэлтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017.11.03-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Т.Оюунчимэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 13,963,800 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон боловч гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд Т.Оюунчимэгээс хохиролд 13,963,800 төгрөгийг нэхэмжилж байна. Засвар 1 сар хийх байсан боловч 2 сар болж, 9 сараас хичээл эхэлсэн тул засварын ажлыг зогсоож гадна тохижилт, гаражийн ажил үлдээд, цаг дулаарахаар хийнэ гэж түр зогсоосон. Дөнгөж байрандаа орсны дараа цахилгаан, сантехник, камин зуух, цонх цантдаг гэх мэт доголдлууд гарсан. Энэ талаар Т.Оюунчимэгт мэдэгдээд энэ доголдлоо зассаны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн мөнгөө өгнө гэдгээ мэдэгдсэн. Камин зуух болон хоёр давхрын өргөтгөлийн дээвэр бороо орсны улмаас дусаал дуссан зэрэг доголдлыг бусдаар засуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан зардал болох өргөтгөлийн барилгын дээврийг зассан 6,115,000 төгрөг, камин зуух буулган, шинээр хийсэн зардал 5,000,000 төгрөг, нийт 11,115,000 төгрөгийг Баядах өргөө ХХК-аас нэхэмжилж байна. Иймд хариуцагч Т.Оюунчимэгээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний хохиролд 13,963,800 төгрөгийг, хариуцагч Баядах өргөө ХХК-аас ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11,115,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,
Хариуцагч: ...хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын төлбөрийг төлөхгүй байсан тул өөрийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн зүйлсээ буулган авсан, энэ үйлдлийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй тул гэм хорын хохирол 13,963,800 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хариуцагч Баядах өргөө ХХК нь нэхэмжлэгч Г.Ганбаттай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдэж шаардаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх хариуцагч Т.Оюунчимэг нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан гэх үндэслэлээр эд хөрөнгийн хохиролд хариуцагчаас 10,249,800 төгрөгийг гаргуулан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажлын доголдолтой холбоотой шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр Баядах өргөө ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Хариуцагч Т.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байхад шүүх гэм хорын хохирлыг хариуцуулж шийдвэрлэсэн нь гэм буруугийн үндсэн зарчимтай зөрчилдсөн, ...нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
А. Гэм хорын хохиролд 13,963,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9. Хариуцагч Т.Оюунчимэг өөрийн найз Т.Сайнхүүгийн нөхөр Г.Ганбатын хүсэлтээр тэдний амьдран суудаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол гудамж, Тэнгэр Вилла хотхоны 115 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 388.57 м.кв талбай бүхий орон сууцанд 200,000,000 төгрөгийн үнэ бүхий засварын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2015 оны 08 дугаар сараас ажлыг эхэлж, 2 сарын хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлсөнд 170,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
10. Харин нэхэмжлэгчээс ...цаг агаар хүйтэрсэн тул 9 сард байрандаа орсон, ажлын гүйцэтгэл дутуу, зарим ажил доголдолтой, заримыг хийгээгүй тул үлдэгдэл засварын ажлыг түр зогсоож, ажлыг гүйцэд дуусгасны дараа үлдэгдэл хөлсийг өгөхөөр тохиролцон байхад хариуцагч нь бусадтай бүлэглэн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, гэм хор учруулсан... үндэслэлээр гэм хорын хохиролд 13,963,800 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...ажлыг гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсөн байхад үлдэгдэл төлбөрөө төлөлгүй зугтаж, утсаа авахгүй, уулзахаа больсон үндэслэлээр 2016.01.28-ны өдөр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлаа буулгаж, эргүүлэн зарж борлуулан, дахин ашиглаж мөнгө болгох зорилгоор буулгаж байсан... гэж маргасан боловч хариуцагчийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад ...Т.Оюунчимэг нь Г.Ганбатын орон сууцны гаднах шат, хашаа, усны хоолой зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 13,963,800 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар Т.Оюунчимэгийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч, гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017.11.03-ны өдрийн 234 дугаартай Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагчийн хууль бус үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой үндэслэлээр хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүхийн дээрх шийдвэрээр хариуцагчийг ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоогүй тул гэм буруугийн үндсэн зарчмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
12. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зохицуулсан.
13. Монголын хохирол үнэлэгчдийн холбоо БТТ нь хариуцагчийн орон сууцанд устгаж гэмтээсэн зүйлийн үнэлгээг 2,598,700 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь гэм хорыг арилгах, түүнийг өмнө байсан байдалд нь сэргээхэд гарах зардлын хэмжээг тодорхойлоогүй тул шүүх Акпар аудит ХХК-ийн үнэлээг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
14. Нэхэмжлэгч нь эвдэрч, устаж, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн сайжруулахад 13,963,800 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр гэм хорын хохирлыг тодорхойлсон боловч шүүх баримтаар нотлогдсон хүрээнд хохирлыг тооцож, хариуцагчаас 10,249,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна
Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Б. Гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдон гарсан зардалд 11,115,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
15. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 11,115,000 төгрөгийн зардал гарсан гэх үндэслэлээр Баядах өргөө ХХК-иас дээрх зардлыг нэхэмжилсэн боловч Баядах өргөө ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ямар ажил доголдолтой байсныг баримтаар нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянана.
Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
16. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрөөгүй, маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1698 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Оюунчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Оюунчимэгээс 2020.09.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД