Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/632

 

А.Сэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай,

шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлоор А.Сэд холбогдох 1910000000892 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Аийн С, 1993 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжны 6-590а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжны задгайд иргэн Э.Атай “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Аийн Сийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 12 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сэд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сээс 5.296.453 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгож, нэхэмжлэлээс 3.521.707 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн, нимгэн, захгүй эрэгтэй хүний ханцуйтай цамц 1 ширхэг, бор өнгийн хилэн өмд 1 ширхэг, бор өнгийн суран бүс 1 ширхэг, саарал өнгийн, дотортой дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн ноосон оймс 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн хагас түрийтэй цасны гутал 1 хос, “Samsung Duos” загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, бичигтэй цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...А.С нь хүнийг хутгалж амь насыг санаатайгаар хөнөөчихөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд, түүнчлэн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйгаагүй, хүний амь нас хохирсон гэмт хэргийн хохирлын улмаас үүссэн хор уршгийг арилгах талаар ямар ч үйлдэл хийгээгүй, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, санаатайгаар бусдын амь нас хохироосон үйлдлээ санаа сэтгэл цочрон давчдасны улмаас болсон хэмээн өөрийгөө зөвтгөж байсан. Шүүгдэгч А.Сийг хүний амь насыг санаатайгаар хохироосон гэм буруутай эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр хуралдааныг завсарлуулж зөвлөлдөх тасалгаанд орсон байхад А.Сийн аав Алтанхуяг “миний хүүг та нараас уучлалт гуйгаагүй гээд байна, тэгвэл одоо уучлалт гуйчихъя” гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эх хүнийг тохуурхан доромжилж, басамжилсан өнгө аясаар хандаж байсан зэрэг үйлдэлд оногдуулаад байгаа ял хөнгөдсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд үзэж гомдол гаргаж байна. Хүний амь нас гэдэг мөнгөөр үнэлэгдэх зүйл биш бөгөөд үнэлэх боломжгүй. 2008 онд хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэлд төр хүний амь насыг 50.000.000 төгрөг буюу 1 өрөө байрны үнээр үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн олговор олгож байсан. Миний бие ганц хүүгийнхээ амь насыг мөнгөөр үнэлээгүй, хэрхэн яаж үнэлэхийг ч мэдэхгүй, ийм л хүн юм. Харин хүүгийн минь амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэргийн үр дагавраар үүссэн хор уршгийн асуудлыг тооцохдоо оршуулгын зардалд шууд болон шууд бусаар зарцуулсан 8.818.160 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилсэн. Гэтэл шүүх 5.296.453 төгрөгийн баримтыг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж, 3.521.707 төгрөгийг хасаж тооцсонд гомдож байна. Хасагдсан 3.521.707 төгрөг нь амь хохирсон хүүдээ 21, 49 хоногт нь буян хийж, гандан хийдэд ном хуруулж, цагаалга будаалгад хэрэглэсэн зүйлсийн өртөг юм. Тодруулбал, миний хүү амьд байсан бол надаас ийм зардал гарахгүй байсан. Амь нас хохирсон хохирлыг даган гарч буй хор уршиг гэдгийг шүүх бүрэлдэхүүн ойлгож хүлээж аваагүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан болно. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн өмгөөлөгч Т.Мөнхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шууд хохирол нь хүний амь насны хохирол юм. Шууд бус хохирол буюу хор уршгийн асуудал яригдаж байна. Хэрвээ хүний амь нас хохироогүй байсан бол шашны зан үйл буюу будаалга, цагаалга гэх зүйл хийгдэхгүй байсан. Анхан шатны шүүхээс 21, 49 хоногийн зардлыг тооцоогүй, зөвхөн оршуулгын зардлыг тооцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огаас ял хөнгөдсөн гэж байна. Үүнийг дэмжиж байна . ...” гэв.

            Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын баримтуудыг хангалттай шинжлэн судалсан. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байсан боловч бидний зүгээс маргаагүй. Хохирлыг шүүх байгаа баримтын хэмжээнд хангалттай шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч А.Сэд оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлэх дэглэм тохирсон гэж үзэж байна. Гэмт хэрэг яагаад үйлдэгдэх болсон, ямар нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг гарсан болохыг анхан шатны шүүх хангалттай дүгнэсэн. Иймд шүүгдэгчийн ял эдлэх дэглэмийг өөрчлөх үндэслэл байхгүй. ...” гэв.

            Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 5.296.453 төгрөгийг олгож, 3.521.707 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан. Энэ эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхээс 3.521.707 төгрөгийн нэхэмжлэлийг хасч тооцсон нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Шүүх прокурорын гаргасан саналын хүрээнд буюу 12 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон. Шүүгдэгч А.Сийн хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тухайн үедээ тогтоогдож байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжны задгайд хохирогч Э.Атай “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн “...Засаг даргын тамгын газрын дарга Отгонбаатар гэх хүн над руу яриад “та яаралтай ирэх шаардлагатай байна, Улаанбаатар хотод хүүгийн чинь бие маш муу байна” гэхээр нь шууд ... Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд хүүгээ хүнд алуулсан талаар сонссон. ...” /хх 41- 42/,

гэрч Н.Толягийн “...Амраа манайд халамцуу орж ... ирээд Стэй муудалцаад, ноцолдоод, дээр дороо ороод өнхрөөд байсан. Бие биенээ цохисон юм байхгүй, ноцолдоод байсан. Тэгж байгаад ноцолдохоо болиод Амараа ... гараад явсан. 10 гаруй минутын дараа С манайхаас ... гарсан. ...Цагдаа нар хүрч ирээд ... Дорж-Арилд, А.С нарыг машиндаа суулгаад аваад явсан. ...” /хх 47-48/,

гэрч А.Дорж-Арилдын “...Талийгаач гаднаас согтуу орж ирээд байж байгаад манай дүү А.Стэй маргалдах гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би талийгаачийг хойшоо гэр рүүгээ харьж унт гээд хамт дагуулаад гарсан. ...Талийгаач эгчийнхээ гэрийн зүг чиглээд явж байсан. ...Манай дүү араас хаачих гэж байгаа юм бэ гэж орилоод ... буцаад хашаа руугаа орох шиг болсон. ...” /хх 54-55/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Талийгаач Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун чамархайн булчингийн дотор гадаргуун цус хуралт, баруун бугалга, шуун, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ цус хуралт, зүүн шилбэний хуучин шарх, баруун чихний дэлбээ, баруун гарын долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууны хуучин зулгаралт гэмтэл тогтоогдсон. Шинэ цус хуралт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ. Хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...” /хх 77-79/,

насанд хүрээгүй гэрч Д.Ууганбаярын “...Гэрийн доод талын жалганд С ах, Амараа ах, Сөүл Мөнхөө, өөр нэгэн танихгүй ах нар цуг дэлгүүр явж байсан. С ах надад “энэ хүмүүст дэлгүүр орж өвсний мөнгийг нь өгчихөөд харина, чи гэртээ орж бай” гэж хэлсэн. ...С ах гаднаас бага зэргийн халамцуу, нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэр архинаас манай гэрт байсан хүмүүс ууж байыан бөгөөд би унтчихсан. Дуу чимээ гараад сэрэхэд Толя өвөө “эд нар хэрэлдээд” гэж ярьж байсан. ...Унтаж байгаад маргалдах дуу чимээ гарахаар нь сэрэхэд ээж Амараа ахыг суу суу гээд суулгасан. Тэгтэл С ах түрүүлж гараад дараа нь ээж, Амараа ах хоёр гараад явсан. ...” /хх 64/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 дугаартай “...Талийгаач Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун чамархайн булчингийн дотор гадаргуун цус хуралт, баруун бугалга, шуун, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ цус хуралт, зүүн шилбэний хуучин шарх, баруун чихний дэлбээ, баруун гарын долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууны хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх, зүүн шилбэний хуучин шарх гэмтэл нь ир ирмэг бүхий, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ. ...” /хх 68-73/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1426 дугаартай “...А.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй гэх баримтгүй байна. А.С сэтгэцийн эмгэггүй байна. А.С нь юмыг зөвөөр ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. А.С нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. А.С сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /хх 124-125/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7, 14-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13, 17-20/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 21-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-33/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Сийг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Сийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Э.Аын хэвлийн тус газар нь хутгалж санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн “...А.Сийн аав Алтанхуяг “миний хүүг та нараас уучлалт гуйгаагүй гээд байна, тэгвэл одоо уучлалт гуйчихъя” гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эх хүнийг тохуурхан доромжилж, басамжилсан өнгө аясаар хандаж байсан зэрэг үйлдэлд оногдуулаад байгаа ял хөнгөдсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд үзэж гомдол гаргаж байна. ...Хор уршгийн асуудлыг тооцохдоо оршуулгын зардалд шууд болон шууд бусаар зарцуулсан 8.818.160 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилсэн. Гэтэл шүүх 5.296.453 төгрөгийн баримтыг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж, 3.521.707 төгрөгийг хасаж тооцсонд гомдож байна. Хасагдсан 3.521.707 төгрөг нь амь хохирсон хүүдээ 21, 49 хоногт нь буян хийж, гандан хийдэд ном хуруулж, цагаалга будаалгад хэрэглэсэн зүйлсийн өртөг юм. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардлыг Иргэний хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй бөгөөд ном уншуулах, хоног хураах зэрэг шашны зан үйл нь хүний сүсэг бишрэлтэй холбоотой тул зайлшгүй зардал биш ба гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн нэхэмжилсэн 8.818.160 төгрөгийн нэхэмжлэлээс гандан хийдэд ном айлтгасан шашны зан үйлтэй холбоотой 3.521.707 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5.296.453 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч А.Сээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгч А.Сийн хүнийг санаатай алсан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ