Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01411

 

 

 

Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Оын хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхмэжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гүйцэтгэх захирлын Б-22 тоот тушаалын дагуу сарын 3 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн зүгээс 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дууссан, цаашид ажиллуулах боломжгүй талаар мэдэгдэн ажлаас халсан. Ажлаас чөлөөлсөн тушаалаа одоог хүртэл албан ёсоор гардуулж өгөөгүй. Байнгын ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ямар үндэслэлээр, ямар шалгуурыг хангахгүй байгаа эсэх нь тодорхойгүй, ямар ч баримтгүй ажлаас халсан. Хариуцагчийн зүгээс захиргааны санаачлагаар ажлаас халсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгийг баримталсан нь тодорхойгүй, бичгээр тушаал гардуулаагүй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, эмнэлгийн хуудас авч нягтланд өгсөн. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байвал гэрээг сунгагдсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасны дагуу үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж ойлгож байтал ажлаа хүлээлц гэж мэдэгдсэн. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан Б/59 дугаар тушаалыг шүүхэд ирэхэд нь мэдсэн. Би ажиллаж байхдаа зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдсан эсэхийг өнөөдрийг хүртэл мэдээгүй явсан. Тус тушаалд 2 хоног ажлаа тасалсан гэх боловч эдгээр өдрүүдэд Монгол Ардын намын их хуралд оролцсон. Захирал О.Гэрэлмаа гадаад улс руу явчихсан байсан тул дэд захирал н.Ганбаатараас чөлөө авсан. Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Эрсдэлийн газрын дарга байхдаа хагас болон бүтэн жилийн тайлангаа өгье гэхээр хариуцагчийн зүгээс авдаггүй тул эх хувиар нь өгсөн. 2017 оны 6 сард 750 000 000 төгрөгийн хөрөнгөтэй шинээр байгуулагдсан байгууллага нь бүтэн жилийн тайлангаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2 тэрбум 380 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 92 хоногийн хугацаатай байршуулсан нь өөрөө хөрөнгө оруулалт. Мөн тус банкинд 117 000 ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасанд 6 тэрбум 882 639 895 төгрөг байршуулсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компанийн удирдлагын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэн, цаашид тус албан тушаалд ажиллуулах боломжтой эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас бичгээр үйлдэж нэхэмжлэгчид гардуулсан боловч гарын үсэг зураагүй, хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн хувийн цахим шуудангаар тус мэдэгдлийг илгээсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээтэй уншиж танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг нэг сарын өмнө мэдэгдсэн, хуулийн хугацаанд гүйцэтгэх захирлын тушаал гарсан тул дээрх нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж байна. Цаашид нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй, цуцлах талаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, өөрийн өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан нь компанийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. 2017 оны 11 дүгээр  сарын 20-23-ны өдөр 3 хоногийн цалингүй чөлөөтэй байсан бөгөөд 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ажил тасалсан. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг мэдэх боломжгүй байдал үүссэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг ажил дээрээ ирэхэд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал болон сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гардуулж өгөх гэсэн боловч аваагүй. Нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл, өргөдлийг шийдвэрлэсэн чөлөөний хуудас, 2 өдөр ажил тасалсан үйлдэл зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанд байгуулаагүй гэх боловч гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 3 сар ажилласан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хэм хэмжээг баримталсан. Мөн удирдлагын хорооны хурал дээр ажилд яагаад тохирохгүй болсон шалтгааныг өөрт нь мэдэгдсэн. ...Манай компанийн зүгээс санхүүгийн түрээс лизинг олгодог. Лизинг олгохын тулд мөнгө хэрэгтэй, тухайн гадны байгууллагаас татсан мөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч түрээслэх үйл ажиллагаа явуулдаг. Эх үүсвэрийн ажил гэлэг нь гадны байгууллагаас зээл авч мөнгө татах ажлыг хэлдэг, харин байгууллагын дотоодод байгаа хөрөнгийг банкинд байршуулж байгаа нь эх үүсвэр татах ажил биш. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хөрөнгө нь манай дүрмийн сангаас орлого олох зорилгоор хадгаламж, үнэт цаас байршуулахыг ойлгоно. Энэ ажил нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Бидэнд эх үүсвэр хэрэгтэй, ашгийн төлөө байгууллага юм. Байршуулсан хөрөнгийн хувьд эрсдэл хөрөнгө оруулалтын газраас шийдвэрлэдэг. Түүнчлэн сануулах сахилгын шийтгэлийг давхардуулж өгсөн гэж байна. 3 хоногийн ажлын чөлөө өгөхөд 2 хоног ажил тасалсан. Энэ процесс дээр сахилгын шийтгэл оногдуулсан. Өөр ямар нэгэн шийтгэх зүйл, давхацсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан “Д” ХХК-ийн эрсдэл, хөрөнгө удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/59 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахсан бөгөөд тус гэрээнд “...Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байгуулав...” –д тусгаж хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тусгаж 3 сарын хугацаагаар томилсон гэж харагдахаар байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А-25 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журмыг гаргаж өгөөгүй, ийм журам байхгүй байна. Хөдөлмөрийн хуульд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журамд 1-3 хүртэлх сараар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд багтааж хөдөлмөрийн гэрээгээр туршилтын хугацааг тохиролцдог. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан цаг хугацаанд хөдөлмөрийн дотоод журмыг баримталж хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. А-25 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацааны журам байхгүй тул тухайн албан тушаалд анх ажилтан авахад туршилтын хугацаа заахаар байгууллага дотоод журмаараа тогтоосон гэж үзэх боломжгүй. Байнгын шинжтэй ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс ажилтантай 3 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ нөхцөлд шаардлага, шалтгааныг мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээн зайлшгүй тусгавал зохино. Зохигч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн ямар ур чадвар, ажлын дадлага, туршлагыг шалгах талаар дурдаагүй зэргээс үзвэл туршилтын хугацаа тогтоох зорилго тодорхойгүй байна. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх боловч ...гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байгаа зэргээс үзэхэд гэрээг дуусгавар болгох үндэслэл муутай байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг “... албан ёсоор чөлөө хүссэн, чөлөө олгосон байдал тогтоогдохгүй...” гэж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганбаатар нь “...нэхэмжлэгч надад хандаж байсан, чөлөө олгох тал дээр дэмжсэн” гэж хэлсэн буюу н.Ганбаатар нь гүйцэтгэх захирлыг түр эзгүйд гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан этгээдэд хандсан болно. Албан ёсоор нэхэмжлэгчид чөлөө олгосон гэж үзэхээр байхад албан ёсоор биш гэж дүгнэж байгаа нь бодит байдлыг дотоод журамтай харьцуулах, дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2, 71/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.24-26, 131-133/

            Нэхэмжлэгч Б.О нь “Д” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/22 тоот тушаалаар тус компанийн Эрсдэл, хөрөнгө удирдлагын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 3 хүртэл сарын хугацаагаар томилогдон ажилласан /хх.4-11/ байх бөгөөд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-60 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан. Талуудын хоорондын гэрээний 2.3-т гэрээний үргэлжлэх хугацаа 3 сар байна гэж заасан, хариуцагч байгууллагын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...Удирдлагын зүгээс маш хатуу шаардлага тавих болно. Туршилдын хугацаанд сайн ажиллах хэрэгтэй...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг ажилд авахтай холбоотой туршилтын хугацаа тогтоосон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх.36/ Туршилтын хугацаа мөн хуулийн 231.2 дах хэсэгт заасан 3 сараас хэтрэхгүй байх зохицуулалт нийцсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгэн хэлбэрээр байгуулсан байх бөгөөд уг гэрээнд ажилтны хүсэл зоригийг хязгаарлаж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг оролцуулан хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн удирдлагын хорооны хурлаар нэхэмжлэгчтэй байлцуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй болсноо мэдэгдсэн бөгөөд гэрээг сунгахгүй болсон үндэслэлийн талаарх хэлэлцсэх үед нэхэмжлэгч аливаа тайлбар, залруулга хийгээгүй байна. /хх.51-р талын ар/

 

            Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор ажилтныг ажлаас чөлөөлсөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Оын төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                         С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧ                                          Д.БАЙГАЛМАА

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ