Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01412

 

 

Э.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Эгийн хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан урамшууллын мөнгө 4 659 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, Ч.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаар тушаалын дагуу орон нутгийн бүсийн менежерээр Юнивишн орон даяар хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 35 хоногийн хугацаатай томилолтоор ажилласан. Төлөвлөгөө ёсоор нийт 1000 дугаар борлуулах ёстой байсан боловч 1262 дугаар худалдан борлуулсан тул 1 445 265 төгрөгийн урамшууллыг 2017 оны 10 сарын 15-ны өдөр авсан. Дээрх хөтөлбөрийн дагуу Хэнтий аймагт 2017 оны 8 сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 32 хоног томилолтоор ажилласан. Нийт борлуулалтын төлөвлөгөө 3800 хэрэглэгч байсан бөгөөд 4069 дугаар борлуулсан. Ар гэрийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. ”Ю” ХХК-аас дээрх урамшууллын мөнгийг 2017 оны 11 сарын 31-ний өдрийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тиймээс Хэнтий аймагт ажилласан хугацааны урамшуулал болох 4 659 891 төгрөгийг “Ю” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь Хэнтий аймагт албан томилолтын багт орж ажилласан. Энэхүү томилолтын багийг ажиллуулахдаа багт олгох борлуулалтын урамшууллыг төлөвлөгөөний 80 хувийг биелүүлсэн байх, томилолт дууссанаас хойш 2 сарын дараа борлуулсан нийт дугаарын 80 хувь нь идэвхитэй ашиглагдаж байх ёстой байсан. Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд борлуулсан урьдчилсан төлбөрт дугаарын 10 хувь, дараа төлбөрт дугаарын 20 хувь, Юнивишний холбогдсон захиалгын орлогын 20 хувийг нийлүүлээд 100 хувь гэж үзэн түүний 25 хувийг багийн ахлагчид нэг удаа 10, 10 хувийг багийн гишүүдэд өгөх нөхцөлтэй байсан. Урамшуулал олгох нөхцөлийн дагуу томилолт дууссанаас хойш 2 сарын дараа шалгахад борлуулсан нийт дугаарын 50 хувь нь идэвхтэй ашиглагдаж байсан үлдсэн 50 хувь нь идэвхгүй байсан тул томилолтын багт урамшуулал олгоогүй. Нэгэнт томилолтын багийн борлуулалтын урамшуулал олгох нөхцөл бүрдээгүй тул тухайн томилолтын багт ажилласан Э.Эд ч урамшуулал олгох хууль зүйн үндэслэл байхгүй. 4 659 891 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Урамшууллын нөхцөлөөр хэрвээ 80 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж тооцвол нийт багт 4 142 475 төгрөг олгохоос үүний 25 хувь буюу 2 300 375 төгрөгийн урамшуулал олгогдох байсан. 2 гишүүн тус бүрдээ 10 хувь буюу 902 550 төгрөг авах байсан. Томилолтоор ажиллах үедээ цалингаа томилолтын мөнгөнөөс авдаг. Томилолттой холбоотой асуудал нь томилолт дууссанаас хойш 2 сарын дараа нийт борлуулсан дугаарын 80 хувь нь идэвхитэй байвал урамшуулал олгох нөхцөл байдал үүсдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас урамшуулал 4 659 891 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 05/1015 дугаартай албан бичгээр урамшууллын цалин олгоно гэсэн хариу бичгээр өгсөн. Ар гэрийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, урамшууллын тооцоог хийгээгүй. ...Шүүх нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй. Орон нутгаас авч ажиллуулсан гэрээт ажилтнууд борлуулалтын урамшуулал авсан талаар хариуцагч тал шүүх хуралдаан дээр зөвшөөрдөг. Үүнээс үзвэл борлуулсан бүтээгдэхүүний идэвхитэй хэрэглэгч 80 хувиас дээш байх тохиолдолд урамшуулал олгох нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт “...2 сарын дараа борлуулсан бүтээгдэхүүний идэвхитэй хэрэглэгч 80 хувиас дээш байх тохиолдолд урамшуулал олгох нөхцөлийг үндэслэсэн гэж үзэхээр байна” гэжээ. Гэтэл худалдан авсан дугаараа ашиглах эсэх нь тухайн худалдан авагчийн өөрийн эрх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан урамшууллын мөнгө 4 659 891 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч, урамшуулал олгох нөхцөл бүрдээгүй гэх үндэслэл заан гэж маргажээ. /хх.14/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Хариуцагч “Ю” ХХК нь Хэнтий аймагт борлуулалтын багийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл томилон ажиллуулж, уг томилолтын хугацаанд 3862 мобайл дугаарыг борлуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх.55-56/

 

            2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр “Юн” ХХК-ийн бизнесийн газрын тайлбар, томилолтоор ажиллах удирдамж, хөдөлмөрийн гэрээ, урамшууллын нөхцөлийг танилцуулсан баримт, цахим захиа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх.55-65/ Мөн өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийн ажил хүлээлцсэн акт буюу тойрох хуудас”-ыг гаргуулах хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах үндэслэлээр хойшлуулсан байна. /хх.69/

 

Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас халсан тушаалыг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар өгсөн байх багаад уг баримттай нэхэмжлэгч талыг танилцуулсан баримтгүй байна. Нэхэмжлэгч Э.Эг Хэнтий аймагт томилолтоор явахад танилцуулсан гэх удирдамжид урамшуулал олгох журмын талаарх хавсралт байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт болно.

 

Хариуцагчаас гаргасан дээрх нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулах, тэдгээрт тайлбар гаргах боломжоор шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Мөн хэргийн 58 дугаар талд авагдсан цахим шуудангийн талаарх хуулбарыг нэхэмжлэгч Э.Эд хэзээ, хэрхэн хүргэгдсэн нь тодорхойгүй, уг цахим шуудангийн мэдээлэлд шүүхээс үзлэг хийж бэхжүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор бэхжүүлээгүй, хэргийн оролцогчид бүрэн танилцуулсан баримтгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй.

           

Шүүх хуралдааны явцад дээр дурдсан шаардлага хангаагүй нотлох баримт талууд мэтгэлцсэн байхад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх шаардлага үүссэн эсэхийг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэг, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй. Гэтэл шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16769 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжид эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулахыг шүүгчийн туслах Ц.Өнөржаргалд даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т  шүүгчийн туслах нь “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүрэгтэй байхаар заасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгчийн биечлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг туслахаар даалгах агуулгатай заалт биш болно. Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж болохгүй.

 

Талууд өөрсдөө бие даан баримтаа гаргаж, чөлөөтэй мэтгэлцэх зарчмаар явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг шүүхийн зүгээс тайлбарлан өгөх нь мэтгэлцэх зарчим хэрэгжих нэг суурь нөхцөл болно. Шүүхийн зүгээс гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн эрх хангагдсан, мэтгэлцэх зарчмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх боломжгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00667 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                

                                 ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ