Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/634

 

П.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

хохирогч Э.У,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Бт холбогдох 1905037950178 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Пийн Б, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Унгар улсад эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            П.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам 48, Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Никитон клуб”-ын гадаа эхнэр Э.Угийн хэвлийд гараараа цохих, таксинд суугаад үснээс нь зулгаах, толгойгоор нь автомашины шил мөргүүлэх, хөл рүү нь өшиглөх, гар руу нь цохих зэргээр, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод нүүрэн тус газар нь цохих зэргээр тус тус зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гч овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Э.У гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Жавзмаа гаргасан тайлбартаа: “...Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан байхад шүүх тухайн хэргийг илтэд хууль зөрчин шийдвэрлэсэн. Улсын яллагч, шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 450.000 төгрөгийн торгох ял тохиролцсон атлаа шуух хуралдаанд 750.000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... хэргийг хэрэгсэхгүй болгох ...” саналыг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Хохирогч бөгөөд шүүгдэгчийн эхнэр У нь “... Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. ...” гэж хуульд заасан эрхийнхээ дагуу санал хүсэлтээ гаргасан. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. ...” гэж дүгнэсэн бол 6-д зааснаар хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан заалтыг зөрчиж хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Улсын яллагч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх”-ээр гаргасан тогтоол өнөөдөр хүртэл хүчинтэй хэвээр байхад шүүх дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт, гэр бүлийн бат бэх байдал, цаашдын ахуй амьдрал, үр хүүхдийн ирээдүйн баталгаа зэрэг хойшид гарах үр дагавар, нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Б “Тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй.” гэв.

            Хохирогч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр хоорондоо эвлэрсэн учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгохоор бичгээр хүсэлт гаргаж байна. ...” гэв.

            Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, прокурор яллагдагчтай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар тохиролцсон. Яллагдагч нь 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тавьсан байдаг. Ингээд прокурортой ял тохиролцсон нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа тул прокуророос 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан гэж ойлгож байна. Анхан шатны шүүх тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

П.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам 48, Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Никитон клуб”-ын гадаа эхнэр Э.Угийн хэвлийд гараараа цохих, таксинд суугаад үснээс нь зулгаах, толгойгоор нь автомашины шил мөргүүлэх, хөл рүү нь өшиглөх, гар руу нь цохих зэргээр, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод нүүрэн тус газар нь цохих зэргээр тус тус зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Угийн “...Баарнаас гарч ирээд гэдэс рүү хоёр удаа цохиод, ... би эвхрээд унасан. ...Үснээс зулгааж, толгойгоор шил мөргүүлж, ... хөл рүү өшиглөж, гар руу цохиод байсан. ...Гэрт ороод ... нүүр рүү цохиж, хана руу түлхэж унаган зодсон. ...” /хх 17-18/,

П.Бийн яллагдагчаар өгсөн “...Эхнэрээ хэд хэд цохисон. Тухайн үед байхгүй байхаар нь хардсан юм шиг байна лээ. Тэгээд такси бариад гэрт ирсэн. ...Том өрөөнд ороод маргалдаад гар хүрсэн байх, ... гэм буруугаа ухаарч байна. ...” /хх 55-57/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10873 дугаартай “...Э.Угийн биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 37/ гэх дүгнэлт,

дуудлагын лавлагааны хуудас, дуудлага хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, аюулын зэргийн үнэлгээ /хх 10-11/, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх 8, 48-51/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Бийн хохирогч Э.Угийн хэвлийд гараараа цохиж, толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж, нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар “...Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан байхад шүүх тухайн хэргийг илтэд хууль зөрчин шийдвэрлэсэн. Улсын яллагч, шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 450.000 төгрөгийн торгох ял тохиролцсон атлаа шүүх хуралдаанд 750.000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... хэргийг хэрэгсэхгүй болгох ...” саналыг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Хохирогч бөгөөд шүүгдэгчийн эхнэр Э.У нь “... гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. ...” гэж хуульд заасан эрхийнхээ дагуу санал хүсэлтээ гаргасан. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. ...” гэж дүгнэсэн бол 6-д зааснаар хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан заалтыг зөрчиж хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Улсын яллагч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх”-ээр гаргасан тогтоол өнөөдөр хүртэл хүчинтэй хэвээр байхад шүүх дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байна. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол хамтран гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч П.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 76/, хохирогч Э.У нь шүүгдэгч П.Бтэй эвлэрсэн талаарх баримт /хх 75/ гаргаж өгсөн байх ба энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болжээ.

Дээрх үндэслэлээр прокурор А.Баясгалан 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал /хх 81/ гаргасныг шүүгдэгч П.Б болон хохирогч Э.У нар зөвшөөрсний дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх 77/ гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Л.Жавзмаагаас хэргийг хэрэгсэхгүй болгох буюу өөрийн үйлчлүүлэгч П.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон ялаас өөр санал гаргасан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, уг саналын хүрээнд торгуулын ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчтэй тохирсон ялаас хүндрүүлэн ял оногдуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзлээ.

Харин шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн санал, хүсэлт зэргийг харгалзан прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хариуцлагын тохиролцсон саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч П.Бийг гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримтанд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ