Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 3815

 

 

 

 

 

 

 

 

 

                    2020       11          03

             101/ШШ2020/03815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчС.Н /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С  /ГҮТББ/ -д холбогдох,

 

2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14 846 510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“С.Н   нь С  плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагад хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж тус байгууллагын захирлын тушаалаар 2016 оны 07 сарын 06-ны өдрөөс ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн үед С  плаза үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг С  плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018 оны 12 сарын 10-ны өдөр С  плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь С  плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг “Ашиглалтын үйл ажиллах гэрээ”-ний дагуу С  ГҮТББ-д шилжүүлсэн ба гэрээний 3.2-т “байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар С  ГҮТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар өөрчлөлт орж, нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь Улсын дээд шүүхийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 тоот тогтоолоор хэвээр үлдсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгч нь урт хугацаагаар ажилгүй, цалин орлогогүй байж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын дундаж цалин 1 060 465 төгрөгийг авч байсан гэж тогтоосон. Үүнээс тооцоолон үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 14 сарын цалинд нийт 14 846 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14 846 510 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“С.Н   нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр “С ” ГҮТББ-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14 846 510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан өдрөөс тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хуульд заасан эрхийн дагуу хэргийн оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж явсаар дээрх хугацаа өнгөрсөн. Энэ нь хариуцагч талаас шалтгаалсан зүйл биш бөгөөд шүүхийн ажиллагааны дагуу өнгөрсөн хугацаа юм. Хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас цаг хугацаа алдсан зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн бичгээр гарсан шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байгууллагын ерөнхий инжнерийн ажилд томилж тушаалаараа мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь өөрөө энэ албан тушаалд ажиллахгүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэр гартал ажилдаа эргэн орж ажиллахгүй гэсэн тайлбар өгсөн. Үүнтэй холбоотой ажлаа таслаад явж байгаа нөхцөл байдал үүссэн. С.Н  гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Тодорхойлолтоос үзэхэд 2019 оны 5, 6 сараас Бест-Энержи ХХК, 2019 оны 07 сараас 2020 оны 05 сарыг дуустал Даймонд констракшн ХХК, 2020 оны 06 сард Шинэ С  худалдааны төв ХХК, 2020 оны 8, 9 дүгээр сард Энхтайван найрамдлын ордон ТББ-д ажиллаж байгаа гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ажил хийгээгүй байсан бол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүрэгт учирсан хохирол болох 7 592 842 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1552 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэртэй холбогдуулан энэ 14 сая төгрөгийн цалинг гаргуулах үндэслэлтэй гэсэн байдлаар тайлбар хийгээд байдаг. Өмнөх шүүхийн шийдвэрийг харахаар нэхэмжлэгчид учирсан хохирол буюу олж болох байсан орлого гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх үндэслэлээр шийдсэн. Нэхэмжлэгч нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаад байгаа хугацаандаа өөр газар ажиллаж байсан атлаа дахиад олж болох байсан орлого гэж давхар ажил хийх ёстой байсан юм шиг мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Олж байсан орлого гэдгийг харахаар тэр хүн хоёр газар зэрэг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй. Ажлын 8 цагаар ажиллах болохоос тусдаа ямар нэгэн байдлаар өөрөө биечлэн ажил хийлгүйгээр олж болох байсан орлого тасалдсан гэх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н   нь хариуцагч “С ” ГҮТББ-д  холбогдуулан 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  14 846 510 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

С.Н   нь “С ” ГҮТББ-д  холбогдуулан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар нэхэмжлэгч С.Н  тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан Ерөнхий инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С ” ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас гэм хор учирсан хохиролд 6 362 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй. /хх- 6-11, 12-16, 17-20/

 

“С ” ГҮТББ нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 09-ний өдрийн Б/169 дугаар тушаалаар С.Н  г Ерөнхий инженерийн албан тушаалд томилсон байна. /хх-55/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг  хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч С.Н  гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 06 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон уг хугацаанаас 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах хугацаа тоологдохоор байх тул нэхэмжлэгч С.Н   нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр С.Н  г Ерөнхий инженерийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд “С ” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 09-ний өдрийн Б/169 дугаар тушаалаар С.Н  г Ерөнхий инженерийн албан тушаалд томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу ажилтан ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “С ” ГҮТББ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Н   нь шүүхэд ажилд томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа нэг сарын дундаж цалин 1,535,956 төгрөг гэж тодорхойлон хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар хангасан дүнг үндэслэн нэг сарын дундаж цалин хөлсийг 1 060 465 төгрөгөөр тодорхойлон шаардсаныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. Иймд нэхэмжлэгч С.Н  гийн нэг сарын цалинг нэхэмжлэгчийн шаардсан дүн болох 1 060 465 төгрөгөөр тооцон 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Н   нэхэмжлэлд дурдсан хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтод дурдсан нэр бүхий байгууллагад ажил эрхэлж байсан нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч С.Н   нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь хариуцагч “С ” ГҮТББ-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхийг хязгаарлахгүй, мөн хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасныг баримтлан С.Н  гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч “С ” ГҮТББ-д даалгах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “С ” ГҮТББ-аас 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н  д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан хариуцагч “С ” ГҮТББ-аас 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 /арван дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга таван зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н  д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н  гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “С ” ГҮТББ-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 182 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч “С ” ГҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232 182  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н  д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР