Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00931

 

Тун Жөү ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02087 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2087 дугаар магадлалтай,

Тун Жөү ХХК-ийн нэхэмжлэлтэй

Бльюскай партнэрс ХХК, Рендербау ХХК, Хас банк ХХК-иудад холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465,519,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Энхбат, хариуцагч Рендербау ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийжаргал, хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Тун Жөү ХХК-иас Бльюскай партнэрс ХХК, Рендербау ХХК, Хас банк ХХК-иудад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465,519,990 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02087 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Хас банк ХХК, Блюскай партнэрс ХХК, Рендербау ХХК нараас 465,519,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тун Жөү ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,555,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хас банк ХХК, Блюскай партнэрс ХХК, Рендербау ХХК нараас 2,555,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2087 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Хас банк ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 465,519,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тунжөү ХХК-д олгож, хариуцагч Бльюскай партнэрс ХХК, Рендербау ХХК-иудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Тунжөү ХХК болон хариуцагч Бльюскай партнэрс ХХК, Рендербау ХХК нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,555,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс мөн хариуцагч Хас банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,485,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тунжөү ХХК-д тус тус буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн буруу практик тогтоохуйц гэж үзэн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар.

4.1.1. Гэрээний 2.14, 2.15 дахь заалтыг бодит нөхцөл байдал, үгийн шууд утгаас илтэд зөрүүтэй тайлбарласан шийдвэр гаргасан тухай.

Магадлалд талуудын хооронд байгуулагдсан ...гэрээний 2.14, 2.15-д тус тус заасныг Ерөнхий нөхцөл-тэй харьцуулан үзэхэд Рендербау ХХК-ийн төлөх зээлийн гэрээний үүргийг Ургах наран орон сууцны хороолол барих төсөл хэрэгжиж дууссаны дараа борлуулалтын орлогоос төлөх. уг борлуулалтын орлого хүрэхгүй бол Зүүн хараа дахь орон сууцны борлуулалтын орлогоос төлөх дэс дараалалтай гэж ойлгогдож байхаас гадна ямар ч тохиолдолд 4 талт гэрээгээр тохиролцсон Ургах наран орон сууцны хороолол барих төсөл амжилттай хэрэгжиж дуусгавар болсон тохиолдолд Хас банк ХХК-д Рендербау ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүргийг Тун Жөү ХХК-ийн данснаас суутган авах эрх үүсэхээр байна. гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг /гэрээний чөлөөт байдлын зарчим/, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг /гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах/-т заасан зохицуулалтад нийцээгүй байдлаараа үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь 4 талт Гэрээний 2.15-д Гэрээний 2.14-т заасан дансаар Тун Жөү ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг банк гэрээний 2.9-д заасан зээлийн төлбөрт суутган авах эрхийг олгосон болохыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж тохиролцсон. 4 талт гэрээнд аливаа хэлбэрээр дараалал тогтоосон, төсөл хэрэгжиж дууссаны дараа суутгах. эсхүл орлого нь хүрэхгүй бол гэх урьдчилан биелэгдсэн байх нөхцөл тохиролцоогүй" бөгөөд 1-т Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлого, 2-т Ургах наран хорооллын орон сууцны борлуулалтын орлого гэх хоёр орлогоос зээлийн төлбөрийг суутгах эрхийг олгосон байдлаар тохиролцсон байхад шүүхээс хууль зүйн үндэслэл дурдалгүйгээр гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлалгүй, гэрээнд заагаагүй дараалал, урьтач нөхцөл оруулан тайлбарлаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, гэрээний нөхцөлийг илтэд буруу тайлбарласан хууль үйн үр дагаврыг үүсгээд байна. Тун Жөү ХХК, Рендербау ХХК, Пльюскай Партнерс ХХК болон Хас Банк ХХК гэх 4 талт гэрээ байгуулж байсан тухайн үеийн бодит нөхцөл байдлын хувьд Баянгол дүүрэгт Ургах наран хороолол барихаар яригдаж байхад Зүүнхараад баригдсан орон сууцнууд бүрэн дуусаад, борлуулагдаж байсан бөгөөд гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд энэ нөхцөл байдлыг бодитоор мэдэж байсан зохигчдын хувьд гэрээний 2.14 болон 2.15 дахь заалтыг харилцан тохиролцохдоо дараалал огт тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.1.2. Нэг гэрээний асуудлаар 2 удаа шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа тухай 4 тал гэрээтэй холбоотой иргэний хэргийг өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн гэдэг тайлбарыг Хас банкны хувьд 2 шатны шүүх хуралд тайлбарласан боловч огт хүлээн аваагүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1720 дугаартай тогтоолын хянавал хэсэгт ...Хоёр шатны шүүхээс гэрээний бусад нөхцөлөөр Тун Жөү ХХК-ийн Зүүнхараад барьсан барилгын орлогоос Хас банк ХХК нь Рендербау ХХК-ийн зээлийг суутган авахаар харилцан тохиролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг зөрчөөгүй байна" гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа билээ. Улсын дээд шүүхийн уг дүгнэлтээс харахад гэрээний 2.15 дахь заалтыг агуулгыг тайлбарласан. тухайн заалтыг үндэслэн Тун Жүөгийн данснаас Рендербаугийн зээлийг суутган авах гүйлгээ хийсэн мөнгөн шилжүүлгийн үйлдэлд хууль зүйн хувьд өгсөн дүгнэлт гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна. Урьд шийдвэрлэгдсэн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд өмнөх маргаан нь Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 465,519,990 төгрөгийг Хас банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Өмнөх хэрэг маргааныг шүүхээс шийдвэрлэхдээ 4 талт гэрээг байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогоос Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг суутган шилжүүлсэн үйлдэл нь гэрээ, хуульд нийцсэн эсэх зэрэг нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг баримтаар тогтоож эцэслэн шийдвэрлэсэн билээ. Хяналтын журмаар гомдол гаргах өдрийн байдлаар 2 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа заалтаа өөрчилсөн боловч агуулгын хувьд Рендербау ХХК, Блюскай Партнерс ХХК болон Хас банк ХХК-ийг хариуцагчаар татаж анх хэргээ үүсгэж байгаад, хурлын явцад зөвхөн Хас банкнаас 465,519,990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, мөнгө гаргуулахаар шаардаж байгаа байдлаараа адил агуулгатайгаар уг хэрэг дахин хянан хэлэлцэгдсээр байна. Нэхэмжлэгч зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин нэхэмжлэл гаргалаа гээд нэгэнт болоод өнгөрсөн буюу Улсын дээд шүүх тогтоосон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчиж үнэнд нийцэхгүй дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна.

Болж өнгөрсөн үйл явдлын талаар: Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 1720 дугаартай тогтоолд 2003.05.20-ны өдөр Тун Жөү ХХК болон Бльюскай партнерс ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулах гэрээгээр Бльюскай партнерс ХХК-ийн эзэмшлийн газарт Ургах наран орон сууцны хороолол барих төслийг талууд хамтран хэрэгжүүлж Тун Жөү ХХК нь барилга барих шаардлагатай хөрөнгийг гаргаж, гаргасан хөрөнгөө буцаан авч, ашгийг хуваахаар талууд тохиролцжээ. Мөн Рендербау ХХК-ийн Хас банк ХХК-с авсан зээлийн Тун Жөү ХХК төлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Бльюскай партнерс ХХК-ийн газрыг барьцаалсныг чөлөөлөх зорилготой Тун Жөү ХХК, Хас банк ХХК, Бльюскай партнерс ХХК, Рендербау ХХК-ийн хооронд хамтран ажиллах 4 талт гэрээ байгуулагдсан байна. Хас банк XXК нь Тун Жөү ХХК-ийн тус банк дахь харилцах данснаас 2013, 2014 онд 4 удаагийн шилжүүлгээр Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрт нийт 465,519,990 төгрөг суутган авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. гэж дүгнэсэн байдаг бөгөөд дээрхээс үзэхэд Рендербау ХХК-ийн зээлийг Тун Жөү ХХК төлнө гэдгийг, Тун Жөү ХХК-ийн Зүүнхараад барьсан орон сууцны орлогоос Рендербау ХХК-ийн зээлд суутгахаар тохиролцсон гэдэг үйл баримт тогтоогдож байгааг шүүхээс дүгнэсэн байна. Мөн магадлалд "... Уг гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх, Хас банк ХХК нь нэхэмжлэгч Тун Жөү ХХК-аас мөнгө суутган авах эрхтэй байсан эсэх асуудалд дээрх шүүхийн шийдвэрүүд хамааралгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь ямар учраас хамааралгүй талаар тайлбарлаагүй, хуулийн үндэслэл тайлбарлаагүй, зүгээр л хамааралгүй гээд бичсэн нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-г зөрчсөн байна.

4.1.3. Зохигчдын тайлбар буюу нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй тухай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Гэрээний 2.9-д заасан Рендербау ХХК-ийн Хас банк ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэгт барьцааны үл хөдлөх хөрөнгийг тооцохоор талууд эвлэрч зээлийн үүргийг дуусгавар болгосон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Тун Жеү ХХК нь энэхүү 4 талт гэрээгээр Рендербау ХХК-ийн зээлийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхгүй буюу Хас банк ХХК-ийн өмнө зээл төлөх үүрэг гүйцэтгэгч болоогүй байна" гэдэг дүгнэлтийг хууль үндэслэлгүй хийсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан Гэрээгээр Рөндербау ХХК-ийн зээлийн үүргийг Тун Жөү ХХК-д хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлсэн гэдэг байдлаар огт тайлбар гаргаж байгаагүй бөгөөд Тун Жөү нь Батлан даагчийн хувьд Рөндербаугийн зээлийн гэрээнд заасан 2 төрлийн орлогоосоо төлөхийг зөвшөөрсний дагуу гүйлгээ хийсэн" гэж, Хас банк нь энэ 4 талт гэрээнд зөвхөн төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувьд оролцсон гэж, тухайн мөнгөн хөрөнгө шилжин орсон, тэр дүнгээр зээл нь төлөгдсөн тал болох Рендербау ХХК нь энэ тохиолдолд хөрөнгөжиж байгаа гэж тайлбар гаргасаар байхад зохигчдын тайлбарыг нотлох баримтын хувьд зохих ёсоор огт үнэлэлгүй дээрх шийдвэр, магадлалыг гараад байна.

4.1.4. Хас банк төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэгч байсан тухай.

Уг маргааны хүрээнд маргаангүй байгаа нэг үйл баримт бол Хас банк ХХК нь Тун Жөу ХХК-ийн 5001020967 дугаартай харилцах панснаас Зуун хараа дахь орон сууцны борлуулалтын орлогоос 2013.12.31-ний өдөр 243,980,000 төгрөг, 2014.01.13-ны өдөр 147,800,000 төгрөг, 2014.01.28-ны 32,990,000 төгрөг, 2014.02.05-ны өдөр 40,749,990 төгрөг, нийт 465.519,990 төгрөгийг суутган Рендербау ХХК-ийн 1410000513 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн явдал юм. Магадлалд Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Хас банк ХХК нь нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ийн данснаас нийт 465,519,990 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авсан болох нь тогтоогдож байхад... гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ямар учраас үндэслэлгүй суутган авсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хас банкны хувьд Банкны тухай хуулийн 11.2-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ. төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно. гэж заасныг үндэслэн 465,519,990 төгрөг Тун Жөү ХХК /Харилиах дансны эзэмшигч/-ийн түүнтэй бичгээр байгуулсан гэрээ /харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ/-г үндэслэн түүний төлбөрийн даалгавраар Рендербау ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ тохиолдолд Хас банк Тун Жөүгийн данснаас өөртөө суутгаж авсан зүйл байхгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг ялгаж салгалгүй Хас банк суутгаж өөртөө авсан мэтээр тайлбарлаж, дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүхээс хоёр хуулийн этгээдийн данс хооронд Хас банк гүйлгээ хийсэн харилцаанд дүгнэлт хийхдээ Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-т заасанд нийцэж байгаа эсэх, Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний зохицуулалтад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

4.1.5. Шүүхийн буруу практик тогтох аюул тулгараад байгаа тухай.

Улсын дээд шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа хууль хэрэглэх практикийг тогтоох эрх хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх явцдаа гүйцэтгэдэг учир анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрийг засахгүй бол бүх төрлийн зээлийн харилцаанд харилцах данснаас зээлийн дансанд хийсэн гүйлгээ бүрийн хувьд төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэгч арилжааны банкийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа мэтээр ойлгон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэдэг буруу практик тогтох эрсдэлтэй тулгарч байна. Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээгээр Тун Жөү ХХК-ийн Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээнд хамаарна гэж үзэж байна. Банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэргүүн ээлжинд зээлдэгч, барьцаалуулагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигчид нар үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд нөхөн хариуцлага хүлээлгэн батлан даагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлдээ Тун Жөү ХХК-ийг хариуцагчаар тодорхойлоогүй болно. Иргэний хуулийн 465 дугаар зүйл и й н 465.1 дэх хэсэгт "Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заасан байна. Хас банкнаас 2014.03.13-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2014.03.19-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 650 дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа билээ. Энэ хэргийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо Тун Жөү ХХК-иар Рендербау ХХК-ийн төлүүлсэн зээлийн төлбөрийг хасч тооцсон бөгөөд уг хэргийг шийдвэрлэгдсэнээс хойш Тун Жөү ХХК-ийн данснаас Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг суутгаагүй, нэмж авсан төлбөр байхгүй болно. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахтай холбоотой хэрэг нь 4 талт гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Тун Жөү ХХК-ийн данснаас төлбөрийг суутгаснаас цаг хугацааны хувьд хожим болсон байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь Хас банк ХХК-ийн өмнө Рендербау ХХК-ийн зээлийг төлөх үүрэг гүйцэтгэгч болоогүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хас банк ХХК нь уг харилцааны хувьд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлсэн, гүйлгээ хийсэн этгээд юм. Харин Рендербау ХХК-ийн хувьд энэ дүнгээр Зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээсээ чөлөөлөгдөж, Тун Жөү ХХК нь сайн дураар бичгээр байгуулсан гэрээний хүрээнд зээлийн үүргийг биелүүлсэн, энэ дүнгээрээ Рендербаугийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгчийн хувьд Рендербаугаас шаардах эрхтэй болсон харилцаа үүссэн байхад буруутан нь төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэсэн арилжааны банк болдог биш, зээлээ төлүүлсэн зээлдэгч байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өрийг нь төлснөөр үүрэг бүхий этгээдийн бусдад төлөх үүрэг дуусгавар болж, харин өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийг хангасан этгээдэд шилжих бөгөөд энэ нь бусдын өрийг төлсөн этгээд шаардах эрхийг шилжүүлэн авдаг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.4-т заасан үндсэн зарчимтай нийцэх юм.

4.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар.

Магадлалд Банк нь Рендербау ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд буй газрыг Хөрөнгө оруулагчид зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд давхар барьцаалуулах үүргээ биелүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ийн данснаас Рендербау ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг суутган авсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зохицуулалтад нийцээгүй байна гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийгээд Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний дагуу Тун Жөү ХХК-д Хас банк ХХК-ийн өмнө Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, уг үүргийг шилжүүлэн авсантай холбоотой барьцааны эрх үүсээгүй буюу гэрээ хэрэгжээгүй байх бөгөөд үүрэг үүсээгүй болох нь тогтоогдсон гэжээ. 4 талт гэрээний 2.8-д заасны дагуу банк нь Рендербау ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд буй газрыг Хөрөнгө оруулагчид зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд давхар барьцаалуулахыг зөвшөөрсөн билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалуулагч /Бльюскай партнерс ХХК/ нь барьцааны зүйлийг бусад этгээд /Тун жөү ХХК/-д давхар барьцаалах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл уг газрыг Тун Жөү ХХК-д давхар барьцаалуулах барьцааны гэрээг Бльюскай партнерс ХХК болон Тун Жөү ХХК нарын эрхэд хамаарах бөгөөд уг асуудалд банк эхний барьцаалагчийн хувьд Газар эзэмших эрхийг гэрчилгээг гаргаж өгөх, туслалцаа үзүүлэхийг уг гэрээгээр зөвшөөрсөн болно. Бодит нөхцөл байдлын хувьд Бльюскай партнерс ХХК болон Тун Жөү ХХК нарын хооронд газрыг давхар барьцаалах гэрээ байгуулж, бүртгүүлэх хэмжээ аваагүй, энэ талаар Хас банк ХХК-д мэдэгдээгүй бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад ямар үндэслэлээр Хас банк ХХК-ийг гэрээнд заасан үүргээ үнэнч, шударгаар биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 1720 дугаартай тогтоолд Орон сууц барих төслийг хэрэгжүүлэгч Бльюскай партнерс ХХК болон хөрөнгө оруулагч Тун Жөү ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр хүлээх эрх, үүрэг хэрэгжсэн эсэх, уг төслийг хэрэгжүүлээгүйд хэн нь буруутай асуудалд Хас банк ХХК хамааралтай этгээд биш, эдгээр талуудаас төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, зээл төлүүлэх тохиролцоог цуцлах талаар Хас банк ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй байна гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан атал давж заалдах шатны шүүхийн магадлалд талууд хамтран ажиллах гэрээнд заасан хамтын үйл ажиллагааг хэрэгжээгүйд банкийг буруутган, Хас банк ХХК нь төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг үүсээгүй гэдэгт хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тохиолдлыг ойлгохоор эрх зүйн ном товхимолд тайлбарладаг. Хамтран ажиллах гэрээг талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу бичгээр байгуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой үндэслэл дурдалгүйгээр гагцхүү хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байх тул талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж шийдвэрлэсэн нь тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дахин давтаж бичихэд Хас банк ХХК нь Тун Жөү ХХК-н 5001020967 дугаартай харилцах данснаас хамтран ажиллах гэрээнд заасныг үндэслэн нийт 465,519,990 төгрөгийг Рендербау ХХК-ийн 1410000513 дугаартай зээлийн дансанд тухай бүр шилжүүлж байсан бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Тун Жөү ХХК-ийн 5001020967 дугаартай дансны хуулга, Рендербау ХХК-ийн 1410000513 дугаартай дансны хуулгаар давхар нотлогдож байгаа билээ. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр буюу 2020.06.08-ны өдөр гаргасан нэмэлт тайлбарт Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлүүдийг тус тус баримтлан хариуцагч нарыг нэхэмжилж буй төлбөрийг гүйцэтгэх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд уг үндэслэлээ тайлбарлахаа Рендербау ХХК нь Хас банкны өмнө 465,519,990 төгрөгийн хэмжээгээр үүргээс чөлөөлөгдсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа Рендербау ХХК, Бльюскай партнерс ХХК нь мөн хариуцах үүрэгтэй мэтээр тайлбарласан атлаа гагцхүү Хас банкийг төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, бөгөөд агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас Хас банк ХХК-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, зээлдэгч Рендербау ХХК-иас Тун Жөү ХХК-д 465,519,990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Тун Жөү ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2013.05.20-ны өдөр Бльюскай партнерс ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тэдний эзэмшил газар дээр Ургах наран орон сууцны хороолол барих төслийг хамтран хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч нь шаардлагатай хөрөнгийг гаргах, гаргасан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах, Орон сууц борлуулсны дараах цэвэр ашгийг хувааж авахаар харилцан тохиролцсон, орон сууцны барилга барих газар нь Рендербау ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Хас банкны барьцаанд бүртгэлтэй байсан тул талууд 4 талт гэрээ байгуулж, манай компани Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг Хас банкинд төлж, банк газар эзэмших эрхийг давхар барьцаалахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээ байгуулагдсаны дараа Хас банк манай компанийн тус банкин дахь харилцах данснаас 2013.12.31-нээс 2014.02.05-ны хооронд нийт 465,519,990 төгрөгийг хууль бусаар авсан атлаа 2014 онд Рендербау ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг зээлийн гэрээний үүрэгт банкны нэр дээр шилжүүлэн авсан байна.

Иймд хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465,519,990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ... гэж тайлбарласан,

Хариуцагч Хас банк ХХК: ...нэхэмжлэлийн дээрх шаардлага өмнө гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон, түүнчлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж,

Хариуцагч Бльюскай партнэрс ХХК: ...Хас банк ХХК нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Рендербау ХХК-ийн зээлийг нэхэмжлэх үедээ Тун Жөү ХХК-ийн 465,519,990 төгрөгийг суутган авсан талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд дээрх мөнгийг Хас банк ХХК Рендербау ХХК-ийн төлбөрт суутган авсан үйлдэлд манай компани хамааралгүй тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй... гэж,

Хариуцагч Рендербау ХХК: ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэж тус тус маргажээ.

7. 2013.05.20-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Хөрөнгө оруулагч Тун Жөү ХХК нь Ургах наран орон сууцны хороолол барих төслийг Төсөл хэрэгжүүлэгч Бльюскай партнерс ХХК-тай хамтран хэрэгжүүлэх зорилгоор түүний эзэмшлийн 640,000 м.кв газар дээр 480 айлын орон сууцны барилга барих, хөрөнгө оруулалт хийх, газар дээр барилга барьж орлого олсны хариу төлбөр болгож орон сууцны м.кв тутмын үнийн дүнгийн 5%-ийг Төсөл хэрэгжүүлэгчид төлөхөөр тохиролцсон бөгөөд Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжих өөрийн эзэмшлийн газрыг Рендербау ХХК-ийн зээлийн барьцаанд Хас банкинд барьцаалсан байсан тул хөрөнгө оруулагч нь зээлийн төлбөрийг Банкинд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах, банк нь зээлийн барьцаанд буй газрыг хөрөнгө оруулагчид Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд давхар барьцаалуулахыг зөвшөөрч, талууд мөн өдөр буюу 2013.05.20-ны өдөр нэг талаас хөрөнгө оруулагч Тун Жөү ХХК, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч Бльюскай партнерс ХХК, Рендербау ХХК, Хас банк ХХК тус тус харилцан тохиролцож 4 талт Гэрээ байгуулсан боловч Төсөл хэрэгжүүлэгч газрыг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснээс төсөл хэрэгжих боломжгүй болж, орон сууцны барилга баригдаагүй, төсөл хэрэгжээгүй байна.

8. Хариуцагч Хас банк ХХК 2013.12.31-нээс 2014.02.05-ны хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 465,519.990 төгрөгийг Тун Жөү ХХК-ийн Хас банк дахь данснаас зээлийн төлбөрт суутган авсан, 2014.03.19-ний өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн №650 дугаартай Шүүгчийн захирамжаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Рендербау ХХК, Бльюскай партнерс ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,416,175 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас 465,519,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Хас банк ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 465,519,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Бльюскай партнерс ХХК, Рендербау ХХК-уудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...анхан шатны шүүх хариуцагч Хас банк ХХК-д холбогдох шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагч Бльюскай партнерс ХХК, Рендербау ХХК-иудад хамтран хариуцах үүрэг ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй... гэж дүгнэжээ.

11. Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоо: ...шүүх гэрээний 2.14, 2.15 дахь заалтыг шууд утгаас илтэд зөрүүтэй тайлбарласан, ...нэг гэрээний асуудлаар 2 удаа шүүх хэлэлцэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг зөрчсөн, ...нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, ..хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх агуулгаар гаргажээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

12. Хариуцагч Хас банк ХХК нь нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ийн Хас банкин дахь 5001020967 дугаар данснаас 2013.12.31-ний өдөр 243,980,000 төгрөг, 2014.01.13-ны өдөр 147,800,000 төгрөг, 2014.01.28-ны өдөр 32,990,000 төгрөг, 2014.02.05-ны өдөр 40,749,990 төгрөгийг тус тус 2013.05.20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.9, 2.14, 2.15 тоот заалтын дагуу 141-513 зээлийн төлбөрт суутган авав гэсэн утгатайгаар нийт 465,519,000 төгрөгийг Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрт суутган авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хариуцагчийн дээрх үйлдлийг нэхэмжлэгчээс гэрээний дагуу барилгын ажил явагдаагүй, дээрх төлбөрийг суутган авах үндэслэл буюу эрх үүсээгүй байхад зөвшөөрөлгүй суутгал хийсэн гэсэн бол, хариуцагч Хас банк ХХК-аас энэ маргааныг өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн гэж тус тус маргажээ.

12.1. Зохигчийн хооронд байгуулсан Гэрээний 2.9-д ...2012.02.17-ны өдрийн Рендербау ХХК-ийн Хас банкнаас авсан зээлийн ...төлж барагдуулах хэмжээ нь гэрээ байгуулах өдрийн байдлаар хавсралтад заасан хэмжээтэй болохыг гэж, 2.14-т хөрөнгө оруулагч нь орон сууцны борлуулалтын орлогыг Банкинд нээх, түүний дансаар дамжих хийх бөгөөд уг дансанд орох орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг гэрээний 2.5-д заасан төлбөрт тооцож, Банк 2.9-д заасан зээлийн төлбөрт үл маргах журмаар суутган авах эрхийг олгосон болохыг гэж, 2.15-д 2.14-т заасан дансаар Тун Жөү ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүн хараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг банк гэрээний 2.9-д заасан зээлийн төлбөрт суутган авах эрхийг олгосон болохыг... гэж тус тус харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан 4 талт Гэрээний 2.6-д Хөрөнгө оруулагч нь Рендербау ХХК-ийн 1 дэх хэсэгт заасан зээлийн төлбөрийг Банкинд эргэн төлөх хуваарийн дагуу хариуцан төлнө гэж тохиролцсон боловч 2.14-т төлбөрийг хэзээнээс төлж эхлэх талаар илүү нарийвчлан зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, орон сууцны борлуулалтын орлого Хас банкинд нээсэн уг дансанд орсноор Банкинд зээлийн төлбөр суутгах авах эрх үүсэхээр байна.

12.2. 2013.05.20-ны өдрийн 4 талт гэрээ хүчин төгөлдөр боловч гэрээ хэрэгжээгүй байна, тухайлбал, Банк Рендербау ХХК-иас зээлийн төлбөрийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр барагдуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр газар зээлийн үүрэгт Банкны эзэмшилд үлдэж, Төсөл хэрэгжүүлэгч газрыг хөрөнгө оруулагчийн эзэмшилд шилжүүлэх боломжгүй болж, төсөл хэрэгжилгүй гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон тул талуудад гэрээний үүрэг үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул хариуцагчийг нэхэмжлэгчийн данснаас суутган авсан хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

12.3. Гэрээний 2.15 дахь зохицуулалт нь мөн л 2.14-т заасан дансыг нээсний дараа орон сууцны борлуулалтын орлогоос зээлдэгчийн төлбөрийг суутган татах эрх үүсэх байтал гэрээний урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн харилцах данснаас суутгал хийсэн нь үүрэг үүсээгүй байхад хөрөнгө шилжүүлэн авсан гэж үзнэ.

Иймд Хас банк ХХК-ийг хариуцлага хүлээх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн данснаас суутган авсан 465,519,990 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12.4. Хариуцагч Блюскай партнерс ХХК, Рендербау ХХК-ууд нь дээрх мөнгийг хамтран хариуцах үүрэгтэй болох нь нотлогдоогүй үндэслэлээр тэдэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх гэрээний холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 117 дугаар зүйлийн 117.1-д хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...ийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, ...байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэжээ.

13.1. Нэхэмжлэгч Тун Жөү ХХК нь хариуцагч нарт холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан 4 талт хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465,519,990 төгрөгийг Хас банкнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянаад 2018.11.30-ны өдрийн 001/ХТ2018/01720 тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч нь ...зохигчийн хооронд байгуулагдсан 4 талт гэрээний орчуулга алдаатай байсны улмаас хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрч, ноцтой төөрөгдсөн... гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байна.

13.2. Зохигчийн хооронд байгуулагдсан 2013.05.20-ны өдрийн 4 талт Гэрээг хүчин төгөлдөр эсэх маргаан нь уг гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх, Хас банк ХХК нэхэмжлэгч Тун Жөү ХХК-иас мөнгө суутган авах эрхтэй байсан эсэх маргаантай хамааралгүй гэх үндэслэлээр энэ хэргийг хянан шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчөөгүй тул ...нэг хэргийг хоёр удаа шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн /4.1.2/ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2087 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Хас банк ХХК-иас 2020.11.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,485,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА

                                       ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД