Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 3321

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Н холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,435,228 төгрөг, хүү 10,802,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,624 төгрөг, нийт 22,820,778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор иргэн Э.Ннараас 22,820,778 төгрөг гаргуулах, Зээлийн барьцаа хөрөнгө болох БЗД,******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай ...........-ны үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэл хангуулах.

Э.Ннь 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн БГХ-16/1/133, БГҮ-16/1/133 тоот барьцааны гэрээ, 2017 оны 12-р сарын 15-ны өдөр ЗГ-17/1/133 тоот зээлийн гэрээний дагуу 11,300,000 төгрөгийн зээлийг сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Г-с авсан. Зээлдэгч Э.Н нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 5-р сараас хойш биелүүлээгүй, төлбөр тооцоо гүйцэтгэлгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрч манай компанид хүндрэл учруулж байна. Иймээс Г зээлдэгч Э.Нс үндсэн зээл 10,435,228 төгрөг зээлийн хүү 10,802,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,624 төгрөг нийт 22 820 778 төгрөгийг тус нэхэмжилж байна. Мөн хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг дараах хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

• БЗД, **** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай -ны үл хөдлөх хөрөнгө гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Ннь 2017.12.15-ны өдөр 11,300,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ГХХК-аас зээлсэн. Тэрээр 2018 оны 05 сараас эхлэн зээлээ төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчин хүндрэл учруулсан учир компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 864,772 төгрөг төлсөн. Үүнийг тодруулбал: 2018.02.02-нд 133,400 төгрөг, 2018.03.14-нд 537,558 төгрөг, 2018.05.21-нд 193,814 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд 1,971,561 төгрөг төлсөн байна. Нэмэгдүүлсэн хүү төлөөгүй байна. Ингээд нийт төлсөн мөнгө нь 2,836,333 төгрөг байна. Иймээс 2017.12.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,435,228 төгрөг, зээлийн хүү 10,802,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,624 төгрөг нийт 22,820,778 төгрөгийг Э.Н-с гаргуулж өгнө үү. Мөн тэрээр зээлийг төлөхгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* тоот авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2017.12.15-ны өдрөөс 2020.06.12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү тооцсон. 2017.12.15-ны өдөр н.Мд болон Э.Н нар хамт ирж, зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хавсралт 1 буюу зээл эргэн төлөгдөх хуваарь дээр мөн хоёулаа гарын үсэг зурсан. Мөн зээл хүссэн өргөдөл дээр хоёулаа гарын үсэг зурсан. Эндээс үзвэл 2017.12.15-ны өдрийн зээлийн гэрээнд Э.Н өөрөө ирж гарын үсэг зурсан. Гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр шинжээч томилоход Э.Нын гарын үсэг мөн байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 2017.12.15-ны өдрийн зээлийг Э.Н хариуцан төлөх үүрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад 11,300,000 төгрөгийн зээлийг н.Мөнхболд авсан, мөн Б.П захирлаас асуусан гэдгээ хариуцагч Э.Н хэллээ. Э.Н өөрөө ирж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Ийнхүү гарын үсгийг шинжлүүлэхэд гарын үсэг нь мөн гэж дүгнэлт гарсан учраас хамтран зээлдэгчийн хувьд зээлийг Э.Н төлөх үүрэгтэй Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн тооцооллыг программын дагуу гаргаж өгсөн. Тиймээс 22,820,778 төгрөгийг зээлдэгч Э.Нс гаргуулж, зээлийг төлөхгүй бол зээлийн гэрээний 7.2-т зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э овогтой Н миний бие 2016 оны 10-р сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Миний нөхөр байсан Б.М нь тухайн үед хувийн бизнестээ ашиглах зорилгоор авч байсан ба би хамтран зээлдэгчээр орсон. Бид хамт амьдрахгүй байгаа уулзаагүй удаж байна. Биднээс нэхэмжилсэн нийт дүн 32,883,249 төгрөг энэ дүн хаанаас яаж бодогдсон нь ойлгомжгүй байна. Мөн ямар данснаас ямар данс уруу шилжүүлж олгосон баримт байхгүй байна. Миний зүгээс 2016 оны 10-р сарын 28-ны өдөр 15 сая төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан. 2017 оны 05-р сарын 23-ны нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний гарын үсэг миний гарын үсэг биш тул гарын үсэг дурайлгасан байна.

Грийн инвестмент ББСБ-н ******* тоот хаан банкны дансанд шилжүүлсэн төлбөр:

Б.М...... тоот данснаас

  • 2016.11.28-ны өдөр- 620,000 төгрөг
  • 2017.02.23-ны өдөр- 620,000 төгрөг
  • 2017.03.30-ны өдөр- 560,000 төгрөг
  • 2017.10.04-ний өдөр- 905,780
  • 2018.03.14-ний өдөр- 1,000,000 төгрөг
  • 2018.04.18-ны өдөр- 1,000,000 төгрөг
  • 2018.05.21-ний өдөр- 1,000,000 төгрөг нийт 5,705,780 төгрөг шилжүүлсэн байна.

Б.М-ын ............. тоот данснаас

  • 2017.11.03-ны өдөр- 773,400 төгрөг
  • 2018.01.31-ний өдөр- 1,000,000 төгрөг
  • 2018.02.02-ны өдөр- 447,000 төгрөг нийт 2,220,400 төгрөг шилжүүлсэн байна.

Э.Н- .......... тоот данснаас

  • 2017.05.23-ны өдөр- 5,000,000 төгрөг
  • 2017.06.30-ны өдөр- 544,320 төгрөг 5,544,320 төгрөг шилжүүлсэн. Нийт          13,470,500 төгрөг төлсөн байна.

М дансны хуулгыг өөрөө байхгүй болохоор авах боломжгүй байгаа тул Г-н ............ тоот данснаас шилжүүлсэн мөнгийг гаргуулах. Мөн бэлэн төлж байсан баримтаа олохгүй байгаа. 2016 оны зээлийг энэ их хэмжээний хүүгийн хуримтлал үүсгэж их хэмжээний өрийн дарамт үүсгэж байгаад нэхэмжилж байгаа нь маш гомдолтой байна. Энэ хүүг яаж бодсон нь ойлгомжгүй байна. Би энэ их хэмжээний мөнгө төлөх боломжгүй өөрөө орон сууцны зээлээ арай гэж төлж амьдарч байгаа. Зээл авсан Б.М-с гаргуулж авна уу.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг би аваагүй. ГХХК-ийн захирал Б.П-г нөхөр бид  хоёр таньдаг байсан. 2016 оны зээлийг авахад би очиж хамтран зээлдэгчээр орж байсан ч 2017 оны зээлийг авахад би очиж гарын үсэг зурж байгаагүй. 2017 оны зээлийг миний нөхөр н.М авсан. 2017 оны зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, миний бичиг баримт эх хувиар авагдаагүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд дахин шинжээч томилуулах хүсэлт өгсөн байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнхболд энэ зээлийг авсан гэдгийг мэднэ. Анх 2016 онд уурхайн ажилдаа зориулж авч байсан тул сүүлд нь бас ийм зорилгоор авсан байх. Бид гэр бүл боловч зээлийн асуудлаас болоод хамт амьдрахгүй байгаа. Би Б.П захиралтай утсаар ярьсан нь зээлийг авсан гэсэн үг биш. Би өөрийн биеэр очоогүй учир гэрээнд гарын  үсэг зураагүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,435,228 төгрөг, хүү 10,802,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,624 төгрөг, нийт 22,820,778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Ннь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй, тухайн үед би очоогүй тул миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Энэ зээлийг Б.М авсан тул би төлөхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон хариуцагч, Б.М нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-17/1/133 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-7 дугаар тал/

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь 0000090176 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1/400 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 14-15 дугаар тал/ Иймд уг гэрээний дагуу олгох зээл нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл юм.

Хариуцагч нь энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед нэхэмжлэгчийн захиралтай утсаар холбогдож, улмаар хариуцагчийн нөхөр очиж зээл авсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед очоогүй тул гэрээнд байгаа гарын үсэг хуурамч гэж маргаж байна.

Гэвч хариуцагчийн энэхүү тайлбар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3647 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдэж, дээрх гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. /хэргийн 58-67 дугаар тал/ Мөн тухайн өдөр хариуцагч болон түүний нөхөр гэх Б.М нар нь зээлийн хүсэлт гаргасан болох нь дээрх 3647 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. Эдгээрээс нэхэмжлэгч болон хариуцагч, Б.Мөнхболд нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Зээлийн гэрээгээр 11,300,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 12 хугацаатайгаар зээлж, зээлүүлэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 11,300,000 төгрөгийг зээлдэгч Б.Мөнхболдод олгосон болох нь хэргийн 10 дугаар талд байх 20171215655800023-0 дугаар кассын зарлагын баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан уг зээлийг нөхөр Б.Мөнхболд авсныг мэднэ гэх тайлбараар тогтоогдсон.

Энэхүү гэрээ нь 2 зээлдэгчтэй боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Э.Н-с нэхэмжилсэн бөгөөд харин зээлдэгч Б.М-ын оршин суугаа газар тодорхойгүй байгаа тул ийнхүү нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх бөгөөд ийнхүү нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцнэ.

Мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г нь нэхэмжлэлийн үндэслэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа гэж тайлбарласан. Иймд энэхүү хугацаа нь 29 сар, 28 хоног байх тул ногдох хүүг тооцвол:

Нэг сард 452,000 төгрөг, 29 сард 13,108,000 төгрөг, 28 хоногт 416,087.67 /452,000*12/365*28/ төгрөг, нийт 13,524,087.67 төгрөгийн хүү тооцогдоно.

Зээлийн гэрээний 2.1.4-т талууд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс тооцвол 2,704,817.53 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.

Эдгээрээс зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг нь нийт 27,528,905.20 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг нийт 2,836,333 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч нь үүнээс илүү төлбөр төлсөн эсэх талаар тайлбар гаргаагүй, ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн нь 24,692,572.20 төгрөг юм.

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нийт үүрэгт 22,820,778 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь зээлийн гэрээний 7.2-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэж тайлбарласан.

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БГҮ-16/1/133 дугаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 8-9 дүгээр тал/ Уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байна.

Гэвч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээний зүйлээр хангуулах боломжгүй бөгөөд хуульд нийцэхгүй. Тодруулбал, БГҮ-16/1/133 дугаар барьцааны гэрээний 1.1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг барьцааны гэрээг байгуулсан байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэхгүй. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцэхгүй тул маргаж буй ЗГ-17/1/133 дугаар зээлийн гэрээний 7.2 дахь заалт нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Н-с 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... дугаар зээлийн гэрээний 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны үүрэгт 22,820,778 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул үлдэх Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байршилтай 18 м.кв авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,253.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,053.89 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД