Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 3649

 

 

 

 

 

 

 

 

 

     2020        10          21                                      101/ШШ2020/03649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1-р хэсэг, Хангамж гудамж, 194 тоотод оршин суух, Лувсангийн Эын /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Өлгий 30-р гудамж, 395Б тоотод оршин суух, Цэрэндашийн От /РД: 0000/холбогдох

Авто машин, сэлбэг, дугуйг хамт ачуулж авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан 92.000.000 төгрөгийн үлдэгдэл 32.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, хамтын үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Оийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагч Ц.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Учрал,

Гэрч Ч.Дэлгэрсайхан, Г.Энхманлай, Э.Сосорбурам, Г.Сүхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э миний бие 2014 оноос иргэн З.Аюурзанатай хамтран Их засаг их сургуулийн орчим төв зам дагуу ажлын байр түрээслэн Япон улсаас авто машин, авто машины сэлбэг оруулан худалдаалж байгаа ба ажлын байрны маань нэр “Эн Жи Моторс” бөгөөд манай зүүн талд хөрш залгаа Ц.О захиралтай “Хотол Ивээлт” ХХК мөн авто машины сэлбэг худалдаалдаг.

Би 2019 оны 2 сарын 10-ны орчим Япон улсаас 4 ширхэг приус 20 маркийн авто машин худалдан авсан ба тэгэхэд Ц.О би Японоос машин худалдаж авья гээд тэнд амьдардаг н.Амарсайхан гэж залуутай фейсбүүкээр холбогдож 12 ширхэг машин авсан. Тухайн 12 машины нийт төлбөр 2.600.000 иенийг н.Амарсайхан руу өөрөө шилжүүлж машинаа авсан.

Ц.О 12 ширхэг машинаа Япон руу явж авах гэхэд нь би Япон улсад амьдардаг Кh.Boji гэх хүнээс өөрийн болон Ц.Оийн нэр дээр 2 урилга захиж виз гаргуулан 2019 оны 3 сарын 15-ны өдөр бид Япон руу хамт явсан. 

2019 оны 3 сарын 15-ны өдөр Японд амьдардаг н.Амарсайханаас машинаа очиж авсан. Үүнд н.Батсайханы нэрээр захиалсан 4 машин, Ц.Оийн 12 машиныг тус тус авсан.

2019 оны 3 сарын 22-ны өдрийг хүртэл миний 4 ширхэг, Ц.Оийн 8 ширхэг, нийт 12 ширхэг машин задалсан. Ингээд урилга авсан Япон улсад амьдардаг авто машины худалдаа эрхэлдэг Кh.Boji гэдэг хүн дээр очсон.

Ц.Оийн 14 хоногийн визний хугацаа дуусч байсан учир 2019 оны 3 сарын 29-ний өдөр Ц.О Монгол руу ганцаараа буцсан.

Л.Э би Ц.Оийг явснаас хойш 2019 оны 3 сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 11-ний хооронд 10 машин нэмж худалдаж авсан. Кh.Boji 10 машин 62.000.000 төгрөг болсон, урьдчилгаа 30.000.000 төгрөг өгөхгүй бол контейнер явуулахгүй гэсэн.

Ингээд би Монгол руу З.Аюурзана ах руу ярихад тэрээр 29.500.000 төгрөг буюу 1.250.000 иень гэсэн үг бөгөөд уг мөнгийг Цэвээнжав гэж хүний Хаан банк руу шилжүүлсэн ба үүний 11.000.000 төгрөг нь Ц.Оийн захисан аква авто машины төлбөр, З.Аюурзанын захисан авто машины төлбөр 19.500.000 төгрөг юм. Н.Цэвээнжавын дансанд мөнгө орсноор тэрээр Япон руу мөнгө орсон гэж хэлснээр бид авто машинаа авдаг.

Ц.Оийн захисан аква маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан ба би худалдан авсан 10 машиныхаа 4-ыг нь задалсан.

Ц.О явахдаа 1.100.000 иень үлдээсэн ба монгол мөнгөөр 25.000.000 орчим төгрөг. Тэрээр явахаасаа өмнө дугуй авья гээд 10.000.000 төгрөгөөр дугуй авсаныг би өөрийн сэлбэгийн хамт ачуулчихаад 2019 оны 4 сарын 21-ний орчим Монголд ирсэн. 

2019 оны 5 сарын 10-ны өдөр гааль дээр авто машиныхаа татварыг төлөх болоход Ц.О мөнгө байхгүй гэхэд нь би н.Оюунгэрэлээс 20.000.000 төгрөг, н.Отгонбаатараас 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг Ц.Оийн нөхөр Л.Батдэлгэрт шилжүүлсэн.

Гаалийн тооцоо дуусан авто машинуудаа авахад Ц.О надад 3 ширхэг задалсан кузов /сэлбэгээр/, 1 ширхэг приус 30 маркийн авто машин өгсөн.

Миний бие Япон улсаас машин оруулж ирэхэд нийт 92,000,000 төгрөг гаргасан боловч үүнээс 16,000,000 төгрөгийн үнэтэй приус 30 маркийн машин 1 ширхэг, 3 ширхэг кузов сэлбэг приусын задаргаа нийлээд 17,000,000 төгрөг, бэлэн 27.000.000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг Ц.Оээс авсан.

27.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгөөр нь ломбарданд байсан машиныг авсан, Н.Отгонбаатараас авсан 20.000.000 төгрөгийг Ц.О төлсөн.

Би Японд очихдоо 17.500.000 төгрөгөөр 4 авто машин авсан байсан ба энэ мөнгөө Япон явахаасаа өмнө аваад шилжүүлсэн байсан. Явахдаа З.Аюурзанаас 15.000.000 төгрөг, очоод дахиад 19.500.000 төгрөг авсан.

Би Японд 52.000.000 төгрөг өөрөөсөө гаргасан бөгөөд Монголд ирэхэд Ц.О гаалийн зардал байхгүй гэхээр н.Оюунгэрэлээс 20.000.000 төгрөг, н.Отгонбаатараас 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг авч өгсөн юм.

Үлдэгдэл 32,000,000 төгрөгийг Ц.О одоо болтол өгөөгүй ба мөнгөө нэхэхээр би чамаас болж шатсан, энэ мөнгийг чинь өгөхгүй гэж маргаж, намайг зодож цохин орилж хашгирдаг бөгөөд Ц.О шатсан зүйл байхгүй.

Ц.О нь Япон улсаас 14 ширхэг автомашин худалдан авсан нь үнэн бөгөөд бид хоёр Япон улсаас нийт миний авсан машинтай нийлээд 28 ширхэг авто машин, 21,000,000 төгрөгийн сэлбэг, 14,000,000 төгрөгийн дугуй худалдан авсан.

Хариуцагч Ц.О нь авто машин, сэлбэгийн тээврийн хөлс, гаалын татварын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсаны дараагаар миний худалдан авсан 14 ширхэг авто машинаас 4 ширхэг авто машиныг надад өгч, үлдэх 10 ширхэг авто машиныг болон авто машины сэлбэг, дугуйнуудыг зарж, борлуулж мөнгийг нь авсан.

32.000.000 төгрөгт 400 ширхэг дугуйны 10.000.000 төгрөг, сэлбэгийн 21.000.000 төгрөг багтана. Сэлбэгэнд 16.000.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг суудлын авто машины мотор, 5.000.000 төгрөгийн  машины эд ангиуд тухайлбал гар, амартизатор, цап зэрэг. Үлдсэн 1.000.000 төгрөгөөр нь машины гэрэл, дохио зэргийг худалдан авсан ба эдгээрийг 2019 оны 4 сарын 12-ноос 15-ны хооронд худалдан авсан.

Иймд би Ц.Оийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн авто машин, сэлбэг, дугуйгаа авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан мөнгөний үлдэгдэл 32.000.000 төгрөгөө нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул уг 32.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Оээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 2 сарын 13-ны өдөр Хас банкнаас 150.000.000 төгрөг зээлсэн бөгөөд тухайн үед нөхөр н.Батдэлгэр болон түүний найз н.Баярсайхантай хамт Япон улс руу явж машины наймаа хийх шийдвэр гаргасан байсан.

Тэр үед Л.Э приус 20 маркийн авто машин задлаад сэлбэг болгож оруулж ирэн угсраад бүтэн машин болгож зарвал ашигтай гэсэн санал тавихаар нь  явах гэж байсан газраа болиод илүү ашиг олохын тулд Л.Этай хамт явахаар шийдсэн.

Ингээд миний бие хажуу талд худалдаа хийдэг Л.Этай 2019 оны 03 сарын 15-ны өдөр Япон улс руу наймаа хийхээр явсан ба тэр үед банкаар 2 удаагийн гүйлгээгээр 62,400,000 төгрөг буюу 2.600.000 иенийг Япон руу шилжүүлж, өөрөө явахдаа 30,000,000 төгрөгөөр иень солиулж явсан.

Л.Э бид хоёр 2019 оны 3  сарын 15-ны өдөр Нагоя хот руу ниссэн ба 2019 оны 3 сарын 16-ны өдөр н.Амарсайхан бид хоёрыг  тосч авсан.

Биднийг очиход Л.Амарсайхан надад 14 ширхэг машин, Л.Эад 4 ширхэг машин авсан байсан. Бид тэнд тооцоо хийгээд чи надад 400,000 иень буюу 10.000.000 төгрөг өгөх юм байна гэхэд Л.Э хамтаръя, ашиг, алдагдлаа хуваая гэхэд нь би зөвшөөрсөн.

Тэгээд эхний контейнерээ ачуулчихаад, 2 дахийг нь ачуулахад бэлэн болгочихоод Кh.Boji руу явсан.

 Л.Э худалдаж авсан машинаа сэлбэг хэлбэрээр задлаад оруулж ирье, ингэсэн нь ашигтай, 1 машиныг 5,000,000-7,000,000 төгрөгөөр оруулж ирэх боломжтой, 1 машинаас 10,000,000 төгрөгийн ашигтай гэсэн.

Нэхэмжлэгч Л.Э задаргаагаар оруулж ирсэн машинаа бүтнээр нь оруулж ирсэн машинтай адилтгаж нэхэж байна. Авсан машинуудаа задалж хувааж авъя, үлдсэн машинаа бүтэн хэлбэрээр нь оруулж ирье гэсэн бөгөөд Кh.Boji дээр очоод дахин 10 машин авахаар тохироод нийт 28 машин болсон.

Уг 10 авто машин нь 2.503.000 орчим иень буюу 60.000.000 орчим төгрөг болсон. Үүнээс тоёота аква машиныг миний дүү тусдаа мөнгө шилжүүлж авсан ба визний маань хугацаа дуусахад би түүнд 1,100,000 иень үлдээсэн.

Би энэ наймаанд 92.400.000 төгрөг гаргасан. Л.Э өөрийн гэсэн мөнгөгүй, хүн хүнээс мөнгө зээлж явсан байсан бөгөөд миний оруулсан мөнгөнөөс хүмүүсийн өрийг төлж эхэлсэн.

Энэ үед би дургүйцлээ илэрхийлж байгаа юмаа хуваасан бөгөөд би түүнээс авлагатай үлдсэн ба чи надад өртэй гэхэд шүүхээр яваад ав гэсэн. Би Л.Эаас авлагатай атлаа түүнд өглөгтэй мэт нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ наймаанд 92.400.000 төгрөг гаргасан. Л.Э өөрийн гэсэн мөнгөгүй, хүн хүнээс мөнгө зээлсэн байсан бөгөөд миний оруулсан мөнгөнөөс хүмүүсийн өр төлж эхлэхэд би дургүйцэн байгаа юмаа хуваан тэрээр надад авлагатай үлдсэн. Чи надад өртэй гэхэд Л.Э шүүхээр яваад ав гэсэн.

Би түүнээс авлагатай мөртлөө өглөгтэй мэт нэхэмжлэл гаргасан байгааг нь зөвшөөрөхгүй ба Л.Э олон хүний итгэл эвдэж мөнгө авчихаад өгдөггүй, хохироосон хүн, мөн наймаанд дагуулж явсан хүнээ өмнө нь ч алдагдалд оруулж байсан.

Л.Э худалдаж авсан машинаа сэлбэг хэлбэрээр задлаад оруулж ирсэн нь ашигтай, 1 машиныг 5,000,000-7,000,000 төгрөгөөр оруулж ирэх боломжтой, 1 машинаас 10,000,000 төгрөгийн ашигтай гэсэн тул л би түүнтэй хамтарсан.

Би 2019 оны 3 сарын 18-ны өдрөөс 2019 оны 7  сарын 9-ний өдөр хүртэл Л.Эад үйл ажиллагааны зардалд 4.929.000 төгрөг зарцуулсан. Үүнд:

Л.Эын ирэх, очих онгоцны зардалд 2.200.000 төгрөг, дэлгүүрт нь 109.000 төгрөгөөр төмөр тавиур хийлгэсэн, 2 гагнуурчинд ажлын хөлсөнд нийлээд 120.000 төгрөг өгсөн, хойд талын контейнерын түрээсэнд 500.000 төгрөг, Л.Эын хүнд өгсөн приус 20 авто машины моторын 500.000 төгрөг, Л.Эын өмнөөс З.Аюурзана ахад 1.500.000 төгрөг тус тус өгсөн.

Япон явахад би банкаар 2 удаагийн гүйлгээгээр 62,400,000 төгрөг буюу 2.600.000 иенийг Япон руу шилжүүлж, явахдаа 30,000,000 төгрөгөөр иень солиулж явсан бөгөөд энэ бол Японд зарцуулсан мөнгө юм.

Японоос ирээд дараах зардлууд гарсныг би төлсөн.

 -1 дүгээр контейнерт 39.388.000 төгрөгийн зардал гарсан, уг зардалд дараах төлбөрүүд багтаж байгаа. Үүнд: Гаалиас контейнер авах ажлыг хөөцөлдөхөд Л.Э 2.000.000 төгрөг, Ч.Дэлгэрсайхан 3.000.000 төгрөг, Л.Батдэлгэр 1.500.000 төгрөг, н.Лодой 1.500.000 төгрөг авсан.

Л.Э, Ч.Дэлгэрсайхан хоёр бүтэн сар хөөцөлдөөд контейнерээ авч чадаагүй.

Гаалийн бүрдүүлэлт 380.000 төгрөг,  тээвэр зуучийн хүнд 258.000 төгрөг, гаалийн хүнд 700.000 төгрөг, том машинаар бараа ачихад 230.000 төгрөг, ачаа буулгагч нарт 130.000 төгрөг, кузов будахад 300.000 төгрөг, машин янзлуулахад 700.000 төгрөг, 3 машины гаалийн татварт  18.000.000 төгрөг, 6 кузовын гаалийн татварт 1.900.000 төгрөг тус  тус төлсөн.

Гаальд бараагаа буруу мэдүүлсэн гээд 1 дүгээр контейнерт 6.100.000 төгрөгөөр торгуулсан, мөн  3 машин 2.000.000 төгрөгийн алдагдалтай зарсан.   

 Ингээд 1 дүгээр контейнерт дээр дурьдсан нийт 39.388.000 төгрөгийн зардал гарч 16.123.000 төгрөгийн алдагдалтай ажилласан. Алдагдлын талаарх тооцоо надад байхгүй, би үүнтэй холбоотой баримтуудаа авчраагүй.

Эхний контейнерыг гаалиас авахын тулд бусдад нийт 8.000.000 төгрөг өгснөөс 6.500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 1.500.000 төгрөг үлдсэн ба одоог хүртэл авч чадаагүй.

Монголд ирээд гаалиас бараа авахад мөнгө хэрэг болоход Л.Э нь А.Отгонбаатар, А.Оюунгэрэл нараас  тус бүр 20.000.000 төгрөг зээлсэн ба би н.Нармандах гэж хүнээс 25.000.000 төгрөг зээлсэн бөгөөд өөрийнхөө приус 20 машиныг 11.000.000 төгрөгөөр зарсан.

Би орж ирсэн бүтэн машинуудаас зараад 3, 4 дүгээр контейнерын тээвэр зууч, гаалийн татварыг төлсөн. А.Отгонбаатарын 20.000.000 төгрөгийг нь би өгсөн ба нөгөө хүнд нь 2.500.000 төгрөг өгсөн.

-2 дугаар контейнерт 19.945.000 төгрөгийн зардал гарсан ба үүнд: тээвэр зуучид 5.000.000 төгрөг, 4 ширхэг приус 30 машины татварт 4.096.000 төгрөг, 1 ширхэг приус 20 машины татварт 3.447.000 төгрөг, гаалийн ажилтанд 800.000 төгрөг, приус 41 машиныг 57.000 төгрөгөөр янзлуулсан, 120.000 төгрөгөөр дугуй авч тавьсан.

Мөн приус 41 машины мотор 500.000 төгрөгөөр авсан ба ачигч нарт 80.000 төгрөг өгсөн. Том ачааны машинд 230.000 төгрөг, вьетнам засварт приус 41 машины засварт 400.000 төгрөг, саарал өнгийн приус 20 машины засварт 225.000 төгрөг, приус 30 машины засварт тус бүр 305.000 төгрөг, 270.000 төгрөг тус тус төлсөн. н.Занаа ахад сэлбэгийн мөнгө гэж 214.000 төгрөг өгсөн.

Ингээд 2 дугаар контейнерт нийт 19.945.000 төгрөгийн зардал гарсан ба 9.267.000 төгрөгийн алдагдал гарсан. Энэ алдагдлын тооцоог би одоо задалж хэлэх боломжгүй.

-3 дугаар контейнерт 22.642.000 төгрөг зарцуулсан ба үүнд: майти машин 120.000 төгрөгөөр хөлсөлсөн, гаальд 500.000 төгрөг төлсөн ба вьетнам засварын газарт 550.000 төгрөгөөр машин янзлуулсан.

Ачаа буулгагч нарт 60.000 төгрөг, н.Занаа ахад 500.000 төгрөг, н.Жагаа ахад 400.000 төгрөг өгсөн. Приус 20 маркийн авто машин 150.000 төгрөгөөр, саарал болон бор өнгийн приус 20 маркийн 2 ширхэг машиныг 550.000 төгрөгөөр тус тус янзлуулсан.

350.000 төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн ба 2009 оны приус 20 машины татварт 6.824.000 төгрөг, сувдан цагаан өнгийн приус 20 машины татварт 6.278.000 төгрөг, цэнхэр өнгийн приус 20 машины татварт 6.300.000 төгрөг тус тус төлсөн.

3 дугаар контейнерт нийт 22.642.000 төгрөгийн зардал гарсан ба 2.476.000 төгрөгийн алдагдалтай ажилласан.

-4 дүгээр контейнерт 35.347.000 төгрөгийн зардал гарсан. Үүнд: мөнгөлөг саарал өнгийн приус 20 машины татварт 6.200.00 төгрөг, приус 20 маркийн машины татварт 6.200.000 төгрөг, улаан өнгийн приус 20 машины татварт 4.147.000 төгрөг тус тус төлсөн.

3 ширхэг кузовын татварт 660.000 төгрөг, гаалийн бүрдүүлэлтэд 350.000 төгрөг төлсөн. Дугуйнд 275.000 төгрөг, машинаар ачаа ачуулахад 250.000 төгрөг, хугацаа хэтэрсэн төлбөрт 320.000 төгрөг, Ланд бридж ХХК-д 150.000 төгрөг, ачигчид 60.000 төгрөг, н.Манлайд 50.000 төгрөг тус тус төлсөн.

Тос масло 160.000 төгрөгөөр авсан ба тээвэр зуучийн компанид 15.930.000 төгрөг төлсөн. 40.000 төгрөгөөр машины түлхүүр авсан ба оношлогоонд 195.000 төгрөг өгсөн. Тоормозны шингэн 20.000 төгрөгөөр авч улаан өнгийн приус 30 машиныг вьетнам засварт 400.000 төгрөгөөр янзуулсан.

 4 дүгээр контейнерт 35.347.000 төгрөг зарцуулсан ба 2.496.300 төгрөгийн алдагдал гарсан.

-5 дугаар контейнерт 47.091.000 төгрөгийн зардал гарсан гэж би өмнө нь тооцож байсан. Буруу бичсэн байна лээ. 46.360.000 төгрөгийг зарцуулсан. Үүнд: Кh.Boji-д 24.100.000 төгрөг, 2 ширхэг приус 30 машины гаалийн татварт 4.100.000 төгрөг, 4.200.000 төгрөг, 4 ширхэг кузовны гаалийн татварт 800.000 төгрөг, гаалийн бүрдүүлэлтэд 350.000 төгрөг тус тус төлсөн.

Гаалийн мэдүүлэг буруу бөглөсөн гээд 200.000 төгрөгөөр торгуулсан. Том машинд 250.000 төгрөг төлж бараагаа ачуулсан. Гаалийн хашаанд 3 хоног хугацаа хэтэрсэн гээд 365.000 төгрөг, тээвэр зуучийн компанид 12.000.000 төгрөг төлсөн.

5 дугаар контейнерээс алдагдал гараагүй ба 664.000 төгрөгийн ашигтай ажилласан. 

  Нийт алдагдал 29.698.300 төгрөг болж байгаа ба үүнийгээ тэгшитгээд 2 хуваахаар 15.000.000 төгрөг болно.

            Японд байхдаа миний үлдээсэн 1.100.000 иень буюу 26.400.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн дугуй, 10.000.000 төгрөгийн сэлбэг өгсөн. Үлдэгдэл 6.400.000 төгрөг дутуу байгаа.

            н.Амарсайхантай тооцоо хийхэд Л.Э нь надад 400.000 иень буюу 9.600.000 төгрөг өгөх тооцоо гарсан ба 9.600.000 төгрөг, 6.400.000 төгрөг, мөн Л.Эад зарцуулсан 4.929.000 төгрөг орж байгаа.

            Гэхдээ зардал 15.000.000 төгрөгөөс хэтэрч байгаа тул уг 15.000.000 төгрөгөө л авья.

Иймд нэхэмжлэгч Л.Эаас хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О нь Япон улсаас 14 ширхэг авто машин худалдан авсан нь үнэн бөгөөд бид хоёр миний худалдан авсан авто машинтай нийлээд Япон улсаас нийт 28 ширхэг авто машин, 21.000.000 төгрөгийн сэлбэг, 14.000.000 төгрөгийн дугуй худалдан авсан.

Бид нийт 28 ширхэг авто машин хамтран оруулж ирснээс надад 4 авто машин өгсөн ба үлдсэн 10 ширхэг авто машин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Мөн тэрээр 35.000.000 төгрөгийн сэлбэг, дугуйг зарж мөнгийг нь авсан.

 Би Японд очоод Ц.Оийн мөнгөнд гар хүрээгүй. Намайг бусдыг залилдаг олон хүнийг хохироосон гэж худал гүтгэж байгаа бөгөөд би олон удаа Япон улс руу явж машин оруулж ирэхдээ бусдыг хохироож байсан удаагүй. Бусдыг хохироосон, өр төлбөртэй бол би Япон улс руу гарч болдоггүй.

Энэ удаад Ц.О хамтран ажиллана гэж миний оруулж ирсэн машинуудыг хувьдаа авч зараад захиалга өгсөн хүмүүсийн машиныг өгөөгүйгээс би өрөнд ороод байна.

1 болон 2 дугаар контейнерыг Ц.О дангаараа ачуулсан. 3 болон 4 дүгээр контейнерыг хамт ачуулсан. 5 дугаар контейнерт миний бараа байсан.

Эхний контейнер 2019 оны 5 сарын 10-ны орчим, 2 дахь нь 2019 оны 6 сарын 10-ны орчим, 3 дахь нь 2019 оны 6 сарын 15-ны орчим, 4 дэхь нь 2019 оны 6 сарын 24-ний хавьцаа, сүүлийн 5 дахь нь 2019 оны 7 сарын 8-ны өдөр орж ирсэн.

Эхний контейнерт гаалийн мэдүүлэг худлаа мэдүүлсэн гээд 1.800.000 төгрөгөөр торгуулсан ба өөрийнх нь бараа байсан учраас өөрөө хариуцах ёстой.

2, 3, 4 дүгээр контейнерүүд алдагдалгүй байсан. н.Амарсайханаас авсан машины тооцоо 1-3 дугаар контейнерыг татсан, ачаа зөөсөнтэй холбоотой зардалд орох учир 6.400.000 төгрөгийг би хариуцахгүй.

Надад зарцуулсан гэх 4.929.000 төгрөгийн тухайд өөрөө л миний зардлыг даая гэсэн. З.Аюурзана ахад асуудал гараад түүн рүү 1.500.000 төгрөг шилжүүлүүлсэн. Энийг төлж болно. Контейнерт түрээс 500.000 төгрөг төлсөн гэж байна. Өөрөө сэлбэгээ хийгээд цоожлоод түлхүүрээ авсан.

Машины мотор 500.000 төгрөгөөр авсан гэж байна. Япон улсаас хямд мотор авсан бөгөөд уг мөнгийг би төлөх ёсгүй. Гагнуурчинд мөнгө өгсөн, дэлгүүрт тавиур хийлгэсэн гэж байх ба баримттай бол өгч болно.

Гааль дээр сэлбэг, дугуйнд татвар төлөөгүй, гарсан зардал байхгүй. 500.000 төгрөгөөр зохицуулаад явсан. Худлаа мэдүүлэн торгуульд орсон нь энд хамаагүй, би 4 ширхэг л машин авсан. Манай найзынх руу 3 машины задалсан сэлбэг аваачсан. 

 Намайг гүтгэн үндэслэлгүй 30,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Л.Э нь нийт 92.000.000 төгрөг гаргаснаас 16.000.000 төгрөгийн приус 30 маркийн авто машин 1, 3 ширхэг нийт 17.000.000 төгрөгийн үнэтэй приусын задаргаа, 27.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 60.000.000 төгрөгийг Ц.Оээс авсан тул үлдэгдэл 32.000.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Ц.О нь хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, хамтын үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ц.Оийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн авто машин, сэлбэг, дугуйг хамт ачуулан авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан 92.000.000 төгрөгийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг  гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

            Нэхэмжлэгч Л.Э “Япон улсаас авто машин оруулж ирэхэд  би өөрөөсөө 92.000.000 төгрөг гаргасан ба 4 авто машин, 27.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг Ц.Оээс авсан. Авто машин, сэлбэг, дугуйг хамт ачуулан авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан 92.000.000 төгрөгийн үлдэх 32.000.000 төгрөгөө гаргуулна”,

Хариуцагч Ц.О “Би энэ наймаанд 92.400.000 төгрөг гаргасан. Хамтран ажиллаж ашиг, алдагдлаа хуваана гэсэн атлаа зардлыг би гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Л.Эаас хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулна” гэж тус тус маргаж байна.

 

Талуудын тайлбараас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Ц.О нар нь 2019 оны 03 сарын 15-ны өдөр Япон улс руу автомашин, авто машины сэлбэгийн худалдаа хийхээр явсан ба тухайн улсад очин автомашин, автомашины сэлбэг, дугуй худалдан авахдаа хамтарч мөнгө гаргаснаас гадна худалдан авсан зүйлээ Монгол улс руу ачуулан, гаалийн татвар болон холбогдох бусад зардлыг хамтран гаргасан болох нь тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”,

476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус заасан бөгөөд зохигчдын тайлбараас дүгнэж үзэхэд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Л.Э нь Япон улсаас 2019 оны 2 сарын 10-ны орчим 17.500.000 төгрөгөөр 4 ширхэг приус 20  маркийн авто машин худалдан авсан байсан гэх ба тэрээр Япон явахдаа иргэн З.Аюурзанаас 15.000.000 төгрөг зээлэн авч явсан. Очоод мөн түүнээс дахин 19.500.000 төгрөг зээлэн, авто машин, сэлбэг, дугуй худалдан авахад Япон улсад байхдаа өөрөөсөө 52.000.000 төгрөг зарцуулсан,

Монголд ирсний дараа 2019 оны 5 сарын 10-ны үед гаальд авто машинуудын татвар төлөхөөр А.Оюунгэрэлээс 20.000.000 төгрөг, А.Отгонбаатараас 20.000.000 төгрөг зээлэн Ц.Оийн нөхөр н.Батдэлгэрт шилжүүлэн, нийт 92.000.000 төгрөгийг уг ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч Ц.О нь 2019 оны 2 сарын 10-ны орчим Япон улсаас автомашин худалдан авахаар 2 удаагийн гүйлгээгээр 2.600.000 иень буюу 62.400.000 төгрөгийг Япон улсад амьдардаг н.Амарсайхан руу шилжүүлсэн, Япон явахдаа 30,000,000 төгрөгийг иень болгон солиулж авч явсан, нийт 92.400.000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан талаараа мөн тайлбарлаж байна.

 

Тэднийг 2019 оны 3 сарын 15-ны өдөр Япон улсад очиход н.Амарсайхан нь Л.Эад С.Батсайханы нэрээр 4 ширхэг авто машиныг, Ц.От 12 ширхэг авто машиныг худалдан авсан байсан талаар хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд энэ талаар тэд маргаагүй.

 

Хариуцагч Ц.О нь н.Амарсайхан түүнд 14 ширхэг авто машин худалдан авсан байсан гэж тайлбарласан боловч асуулт тавих үед үүнийгээ 14 ширхэг бус 12 ширхэг авто машин хэмээсэн болно.

 

Зохигчид 2019 оны 3 сарын 22-28-ны өдрүүдэд Кh.Boji-оос 10  авто машин худалдан авахаар сонгон тэмдэглүүлэн хариуцагч Ц.Оийг Монгол руу буцсаны дараагаар 2019 оны 3 сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 11-ний хооронд 10 машиныг худалдан авсан талаар нэхэмжлэгч Л.Э тайлбарласныг хариуцагч Ц.О мөн маргаагүй.

/ХХ-ийн 142-143 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Л.Э нь С.Батсайханы нэрээр 4 ширхэг авто машиныг захиалан үнэ 17.500.000 төгрөгийг төлсөн гэх ба С.Батсайхан нь 2019 оны 1 сарын 25-ны өдөр машины үнэ гэсэн гүйлгээний утгатай 17.500.000 төгрөгийг н.Амарсайханд шилжүүлсэн нь түүний 5099936888 тоот дансны хуулга болон түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба уг мөнгөөр авто машин худалдан авсан талаар зохигчид маргаагүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 22, 119-120, 123-124 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Л.Э нь 2019 оны 3 сарын 15-ны өдөр Япон улсад зорчихдоо З.Аюурзанаас 15.000.000 төгрөг зээлэн авч явсан гэсэн бөгөөд энэ нь З.Аюурзанын гэрчийн мэдүүлэг, мөн түүний Голомт банк дахь 1210000146 тоот дансны  хуулгаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19, 2 дугаар хавтасны 87, 91-95 дугаар тал/

 

Хариуцагч Ц.О нь автомашин, сэлбэг, дугуй худалдан авахаар 2019 оны 2 сарын 25-ны өдөр 1,000,000 иен, 2019 оны 3 сарын 4-ний өдөр 1,600,000 иень, нийт 2.600.000 иенийг Л.Амарсайханы данс руу гадаад төлбөрийн даалгавраар шилжүүлсэн нь талуудын тайлбар, Л.Батдэлгэрийн Хаан банк дахь 5069054610 тоот дансны хуулга, Ч.Дэлгэрсайханы мөн банк дахь 5143042667 тоот дансны хуулгаар тус тус нотлогдож байх ба талууд энэ талаар мөн маргаагүй.

 /ХХ-ийн  1 дүгээр хавтасны 144-162 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Л.Э нь 2019 оны 4 сарын 10-ны өдөр хариуцагч Ц.О рүү ярьж уг 10 ширхэг авто машины нийт үнэ 60.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг худалдагч Кh.Boji шаардсаныг хэлсэн талаар хэн аль нь  тайлбарлаж байх ба Ц.Оийн нөхөр Л.Батдэлгэр З.Аюурзанын Хаан банк дахь 5023403112 тоот данс руу 11.000.000 төгрөг шилжүүлэн, З.Аюурзана уг мөнгөн дээр нэмж 29.702.500 төгрөгийг Б.Цэвээнжав гэх хүний мөн банк дахь данс руу шилжүүлснээр авто машинуудыг Монгол улс руу ачуулжээ.

Энэ нь талуудын тайлбар, З.Аюурзанын гэрчийн мэдүүлэг болон мөн түүний Хаан банк дахь 5023403112 тоот дансны хуулга, Л.Батдэлгэрийн Хаан банк дахь 5069054610  тоот дансны хуулга, Б.Цэвээнжавын Хаан банк дахь 5007651585 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18, 24, 45 дугаар хуудасны ар тал, 2 дугаар хавтасны 87, 91-95 дугаар тал/

 

Хариуцагч Ц.О 2019 оны 3 сарын 29-ний өдөр Монгол улс руу буцсан ба тэрээр Л.Эад 1.100.000 иень үлдээсэн талаар талууд  маргаагүй ба тэрээр уг мөнгөөр Л.Эаар дугуй  болон сэлбэг авахуулахаар үлдээсэн талаараа тайлбарлаж байна.

Уг 1.100.000 иень 26.400.000 төгрөг болох бөгөөд үүнээс Л.Э 10.000.000 төгрөгийн дугуй, 10.000.000 төгрөгийн сэлбэгийг өгсөн гэж хариуцагч Ц.О тайлбарласан ба нэхэмжлэгч Л.Э түүнийг  10.000.000 төгрөгийн дугуй, 21.000.000 төгрөгийн сэлбэг, 1.000.000 төгрөгийн гэрэл дохиог зарсан атлаа мөнгийг нь өгөөгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Ц.О нар Япон улсаас худалдан авсан автомашин, сэлбэг, дугуйг дор дурдсан иргэдийн нэр дээр гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийн Монгол Улс руу ачуулсан нь Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 сарын 6-ны өдрийн 01-1/4569 тоот лавлагаагаар нотлогдлоо.

 Үүнд:

-2019 оны 5 сарын 14-ний өдөр Л.Батдэлгэрийн нэр дээр 2006 оны 7 сар, 2008 оны 7 сар, 2009 оны 3 сар, 2010 оны 2 сард тус тус үйлдвэрлэгдсэн тоёота приус суудлын автомашин 4 ширхэг,

 

-2019 оны  5 сарын 15-ны өдөр Ц.Оийн нэр дээр 2009 оны 9 сар, 2010 оны 5 сар, 2012 оны 10 сард тус тус үйлдвэрлэгдсэн тоёота приус суудлын автомашин 3 ширхэг,

 

-2019 оны 5 сарын 17-ны өдөр Ч.Дэлгэрсайханы нэр дээр 2004 оны 5 сар, 2003 оны 11 сар, 2006 оны 10 сард тус тус үйлдвэрлэгдсэн тоёота приус суудлын автомашин 3 ширхэг, автомашины дугуй /хуучин, обудгүй, олгой хаймаргүй суудлын авто машины/ 85 ширхэг,

 

-2019 оны 6 сарын 14-ний өдөр Н.Батнасангийн нэр дээр 2004 оны 4, 10 сард үйлдвэрлэгдсэн тоёота приус суудлын автомашин 2 ширхэг, 

-2003 оны 12 сар, 2004 оны 2 болон 7 сар, 2005 оны 6 сард үйлдвэрлэсэн тоёотө приус суудлын автомашины хоосон кузов 4 ширхэг,

-автомашины дугуй /хуучин, обудгүй, олгой хаймаргүй, R-14, R-15 суудлын авто машины сэлбэг/ 60 ширхэг,

 

-2019 оны 7 сарын 9-ний өдөр Ц.Оийн нэр дээр 2009 оны 8 болон 10 сард үйлдвэрлэсэн тоёота приус суудлын автомашин 2 ширхэг,

-2004 оны 6 сар, 2003 оны 12 сар, 2006 оны 5 сар болон 3 сард тус тус үйлдвэрлэсэн тоёота приус суудлын автомашины хоосон кузов 4 ширхэг,

 

-2019 оны 8 сарын 14-ний өдөр Ч.Дэлгэрсайханы нэр дээр 2004 оны 2 болон 4 сар, 2007 оны 10 сард тус тус үйлдвэрлэсэн тоёота приус суудлын автомашины кузов /цахилгааны утасгүй, шилгүй, хоосон, тоноглолгүй сэлбэг/ 3 ширхэг.

Бүтэн болон задаргаагаар 25 ширхэг авто машин, дугуй 145 /85+60/ ширхэг.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 90-94 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Л.Э нь дээрхи автомашин, сэлбэг, дугуйны гаалийн татвар төлөхөөр А.Оюунгэрэлээс 20.000.000 төгрөг,А.Отгонбаатараас  20.000.000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг тэднээс зээлж холбогдох татварыг төлөн, 20,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэх тайлбар гаргасныг хариуцагч Ц.О маргаагүй бөгөөд энэ нь А.Оюунгэрэлийн Хаан банк дахь 5099555576 тоот, А.Отгонбаатарын мөн банк дахь 5077316395 тоот, Л.Батдэлгэрийн 5069054610 тоот данснуудын хуулга, А.Оюунгэрэлийн гэрчийн мэдүүлэг, Ч.Дэлгэрсайханы мөн банк дахь 5143042667 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

 

Хариуцагч Ц.О нь А.Оюунгэрэлийн 2019 оны 5 сарын 13-ны өдөр шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг Л.Батдэлгэрийн Хаан банк дахь 5069054610 тоот дансаар, А.Отгонбаатарын 2019 оны 5 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Ч.Дэлгэрсайханы 5143042667 тоот дансаар тус  тус хүлээн авч 2019 оны 5 сарын 27-ны өдөр уг дансаараа А.Отгонбаатарт 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 20, 21, 23, 50-62,  119-122, 152 дугаар тал/

 

Хариуцагч Ц.О нь автомашин, сэлбэг, дугуйны гаалийн татвар төлөхөөр н.Нармандах гэх хүнээс 25.000.000 төгрөг зээлсэн, мөн өөрсдийн Япон улсаас худалдан авсан бүтэн авто машинуудыг бусдад худалдан гаалийн татварт хэрэглэсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч Л.Э эсэргүүцээгүй болно.

 

2019 оны 5 сарын 20-ны өдөр Ч.Дэлгэрсайханы нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн CBHU944459-0 дугаартай чингэлэгт ирсэн ачааны төлбөр 9.398.400 төгрөгийг мөн өдөр нь Ч.Дэлгэрсайханы 5143042667 тоот данснаас “Ланд бридж” ХХК-ийн Хаан банк дах 5115001215 тоот дансанд төлсөн нь,

2019 оны 5 сарын 14-ний өдөр Л.Батдэлгэрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн DFSU687273-0 дугаартай чингэлэгт ирсэн ачаа,

2019 оны 6 сарын 13-ны өдөр Н.Батнасангийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн TLLU448288-5 дугаартай чингэлэгт ирсэн ачааны төлбөрийг нийлүүлэн Ч.Дэлгэрсайханы мөн дээрх данснаас 2019 оны 6 сарын 13-ны өдөр 14.000.000 төгрөг, 14-ний өдөр 1.930.000 төгрөг, 320,000 төгрөгийг тус тус “Ланд бридж” ХХК-д төлсөн нь “Ланд бридж” ХХК-ийн 2020 оны 1 сарын 20-ны 45120 тоот лавлагаа болон мөн компанийн Хаан банк дахь дансны хуулгаар нотлогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 127-131 дүгээр тал/

 

2019 оны 5 сарын 15, 2019 оны 7 сарын 9-ний өдрүүдэд Ц.Оийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн чингэлэгийн ачааны төлбөрт Ч.Дэлгэрсайханы 5143042667 тоот данснаас 2019 оны 7 сарын 5-ны өдөр 9,700,000 төгрөг, 2019 оны 5 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн Ц.О нэрээр 2019 оны 7 сарын 9-ний өдөр 1,744,900 төгрөгийг тус тус төлсөн нь “Пролог солюшн” ХХК-ийн 2020 оны 2 сарын 18-ны 01/12 тоот лавлагаа болон мөн компанийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдлоо.

Ч.Дэлгэрсайхан банк дах дансаар холбогдох гүйлгээг хийж байсан талаар тэрээр 2020 оны 10 сарын 21-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 136-139 дүгээр тал/

 

Талууд анх Япон улсаас нийт 28 ширхэг автомашин худалдан авсан гэсэн хэдий боловч шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нийт 26 авто машин худалдан авсан талаараа хэн аль нь тайлбарласан ба нэхэмжлэгч Л.Э бид 21,000,000 төгрөгийн сэлбэг, 14,000,000 төгрөгийн дугуй худалдан авсан. Үүнээс 4 автомашин авсан. Түүнд ногдох 10 автомашин, 21,000,000 төгрөгийн сэлбэг, 10,000,000 төгрөгний дугуй, 1.000.000 төгрөгийн машины гэрэл, дохио зэргийг хариуцагч Ц.О бусдад худалдан мөнгийг нь авсан гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Л.Эын дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдсонгүй.

 

Иймд хариуцагч Ц.Оийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүйгээс гадна мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар  болон 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг болон алдагдлыг харилцан хамтран хариуцдаг.

 

Хариуцагч Ц.О нь хамтын үйл ажиллагаанд оруулсан зардалд 1.100.000 иенийн үлдэгдэл 6.400.000 төгрөг, Л.Амарсайхантай тооцоо нийлэхэд Л.Э түүнд 9.600.000 төгрөг өгөхөөр тооцоо гарсан, Л.Эад зарцуулсан 4.929.000 төгрөг, нийт  20.929.000 төгрөгийн зардал гарсан, гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа зардалд 15.000.000 төгрөг,

-1 дүгээр контейнерт 39.388.000 төгрөг зарцуулсан, 16.123.000 төгрөгийн алдагдалтай,

-2 дугаар контейнерт 19.945.000 төгрөг зарцуулсан, 9.267.000 төгрөгийн алдагдалтай,

-3 дугаар контейнерт 22.642.000 төгрөг зарцуулсан, 2.476.000 төгрөгийн алдагдалтай,

-4 дүгээр контейнерт 35.347.000 төгрөг зарцуулсан, 2.496.300 төгрөгийн алдаглалтай,

 нийт 30.362.300 төгрөгийн алдагдал гарсны 15.000.000 төгрөгийг, бүгд 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Эаас гаргуулна гэжээ.

 

Харин 5 дугаар контейнерт 46.360.000 төгрөг зарцуулсан, алдагдалгүй хэмээн тайлбарласан бөгөөд дээр дурдсан 5 чингэлэг ачаа барааг авахад уг хэмжээний мөнгүүдийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Ц.О эхний чингэлэг ачааг гаалиас авах ажлыг хөөцөлдүүлэхээр Л.Э 2.000.000 төгрөг, Ч.Дэлгэрсайхан 3.000.000 төгрөг, Л.Батдэлгэр 1.500.000 төгрөг, н.Лодой 1.500.000 төгрөг авсан ба үүнээс 6.500.000 төгрөгийг буцаан авсан, 1.500.000 төгрөгийг нь аваагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч Л.Э эсэргүүцээгүй.

 

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Л.Этай хамтран худалдаа эрхлэх явц дахь алдагдал 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэрээр уг шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Нэхэмжлэгч Л.Э нь түүний хүсэлтээр З.Аюурзанад 1.500.000 төгрөгийг Ц.О шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ нь хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон зардал биш тул уг мөнгийг нэхэмжлэгч Л.Эаас гаргуулах боломжгүй.

 

Мөн тэрээр нэхэмжлэгч Л.Эын онгоцны зардлыг төлсөн тул тийзний үнэ 2.200.000 төгрөгийг түүнээс гаргуулна хэмээн “Айр маркет” ХХК-ийн тийзний үнэ төлсөн баримт ирүүлсэнээс гадна дараах шийтгэлийн хуудсыг ирүүлсэн байна.

 Үүнд:  Ч.Дэлгэрсайханыг барааны нэр төрөл, ангилал, тоо хэмжээг гаальд худал мэдүүлсэн, татвараас зайлсхийсэн гэж үзэн  Гаалийн улсын байцаагч 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 0243149, 0243148, 0243150 тоот шийтгэлийн хуудсуудыг ирүүлсэн ба 0243149, 0243149 тоот шийтгэлийн хуудсуудаар тус бүр /1.827.055,92 төгрөгөөр торгон, нөхөн төлбөрийн 5.784.435 төгрөг/ 6.090.186,39 төгрөгийг төлөхийг,

-0243150 тоот шийтгэлийн хуудсаар /113.658,67 төгрөгөөр торгон, нөхөн төлбөрт 378.862,23 төгрөгийг төлөхийг даалгажээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 40, 41, 163-173 дугаар тал/

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэн нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Ц.О  нар нь хамтран ажилласан бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар  болон 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг болон алдагдлыг харилцан хамтран хариуцах учиртай.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.От холбогдох авто машин, сэлбэг, дугуйг хамт ачуулж авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан 92.000.000 төгрөгийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Эын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Ц.Оийн хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, холбогдон гарсан зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 31-38 дугаар тал дахь баримтууд зохигчдыг хамтран ажиллахаас өмнөх үеийн буюу 2014 оны 11 сар, 2015 оны 7 сарын үеийн сэлбэгийн үнэ, төлбөр төлсөн баримтууд байх тул мөн Б.Гомбосүрэн, Г.Энхманлай, Э.Сосорбурам, Г.Сүхбаатар нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул баримтуудыг болон мэдүүлгүүдийг тус тус нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

 

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Л.Этай хамт ажиллах байх үеийн тооцоо хэмээн “Амжилтын хөтөч 2018” гэсэн гарчиг бүхий дэвтэр нотлох баримтаар ирүүлсэн боловч уг дэвтэрт бичигдсэн тоо, тооцоолол нь хэдий хугацааных болох, хэнтэй хамт ажиллаж байх үеийн тооцоо болох нь тодорхой бус тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

2019 оны 7 сарын 16-ны өдөр Ц.О дэлгүүрээс сэлбэг болон дугуйг зөөсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч Л.Э өөрийн 91991300 дугаарын утсанд бичсэн гэх бичлэгт үзлэг хийн флаш дискэнд буулган авсан бөгөөд уг бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн нь тодорхойгүй тул мөн нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 96-101 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.От холбогдох авто машин, сэлбэг, дугуйг хамт ачуулж авч чадаагүйгээс эд зүйл худалдан авсан 92.000.000 төгрөгийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Эын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Ц.Оийн хамтын үйл ажиллагааны алдагдал 15.000.000 төгрөг, хамтын үйл ажиллагааны улмаас холбогдон гарсан зардал 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317.950 төгрөгийг болон хариуцагч Ц.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН