Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 3778

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Х.Аын /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух, Э.Од /РД: 0000/ холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 311,476,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Аын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Өөжинмед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг,              

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Х.А нь “Өөжинмед” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд ажиллаж байсан иргэн Э.Од 2015 оны 9 сараас эхлэн хувийн журмаар мөнгө зээлдүүлж эхэлсэн.

Х.А нь тухайн мөнгийг Э.Отэй зээлийн гэрээ бичгээр байгуулалгүй, гуйлтаар нь  харилцан итгэлцлэлийн үндсэн дээр өгч байсан.

2015 оны 9 сарын 29-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 сар хүртэл нийт 379.387.900 төгрөг зээлдүүлснээс өнөөдрийн байдлаар 67.911.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 311.476.900 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Э.Од зээлсэн мөнгөө буцаан төлөх шаардлагыг удаа дараа тавихад хамтран ажиллаж байсан учраас ногдол ашигт суутган авна гэсэн.

Түүнийг Х.Аын итгэлийг эвдэж, залилан мэхлэх замаар мөнгө зээлж байсныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 2276 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна, тухайн маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

-Э.Огийн Голомт банк дахь 2205104178 тоот данс руу нь түүний гуйлтаар Х.А 152.600.000 төгрөг шилжүүлсэн. Үүнд:

2015 оны 11 сарын 4-ний өдөр 14.250.000 төгрөг,

2015 оны 12 сарын 4-ний өдөр 10.000.000 төгрөг,

2016 оны 2 сарын 19-ний өдөр 6.500.000 төгрөг,

2016 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг,

2016 оны 4 сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөг,

2016 оны 5 сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөг,

2016 оны 9 сарын 1-ний өдөр 16.250.000 төгрөг,

2016 оны 10 сарын 6-ны өдөр 10.400.000 төгрөг,

2016 оны 12 сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөг,

2017 оны 1 сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг,

2017 оны 2 сарын 18-ны өдөр 16.200.000 төгрөг,

2017 оны 6 сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг,

2017 оны 6 сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 152.600.000 төгрөгийг түүний хүссэнээр дансанд нь шилжүүлэн өгсөн.

-Мөн түүний өмнөөс бусдад 33.800.000  төгрөгийг шилжүүлсэн. Үүнд:

2015 оны 9 сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг,

2016 оны 6 сарын 24-ний өдөр 6.364.600 төгрөг,

2016 оны 10 сарын 5-ны өдөр 6.000.000 төгрөг,

2017 оны 4 сарын 1-ний өдөр 15.000.000 төгрөг,

2017 оны 6 сарын 21-ний өдөр 4.723.400 төгрөг, нийт 33.888.000 төгрөг шилжүүлсэн.

-Э.Огийн хүссэнээр өмнөөс банк болон өөр бусад байгууллагад 192.899.900 төгрөг төлсөн. Үүнд:

2016 оны 5 сарын 24-ний өдөр 77.901.900 төгрөг,

2016 оны 5 сарын 24-ний өдөр 78.300.000 төгрөг,

2016 оны 8 сарын 3-ны өдөр 20.650.000 төгрөг,

2016 оны 12 сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөг,

2016 оны 12 сарын 5-ны өдөр 3.048.000 төгрөг,

2017 оны 5 сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг.

Э.О нь 2016 оны 8 сарын 3-ны өдөр өөрийнхөө данснаас Х.Аын данс руу 20.650 ам доллар буюу 67.911.000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд хариуцагч Э.Огээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэх 311.476.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

           Нэхэмжлэгч Х.Аын Э.О надад холбогдуулан 2015 оны 9 сараас хувийн журмаар 2017 оны 8 сарыг хүртэл нийт 379.387.900 төгрөгийг зээлүүлсэн, 67.911.000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 311.476.900 төгрөгийг төлөөгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зориуд зайлсхийж байгаа, бид хамт ажиллаж байсан учраас зээлийн гэрээг түүний гуйлтаар бичгээр байгуулаагүй гэдэг тус шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч Х.А нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг зээлдэгч гэх Э.О надад шилжүүлэх, би шилжүүлэн авсан эд хөрөнгийг нь тохирсон хугацаанд буцааж өгөх үүрэг хүлээсэн байхаар тодорхойлжээ.

            Миний бие амьдрал ахуйдаа, ажил албандаа болон бусад зүйлд зориулан иргэн Х.Ааас ямар нэгэн мөнгө, төгрөг зээлэх ямар ч шаардлага байхгүй. Хэрэв энэ их мөнгийг иргэнийхээ журмаар иргэн Х.Ааас би зээлэх тохиолдолд тэрхүү зээлийг нь би яаж, хэрхэн, ямар орлогоос, хэзээ буцааж төлөх тухай тохиролцоогоо бид хоорондоо заавал хийсэн байх учиртай тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа хэзээ ч үүсч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлаж байна.

          Учир нь Х.А нь 311.476.900 төгрөгөө Э.О завшсан, залилсан, Э.Од зээлсэн гэж янз бүрээр тайлбарлаж ирлээ.

           Иргэн Х.А нь анх 2015 оны 9 сард надад мөнгө зээлж эхэлсэн гэх цаг хугацаанд нэхэмжлэгч Х.А нь “Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, харин би “Өөжинмед” ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан.

Х.А нь татвараас зайлсхийж, эмнэлгээр үйлчлүүлэгч нарын өдөр бүр тушаадаг, өндөр дүнтэй мөнгийг өөрийн хувийн дансаараа авч, улмаар хувийн данснаасаа ажилчдын цалин хөлсийг, түүнчлэн “Өөжинмед” ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан надад болон 75 хувийн хувьцааг эзэмшигч өөрийн нөхөр Х.Бадар-Ууганд энэ сард төгрөгийн ашигтай ажилласан гэдэг санхүүгийн бодит тайлангаа цахим хаягаараа илгээж байсан.

            Х.А нь 2015 оны 9 сараас 2017 оны 7 сарыг хүртэл 2 жилийн хугацаанд надад мөнгө огт зээлээгүй, харин сар бүр тогтмол эмнэлгийн нийт орлогоосоо тухайн сарын ашиг, цалин хөлс гэдэг гүйлгээний утгатай мөнгийг шилжүүлдэг байсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд Э.О миний нэхэмжлэлтэй “Өөжинмед” ХХК болон Х.Бадар-Ууганд холбогдох 2017 оны 9 сарын 14-ний өдрийн хувьцаа бэлэглэх болон мөн өдрийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчингүй болгуулах иргэний хэргийг хянан хэлэлцэхэд нотлогдон тогтоосон.

            Нэхэмжлэгч Х.А нь “Өөжинмед” эмнэлгийн ашиг, цалинг 2015 онд эмнэлэг нээгдсэн цагаас эхлэн тайлагнаж сар бүр Х.Бадар-Ууган бид хоёрт илгээн 25:75 гэсэн хувиар хувиарлаж компанид тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж байсан атлаа тэдгээр мөнгийг зээлсэн, завшсан, залилсан гэж байгаа нь худлаа юм.

            Х.А нь сар бүр миний данс руу /урьд авсан зээлийг төлөөгүй байхад/ дахин дахин 2015 оноос 2017 оны хооронд бүтэн 2 жилийн хугацаанд нийт 379.387.900 төгрөгийг хэзээ буцааж авах нь тодорхойгүй хугацаагаар надад зээлсэн гэж шүүхэд зээлийн гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй гэдэг нь эрүүгийн болон иргэний архиваас гаргуулсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдана.

            Харин намайг “Өөжинмед” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон контрактаар ажиллаж компанийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байхад гүйцэтгэх захирал Х.А, компанийн 75 хувийн хувьцааг эзэмшигч Э.Бадар-Ууган нартай миний бие санхүүгийн тооцоо, үзэл бодол, байгууллагын цаашдын хэтийн төлөвлөгөөний талаар санал зөрчилдсөн, 2017 оны 8 сард бидний хооронд маргаан үүсч компанийн удирдлага намайг хэл амаар доромжилж, миний 25 хувийн хувьцааг Э.Бадар-Ууганд буцаан шилжүүлэх тухай хөрөнгө оруулагчдын хурлын тогтоолыг танилцуулж, намайг хувьцаагаа сайн дураараа шилжүүлэхийг мэдэгдэж, хэрэв шилжүүлэхгүй тохиолдолд бид чамайг яаж ч чадна шүү гэж дарамталсан утга бүхий мессежийг явуулж байсан тул би цаашид тэдэнтэй хамтран ажиллах сонирхолгүй болж компанийн 25 хувийн хувьцаагаа үүүсгэн байгуулагч Э.Бадар-Ууганд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байгаа.

            Миний хувьд хүний их эмч мэргэжлээр 1998 оноос хойш өдийг хүртэл эмэгтэйчүүдийн эмч, үргүйдлийн эмч хэмээх мэргэжлээр мэргэшиж, мэргэшихийн тулд амьдралынхаа 20 жилийг энэ чиглэлээр суралцахад зарцуулсан.

            Энэ мэргэжлээр ажил, амьдралаа авч явдаг бөгөөд “Өөжинмед” компанийн 25 хувийн хувьцааг буцааж шилжүүлсэний дараа өөр газарт мэргэжлээрээ ажил эрхлэх болсонд Э.Бадар-Ууган болон түүний эхнэр Х.А нар хувийн өс хонзон өвөрлөж зохиомол, гүтгэлгийн чанартай гомдлыг иргэний шүүхэд болон Эрүүгийн цагдаагийн газарт, Баянгол дүүргийн  цагдаагийн 2-р хэлтэст намайг компанийн 24.728.162 төгрөгийг завшсан гэх гомдлыг гаргасан ба уг гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заанаар 180501120 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн хэдий ч намайг ямар нэгэн мөнгө төгрөг завшаагүй гэдэг үндэслэлээр хэрэг нь хаагдсан.

            2018 оны 3 сард “Өөжин мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А нь намайг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн тул түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар Баянгол  дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан байхдаа 2018 оны 5 сард дахин Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст танил талаа ашиглан хэргийн харьяалал зөрчиж /гэмт хэргийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг гарсан газрын харьяалах цагдаагийн байгууллагад өгөх, түүнийг нь харьяалах прокурорын газраас хяналт тавьдаг/ өөрийн нэхэмжлэлдээ дурьдаад байгаа мөнгөн дүнг 2015-2017 оны хооронд “Энканто” таун хотхонд байр, авто машин, хөөрөг зэрэг эд зүйл худалдан авах нэрийдлээр итгэл эвдэн залилсан гэсэн ижил агуулгатай өргөдөл гаргасан.

Уг гомдлыг мөрдөгч Ж.Батсайхан шалгаад Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2  дах хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн 180604487 тоот хэргийг нээж Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст нээгдсэн байсан хэрэгтэй нэгтгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас Э.О, Х.Аыг залилан мэхлээгүй, харин Голомт банкны дансны хуулга болон бичгийн нотлох баримтуудаар 2015-2017 оны хооронд Х.А, Э.О нарын хооронд ашиг, орлого, цалин гэсэн хэлбэрээр гүйлгээ хийгдэж байсан нь тогтоогдсон гээд 2019 оны 9 сарын 25-ны өдөр 2276 тоот прокуррын тогтоол гарч хэргийг хаасан юм.

            Нэхэмжлэгч Х.А намайг өөрөөс нь 379.387.900 төгрөгийг зээлж 67.911.000 төгрөгийг хувааж төлсөн гэдэг нь худлаа юм.

            Миний худалдаж авсан орон сууцны үнэ 308.473.000 төгрөг байсан бөгөөд  Голомт банкны 8 хувийн орон сууцны зээл нь тухайн үед зөвхөн 230.173.000 төгрөгт дүйцсэн орон сууцанд зээл олгогдох боломжтой байсан.

            Зээлд хамрагдах үнэ, үндсэн байрны үнийн дүнгийн зөрүү үнэнд 78.300.000 төгрөг шаардлагатай болоход үүнийг нь компаниас нь буцалтгүй тусламж хэлбэрээр төлснөөр би орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой болсон.

            Би компаниас буцалтгүй тусламж нэртэй өгсөн мөнгийг нь компаниас олгож байсан 25 хувийн хувьцааныхаа ашгаас хасалт хийлгэж 78.300.000 төгрөгийг нь эргүүлэн төлсөн юм.

            Зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой 230.173.000 төгрөгийн орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 69.051.900 төгрөг, гаражийн төлбөр 8.850.000 төгрөг, нийт 77.901.900 төгрөгийг барилга барьсан “Камдер” ХХК-д тушаах хэрэгтэй болоход би өөрийн Голомт банк дахь хугацаатай хадгаламжийн данснаас төлөх гэтэл хадгаламжийн хугацаа дуусаагүй байсан учраас “Өөжинмед” компаниас энэхүү мөнгийг мөн түр гаргуулан авч байсан ба 30.000 ам долларыг буцааж Х.Аын дансанд шилжүүлж бид хоорондын тооцоогүй болсон.

            Ингээд байрны 8 хувийн зээлэнд хамрагдаж өнөөдрийг хүртэл Голомт банкнаас авсан зээлээ төлж байгаа билээ.

            Иймд зохигч бидний хооронд ямар ч зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй, бидний хооронд зээлийн ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, надад нэхэмжлэгчийн зээлсэн гэх 311.387.900 төгрөг нь зээл мөн байсан эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг бүрчлэн нарийвчлан шалгаж Э.О нь Х.Ааас мөнгө зээлсэн, залилсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байгаа тухай нэгэнт гарсан хүчин төгөлдөр прокурорын тогтоол, шийдвэрүүд байгааг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгааг эрхэм шүүгч та анхааралдаа авна уу гэжээ.

           

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Өөжинмед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Өөжинмед” ХХК нь хоёр иргэний хоорондох зээлийн асуудалд гуравдагч этгээдээр оролцож байгаа. Компанийн удирдлагууд өнөөдрийн байдлаар хувьцаа хуваарилсан, эсхүл ашиг тараасан албан ёсны шийдвэр гаргаагүй. Э.Огийн хувьд компанид ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа ажлаа хаяад явсантай холбоотой асуудлаар компанийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан гэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь Э.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311.476.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.А нь “Э.Од 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 сар хүртэл нийт 379.387.900 төгрөг зээлдүүлсэн. 67.911.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо үлдэх 311.476.900 төгрөгөө нэхэмжилнэ”,

          хариуцагч Э.О “Бидний хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй, зээлийн харилцаа үүсээгүй. Надад зээлсэн гэх 311.387.900 төгрөг зээл мөн байсан эсэхийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн. 2015 оны 3 сараас 2017 оны 8 сар дуустал хугацаанд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө зээлсэн гэж гуйвуулан нэхэмжилснийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.Огийн Голомт банк дахь 2205104178 тоот дансанд түүний хүссэнээр 2015 оны 11 сарын 4-ний өдөр 14.250.000 төгрөг,

2015 оны 12 сарын 4-ний өдөр 10.000.000 төгрөг,

2016 оны 2 сарын 19-ний өдөр 6.500.000 төгрөг,

2016 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг,

2016 оны 4 сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөг,

2016 оны 5 сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөг,

2016 оны 9 сарын 1-ний өдөр 16.250.000 төгрөг,

2016 оны 10 сарын 6-ны өдөр 10.400.000 төгрөг,

2016 оны 12 сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөг,

2017 оны 1 сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг,

2017 оны 2 сарын 18-ны өдөр 16.200.000 төгрөг,

2017 оны 6 сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг,

2017 оны 6 сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 152.600.000 төгрөг,

-Мөн түүний өмнөөс бусдад 2015 оны 9 сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг,

2016 оны 6 сарын 24-ний өдөр 6.364.600 төгрөг,

2016 оны 10 сарын 5-ны өдөр 6.000.000 төгрөг,

2017 оны 4 сарын 1-ний өдөр 15.000.000 төгрөг,

2017 оны 6 сарын 21-ний өдөр 4.723.400 төгрөг, нийт 33.888.000 төгрөг,

-Э.Огийн өмнөөс түүний хүссэнээр банк болон өөр бусад байгууллагад 2016 оны 5 сарын 24-ний өдөр 77.901.900 төгрөг,

2016 оны 5 сарын 24-ний өдөр 78.300.000 төгрөг,

2016 оны 8 сарын 3-ны өдөр 20.650.000 төгрөг,

2016 оны 12 сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөг,

2016 оны 12 сарын 5-ны өдөр 3.048.000 төгрөг,

2017 оны 5 сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 192.899.900 төгрөг, бүгд

/152.600.000+33.888.000+192.899.900=379.387.900 төгрөг

379.387.900-67.911.000 /буцаан өгсөн гэх/=311.476.900 төгрөгийг нэхэмжилж байна.

“Өөжинмед” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Бадар-Ууганы 2015 оны 3 сарын 1-ний өдрийн 02 дугаар бүхий “Захирал томилох тухай” тушаалаар Энхтайваны Ог Өөжинмед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаар томилон Япон улсын эмчилгээний шинэ технологийн дагуу өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, өндөр ур чадварыг ашиглан үргүйдлийн оношлогоо  эмчилгээ, үйлчлүүлэгчид үр шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгүүлэхээр мөн өдөр нь 01 тоот хөдөлмөрийн  гэрээ, 2015 оны 3 сарын 2-ны өдөр 01 тоот контрактын гэрээ тус тус байгуулсан ба албан  тушаалын үндсэн цалинг 3.500.000 төгрөг, урамшуулалд улирал бүр болон жилийн эцсийн эцэст цалингийн бонус, бусад эд хэрэглэл олгохоор тус тус тохирчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 117-122, 166-169, 196, 209-212 дугаар тал/

Ийнхүү ажиллуулах явцдаа “Өөжинмед” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 8 сарын 20-ны 01 тоот тогтоолоор тус “Өөжинмед” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э.Бадар-Ууган  компанийн хувьцааны 25 хувь буюу 1375 ширхэг хувьцааг ямар нэгэн болзол, зорилго заахгүйгээр 2016 оны 6 сарын 22-ны өдрийн хувьцааны эрх бэлэглэлийн гэрээ, хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээгээр Э.Од шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлтийг тусган бүртгэлд бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо.

  /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 106-115 дугаар тал/

“Өөжинмед” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 17/01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигч Э.Огийн эзэмшлийн 25 хувийн 1375 ширхэг энгийн хувьцааг Э.Бадар-Ууганд шилжүүлэхээр зөвшөөрч 2017 оны 9 сарын 14-ний өдөр Э.О нь Э.Бадар-Уугантай эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээ тус тус байгуулан өөрийн эзэмшлийн 25 хувийн 1375 ширхэг хувьцааг бэлэглэлийн журмаар түүнд шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Мөн эрх шилжүүлэх гэрээний 3.3-т “Эрх шилжүүлэгч нь компанид ямар нэг төлбөрийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй болно”, 3.4-т “Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр үгүй” гэж тус  тус заасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 197-208 дугаар тал/

Э.О нь Э.Бадар-Уугантай 2017 оны 9 сарын 14-ний өдөр байгуулсан  “Өөжинмед” ХХК-ийн 5.500 ширхэг хувьцааны 25 хувь 1.375 ширхэг хувьцааг түүнд шилжүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Тэрээр гэрээг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ “Өөжинмед” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Э.Бадар-Ууган, гүйцэтгэх захирал Х.А нар Э.Ог  төслийн санхүүжилт завшсан, зээлсэн 311.587.900 төгрөг өгөхгүй залилан мэхэлсэн гэх үндэслэлгүй гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж ноцтой гомдоосон гэжээ. 

 Тус шүүхийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 784 дугаар шийдвэрээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 276.3-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ ба бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь буюу мөн хуулийн 280-р зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хариуцагч Э.Бадар-Ууган, “Өөжинмед” ХХК нарт холбогдох Э.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 106-108 дугаар тал/

“Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Аын 2017 оны 10 сарын 1-ний 1710 дугаартай Э.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1.6, 5.1.7 дах заалтыг үндэслэн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал ажилтай Э.О нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, ажлын байраа дур мэдэн орхиж хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 сарын 1-ний өдрөөс цуцалж үүрэгт  ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч Э.О нь “Реженератив медикал сентр” ХХК-д гүйцэтгэх захирал, мэргэжлийн дагуу эмчээр ажиллаж буй нь тус шүүхийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 784 тоот шийдвэрээр тогтоогдсоныг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 116 дугаар тал/

Х.Аын “Өөжинмед” ХХК-д ажиллаж байсан эмч Э.О үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг  Монголд нутагшуулах төслийн хүрээнд хамтарч ажиллаж байсан ч судалгааны ажлын зардал 24.512.162 төгрөгийг хувьдаа завшсан” гэх гомдолд цагдаагийн байгууллага 2018 оны 2 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбын 2019 оны 3 сарын 1-ний 395 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн хэргийг хаасан ба тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 170-178 дугаар тал/

Мөн “Өөжинмед” ХХК- эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Э.О 2015-2017 оны хооронд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Энканто таун хотхонд байр, авто машин, хөөрөг зэрэг эд зүйл худалдан авах нэрийдлээр нийт 311.587.900 төгрөг зээл хэлбэрээр итгэл урвуулан авч залилсан гэх “Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Аын гомдлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт  хэрэгтэй тэмцэх газар 2018 оны 5 сарын 21-ний өдөр хүлээн авч 2018 оны 5 сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.

Дээрхи гомдлыг шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 2276 тоот тогтоолоор “... Х.А, Э.О нарын ноогдол ашиг, орлого, цалин хэлбэрээр гүйлгээний шилжүүлгийг 2015-2017 оны хооронд хийж байсан нь тогтоогдлоо. Дээр дурдсан үйлдэл залилах гэмт  хэргийн шинжгүй байна” гэж үзэн хэргийг хаан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-7, 179-250, 2 дугаар хавтасны 1-128 дугаар тал/

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

Хариуцагч Э.О “Өөжинмед” ХХК-тай 2015 оны 3 сарын 1-ний өдөр 01 тоот хөдөлмөрийн, 2015 оны 3 сарын 2-ны өдөр 01 тоот контрактын гэрээ тус тус байгуулан Өөжинмед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажилласан ба түүнийг ажиллах явцад мөн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э.Бадар-Ууган компанийн хувьцааны 25 хувь буюу 1375 ширхэг хувьцааг ямар нэгэн болзол, зорилго заалгүй түүнд 2016 оны 6 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн нь тус шүүхийн 2019 оны 3 сарын 14-ний 784 тоот шийдвэрээр тогтоогдсон ба тэрээр хамтран ажиллах гэрээний дагуу бус контрактын гэрээний дагуу “Өөжинмед” ХХК-д ажиллаж байжээ.

Хариуцагч тал “Өөжинмед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан нь нэхэмжлэгч талын удаа дараагийн өгч байсан баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 476, 477, 478 дугаар зүйлүүдэд зааснаар хамтран ажиллахаар тохиролцсон бол ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсоны үндсэн дээр энэхүү зорилгодоо хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой зааж, уг зорилгод хүрэхийн тулд талуудын гүйцэтгэх ёстой үүргийг тодорхойлсон байхыг шаардана.

Үүнээс үзэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцож буй ашиг олох зорилготой үйл ажиллагаа байхыг шаардах бөгөөд уг зорилгодоо хүрэхийн тулд тэдний оролцох оролцоо, оруулах хувь хэмжээ, гүйцэтгэх үүрэг, хамтын үйл ажиллагаанаас бий болсон дундын хөрөнгө, уг хөрөнгийг захиран зарцуулах асуудал зохицуулагдана.

Хариуцагч Э.О “Өөжинмед” ХХК-д хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч тал Э.Ог тухайн албан тушаалд тогтвортой ажиллуулан үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс мөнгө шилжүүлж байсан гэх ба Х.А Голомт банк дахь өөрийн 2205040592 болон 2205105890  тоот данснуудаас хариуцагч Э.Огийн мөн банк дахь 2205104178 тоот дансанд 2015 оны 12 сарын 4-ний өдөр 10.000.000 төгрөгийг “11 сар”,

2016 оны 2 сарын 19-ний өдөр 6.500.000 төгрөгийг “1-р сар”,

          2016 оны 12 сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг “Од”,

          2017 оны 1 сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Од”,

          2017 оны 6 сарын 24-ний өдөр 10.500.000 төгрөгийг “Од”,

          2017 оны 6 сарын 23-ны өдөр 4.500.000 төгрөгийг “Од”,

          2017 оны 6 сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Од” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, Х.А, Э.О нарын Голомт банк дахь дээр дурьдсан данснуудын хуулгуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9, 10, 16, 17, 18, 19, 25, 217-250, 2 дугаар хавтасны 1-28, 68-126, 226-250, 3 дугаар хавтасны 1-4, 20-54 дүгээр тал/

 Нэхэмжлэгч Х.А Голомт банк дахь өөрийн 2205040592 болон 2205105890 тоот данснуудаас хариуцагч Э.Огийн мөн банк дахь 2205104178 тоот дансанд 2015 оны 11 сарын 4-ний өдөр 14.250.000 төгрөгийг “10 сар ашиг”,

2016 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг “1, 2-р сарын ашиг”,

2016 оны 4 сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөгийг “3-р сар ногдол ашиг”,

2016 оны 5 сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөгийг “4-р сар ашиг”,

2016 оны 9 сарын 1-ний өдөр 16.250.000 төгрөгийг “8-р сар ашиг”,

2016 оны 10 сарын 6-ны өдөр 10.400.000 төгрөгийг “9-р сар ашиг” гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн нь талуудын тайлбар, зохигчдын Голомт банк дахь дээрхи данснуудын хуулгаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 198.2-т гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан бөгөөд “Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай иргэн Х.Аын өөрийн данснаас ашиг гэсэн утгатай шилжүүлсэн мөнгийг зээлсэн гэж үзэн хариуцагч талаас гаргуулах боломжгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8, 11, 12, 13, 14, 15, 217-250, 2 дугаар хавтасны 1-28, 68-126, 226-250, 3 дугаар хавтасны 1-4, 20-54 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч Х.А нь Голомт банк дахь өөрийн 2205105890 тоот данснаас 2015 оны 9 сарын 29-ний өдөр Батсайхан Наранхүү гэх хүний мөн банк дахь 1109035590 тоот дансанд “Огээс k.app” гэсэн утгатай 1.800.000 төгрөгийг,

2016 оны 10 сарын 5-ны өдөр Камдер ХХК-ийн мөн банк дахь 1801314696 тоот дансанд “Э.Огээс” гэсэн утгатай 6.000.000 төгрөг,

мөн 2205040592 тоот данснаасаа 2017 оны 4 сарын 1-ний өдөр Хас лизинг ХХК-ийн мөн банк дахь 1505021949 тоот дансанд “Ман-Од ХХК” гэсэн гүйлгээний утгатай 15.000.000 төгрөг,

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Золжаргал Батжаргал гэх хүний мөн банк дахь 2409304058 тоот дансанд “О 2 хүүхэд ticket еurope” гэх утгатай 4.723.400 төгрөг,

2016 оны 12 сарын 5-ны өдөр Миат ХК-ийн мөн банк дахь 1102036061 тоот дансанд “Алтанзул билетийн төлбөр” утгатай 3.048.000 төгрөгийг,

2017 оны 5 сарын 8-ны өдөр “Э.Огээс цэцэрлэгийн төлбөр” утгатай 10.000.000 төгрөгийг цэцэрлэгийн төлбөрт тус тус шилжүүлсэн нь талуудын тайлбар, тэдгээрийн дансны хуулгаар тогтоогдлоо.

Хариуцагч тал дээр 2015 оны 9 сарын 29-ний өдөр Батсайхан Наранхүү гэх хүний мөн банк дахь 1109035590 тоот дансанд “Огээс k.app” гэх утгатай шилжүүлсэн мөнгийг эм, багаж, тоног төхөөрөмж авахаар шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй ба гүйлгээний утгаас үзэхэд Х.А нь Э.Огийн өмнөөс төлбөр төлсөн гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч  тал 2016 оны 10 сарын 5-ны өдөр Камдер ХХК-д шилжүүлсэн 6.000.000 төгрөг, Хас лизинг ХХК-д Э.Огийн аавын авто машины лизингийн төлбөрт 15.000.000 төгрөг, мөн түүний хүүхдүүдийн Европ зорчих онгоцны тийзийн үнэ 4.723.400 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 10.000.000 төгрөгийг Х.А өөрийн данснаас шилжүүлсэн тухайд маргахгүй гэж тайлбарласан.

Гагцхүү дээрх шилжүүлсэн гэх төлбөрүүд хариуцагчийн тухайн сард түүний эзэмшлийн 25 хувийн хувьцаанд ногдох ашгаас суутгагдсан байдаг, ашгийн зарим хэсгийг өгөөгүй гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй.

 /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 20, 21, 22, 23, 24, 26, 27 дугаар тал/

Хариуцагч Э.Огийн хүссэнээр нэхэмжлэгч Х.А түүний өмнөөс Камдер ХХК-д байрны урьдчилгаа 30 хувь 69.051.900 төгрөг, гаражийн төлбөр 8.850.000 төгрөг, нийт 77.901.900 төгрөг, 2016 оны 5 сарын 24-ний өдөр 77.901.900 төгрөг тус тус шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч Э.О нь Камдер ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Энканта таун, 207-р байрны 41 тоотын 4 өрөө орон сууцыг худалдан авахаар Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ 2016 оны 8 сарын 15-ны өдөр байгуулан 160.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 300 сарын хугацаатай зээлсэн байна.

Баянзүрх дүүрэг, ******* тоотын 4 өрөө орон сууц нь “Хот Айл” ХХК-ийн тайлангаар нийт 102.53 м.кв болох нь тогтоогдсон бөгөөд Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд уг орон сууцны талбайн хэмжээг 79.37 м.кв гэж тусгасан ба орон сууцны жилийн 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах үүднээс байрны талбайн хэмжээг багасгаж тусгасан гэж хариуцагч тал тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 136-148, 2 дугаар хавтасны 190-220, 3 дугаар хавтасны 57-61 дүгээр тал/

“Өөжинмед” ХХК-ийн Голомт банкинд хүргүүлсэн 2016 оны 6 сарын 3-ны өдрийн 16/59 тоот тодорхойлолтонд “Э.О манай эмчилгээ эрхэлсэн орлогч захирал орон тоон дээр ажилладаг, чадварлаг, итгэл даасан боловсон хүчин билээ. Иймээс манай байгууллагын зүгээс шинээр орон сууц худалдан авах төлбөрийн 30 хувь урьдчилгаа болох 69.051.900 төгрөгийг нэг удаад буцаан төлөгдөхгүй нөхцлөөр бэлэглэж байгаа нь үнэн” гэсэн ба Голомт банк зээлийн эрсдэлийн дүгнэлтдээ уг 69.051.900 төгрөгийг “Өөжинмед” ХХК буцалтгүй тусламж гэж тусгасан байна.

“Өөжинмед” ХХК нь өөрийн ажилтандаа буцалтгүй ттусламж хэлбэрээр 69.051.900 төгрөгийг олгосон байхад тухайн компанийн захирал ажилтай иргэн Х.А уг мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 30-32, 137, 2 дугаар хавтасны 52, 192 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч Э.О нь орон сууцны зөрүү бэлнээр 78.300.000 төгрөг, урьдчилгаа 69.051.900 төгрөг, гараж 8.850.000 төгрөг тус тус “Камдер” ХХК-д төлөх тооцоотой гэсэн тул 2016 оны 5 сарын 24-ний өдөр 78.300.000 төгрөг  болон 77.901.900 төгрөгийг тэрээр “Өөжинмед” ХХК-иас авч төлсөн хэмээн хариу тайлбартаа тусгасан тул тухайн баримтыг Камдер ХХК-иас гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

Хариуцагч тал уг 8.850.000 төгрөгийг Х.А тушаасантай маргахгүй, гэхдээ уг мөнгө тухайн сарын ашгаас төлөгдсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй.

Тэрээр түүний ам долларын хадгаламжийн хугацаа дуусмагц 78.300.000 төгрөгийг төлсөн гэх ба Х.А нь цагдаагийн байгууллагад Э.Ог 311.587.900 төгрөгийг залилсан гэх гомдлыг гаргахдаа түүнийг 2016 онд 67.800.000 төгрөгийг төлсөн гэж тусгасан тул төлсөн гэх 67.800.000 төгрөгийг уг 78.300.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй юм.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 32, 181, 182, 2 дугаар хавтасны 65-67 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний зүйл нь мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл байх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр ба мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.Од зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.Огийн Голомт банк дахь 2205104178 тоот дансанд 2017 оны 2 сарын 18-ны өдөр 16.200.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тухайн өдөр уг гүйлгээ хийгдээгүй, мөн түүний өмнөөс 2016 оны 6 сарын 24-ний өдөр 6.364.600 төгрөг, 2016 оны 8 сарын 3-ны өдөр 20.650.000 төгрөг, 2016 оны 12 сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөг  тус тус төлсөн гэх боловч уг мөнгийг хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 217-250, 28-29, 2 дугаар хавтасны 1-27, 68-126, 221-250, 3 дугаар хавтас 1-4, 20-55 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлсэн болно.

“Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Аын [email protected] хаягаас хариуцагч Э.Огийн [email protected] хаяг руу цахим шуудангаар “Өөжинмед” үр ашгийн тооцоог ирүүлсэн, энэ нь дээрх мөнгө түүнд олгосон ашиг болох нь нотлогдоно гэж хариуцагч тал тайлбарласан ба уг баримт дахь үгийн агуулгаас үзэхэд хуулийн этгээдийнн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээлэл гэж үзэхээр бөгөөд дээрхи баримтыг Компанийн тухай хуулийн 46 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс гаргасан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах шийдвэрт үндэслэгдсэн эсэх нь тодорхойгүй гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэсэн тул нэхэмжилж буй мөнгийг ашигт тооцон олгосон гэж дүгнэх боломжгүй.

            /ХХ-ийн 2 дугаар хавтасны 140-142, 3 дугаар хавтасны 101-122 дугаар тал/

Э.О нь Э.Бадар-Уугантай 2017 оны 9 сарын 14-ний өдөр байгуулсан  “Өөжинмед” ХХК-ийн 5.500 ширхэг хувьцааны 25 хувь болох 1.375 ширхэг хувьцааг Э.Бадар-Ууганд шилжүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээг болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба эрх шилжүүлэх гэрээний 3.3-т “Эрх шилжүүлэгч нь компанид ямар нэг төлбөрийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй болно”, 3.4-т “Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр үгүй” гэж тус тус заасан нь хариуцагч Э.Ог бусдад төлөх төлбөргүйг нотолно гэлээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар аливаа гэрэг тайлбарлахдаа үгийн шуут утгыг анхаарах ба эрх шилжүүлэгч Э.О компанид төлбөрийн үлдэгдэлгүй, мөн уг гэрээний дагуу хүлээсэн үүрэг, өр төлбөргүй гэснээс бус, иргэн Х.Ад төлөх төлбөргүй гэсэн ойлголт биш.

Мөн тус шүүхийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 784 тоот шийдвэрээр дээрхи 2 гэрээ компанийн 2 хувьцаа эзэмшигчийн хооронд хувьцаа, түүнтэй холбоотой эрхийг шилжүүлэх асуудлаар хийгдсэн ба хариуцагч Э.Бадар-Ууганд шилжүүлж байгаа “Өөжинмед” ХХК-ийн хувьцааны 25 хувь 1375 ширхэг хувьцаа эзэмшигчийн хувиар Э.Од үүрэг, өр төлбөр байхгүй талаар гэрээнд тусгасан гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасны дагуу зохигч энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан ба нэхэмжлэгч Х.А нь 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 сарын 24-ний өдрийн хооронд хариуцагч Э.Од зээл олгосон гэж 311.476.900 төгрөг нэхэмжлэн 2019 оны 10 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд зээлсэн гэх мөнгө 298.416.500 төгрөг ба уг хугацааны мөнгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргалаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 2 дугаар хуудасны ар тал, 39 дүгээр тал/

“Өөжинмед” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, иргэн Х.А нь тус компанид ажиллаж байсан Э.О 2015-2017 онуудад эд зүйл худалдан авах нэрээр нийт 311.587.900 төгрөг зээл хэлбэрээр авч залилсан гэх гомдлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт  хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны 5 сарын 21-ний өдөр гарган түүний гомдолд 2018 оны 5 сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Иргэн Х.А Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргасан ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардлага гаргах эрх бүхий тал хуулиар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог.

Иймд Х.Аын  зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.Од 2015 оны 9 сараас 2017 оны 8сар хүртэл хугацаанд 379.387.900 төгрөг зээлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул 311.476.900 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.

Хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Х.Ад түүнд доорхи хугацаанд шилжүүлсэн буюу 2015 оны 12 сарын 4-ний өдрийн 10.000.000 төгрөг, 2016 оны 2 сарын 19-ний өдрийн 6.500.000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 4.000.000 төгрөг, 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 5.000.000 төгрөг, 2017 оны 6 сарын 24-ний өдрийн 10.500.000 төгрөг, 2017 оны 6 сарын 23-ны өдрийн 4.500.000 төгрөг, 2017 оны 6 сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, түүний өмнөөс 2015 оны 9 сарын 29-ний өдөр Батсайхан Наранхүү гэх хүнд шилжүүлсэн 1.800.000 төгрөг, 2016 оны 10 сарын 5-ны өдөр Камдер ХХК-д шилжүүлсэн 6.000.000 төгрөг, 2017 оны 4 сарын 1-ний өдөр Хас лизинг ХХК-д шилжүүлсэн 15.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Золжаргал Батжаргал гэх хүнд шилжүүлсэн 4.723.400 төгрөг, 2016 оны 12 сарын 5-ны өдөр Миат ХК-д шилжүүлсэн 3.048.000 төгрөг, 2017 оны 5 сарын 8-ны өдөр цэцэрлэгийн төлбөрт шилжүүлсэн 10.000.000 төгрөг, гаражийн төлбөр 8.850.000 төгрөг, 10.500.000 төгрөг,  /78.300.000 төгрөг-67.800.000 төгрөг/ бүгд 105.421.400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Огээс 105.421.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206.055.500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 30-ны өдрийн 836-р шийдвэрээр “Өөжинмед” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Баянжаргалд холбогдох сургалтын төлбөр 2.809.687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 4 сарын 25-ны 1037 тоот шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 13-ны 1385 тоот магадлалаар “Өөжинмед” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Дөлгөөнд холбогдох сургалт болон дадлагажих ажлын зардал 16.754.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрүүд нь иргэн Х.Аын нэхэмжлэлтэй Э.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 311.476.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 123-128, 2 дугаар хавтасны 130-139 дүгээр тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:                                                     

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Огээс 105.421.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206.055.500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.717.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Огээс 685.057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 17599 дугаар захирамжаар хариуцагч Э.Огийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 311.476.900 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Н.САРАНГҮН