Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр                               2020/ДШМ/28                                                                Зуунмод

 

    Ч.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Б.Б-,

Нарийн бичгийн дарга Э.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б-, Ч.Б- нарт холбогдох 1934009950537 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Борлууд овгийн Чойжавын Б-, Увс аймгийн Наранбулаг суманд 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа машин засвар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны 458 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: _________,

Шангас овгийн Баядаагийн Б-, Увс аймгийн Наранбулаг суманд 1987 оны 8 дугаар сарын 25-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: _____________,

Шүүгдэгч Ч.Б- нь 2019 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Борнуур сумын нутгаас иргэн Х.Бямбаагийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг буюу бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Гантулгын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч Б.Б- нь яллагдагч Ч.Б-той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Гантулгын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шангас овгийн Баядаагийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шангас овгийн Баядаагийн Б-ийг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шангас овгийн Баядаагийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, шүүгдэгч Шангас овгийн Баядаагийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-, Шангас овгийн Баядаагийн Б- нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдан ирсэн суран бугуйл 1 ширхэгийг, орос хийцийн эмээл 1 ширхэгийг, мяндсан жолоотой хазаар 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулж,

Эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-ын өмчлөлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, мөн шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн хул зүсмийн хязаалан настай адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/23 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Б-ын өмчлөлөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 131.000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг /тээврийн хэрэгслийг/, мөн шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлөөс шүүгдэгч Ч.Б-ыг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий уналга болох хул зүсмийн хязаалан настай адууг тус тус хурааж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-оос 1.750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч ДЛ88061115 дугаарын регистртэй, Алаг адуут овгийн Цэцэгсүрэнгийн Гантулгад олгож,

            Хохирогч ОИ71092612 дугаарын регистртэй, Зуутраг овгийн Халтарын Бямбаа нь замын зардалтай холбоотой 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-оос, хохирогч ДЛ88061115 дугаарын регистртэй, Алаг адуу овгийн Цэцэгсүрэнгийн Гантулга нь буцах замын зардалтай холбоотой 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-, шүүдэгч Шангас овгийн Баядаагийн Б- нараас тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 2020/ШЦТ/55 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өргөдөл гаргаж байна. Б.Б- нь 2019.10.16-нд Ч.Батбаяртай бүлэглэн бусдын нэг тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож шүүхээс 1 жилийн хорих ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэмшиж байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн ар гэрийн амьдрал маш хүнд 10 сараас 10 насны 4 хүүхэд эхнэр нь хөдөө мал малладаг гэрийг ганц авч явах хүн нь шүүгдэж байгаа юм. Шүүхээс хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Ч.Б-, Б.Б- нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Б.Б- нь Ц.Гантулгын нэг адууг хулгайлахад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хохирлын хувьд өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- гаргасан тайлбартаа: Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрт мал ахуйг маань харж хандах хүнгүй болсон тул ялыг маань багасгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1934009950537 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Ч.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан Төв аймгийн Борнуур сумын нутгаас иргэн Х.Бямбаагийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг хулгайлсан,

Мөн шүүгдэгч Б.Б-ын шүүгдэгч Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уналга ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Гантулгын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-ийн шүүгдэгч Ч.Б-той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уналга ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Гантулгын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн хохирогч Х.Бямбаа /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч Ц.Гантулга /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

гэрч Х.Бямбаагийн /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч С.Нямдорж /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Н.Авирмэд /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/, гэрч Д.Цогбадрах /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Нямжав /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/, гэрч Д.Дэлгэр /1 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/, гэрч Г.Жүгдэр /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, Б.Б-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн /1 дүгээр хх-ийн 72-73, 75-76, 204-205 дугаар хуудас/, Б.Б-ийн /1 дүгээр хх-ийн 180-182 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/447 дугаартай 12 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 40-52 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-9 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Б-ын хувийн байдлын талаарх баримтууд /1дүгээр хх-ийн 96-104 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 105-111 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/497 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 136-139 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 120-124 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 125-128 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 133-134 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 151-161 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ийн хохирол барагдуулан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 189-191, 212-230 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 194-198 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Ч.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Борлууд овгийн Чойжавын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн шүүгдэгч Шангас овгийн Баядаагийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-, Б.Б- нарын 2020 оны 02 сарын 06-ний өдрөөс 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 55 /тавин тав/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.БОЛОРМАА

 

 

 ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ