Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 124/2016/0024/з |
Дугаар | 221/МА2016/0787 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0787
Б.*******, А.Ариунтуяа нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.*******, А.Ариунтуяа нарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******, А.Ариунтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаартай тушаалуудыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.*******г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд, нэхэмжлэгч А.Ариунтуяаг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Батжаргал болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Б.*******, А.Ариунтуяа нарыг сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан зөрчил гаргаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах хэд хэдэн зарчмыг удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэгч Б.*******, А.Ариунтуяа нар нь Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх, ойлгомжтой байх зарчмуудыг тус тус зөрчиж Монгол ардын нам болон түүний нэр дэвшигчдын эсрэг шийдвэр гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа аймгийн сонгуулийн хороо болон хорооны гишүүдийн 6 удаагийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нэг бүрчлэн тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх тухай зөрчлийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны 10 дугаар тогтоолоор батлагдсан Сонгуулийн хорооны хуралдааны дэгийн 1.2-т “хуралдаан нь хууль дээдлэх, ... цөөнхийн санаа бодлыг хүндэтгэх, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нар тухайн дэгийг зөрчиж байсан нь гэрч Б.Эрдэнэсүрэнгийн “... Аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Б.*******гийн хувьд нам нэр дэвшигчдээс ирүүлсэн аливаа хүсэлт, өргөдлийн хариу бичгийн төслийг голлон бэлтгэдэг байсан. Хорооны бусад гишүүд уншиж танилцаад саналаа хэлэх үед сонсохгүй, саналыг нь тусгахгүй, харилцан ойлголцож нэгдмэл хариултад хүрэхгүйгээр албан бичгийн хариуг явуулах тохиолдолд гарч байсан. Тухайлбал Б.Гомын менежер Баяндалайгаас ирүүлсэн өргөдөлд хариу өгөх талаар хорооны гишүүдийн санал сонсохгүйгээр зөвхөн өөрийн бэлтгэсэн төслөөр хариуг албажуулж явуулж байсан. Сонгуулийн хорооны гишүүн А.Ариунтуяагийн хувьд Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын талаарх өөрийн ойлголтоо бусад гишүүдэд тулган тайлбарлах тохиолдол гарч байсан” гэх гэрч Б.Бүрнээхүүгийн “... Сонгуулийн хорооны гишүүн А.Ариунтуяагийн хувьд асуудалд өөрийн үзэл бодлоор хандаж байсан. Бусад гишүүдийн үзэл бодлыг хүлээцтэй сонсдоггүй байсан. Гэвч зарим асуудлын тухайд А.Ариунтуяа гишүүний зөв гэж маргаж байсан асуудал буруу байсан. Тухайлбал нэр дэвшигч С.Амраа болон А.Хилэнбаатар, Б.Гомбо, Ю.Сайнжаргал нарын бүртгэлтэй холбоотой асуудлууд байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Энэхүү 2 гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Түүнчлэн Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Насанбаярын тухай МАН-аас ирүүлсэн мэдээллийн асуудлыг хэлэлцэхэд Б.******* “миний бодлоор бид тогтоол гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Албан тоотоор хариу өгөх нь зүйтэй. Тогтоол гаргавал шүүхэд өгч хүчингүй болгох талтай. Иймээс шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгье” гэсэн санал гаргаж байсан байх ба энэ нь Ардчилсан намын нэр дэвшигчийг илтэд дэмжсэн үйл ажиллагаа явуулсан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн гэж харагдахаар байна.
Шүүхийн шийдвэрт “гэрч Б.Эрдэнэсүрэнгийн “Б.******* МАН-аас нэр дэвшигчийн менежер Б.Баяндалайгаас ирүүлсэн өргөдөлд гишүүдийн саналыг сонсохгүйгээр өөрийн бэлтгэсэн төслөөр хариуг албажуулж явуулж байсан” гэх мэдүүлэг өгсөн байгаа ба асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байсан талаар бусад гэрчүүд мэдүүлсэн болно” гэж дүгнэсэн. Гэтэл сонгуулийн хорооны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахдаа МАН-аас нэр дэвшсэн Гомбын менежер Б.Баяндалайгаас ирүүлсэн өргөдөлд гишүүд саналаа өгсөн эсэхийг тодруулаагүй, энэ талаар гэрчүүд мэдүүлээгүй, аймгийн сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байдаг. Тухайн асуудлаар гишүүдийн саналыг сонссон эсэх нь тодорхой бус байхад шүүх “ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байсан талаар бусад гэрчүүд мэдүүлсэн болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж заасан. Аймгийн сонгуулийн хороо болон сонгуулийн хорооны гишүүн А.Ариунтуяа, Б.******* нар нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан нь холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалуудаар тогтоогдсон.
Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаартай тушаалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргасан зөрчилд тохирсон байх тул тухайн захиргааны актуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******, А.Ариунтуяа нарыг ажил, албан тушаалаас нь халсан сахилгын шийтгэл ногдуулсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Учир нь хариуцагч дээрх тушаалуудаар Б.*******, А.Ариунтуяа нар аймгийн сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Монгол ардын намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан санал өгсөн, мөн Монгол ардын намын өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд татгалзсан санал өгч байсан тохиолдол нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын, нэхэмжлэгч А.Ариунтуяаг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалаас нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Гэтэл хэрэгт авагдсан хариуцагчийн тушаалын үндэслэл болсон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14, мөн тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0426 дугаар магадлал, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр магадлал зэргээр Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах” гэж заасныг нэхэмжлэгч Б.*******, А.Ариунтуяа нар зөрчсөн гэж дүгнээгүй байна.
Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэрүүд нь иргэн, хуулийн этгээдээс аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Б.*******, А.Ариунтуяа нарыг сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөнийг тогтоож дүгнээгүй, мөн Б.*******, А.Ариунтуяа нарт холбогдуулан дүгнэсэн өөр бусад шүүхийн шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Тиймээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх аймгийн Сонгуулийн хорооны зөрчил нь зөвхөн нэхэмжлэгч нарын үйлдэлтэй холбоотой гэх зүйл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй юм.
Иймд эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР