Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0980/З |
Дугаар | 280 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 280
М.Б, З.З нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0339 дүгээр магадлалтай, М.Б, З.З нарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, З.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын цагдаагийн цолыг сэргээж, ажилд нь эгүүлэн томилох, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0339 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б, З.З нарын Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэх, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч М.Б, З.З нар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Цагдаагийн офицер цолыг сэргээлгэх, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх талаар, 13.1.5-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын сахилга, ёс журам, төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн баримтлах тухай зохицуулж өгсөн байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэмд зөрчлийн хугацааг хэрхэн тоолох, ямар журмаар шийдвэрлэхийг тодорхой зааж өгсөн байна. Энэ дүрмийн 12.9-т “...албан үүргээ гүйцэтгэх явцдаа, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн үед...согтууруулах ундаа хэрэглэсэн албан хаагчид сануулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, уг зөрчлийг давтан гаргасан, хор хохирол учруулсан бол тухайн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зохицуулсан. Гэтэл дүрэмд заасан шаталсан арга хэмжээг авалгүйгээр албаны шалгалтаар шууд халах санал ирүүлснийг албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн цолыг хурааж шийдвэрлэсэн нь Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмээ зөрчсөн, нэг зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхийг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0339 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч М.Б, З.З нарын Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаал илт хууль болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэх эрхэлсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магдлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргах ямар ч үндэслэл хуульд байхгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох учиртай.
Гэтэл нэхэмжлэгч нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, албаны бэлэн байдал хангаж ажиллаагүй зөрчил гаргасныг албаны шалгалтаар тогтоосон, дээрх зөрчлөө хүлээн зөвшөөрч тэднээс хүсэлт гаргасны дагуу хариуцагч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус үндэслэн албан тушаал бууруулж шийдвэрлэснийг “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх боломжгүй, энэ талаарх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.
Цагдаагийн албаны тухай /2013 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албан тушаалыг бууруулсан бол түүнд шинээр томилогдож байгаа албан тушаалынх нь цолыг олгоно” гэж заасан байх тул “албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн цолыг хурааж, ... нэг зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг цаашид эх хувиас нь хуулбарлаж хуулбар үнэн тэмдэг даран шүүхэд ирүүлж байх нь зүйтэйг тэмдэглэв.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0339 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН