Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2020/03323

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020 о      09 с      28 ө

Дугаар           101/ШШ2020/03323

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Евротаун хотхонд байрлах, “М” ХХК /РД:5124328/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3-т байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” XXК нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын Оо-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Ч.Чаминцэцэгт төгрөгийг төлөхөөр болсон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа 17121/ наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч тус бүрийг нь 478,247,000 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийн зах зээлийн ханшнаас хэт доогуур, мөн энэ үнээр дуудлага худалдаагаар зарах гэж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Дээрх 2 үл хөдлөх хөрөнгө нь байршлын хувьд цэвэр агаарт Хан-Уул дүүрэгт байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. 2015 онд манай компани нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Ниссора цамхгийн 9 давхарт 901 тоотод оршин байрлаж байсан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх харьяалагдаж байсан тул тус нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Иймээс “Виннэр Вэй” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төлбөр төлөгч М ХХК төлбөр авагч Ч.Чаминцэцэгт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015-10-09-ний өдрийн 15262689 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр 8 тоот болон 2 тоот тус бүр 221.92 м.квадрат талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019-10-08-ны өдрийн 15262689/01 тоот битүүмжлэн 2020-07-07-ны өдрийн 139/01 тоот тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд 2020-07-20-ны өдөр үнийн санал ирүүлсэн. Үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул талууд харилцан тохиролцоогүй. 2020-07-24-ний өдрийн 7/359 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүрд нь 478,247,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Төлбөр төлөгч” Мотиваци” ХХК төлбөр авагч Ч.Чаминцэцэг, “Эрэл” ХХК, “Төмөр транс ХХК, Л.Норов нарт 2020-08-07-ны өдрийн 28119, 28120 дугаар тогтоолоор мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, 2020-08-18-ны өдрийн 9/01 дүгээр тогтоолыг талууд болон өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 8 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаар захирамжаар М ХХК-иас 48,298,000 төгрөг гаргуулж Ч.Чаминцэцэгт олгохоор зохигчдын эвлэрлийг баталсан байна.

Уг шийдвэрт 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3627 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 8 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч М ХХК-ийн орон сууц тус бүрийг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримтгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2020 оны 07 сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 7/359 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.

“Виннэр Вэй” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр уг орон сууц тус бүрийг 478,247,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч талын ... орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон, “Виннэр Вэй” ХХК нь орон сууц тус бүрийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байрны 8 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2020/16512 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                        Д.БАТЦЭЦЭГ