Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2020/03325

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020 о      09 с      28ө

Дугаар           101/ШШ2020/03325

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, 16 гудамж, 6 тоотод оршин суух, П  /РД:................./-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 53 байр, 45 тоотод оршин суух, Б  /РД:............./-д холбогдох

7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Энэхүү зээлийн төлбөрийг хариуцагч Б нь миний ээж Уртбаяр овогтой П-ээс найз нөхдийн харилцаагаараа далимдуулан зээлийн аман гэрээ байгуулж 2019 оны 5 сарын 7-нд 2,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2019 оны 10 сарын 11-нд 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн. 2019 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн нэг ч төгрөгийн хүү төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул зээлийн үндсэн төлбөр болох долоон сая таван зуун мянган төгрөгийг иргэн Бгаас гаргуулж өгнө үү. Нийт 1,450,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж тооцуулмааргүй байна. Байрны төлбөрт өгөх мөнгөө зээлүүлээд их хохирч байна.

Б нь ээжийн нэг ангийн найз, дансаар 1,315,000 төгрөгийг авсан. Бэлнээр шүд эмчлүүлэхдээ 75,000 төгрөг, нутгийн шинэ жилд орох таксны үнэд 60,000 төгрөг, нийт 135,000 төгрөг авсан. Бэлнээр авсан гэх 250,000 төгрөгийг аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2,500,000 төгрөг, 5,000,0000 төгрөг авсан гэдэгтэй маргахгүй байгаа. Нэг ангийн найзууд байсан. Цааш дамлан хүүлдэг асуудал байхгүй. Талууд нэг ангийн найзууд, У.Б арилжаа наймаа эрхэлдэг нь үнэн. Талуудын хооронд Иргэний хуульд заагдсан бичгийн хэлбэртэй зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүү тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Нийт 1,450,000 төгрөгийг дансаар буцаан төлсөн 385,000 төгрөгийг нэхэмжлэгч бэлнээр авсан байна. Бэлнээр авахдаа нэг удаа ажил дээр нь ирэхдээ 40,000 төгрөг, 30,000 төгрөг, ангийн нийллэгийн 120,000 төгрөг, 2020 онд 60,000 төгрөг, сумын шинэ жилийн төлбөр 60,000 төгрөг, шүд эмчлүүлэх 75,000 төгрөг нийт 385,000 төгрөгийг бэлнээр авсан байна.Дансаар 1,315,000 төгрөг шилжүүлсэн байна, энэ талаар маргаангүй. 7,500,000 төгрөгөөс дансаар төлсөн 1,315,000 төгрөг, бэлнээр төлсөн 385,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 5,800,000 төгрөгийг төлнө. Хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй ...” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П хариуцагч Бд холбогдуулан “үндсэн зээлд 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “хүү төлөхгүй, төлсөн мөнгийг хасуулна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч П , хариуцагч Бд 2019 оны 5 сарын 7-нд 2,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2019 оны 10 сарын 11-нд 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлдүүлэгч П зээлдэгч Бд шилжүүлэн өгөх 7,500,000 төгрөгийг Бгийн Хаан банкны 5125062721 тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, П гийн Хаан банкны 5173136754 тоот, 5025975643 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Талууд иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Бгаас П гийн Хаан банкны 5025975648 тоот дансанд 2019.12.16-нд 75,000 төгрөг, 2019.12.19-нд 30,000 төгрөг, 2019.12.22-нд 20,000 төгрөг, 2019.12.25-нд 30,000 төгрөг, 2019.12.25-нд 20,000 төгрөг, 2019.12.27-нд 30,000 төгрөг, 2019.12.31-нд 105,000 төгрөг, 2020.01.20-нд 20,000 төгрөг, 2020.01.25-нд 30,000 төгрөг, 2020.01.25-нд 20,000 төгрөг, 2020.04.12-нд 20,000 төгрөг, 2020.04.20-нд 20,000 төгрөг, 2020.04.28-нд 20,000 төгрөг, 2020.05.25-нд 15,000 төгрөг, 2020.06.14-нд 30,000 төгрөг, 2020.07.04-нд 50,000 төгрөг, 2020.07.04-нд 50,000 төгрөг, 2020.07.16-нд 30,000 төгрөг, 2020.07.29-нд 20,000 төгрөг, 2020.07.29-нд 10,000 төгрөг, 2020.08.10-нд 20,000 төгрөг, 2020.08.10-нд 20,000 төгрөг,

Хариуцагч Бгаас Д.Уянгын Хаан банкны 5735169364 тоот дансанд 2019.08.04-нд 125,000 төгрөг, 2019.09.11-нд 125,000 төгрөг,2019.10.12-нд 125,000 төгрөг, 2019.11.14-нд 125,000 төгрөг, 2019.11.27-нд 70,000 төгрөг, 2019.12.07-нд 50,000 төгрөг, 2019.12.19-нд 10,000 төгрөг, нийт 1,315,000 төгрөгийг төлсөн болох нь П гийн Хаан банкны 5025975648 тоот, Д.Уянгын Хаан банкны 5735169364 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр 40,000 төгрөг, 30,000 төгрөг, сумын нийллэгт 120,000 төгрөг, 60,000 төгрөг, шинэ жилийн таксны мөнгө 60,000 төгрөг, шүд эмчлүүлэхдээ 75,000 төгрөг, нийт 385,000 төгрөгийг төлсөн гэх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал шүд эмчлүүлэхэд 75,000 төгрөг, шинэ жилийн таксны мөнгө 60,000 төгрөг, нийт 135,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байх тул 135,000 төгрөгийг бэлнээр төлсөнд тооцох нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан байх ба  хариуцагч Бгаас дансаар 1,315,000 төгрөг, бэлнээр 135,000 төгрөг, нийт 1,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэж, үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Бгаас үндсэн зээлд 6,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П д олгож, нэхэмжлэлээс 1,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бгаас 6,050,000 /зургаан сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П д олгож, нэхэмжлэлээс 1,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгаас 111,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ