Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/03522

 

 

 

 

 

 

 

 

 

   2020 о     10 с       12ө

Дугаар           101/ШШ2020/03522

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 8-248 тоотод байрлах “СТ” ХХК /РД:6454704/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 304-60 тоотод байрлах, ГМ ХХК /РД:6148352/-д холбогдох,

 

15,685,720 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Шихи-Хутаг, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СТ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани ГМ ХХК-тай 2019 оны 07 сарын 18-ны өдөр 92 хоногийн хугацаатай 6-15 давхрын барилга угсралтын мужааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 1 давхрын ажил гүйцэтгэхэд 19.260.000 төгрөг авах байснаас 8.000.000 сая төгрөгийг 5629026372 гэсэн өөрийн компанийн дансаар хүлээн авч тухайн давхрын ажлыг 2019 оны 09 сарын 01-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэж хоёр талаас ажил хүлээлцэж авсан. Мөн түүнчлэн таван давхрын хэв хуулалтын ажлыг 800.000 төгрөгөөр тохирч хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг хийж дууссанаас хойш үлдэгдэл 12.060.000 төгрөг өгөх ёстой байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд ГМ ХХК-иас 12.060.000 төгрөг, гэрээний дагуу алданги 3,625,720 төгрөг, нийт 15,685,720 төгрөг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.         

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Стэп тауэр” ХХК нь ГМ ХХК-тай 2019-07-18-ны өдөр 92 хоногийн хугацаатай 6-16 давхрын мужааны ажил хийж гүйцэтгэхээр тохирсон. 1 давхрын ажлын урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг өөрийн байгууллагын дансаар хүлээн авч 2019-09-01-ний өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой байсан ч Гурван марал констракшн компани хийсэн ажлыг хүлээн аваагүй. 5 давхрын хэв хуулалтын ажлыг хийсэн төлбөр төлөөгүй. Гэрээний 6.4-т зааснаар 0,1 хувийн алданги 2019-09-01-ний өдрөөс 2020-08-10-ны өдрийг хүртэл тооцсон. 12,060,000 төгрөгөөс хоногт 12,060 төгрөгөөр тооцож 300 хоногоор үржүүлсэн. 11 давхрын ажил хийх байсан ч 6 давхрын шатны ажил хийсэн. Ажлыг үргэлжлүүлэх гэтэл урьдчилгаа төлбөрөө төлөхгүй, надтай холбогдохгүй болсон учраас ажил цааш үргэлжлээгүй. Хийсэн ажлын зургаа авсан боловч би утсаа алдаад баримтгүй болсон. Гэрээнээс гадна амаар тохирч,  хийгээд 2019 оны 7 сард 800,000 төгрөгөө бэлнээр авсан байсан. Одоо 4,5 давхраас хэв хашмалуудыг хуулж авах ажлыг хийсний хөлсөнд 800,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 640 м.кв хэмжээтэй, таазны панер хуулалтыг 1,600,000 төгрөгөөр тохирсон. 800,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. панер нь хэв хашмалдаа багтдаг. 2019 оны 8 сарын 2-ны өдөр дутуу шатны угсралт 3,4 гэсэн 1,200,000 төгрөг дансанд орсон, энэ нь  4,5 давхрын шат дутуу байсан. Би хамгийн эхлээд тэр ажлыг хийсэн. Тэр шатыг хийхгүй бол миний ажил дээшээ явахгүй байсан. Урьд нь өөр хүмүүс хийж байгаад дутуу орхисон байсныг надтай тохирч хийлгэсэн. Урьдчилгаа төлбөрөө өгөхгүй байсан учир ажлаа үргэлжлүүлж хийх ямар ч боломжгүй байсан. Надтай харьцах хүн байгаагүй болохоор би хэнд ч хандаж чадаагүй. Цутгалт хийгдсэнээр миний ажил дууссан. Батболд инженерт 9 сарын 3-ны өдөр хэлсэн. Инженер надад 9 сарын 15-ны өдөр ажлаасаа гарсан гэж хэлсэн. Асгарсан бетон цэвэрлэх ажлын хөлсийг 2,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаасаа хасах боломжтой. Үлдэх хэсгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СТ ХХКхариуцагч ГМ ХХК-д холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,060,000 төгрөг, алдангид 3,625,720 төгрөг, нийт 15,685,720 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Дариймаад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардуулж өгсөн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг мөн л тайлбар, баримт гаргаагүй/ байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал “Амар амгалан 2-1” 150 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 6-15 давхрын шатны мужааны ажлыг болон техникийн давхрын мужааны ажлыг 2019.07.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 198,240,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Талууд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээг байгуулж, “Стэп тауэр” ХХК-ийн Хаан банк дахь 5629026372 тоот данс уруу урьдчилгаа төлбөрт 2019.08.28-нд 6,000,000 төгрөг, 2019.09.24-нд 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, Стэп тауэр ХХК-ийн Хаан банкны 5629026372 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 7 сарын 18-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 сарын 18-ны өдөр дуусахаар байсан боловч гэрээнд заагдсан ажлаас 6 давхрын шатны мужааны ажил хийгдсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Гэрээний 4.2-т заасан “захиалагч нь ажлын санхүүжилтийг барилга угсралтын ажлын үе шат бүрд тасралтгүй хийх” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн .... 7-15 давхрын болон техникийн давхрын ажлыг хийх санхүүжилтийг олгоогүйгээс гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, компанийн удирдлагууд холбогдохгүй байсан ... гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Захиалагч нь гэрээний 4.2-т заасан “санхүүжилтийг тухай бүр олгох”, 4.4-т заасан “материалыг тасалдалгүй нийлүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй боловч захиалагч тал Иргэний хуулийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсанаар 6 давхрын шатны мужааны ажил хийгдсэн болох нь тогтоогдсон ба талууд гэрээний хавсралтаар 6 давхрын ажлын 19,260,000 төгрөгөөр тохирсон байх тул урьдчилж авсан 8,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 11,260,000 төгрөгийг захиалагч тал төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гар утсанд үзлэг хийхэд ГМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Наранчимэг “манай байгууллагаас тогтоосон актын дагуу ажлыг гүйцэтгэж үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулна” гэх нөхцөл байдал илэрсэн ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулахад ... ажлыг хийхэд бетон асгарсан, цэвэрлэгээний ажил байгаа, үүний төлбөрт 2,000,000 төгрөгийг хасаж тооцуулахыг зөвшөөрч байна... гэж тайлбарласан тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөх 11,260,000 төгрөгөөс хасаж 9,260,000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т зааснаар гүйцэтгэгч нь алданги шаардах эрхтэй байх тул 9,260,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл 283 хоногоор тооцож 2,620,580 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. /9,260,000*0.1%*283 хоног/

 

Талуудын хооронд “4,5 давхрын хэв хашмалуудыг хуулж авах ажлыг 1,600,000 төгрөгөөр хийхээр тохирсон” гэрээ байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал нотлох үүргээ биелүүлээгүй тул 800,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...2019 оны 8 сарын 2-ны өдөр дутуу шатны угсралт 3,4 гэсэн 1,200,000 төгрөг дансанд орсон, энэ нь  4,5 давхрын шатны дутуу ажлыг манай компанитай амаар тохирч хийлгэсний хөлс юм. Урьд нь өөр хүмүүс хийж байгаад дутуу орхисон байсан юм. Уг 4,5 давхрын шатны ажил хийгдсэний дараа 6 давхрын шатны ажил хийгдэх боломжтой байсан юм... гэх тайлбар нь 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утгатай тохирч байх тул 2019 оны 8 сарын 2-ны өдөр “дутуу шатны угсралт 3,4 д” гэсэн утгатай 1,200,000 төгрөгийг ГМ ХХК-иас СТ ХХКхүлээн авсныг талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 150 айлын “амар амгалан 2-1” барилгын угсралтын мужааны ажил гүйцэтгэх гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.  

 

Иймд хариуцагч ГМ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,260,000 төгрөг, алдангид 2,620,580 төгрөг, нийт 11,880,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Стэп тауэр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжилсэн 2,800,000 төгрөг, алдангид илүү нэхэмжилсэн 1,005,140 төгрөг, нийт 3,805,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн, энэ талаар захирамж гарсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГМ ХХК-иас 11,880,580 /арван нэгэн сая найман зуун наян мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Стэп тауэр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,805,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГМ ХХК-иас 205,039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Стэп тауэр” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ