Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/03906

 


 

 

 

 

 

 

                             2020         11         09                                          

                     101/ШШ2020/03906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж ХХК-ийн байр 502-1 тоотод байрлах, А ХХК /РД:5574226/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48 гудамж, 10 тоотод оршин суух Э /РД:............../-д холбогдох,

4,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон компанийн гүйцэтгэх захирал О.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “... “Аминхүү   констракшн” ХХК нь “Вестерн Холд” ХХК-ийн Ховд аймгийн Буянт сумын нутагт хэрэгжүүлж байгаа Эко цементийн үйлдвэрийн төслийн гүйцэтгэсээр сонгогдон 2020 оны 04 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж өнөөг хүртэл хэвийн ажиллаж байгаа билээ. Бид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ажлаа нэмэн хугацааг сунган 2020 оны 10 сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр нэмж гэрээ байгуулсан юм. Гэрээт ажлыг хийхийн тулд зайлшгүй ажиллах хүч нэмэх, туслан гүйцэтгэгч авах шаардлагатай болсон учраас тэр хүрээндээ хариуцагч болох Этай тохиролцон 2020 оны 07 сарын 29 ний өдөр 20/66 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Гэрээнд зааснаар хариуцагч нь багадаа 25 хүний бүрэлдэхүүнтэй барилгын талбайд очиж ажлын 30 хоногт манай гэрээний ажлын нэг хэсэг болох 285-р блокийн цутгалтын ажлыг төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулагдаж гэрээт ажлыг хийхээр болсон учраас эхний 25 хүний Улаанбаатар хотоос барилгын талбайд очих хоол унааны зардал урьдчилгаа гэж 1,8 сая төгрөгийг өгсөн. Гэрээнд зааснаар ажил эхлүүлж 10 хоносон тохиолдолд эхний санхүүжилт өгөх байсан юм. Хариуцагч нь бид шинэ юм өмсмөөр байна мөн эхний санхүүжилт ортол тамхиар хангаад өг гэрээний дагуу манай байгууллага 25 блок буюу нэлээн их хэмжээний тамхийг авч барилгын талбайд өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь урьдчилгаа мөнгө авсан өдрөө явалгүй хугацаа алдсаар 2020 оны 08 сарын 02-ны өглөө барилгын талбайд очсон байдаг. Тэр өдрөө байрлаад барилгын ажилтайгаа танилцаад явж байгаад 2020 оны 08 сарын 03-ны өглөө албан ёсоор ажилдаа гарсан ч зохион байгуулалт муу, мөн ур чадваргүй, хоорондоо зохицож ажиллаж чадахгүй, удирдаж гэрээ хийсэн хариуцагч нь байнга барилгын талбайг орхиж Ховд аймгийн төв рүү явсаар хариуцагчийн бригадын залуучууд 4 хоног байрлаж байгууллагын хоол идэж шинэ хэрэглэлийг хэрэглэж муухайн болгон ажлаа санаатайгаар хаян 2020 оны 08 сарын 06 ны өдөр ажлын талбайг орхин гарцгаасан байдаг. Кемпээс гарсныхаа дараагаар материал байхгүй нь бид хийж чадахгүй юм байна, төсөөлж байснаас хэцүү юм байна хийж чадахгүй нь буцлаа гээд гэрээний үүргээ биелүүлэхгүй дангаараа зөрчин манай байгууллагад хохирол учруулан явсан. Хариуцагчийн дангаар гаргасан энэхүү хариуцлагагүй шийдвэр үйлдлээс болж манай байгууллага нэлээдгүй эдийн засгийн болон цагаа хугацаа эд материалын хохирол амсаад байна. Гэрээнд зааснаар эхний 10 хоног ажиллаад захиалагч манай байгууллагаас мөнгө төгрөг өгөөгүй бас материал багаж техникээр дутааж гэрээний үүргээ зөрчсөн бол өөр гэтэл хариуцагч нь өөрсдийн ажилчид биш гадна дотноос хүмүүс цуглуулан манай байгууллагад өөрсдийн ажиллах хүчтэй, туршлагатай баг гэж танилцуулж өндөр дүн бүхий гэрээ хийн их хэмжээний зардал гаргуулж цаг хугацаа алдуулчхаад өөрсдийн туршлагагүй мөн хоорондын хэрүүлээс бол ажил хаяж явчхаад байж боломгүй хэн ч итгэмээргүй материалгүй ажил явахгүй байна зүгээр суулаа хэмээн тайлбарласан. Гэтэл уг төсөлд одоогоор олон зуун тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт орж хотын болон орон нутгийн иргэдээс нийлсэн 10 компани 500 орчим ажилчид ажиллаж байна. Манай байгууллага ч 140 орчим ажилчин 4 инженерийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс хойш хэвийн сааталгүй ажиллаж байна. Бид захиалагч талаас хоол болон байрлах байраар хангуулдаг бөгөөд 1 ажилчдын 1 өдрийн 15,000 төгрөгөөр тооцож кемпийн үйлчилгээ авдаг. Хариуцагч нь хууран мэхлэн барилгын талбайд очиж учраа олохгүй 4 өдөр бүх зүйлээр хангуулснаас болж манай байгууллага хариуцагчийн өмнөөс мөн 20 хүний 4 өдөрт байрлаж идсэн хоол хүнсэнд 1,2 сая төгрөгийн төлбөр төлөхөөр болчихлоо. Хэрэв хариуцагч гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бол тамхины мөнгөнөөс бусад төлбөрийг манай байгууллага хариуцах байсан боловч хариуцагчийн зохион байгуулалтгүй, худал хуурмаг үйл ажиллагаанаас болж нэлээд хэмжээний хохирол амсаад байна. Хариуцагчийг олж өгсөн хүн болон хариуцагчаас манай байгууллагад учруулсан хохирлыг арилгаж өгнө үү гэх шаардлагыг амаар болон мессеж хэлбэрээр өгсөн ч төлөхгүй гэсэн тул арга буюу хууль хяналтын байгууллагад хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгасан хохирлыг гаргуулж өгнө үү. Иймд хариуцагчаас 2020 оны 07 сарын 30-ны урьдчилгаа төлбөр зардал гэж хариуцагчийн ХААН банкны 5400336597 тоот дансанд шилжүүлсэн төлбөр 1,800,000 төгрөг, кемпийн үйлчилгээ авсан “Вестерн Холд” ХХК-д өгөх төлбөр 1,200,000 төгрөг, 40 ширхэг шинэ хантааз нэг нь 6,000 төгрөг нийт 240,000 төгрөг, З0 ширхэг шинэ каскны үнэ болох тус бүр нь 8,000 төгрөгийн үнэтэй хэрэгслийн үнэ болох нийт 240,000 төгрөг, 20 блок ЛД клаб тамхи 1 нь 27,000 төгрөг 5 блок Ченж Ессэ 1 нь 31,000 төгрөг нийт 695,000 төгрөг нийтдээ 4,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрээ байгуулагдсан үйл явдал, ажиллах хүчний тоо, ажил гүйцэтгэх цаг хугацааны хувьд маргаангүй. Ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь захиалагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Захиалагч ажил гүйцэтгэгч нарт ажлын байр, шаардагдах материалаар хангах үүрэгтэй байсан. Захиалагчийн зүгээс бараа материал нийлүүлж ажил гүйцэтгэх боломжийг хангаагүй. Барилгын талбай дээр ямар нэгэн бэлтгэл хийгээгүй байсан учир ажил гүйцэтгэгч нар тэнд 5 хоног сул зогсолттой байсан. Ажил хэзээ эхлэхийг тодруулахад захиалагч нарын төлөөлөгч буюу инженерүүд ажил удахгүй эхэлнэ та нар түр хүлээж бай гэсэн тайлбар хэлдэг байсан. Ажил гүйцэтгэгчийн зүгээс тухайн ажлыг сарын дотор хийж дуусгах тооцоотой байсан учраас ажил цаг хугацааны хувьд хожимдож дараагийн ажилд нөлөөлөх байсан учир гэрээнээс татгалзаад татгалзсан мэдэгдлээ зохих ёсны албан тушаалтнуудад тайлбарлаж өгснөөр барилгын талбайг орхиж явсан байдаг. Уг талбайд байх хугацаанд хоол хүнсийг захиалагч талаас гаргаж өгсөнд маргаан байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хоёрдугаар бүлэгт захиалагчийн эрх үүрэгт захиалагч нь хоол хүнсний зардлыг зуун хувь хариуцах үүрэг хүлээсэн байдаг. 14-Тухайн ажилчдын хоолны зардлыг захиалагч хариуцах үүрэгтэй. Үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул хоолны зардал 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Очих унааны зардал 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага тодорхой болсон. Уг гэрээ 2020-07-29-ний өдөр байгуулагдсан. Замын зардал 2020-07-30-ны өдөр Бямбадорж гэдэг иргэнээс Эрхэмбаяр гэдэг иргэнд орж ирсэн. Энэ мөнгө ажил гүйцэтгэгч А ХХК-иас гараагүй захирал нь хувиасаа гаргасан тул зардал шаардах хууль зүйн үндэслэлгүй. Хантааз, каск, тамхины мөнгө тус тус нэхэмжилж байна. Хариуцагчийн зүгээс шинэ хантааз шаардахад захиалагч талаас өгсөн байдаг. Уг хантааз, каскыг барилгын талбайгаас явахдаа барилгын инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг инженерт хүлээлгэн өгсөн тул ажил гүйцэтгэгчээс шаардах эрхгүй. Тамхи хүлээж авсан үйл баримт байхгүй тул үндэслэлгүй. Захиалагчийн зүгээс замын зардал хоол хүнс гэх мэтийг өөрөө хариуцах үүрэг хүлээсэн. Гэрээ цуцлагдсанаас хойш бий болсон хохирлыг гэрээ зөрчсөнөөс үүссэн хохирол гэдэг болохоос гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тул хохирол гэж үзэж боломжгүй. Хоолны зардал бол захиалагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Тийм учраас 1,200,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс шаардах эрх үүсэхгүй. 1,800,000 төгрөг бол хариуцагч компаниас биш түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс хүлээж авсан учир Бямбадорж өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. “Аминхүү констракшн” компаниас замын зардлын санхүүгийн баримт гаргаж өгөөгүй тул үндэслэлгүй юм. Хантааз каскны мөнгийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Хантааз 40 ширхэг 240,000 төгрөг, каск 30 ширхэг гэдэг нь ор үндэслэлгүй зүйл байгаа юм. Хантааз каск дээр хохирол учирсан гэдэг зүйл нотлогдохгүй байгаа. Тамхины тухайд тайлбарыг баримтаар нотолж чадахгүй байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Аминхүү костракшн” ХХК хариуцагч Эт холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 1,800,000 төгрөг, хоолны зардалд 1,200,000 төгрөг, хантаазны үнэд 240,000 төгрөг, каскийн үнэд 240,000 төгрөг, тамхины үнэд 695,000 төгрөг, нийт 4,175,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй, урьдчилгааг замын зардалд тооцсон, тамхи хүлээн аваагүй, хантааз, каскийг буцааж өгсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал Ховд аймгийн Буянт сумын Хөх булан гэр газарт баригдаж байгаа цементийн үйлдвэрийн 285-р блокийн цутгалтын ажлыг ажил эхэлснээс хойш 30 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь 66,810,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Бямбадорж өөрийн данснаас хариуцагч Эын Хаан банкны 5400336597 тоот данс уруу 1,800,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, О.Бямбадоржийн Хаан банкны 5028685588 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч тал 1,800,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Хариуцагч тал ...О.Бямбадоржийн хувийн данс учир “Аминхүү костракшн” ХХК-ийн мөнгө биш, нэхэмжлэх эрхгүй... гэж татгалзаж байх боловч О.Бямбадорж нь шүүх хуралдаанд ...1,800,000 төгрөг нь компанийн мөнгө” гэж хүлээн зөвшөөрч байх тул 2020.07.30-ны өдөр О.Бямбадоржийн данснаас шилжигдсэн 1,800,000 төгрөгийг А ХХК нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

 

Гэрээний дагуу Э 2020 оны 8 сарын 2-ны өдөр 24 орчим ажилчдын хамт  Ховд аймгийн Буянт сумын Хөх булан гэр газарт баригдаж байгаа цементийн үйлдвэрт очиж 2020 оны 8 сарын 6-ны өдрийг хүртэл 4 хоног байрлаж, нэхэмжлэгчийн заасан “блокон баганыг босгож, бэхлэх” ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч талын ...ажиллах нөхцөлөөр хангаагүй... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх ба гэрээнд заагдсан ажлыг хийж, үр дүнг хүлээлгэн өгснөө нотлоогүй.

 

Ажил гүйцэтгэгч Э 2020.08.06-ны өдрөөс гэрээгээ цуцлан, ажлын байраа орхиж явснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх байна.

2020 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцэж байх тул ажил гүйцэтгэгч Э гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 1,800,000 төгрөгийг захиалагчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч тал урьдчилгаанд авсан 1,800,000 төгрөгийг Улаанбаатараас Ховд аймагт очсон замын зардалд зарцуулсан гэх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, захиалагч талаас шалтгаалж гэрээ цуцлагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул замын зардлыг А ХХК хариуцах үндэслэлгүй.

 

Э нь ажилчдын хамт 4 хоногт захиалагчийн заасан ажлыг хийсэн, уг ажлыг хийхдээ хантааз, каск ашигласан нь тогтоогдож байх боловч 40 ширхэг хантааз, 40 ширхэг каскийг хүлээн авсан нь тогтоогдохгүй, ашигласан зүйлүүдээ буцаан хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т “ багаж хэрэгсэл, хоол ундаар хангах” үүргийг А ХХК хариуцахаар тохиролцсон байх тул ашигласан гэх хантааз, каскийн үнэ, 4 хоногийн хоолны зардалд нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг Э-д хариуцуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь “Энхжин” ХХК-иас 695,000 төгрөгийг тамхийг худалдаж авсан нь зарлагын баримтыг хэрэгт өгсөн боловч 20 блок ЛД клаб тамхи 20* 27,000 төгрөг=540,000 төгрөг, Ченж Ессэ 5* 31,000 төгрөг=155,000 төгрөг, нийт 695,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Эт худалдахаар тохиролцож, хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Эаас тамхины үнэд 695,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Эаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 1,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс хантаазны үнэ 240,000 төгрөг, каскийн үнэ 240,000 төгрөг, тамхины үнэ 695,000 төгрөг, хоолны зардал 1,200,000 төгрөг, нийт 2,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эаас 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эаас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАТЦЭЦЭГ