Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/03888

 


 

 

 

 

 

 

                             2020         11         06                                          

                     101/ШШ2020/03888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..................... оршин суух П  /РД:............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах,  ерөнхий боловсролын сургууль/РД:9098208/-д холбогдох,

“Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий боловсролын  ерөнхий боловсролын сургууль сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509,388 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантуяа, Н.Мандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2019 оны 08 сарын 27-ны өдөр Нийслэлийн ........... бүрэн дунд сургуулийн Англи хэлний багшийн албан тушаалд 694,193 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Анх ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй туршилтын хугацаагаар ажилд авсан талаараа хэлж байсан ба 2019 оны 12 сарын 27-ны өдөр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн. Сургуулийн захиргаанаас надад 2020 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтын тушаал гаргаж 36 хоногийн амралтын олговор бодож гарт олгох цалин 1 238 068 төгрөгийг олгосон нь ажил олгогчоос хөдөлмөрийн тухай хууль, боловсролын тухай хуульд зааснаар нийт 48 хоногийн ээлжийн амралт бодох байснаас 12 хоногийн амралт дутуу бодож нийт гарт олгох 509 388 төгрөгийг дутуу олгосон. Энэ асуудлаар миний бие сургуулийн нягтлан бодогч Д.Мөнхтайванд хандаж тодруулахад “шинээр ажилд орсон багш нарт 36 хоногийн амралтын олговор олгоно гэсэн тушаалыг захирал гаргасан ” гэсэн хариу өгсөн. 2020 оны 07 сарын 07-ны өдөр “ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдэл манай гэрийн хаягаар ирж тус мэдэгдлээс декриттэй байсан ажилтан Золзаяагийн оронд ажиллаж байсан талаар анх удаа мэдсэн. Надтай ажил олгогчийн зүгээс анх ажилд авахдаа мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлснээс ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэлх хугацаанд декриттэй ажилтны оронд ажиллаж байгаа талаар огт хэлж байгаагүй. Улмаар 2020 оны 08 сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 , 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсныг надад танилцуулсан. Сургуулийн удирдлагаас ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулахдаа надад анх ажилд томилсон 2019 оны 09 сарын 06-ны өдрийн ажилд авсан тушаалыг танилцуулсан. Уг тушаалыг анх ажиллаж эхэлсэн үед болон хөдөлмөрийн гэрээ байгуулахад огт танилцуулаагүй. Миний бие дутуу олгосон амралтын мөнгөний талаар тодруулсны улмаас ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж байгаадаа маш их гомдолтой байна. Иймд Пунсалдулам намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 84-р сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн томилуулж, ажлаас халах тушаал гарсан буюу 2020 оны 08 сарын 07-ны өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олгосон олговрыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулгаас тооцоолж гаргасан 509, 388 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 9 сарын 1-нээс 2020 оны 6 сарын 1-нийг хүртэл ажилд томилогдсон гэж ойлгосон ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Пыг хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн жирэмсний амралттай англи хэлний багш Б.Золзаяагийн оронд 2019.08.27-ноос түр хугацаатай ажилд авсан. Декретгэй багшийн оронд түр ажиллах тушаалтай, 2020.06.15 хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй. Түр ажиллах хугацааг ажилтан мэдэж байсан төдийгүй хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Англи хэлний багш Б.Золзаяа нь 2020.07.07-нд ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн. Дээрх баримтуудаас харахад П нь “Ажлаас үндэслэлгүй халагдсан” биш түр ажиллах тушаалтай, 2020.06.15 хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй, түр эзгүй жирэмсний амралттай байсан үндсэн ажилтан багш Б.Золзаяа ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул хөдөлмөрийн гэрээ сунгагдаагүй, ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдоно.  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт “эзгүй байгаа ажилтны ажилдаа эргэн орох хүртэл” гэснийг үндэслэн ажилд түр авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтын дагуу хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон. Сургуулийн дотоод журмын 6.2.2 дахь заалт”...жирэмсний амралттай. удаан хугацааны өвчний чөлөөтэй гэх мэт эзгүй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бол ажлаас чөлөөлнө” гэсэн зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

3. Корона вирусийн цар тахлын үеийн хорио цээр тогтоосон нөхцөлд БСШУС-ын сайдын 2020 04 17-ны А/194 дүгээр тушаалын дагуу /БСШУсайдын тушаалын 1-рт: 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020.06.01-ний өдрөөр дуусгавар болгох. Уг тушаалын 4.8-д багш нарын амралтыг 6-р сарын эхний 7 хоногт багтаан эхлүүлэх тухай үүрэг өгсөн тул бүх багш нарын адил П нь 2020.06.02-ноос эхлэн ажилласан хугацааны амралтаа эдэлсэн. Үндсэн ажилтан Б.Золзаяа ажилдаа эргэн орох хүсэлтээ 5-р сард сургалтын менежер Ё.Лхагвацэрэнд хөдөөнөөс утсаар хэлсэн. Хариуд нь утсаар биш өөрийн биеэр ирж бичгээр ажилд орох хүсэлтээ өгдөг журмыг сануулсан байсан тул Б.Золзаяа нь 2020.07.07-нд өөрийн биеэр сургууль дээр ирж ажилдаа эргэн орох хүсэлт бүхий өргөдлөө бичиг хэргийн ажилтан Б.Оюунчимэгт өгсөн байдаг. Мөн тэр өдөр нь Пд хөдөлмөрийн түр гэрээ цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Б,Пунсалдулам нь ажилласан хугацааны амралтаа 2020.07.29 хүртэл эдэлсэн, Амралттай үед нь ажлаас чөлөөлөөгүй. Амралт нь дуусмагц Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. 2020.06.15 хүртэл ажиллана гэдгээ зөвшөөрч хөдөлмөрийн түр гэрээ байгуулан өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 06.15-нд дууссан, цаашид сунгагдахгүй нь тодорхой гэдгийг мэдэгдэх хуудаснаас П мэдэж байсан.

4. Ажилд орсноос хойш ажилласан хугацааны амралт эдэлж дуусах хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн 2020.08.03-наас хойш нийгмийн даатгалын шимтгэлээ иргэн өөрөө хариуцах ёстой.   

5. Түр эзгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа эргэн орох хүсэлтээ сургалтын менежер Ё.Лхагвацэрэнд утсаар 5-р сард мэдэгдсэн, оронд нь түр ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй нь тодорхой тул Пд 08 сарын 27-ноос 06 сарын 02 хүртэл 9 сар ажилласан хугацааны амралтын хоногийг 36 хоногоор тооцож Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн дүрэм журам, амралт олгох заавар зэргийг үндэслэн 36 хоногийн амралтын олговрыг олгосон болно. Багш нарын ээлжийн амралт 48 хоног байдаг. 1 сард 4 амралтын хоног тооцогддог тушаал шийдвэртэй. Санхүүгийн дүрэм журам, заавар зөрчиж бүтэн 48 хоногийн ээлжийн амралт олгох эрх захирал, нягтлан бодогч нарт байхгүй. Тэгсэн тохиолдолд жил бүр 2 удаа хийгддэг Аудитын шалгалтаар зөрчлийн акт тавигдаж илүү олговор мөнгө авсан ажилтан эргүүлэн төлж, олгосон, бодсон төсвийн захирагч захирал, нягтлан бодогч нар хариуцлага хүлээдэг. Түр ажилтанд ажилласан хугацааны амралтыг болон зохих мөнгөн олговрыг л олгодог заавартай. П нь “амралтын дутуу олгосон мөнгө” хэмээн нэрлэж илүү мөнгө нэхэх эрх зүйн үндэсгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ....” гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П хариуцагч Баянзүрх дүүргийн наян дөрөвдүгээр сургуульд холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий боловсролын  ерөнхий боловсролын сургууль сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509,388 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал “жирэмсэн, амаржсаны амралттай багшийн оронд түр авсан, уг багш ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн учраас ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь тооцож олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

П Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай тушаалаар англи хэлний багшаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар англи хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3, Сургуулийн дотоод журмын 6.2.2-д заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар Пыг ажлаас чөлөөлсөн байна.

Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургуулийн англи хэлний багш Б.Золзаяа жирэмсний амралтаа 2018 оны 11 сарын 1-ний өдрөөс авч, 2020 оны 8 сарын 17-ны өдөр ажилдаа орсон болох нь  ерөнхий боловсролын сургууль сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 31-ний Б/167, 2020 оны 8 сарын 17-ны Б/74 дугаартай тушаалууд, гэрч Б.Золзаяа, Ё.Лхагвацэрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургууль Пыг 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс ажилд томилсон байх тул уг өдрөөс талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2019 оны 12 сарын 27-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургууль Пыг 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Б.Золзаяа багшийн орон тоон дээр түр хугацаатай ангил хэлний багшаар томилсон болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....нэг жилийн буюу 2019 оны 9 сарын 1-нээс 2020 оны 6 сарын 1 хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж би ойлгосон... гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б.Золзаяа багшийн оронд түр гэрээгээр ажиллуулсан... гэх тайлбарууд, хөдөлмөрийн гэрээнд тусгасан ...хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3 дахь заалтуудын дагуу 2020 оны 6 сарын 15 хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан... гэх хэсэг,  ерөнхий боловсролын сургууль сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/64 дугаартай тушаал, 84-р сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 8 сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрчээр асуугдсан Ё.Лхагвацэрэн, С.Өлзийбаяр нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан байх ба англи хэлний багш Б.Золзаяа ажилдаа эргэн орох хүсэлтийг 2020 оны 7 сарын 7-ны өдөр гаргасны дагуу наяндөрөвдүгээр сургуулиас Пд 2020 оны 7 сарын 7-нд хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэнийг П 2020 оны 7 сарын 15-16-ны үед мэдсэн болох нь мэдэгдэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч мэдэгдлийг 2020.07.15-16-ны үед хүлээн авсан гэж тайлбарласан.

Б.Золзаяа багш ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан үндэслэлээр түүний оронд ажиллаж байсан П багшийг 2020 оны 8 сарын 7-ны өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг сунгаагүй нь Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, сургуулийн дотоод журмын 6.2.2-т нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн ...Б.Золзаяа багшийн оронд намайг авсан талаар хэлээгүй, ажилд авсан тушаалтай танилцуулаагүй... гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх ба тэрээр ажилд томилогдохдоо 2020 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар ажилд авсныг мэдсэн учир яагаад түр ажилд томилогдсон талаараа мэдэх боломжтой байсан ба Пд ажилд авсан тушаалыг танилцуулаагүй гэж хариуцагч талыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

П нь анх удаа наяндөрөвдүгээр сургуульд англи хэлний багшаар 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж, нийт 9 сарын хугацаанд цалин хөлсөө авч ажилласан болох нь зохигчийн тайлбар, Пын Голомт банкны 220811871 тоот дансны хуулга, 1522154 дугаартай Пын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 4 сарын 17-ны өдрийн А/194 тоот тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дуусгавар болгосон нь гэрч Ё.Лхагвацэрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Хариуцагч талын ...Б.Золзаяа багш ажилдаа орох хүсэлтээ 2020 оны 5 сард утсаар мэдэгдсэн ба бичгээр өгнө гэсэн тул П багшийн хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэл бүрдсэн, цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй учир ажилласан хугацаанд нь тохирсон 36 хоногоор ээлжийн амралтыг тооцсон... гэх тайлбар үндэслэлтэй байх ба ажилтан цаашид ажиллахгүй тохиолдолд урьд ээлжийн амралт эдэлсэн хугацаанаас хойш ажилласан хугацаанд тохирох амралтыг тооцож олгох хууль, журамтай.

П нь 2019 оны 9 сараас 2020 оны 5 сарыг дуустал ажилласан 9 сарын хугацаандаа тохирох ээлжийн амралт эдлэх эрхтэй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар тухайн ажилтны ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоох хуультай.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33….өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно” гэж заажээ.

П 48 хоног амрах эрхтэй боловч анх ажилд ороод нийт 9 сар ажилласан, цаашид хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр амрах нийт 48 хоногийг 12 сард хувааж, ажилласан 9 сараар үржүүлж, 36 хоногоор тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 сарын 14-ний өдрийн 166 тоот тушаал, түүний хавсралтад нийцсэн байна.

Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургуульд холбогдуулан гаргасан “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий боловсролын  ерөнхий боловсролын сургууль сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509,388 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжаар ээлжийн амралтын цалин  бодож олгосон хүснэгт гаргуулахаар шийдвэрлэсэн ба наяндөрөвдүгээр сургуулийн нягтлан бодогч Д.Мөнхтайван Пд ээлжийн амралт олгосон тухай тайлбарыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүгчийн захирамжид нийцсэн гэж үзсэн ба талууд 36 хоногоор тооцсон гэдэгтэй маргаагүйг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгээс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч Паас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах тухай шаардлагад  70,200 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургуульд холбогдуулан гаргасан “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий боловсролын  ерөнхий боловсролын сургууль сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509,388 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Паас төлсөн 15,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Паас 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ