Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2020/02060/И |
Дугаар | 001/ХТ2022/01001 |
Огноо | 2022-10-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/01001
Б.Батбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1930 дугаар магадлалтай,
Б.Батбаярын нэхэмжлэлтэй
Марч констракшн ХХК-д холбогдох
17,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Батбаяраас Марч констракшн ХХК-д холбогдуулан 17,080,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Марч констракшн ХХК-аас 17,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Марч констракшн ХХК-иас 243,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1930 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна.
Хянавал хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нь 2020.07.27 өдөр эмэг эхээ эмнэлэгт асарч байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч байгууллагаас чөлөө авсан баримтын хамт шүүхэд ирүүлжээ. Уг баримтыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлыг нотолсон гэж үзэхгүй. Гэвч түүний эмэг эх нь өвчтэй, эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа талаар эрх бүхий байгууллагын баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд надад 2020.07.23 өдөр буюу 2020.07.28 өдрийн шүүх хуралдаанаас 5 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Миний эмэг эх 2020.07.27 өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж эхэлсэн ба дэлхий даяар тархсан Корона вирусын цар тахлын улмаас тус эмнэлэгт онцгой хөл хорио тогтоож хэвтэн эмчлүүлж байгаа талаар нотлох баримт бэхжүүлэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нотлох боломжит хугацаа олгоогүй ба урд өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй, анх удаа хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байхад шүүх хуралдааныг хийсэн нь ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх гэсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх миний өгсөн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд дурдсан нөхцөл байдал үнэн зөв эсэхийг шинжлэн судалж, шалгалгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь ИХШХШТХ-н 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн Марч констракшн ХХК-аас 17,080,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 243,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Нэхэмжлэгч Б.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Марч Констракшн ХХК-тай 2018.10.15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот Захиалгаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгойд баригдаж буй Поларис апартмент-1 орон сууцанд 68.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 82,080,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах боломжгүй болсон нь илэрхий болсон үндэслэлээр захиалагчийн зүгээр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож, гэрээг цуцлахаар шийдвэрлэж, хариуцагч нь гэрээний нийт төлбөрийг гэрээ цуцалснаас хойш 60 хоногийн дотор буцааж өгөхөөр 2019.09.24-ний өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдсэн боловч мөн л буцааж өгөлгүй хугацаа хэтрүүлж, 2020.01.14-ний өдрөөс 2020.03.02-ны хооронд 65,000,000 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар 17,080,000 төгрөгийг төлөөгүй байна... гэж тайлбарласан,
Хариуцагчаас: ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангалгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж зохицуулсан боловч хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020.07.28-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2020.07.23-ны өдөр мэдэгдсэн, 2020.07.28-ны өдрийн шүүх хуралдаанд ...эмэг эх нь өвчтэй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтээ баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
10. Зохигч 2018.10.15-ны өдөр Захиалгаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн, гэрээний дагуу захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч орон сууц хугацаандаа ашиглалтанд орох боломжгүй нь илэрхий болсон үндэслэлээр талууд гэрээг цуцалж, гүйцэтгэгч гэрээний үнэ 82,080,000 төгрөгийг захиалагчид буцаан төлөхөөр харилцан тохиролцож, 2019.09.24-ний өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдсэн боловч протоколд дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогджээ.
Хариуцагчаас 17,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчид 2020.07.07-ны өдөр гардуулж өгсөн, хариуцагч нь шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 2020.07.27-ны өдөр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлснээс өөрөөр тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн... гэх дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1930 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Марч констракшн ХХК-иас 2020.10.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД