Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/03746

 

 

 

 

 

 

 

 

 

     2020 о     10 с        29 ө

Дугаар         101/ШШ2020/03746

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 52а байр, 2 давхарт байрлах А ХХК /РД:5346487/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ....................... тоотод оршин суух, Лхагвасүрэн овогтой Э /РД:..................7/-т холбогдох  

512,385,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Э нь 2019 оны 05 сарын 13-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ” 19/178, 19/179, 19/180 тоот гэрээнүүдийн дагуу А ХХК-иас Баянзүрх дүүрэг 25-р хорооны Сэлбэ хотхоны 97/4, 97/3 дугаар байрны дараах орон сууцуудыг бартер /барилгын материалаар/-аар төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.

Үүнд: 1. 97/4-р байр 9-р давхар, 35а тоот 75 м.кв 3 өрөө орон сууц, 1 м.кв 2,000,000=150,000,000

2. 97/4-р байр 9-р давхар, 41а тоот 75 м.кв 3 өрөө орон сууц, 1 м.кв 2,000,000=150,000,000

3. 97/4-р байр 13-р давхар, 71а тоот 75 м.кв 3 өрөө орон сууц, 1 м.кв 2,100,000=157,500,000

4. 97/3-р байр 11-р давхар, 59а тоот 75 м.кв 3 өрөө орон сууц, 1 м.кв 2,000,000=150,000,000 төгрөгөөр тооцож, нийт 607,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Л.Э төлбөрийг бартераар буюу 1 тонн арматурыг 1,850,000 төгрөгөөр тооцож, нийт 328 тонн арматурыг манай компанид нийлүүлэх ёстой байсан. Гэрээний дагуу манай компанийн зүгээс Л.Э болон түүний заасан этгээд рүү 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Л.Э нь 2019 оны 6 сарын 13-ны өдрийн дотор 328 тонн арматурыг нийлүүлэх ёстой байсан боловч 143.735 тонн буюу 265,909,750 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлсэн бөгөөд уг төлбөрийг 96/4-р байрны 8 давхрын 41а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрт болон 96/4-р байрны 13-р давхрын 71а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрөөс хасаж тооцож, үлдэгдэл 184.265 тн арматур буюу 341,590,250 төгрөгийг одоог хүртэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байгаа тул арга буюу шүүхэд хандахад хүрээд байна.

“Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.9-д Захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 7 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон болно. Гэрээний төлбөрийг төлөх сүүлийн хугацааг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тохиролцсон байсан боловч уг хугацаа өнгөрөөд 180 гаруй хоног болж байна.

Иймд А ХХК болон Л.Э нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 19/178 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт 150,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 19/179 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт 150,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 19/180 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 41,590,250 төгрөг, нийт үндсэн төлбөр 341,590,250 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 170,795,125 төгрөг, нийт 512,385,375 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч компани “Сүмт өргөө” ХХК-иас бетон зуурмагийн гэрээний дагуу уг байруудыг худалдан авсан, уг байруудыг өөрсдийн нэр дээр шилжүүлж авалгүй шууд Л.Эт худалдаж, түүний нэр дээр 2 орон сууцыг, 2 орон сууцыг Л.Эын заасан этгээдийн нэр дээр өмчлөх эрхийг гаргуулж өгсөн. Хариуцагч талаас энэ талаар маргадаггүй. Хариуцагчийн хариу тайлбарт 4 байрыг Л.Э болон Дулаан чанарт шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Маргаж байгаа үйл баримт нь 1 тонн арматурыг 2,000,000 төгрөг, нэг орон сууцны үнийг 90,000,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан байна, энэ нь худал юм. “Сүмт өргөө” болон “Авзага мээрэн” компанийн хооронд байгуулагдсан гэрээгээр 150,000,000 төгрөгийн үнэтэй гэдэг нь харагдаж байгаа. 1 тонн арматурын үнийн дүнгийн тухайд нэхэмжлэхдээ 1,850,000 төгрөгөөр гаргасан. Хариуцагч 2,000,000 төгрөг гэж маргаж байгаа тул зах зээлийн ханш болох Барилгын хөгжлийн төвөөс тодорхойлсон үнийн дундаж 1,769,000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байна.. Талууд гэрээний үнэд маргаж байгаа тул зах зээлийн ханшийг баримтлах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Авзага мээрэн” ХХК нь 2019 оны 05 сард “Дулаан чанар” ХХК-иас арматур худалдан авахаар уулзсан бөгөөд “Авзага мээрэн” ХХК-ийг Номин-Эрдэнэ гэх эмэгтэй Ганбаатар захирлыг төлөөлж ам хэлэлцээр хийсэн бөгөөд бидний үнийн саналыг Ганбаатар захирал нь хүлээн зөвшөөрч арматур худалдан авахаар тохиролцсон. "Авзага мээрэн”ХХК-нь бэлэн мөнгө байхгүй 100% бартераар буюу байраар солих санал тавьсны дагуу байрыг нь үзээд 1 тн арматурыг 2.000.000 төгрөг буюу 1 байрыг 45 тн арматур буюу 90,000,000 төгрөгөөр тооцон арматур авахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс байраа нэр дээр шилжүүл байр шилжсэн тохиолдолд арматурыг шилжүүлнэ гэсэн үүний дагуу “Орон сууцны захиалгын гэрээ” хийж, гэрээний дагуу байрны гэрчилгээ /үл хөдлөх/ нэр дээр гарна гэсний дагуу:

2019 оны 05 сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” 19/178

 2019 оны 05 сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” 19/179

 2019 оны 05 сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” 19/180 тоот гэрээ хийсэн. Иймд “Дулаан чанар” ХХК арматурыг:

1. 2019 оны 05 сарын 08 өдөр  31.037 тн “ Бат-Ирээдүй” ХХК

2.2019 оны 05 сарын 13 өдөр  21.774 тн “Бат-Ирээдүй” ХХК

3. 2019 оны 05 сарын 13 өдөр 36.894 тн “Авзага мээрэн” ХХК

4.2019 оны 05 сарын 15 өдөр 17.371 тн “ Авзага мээрэн” ХХК

5. 2019 оны 05 сарын 15 өдөр 31.957 тн “Авзага мээрэн” ХХК

6.2019 оны 05 сарын 16 өдөр  25.500 тн “Авзага мээрэн” ХХК

7. 2019 оны 05 сарын 23 өдөр 7.438 тн Бат-Ирээдүй” ХХК

8. 2019 оны 05 сарын 26 өдөр 5.200 тн “Бат-Ирээдүй'

9. 2019 оны 05 сарын 26 өдөр 32.014 тн арматурыг “Авзага мээрэн” ХХК-д нийт 209.185 тн арматурыг нийлүүлсэн.

Энэ нь 1 байрыг 45 тн арматураар солих аман гэрээний дагуу манай компани нь тохирсон арматурыг өгсөн. Иймээс арматур худалдан авсныхаа үнэнд 4 байрыг “Дулаан чанар” ХХК нь захирал Л.Эын нэр лүү шилжүүлсэн. Харин “Авзага мээрэн” ХХК-ны захирал Ганбаатар нь байрыг нэр дээр шилжүүлэхэд гэрээ шаардлагатай гэсний дагуу манай компанийн ажилтан Х.Гантулгатай ярилцан “Орон сууц захиалгын гэрээ” хийсэн гэх бөгөөд гэрээнд Л.Э гарын үсэг зураагүй. Л.Э нь байр /орон сууц/ захиалах ямар ч шаардлагагүй харин арматурыг бартераар буюу байраар сольё гэж “Авзага мээрэн” ХХК хүсэлт гаргасан тул манай компани зөвшөөрч байрыг нь авсан. Харин хэрэгт цугларсан баримтаас харахад уг байр нь “Авзага мээрэн” ХХК-ны байр биш болохыг мэдлээ. “Авзага мээрэн” ХХК нь ямар нэгэн байр /орон сууц/ бариулаагүй өөрийн байргүй харин бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг компани болохыг мэдлээ. “Авзага мээрэн” ХХК нь арматурыг өөрөө хэрэглээгүй бөгөөд манай компаниас авсан арматурыг “Сүмт өргөө” ХХК-д бартераар худалдаж байсан байна. Иймд “Авзага мээрэн” ХХК нь хуурч мэхлэн “Сүмт өргөө” ХХК-тай манай компаниас худалдан авсан арматурыг “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу бартераар авсан байрыг буюу бусдын хөрөнгийг “Орон сууц захиалгын гэрээ” болгон өөрчилж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Л.Эт холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 341,590,250 төгрөг, алдангид 170,795,125 төгрөг, нийт 512,385,375 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч тал “арматурыг бүрэн хүлээлгэн өгсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

“Сүмт өргөө” ХХК болон А ХХК-ийн хооронд 2019 оны 5 сарын 10-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх ба “Авзага мээрэн” ХХК-иас 2800 м.куб бетон зуурмаг хүлээлгэн өгөх, “Сүмт өргөө” ХХК төлбөрт тооцон орон сууцнуудыг шилжүүлэхээр тохиролцсон болох нь Сүмт өргөө” ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 сарын 10-ны өдрийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, Сүмт Өргөө ХХК-ийн 2020 оны 7 сарын 8-ны өдрийн 20/78 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 А ХХК болон Л.Э нарын хооронд 2019 оны 5 сарын 13-ны өдөр амаар болон бичгээр 19/178, 19/179, 19/180 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр А ХХК нь Л.Эт Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 35а, 41а, 59а, 71а тоот орон сууцуудыг худалдах, Л.Э нь орон сууцнуудын үнэд 1 тонн арматурыг 1,850,000 төгрөгөөр тооцож, 328 тонн арматурыг төлөхөөр тохиролцсон  болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

 

Худалдагч тал болох А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,

Л.Эын өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 35а тоот орон сууцыг,

Л.Эын өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 59а тоот орон сууцыг,

Л.Эын заасан этгээд Д.Эхбаатарын өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 71а тоот орон сууцыг,

Л.Эын заасан этгээд М.Борхүүгийн өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 41а тоот орон сууцыг тус тус шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрх нь баталгаажсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 сарын 16-ны өдрийн 8/441 тоот лавлагаа, уг лавлагаанд хавсаргаж ирүүлсэн баримтууд, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 сарын 16-ны өдрийн 8/441 тоот лавлагааны хамт “Сүмт Өргөө” ХХК-ийн иргэн Л.Э, Д.Эхбаатар, М.Борхүү нартай байгуулсан орон сууц захиалгаар бариулах 4 гэрээ хэрэгт авагдсан ба уг гэрээнүүдийг нэхэмжлэгч тал “улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд байгуулсан” гэж тайлбарласан нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар “Сүмт Өргөө” ХХК болон Л.Э, Д.Эхбаатар, М.Борхүү нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

А ХХК болон Л.Э нарын хооронд байгуулагдсан гэрээнд: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 35а тоот орон сууцыг 138,750,000 төгрөгөөр,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 59а тоот орон сууцыг 138,750,000 төгрөгөөр,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 71а тоот орон сууцыг 138,750,000 төгрөгөөр,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 41а тоот орон сууцыг 96,000,000 төгрөгөөр тус тус тооцож худалдахаар тохирсон байх тул Л.Э нь нэхэмжлэгч А ХХК-д нийт 512,250,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Дээр дурдсанаар А ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч Л.Э нь гэрээгээр тохирсон 512,250,000 төгрөгөөс 265,913,450 төгрөгийн 143.737 тонн арматурыг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн талын тайлбар, зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Л.Эыг 246,336,550 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-110, 111, 112, 113, 116/

 

Хариуцагч тал “1 тонн арматурыг 2,000,000 төгрөгөөр тохиролцсон, орон сууц тус бүрийг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 А ХХК нь “Сүмт өргөө” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байрны 35а, 41а, 59а, 71а тоот орон сууц тус бүрийг 150,000,000 төгрөгөөр, нийт 600,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, “Сүмт өргөө” ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 сарын 10-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.2-ын 1, 2, 3, 5.5-ын 1, 2, 3-т заасан зэргээр тогтоогдож байх боловч уг гэрээний үнээр А ХХК болон Л.Э нарын хооронд байгуулагдсан гэрээний үнийг тооцох боломжгүй, энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцэхгүй юм.

А ХХК нь Л.Эт орон сууцуудыг худалдахдаа НӨАТ тооцоогүй дүнгээр тооцож гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч талын тайлбараар шүүх НӨАТ-ыг 10 хувиар нэмж тооцож, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 97/4 байр, 35а тоот орон сууцны үнийг 150,000,000 төгрөгөөр, 41а тоот орон сууцны үнийг 150,000,000 төгрөгөөр, 59а тоот орон сууцны үнийг 150,000,000 төгрөгөөр, 71а тоот орон сууцны үнийг 157,500,000 төгрөгөөр тус тус тогтоох боломжгүй.

Нэхэмжлэгч талын ... хариуцагч тал 1 тонн арматурыг 2 сая төгрөгөөр тооцно гэсэн тул 1 тонн арматурын дундаж үнэ 1,769,000 төгрөгөөр тооцуулна... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, талууд гэрээгээр 1 тонн арматурыг 1,850,000 төгрөгөөр тохирсныг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн гэж үзнэ.

А ХХК болон Л.Э нарын хооронд байгуулагдсан гэрээний 4.9-д алданги төлөхөөр тохирсон боловч Л.Эын төлбөр төлөх хугацааг тохироогүй байх алданги тооцох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Л.Эаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 246,336,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэрээний үүрэгт илүү нэхэмжилсэн 95,253,700 төгрөг, алдангид нэхэмжилсэн 170,795,125 төгрөг, нийт 266,048,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Л.Эаас Ю.Сэвлэгмаад 2019 оны 11 сарын 14-ний өдөр итгэмжлэл олгосон байх ба Ю.Сэвлэгмаа 2019 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 300 гаруй хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, шүүхээс хариуцагч талын мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалттай хугацаагаар хангасан тул хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                         

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Эаас 246,336,550 /хоёр зуун дөчин зургаан сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 266,048,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,719,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 1,389,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2020/00755 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ