Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/03878

 

 

 

 

 

 

 

 

 

     2020 о     11 с        05 ө

Дугаар         101/ШШ2020/03878

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны төв байранд байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....................... М /РД:.................../,

Хариуцагч: ........................Э  /РД:......................./ нарт холбогдох  

29,328,517.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш, Т.Оччулуун, Г.Бямбасүрэн, хариуцагч М, Э, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М, Энар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ/3405111225 тоот зээлийн гэрээ байгуулж 13,500,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-нд ЗГ3405111225А тоот нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж 12,300,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай нэмэгдүүлж нийт цалингийн зээлийн үлдэгдэл нь 24,680,188.45 төгрөг болсон. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 2,960,681.04 төгрөг, хүүнд 3,138,491.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,720.33 төгрөг, нийт 6,101,893.14 төгрөгийн төлөлт хийсэн. 

М нь 2018 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Голомт банктай кредит картын гэрээ байгуулж 800,000 төгрөгийн зээлийг авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь ЗГ/3405111225 болон ЗГ/КР/462868******3875 тоот зээлийн гэрээнүүдийн хүлээсэн үүргээ зөрчиж 2020 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар 496-570 хоног хугацаа хэтэрч Зээлийн гэрээнүүдийн 3.1.1,5.2.1 заалтуудыг тус тус зөрчсөн тул, холбогдох хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээг цуцалж,

  1. Цалингийн зээл ЗГ3405111225 /төгрөг/ 

Хугацаа хэтрэлт

496 хоног

Зээлийн үндсэн төлбөр

22,839,318.96

Зээлийн хүү

4,698,069.69

Нэмэгдүүлсэн хүү

105,408.46

Нийт дүн

27,642,797.11

Кредит карт ЗГ/КР/ 462868******3875: /төгрөг/     

Хугацаа хэтрэлт

19 сар буюу 570 хоног

Зээлийн үндсэн төлбөр

868,463.55

Бэлэн 482,323.55

Бэлэн бус 386,140

Зээлийн үндсэн хүү

487,012.55

Бэлэн 320,745.16

Бэлэн бус 157,267.39

Зээлийн эрх хэтрүүлсний хүү

161,442.23

Зээлийн хугацаа хэтрүүлсний хүү

177,802.54

Нийт дүн

1,685,720.87

Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2019.02.01-ний өдрөөс хойш зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 161,442.23 төгрөг бодогдсон. Зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 15-наас өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2019.07.01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 177,802.54 төгрөг бодогдсон.

Иймд Голомт банк нь хариуцагч М, Энартай байгуулсан ЗГ3405111225 тоот гэрээг цуцалж өгнө үү. М, Энараас зээлд 27,642,797.11 төгрөг, Кредит картын төлбөрт 1,685,720.87 төгрөг, нийт 29,328,517.98 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мас манай банканд 2019 оны 11 сарын 7-нд хүсэлт гаргасан, уг баримтыг хэрэгт сая шинээр өгсөн. Уг хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2019 оны 11 сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, 2019 оны 11 сарын 21-ний өдөр гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн зээлд 23,124,710.96 төгрөг, хүүд 1,668,780.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,748.15 төгрөг, кредит картын бэлэн бус гүйлгээний зээлд 351,140 төгрөг, бэлэн зээлд 482,223.55 төгрөг, шимтгэлд 35,100 төгрөг, хүүд 252,235.64 төгрөг, эрх хэтрүүлсний хүүд 46,744.58 төгрөг, эргэн төлөлтийн хугацаанд хэтрүүлсэн хүүд 47,486.23 төгрөг, нийт 26,026,169.91 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргасан. Хариуцагч нар 2023 он хүртэл бар бүр багаар төлөлт хийх санал гаргасныг манай  тал хүлээн зөвшөөрөөгүй учраас эвлэрээгүй, 2020 оны 10 сарын 5-ны өдрийг хүртэл тооцож нэхэмжлэлээ гаргасан. 2019 оны 5 сард тус банканд гаргасан хүсэлтийн талаар мэдэхгүй байна ...” гэв.

Хариуцагч М, Энар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний амьдралд бий болсон зайлшгүй шалтгааны улмаас Голомт банкнаас авсан зээлээ гэрээний дагуу төлөх боломжгүй болмогц тусгай график гаргуулж, төлөх талаар Голомт банканд бид удаа дараа хүсэлт гаргасан, энэ талаар танай шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр удаа орсон. Бидний гаргасан саналыг Голомт банк хүлээн аваагүй, энэ тухайгаа бидэнд дариу мэдэгдээгүй, зээл хариуцсан ажилтан нь удаа дараа солигдож, бидний асуудалд хариуцлагагүй хандаж байсан хир нь бидний тус банкнаас авсан зээл, зээлийн хүү, алдангийг анх зээл авсан өдрөөс 2020.09.24-ний өдөр нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бүрэн тооцож, шаардаж байгааг бид шударга бус гэж үзэж байна. Уг зээлийг авахад би Төмөр замын ачиж буулгах тээвэрлэлт, механизмын ангид сантехникчээр, миний эхнэр ЭОрчлон олон улсын дунд сургуульд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед би 1,100,000 төгрөгийн, миний эхнэр 700,000 төгрөгийн сарын орлоготой байсан. Автомашин худалдан авч, хувийн хэрэгцээнд унахын зэрэгцээ такси үйлчилгээ эрхэлж, нэмэлт орлого олох, жижиг бизнес эрхлэх зорилгоор бид Голомт банкнаас 13.500.000 төгрөг, 2018.11.5-ны өдөр 12.300.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай авсан. Хадам аав маань нас барах, хүүхэд өвдөх, сургуульд орох зэрэг асуудлууд тулгарч байсан, санхүүгийн хэрэгцээ маш их болж байсан учраас 2018 оны 7 сард Голомт банкны санал болгосноор бид хоёр тус бүрдээ кредит карт авсан. 2018 оны 8 сард миний охин Хэрлэн гарцаагүй шалтгаанаар Төмөр замын 73 дугаар дунд сургуульд орсон, 6 настай охиноо Тахилтаас сургуульд нь зөөх ёстой болсон учраас эхнэр маань  ажлаасаа нэг жилийн чөлөө авсан юм. Ингэснээр би өөрийн цалингаар хоёр банканд зээл төлөх ёстой болсон. Илүү цагаар ажиллах, боломжит эх сурвалжаас зээл авах зэрэг бүх боломжоо ашиглаж, 2019.2 сар хүртэл зээлээ графикийн дагуу төлж байсан. Зээлийн төлбөр болон энэ үед гарсан амьжиргааны зайлшгүй зардлыг төлөхийн тулд бид ах дүү, төрөл төрөгсөд, Лэндмн ББСБ-аас зээл, дэмжлэг их авсан. Сэтгэл санааны хямралд орж, хааяа архи уух болсон маань 2019.2 сард албан тушаал, цалин 250,000 төгрөгөөр буурахад хүргэсэн. 2019.02.19-ний өдөр би халамцуу байхдаа амиа хорлох оролдлого хийж, өөрийгөө тоононоосоо дүүжилсэн. Олс хэврэг байсан, дунд хүү маань цагаа олж гэртээ орж ирсэн учраас амь гарч, нагац эгч Ж.Адъяагийн тусламжтай 3.1-нээс 3.20-ны өдрийг хүртэл Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Түүнээс хойш миний бие, сэтгэл санаа хэвийн байдалд орохгүй байсаар 2019.05.09-ний өдөр ажлаасаа бүрмөсөн гарсан. Голомт банкны тухайд тус банкны Варрете төв дэх салбарын захирал н.Энхтүвшин болон банкны бусад ажилтнууд миний тавьсан асуудалд хайнга, хариуцлагагүй хандсан нь өр нэмэгдэхэд хүргэсэн. Амиа хорлох оролдлого хийснээс маань хойш миний нагац эгч Ж.Адъяа, түүний охин Г.Болортуяа нар манай гэр бүлд санаа тавьж, санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш их тусалж байгаа. Угийн өөрийгөө илэрхийлэх чадвар муутайн дээр бие тааруухан байсан учир би үеэл Г.Болортуяагийн хамт 2019 оны 6 сард н.Энхтүвшин захиралтай уулзаж, бичгээр тавьсан хүсэлтээ тайлбарласан. н.Энхтүвшин захирал хүсэлтийг төвдөө шилжүүлж, шийдвэрлүүлэхээр болсон боловч 2019 оны 11 сарыг хүртэл ямар нэг ажиллагаа хийгээгүй. Дахин сануулснаар 2019 оны 11 сарын 7-ны өдөр асуудал маань Голомт банкны төвийн эдийн засагч З.Цэндбаярт шилжиж, 2019 оны 12 дугаар сард танай  шүүхэд эвлэрүүлэн зуучлах анхны ажиллагаа хийгдсэн. Энэ үед Голомт банкнаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 26,026,169.91 төгрөгөөс 1,040,151.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулах нөхцөл тавьсан.  Энэ нөхцөл нь  2019 оны 11 сараас Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгт манаачаар ажиллаж 500,000 төгрөгийн цалин авах болсон би, ажил олдсон тохиолдолд айлд гэрийн үйлчлэгчээр ажиллаж өдөртөө 30,000 төгрөг олдог эхнэрийн маань хувьд боломжгүй зүйл байсан тул эвлэрүүлэн зуучлагч банкийг нөхцөлөө эргэн харахыг зөвлөж, 2020.01.23-нд эвлэрүүлэх ажиллагааг ахин явуулахаар тохиролцсон. Гэвч Голомт банкны эдийн засагч огт сураггүй болж, бидний дуудлага мессежинд хариу өгөхгүй байсаар, 2020.02.17-ны өдөр миний асуудлыг Бадамханд гэдэг эдийн засагч хариуцах болсныг Г.Болортуяад мессежээр мэдэгдсэн. Шинэ хүмүүст асуудлаа дахин тайлбарлах зэргээр цаг алдсаны эцэст 2020 оны 4 сард эвлэрүүлэн зуучлах хоёр дахь ажиллагаа болсон. Голомт банкны эдийн засагч Бадамханд, хуульч хоёр өмнөх нөхцөлөө дахин тавьж. Эвлэрүүлэн зуучлагч нөхцөлөө эргэж харахыг дахин зөвлөснөөр энэ асуудалд гацсан юм. Бид шударгаар хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа өөд татаж, гурван хүүхдээ хүний зэрэгт хүргэх хүсэлтэй жирийн гэр бүл. Бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх, банкнаас авсан зээлээ төлөхийг чадлаараа хичээдэг. Амьдрал маш хүнд байсан ч бид санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, эхнэр Энх-Өнөрийн нэр дээр авсан Голомт банкны зээлийн картын төлбөр зэргийг бүрэн төлж, Хас банкнаас авсан зээлээ графикийн дагуу төлж байгаа. Харин Голомт банк асуудалд хариуцлагагүй хандаж, удаашруулснаар бидний өр үлэмж нэмэгдсэн, нэмэгдсэн дүнгээр төлбөр нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Дарамтад орсондоо өөрсдөдөө бас зээлдэгчээ бүрэн дүүрэн судалдаггүй, харилцагчийнхаа тавьсан хүсэлтэд хариуцлагагүй ханддаг, хүнийг биш хүүг чухалчилж ажилладаг Голомт банканд гомдолтой байна. Миний үеэл Г.Болортуяа банкны эдийн засагч мэргэжилтэй нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлахгүйгээр, цалингийн зээл олгох зөвшөөрөгдсөн хэмжээ болох өрхийн нийтийн орлогын 65 орчим хувиар хэтрүүлэн, 80 орчим хувьд харгалзах цалингийн зээл олгож, өрийн дарамтад оруулсан үйлдэлдээ Голомт банк хариуцлага хүлээх ёстой тухай удаа дараа сануулахад “насанд хүрсэн хүн өөрөө хүсэж зээлийн гэрээ байгуулсан учраас 65 хувийн квот хамаагүй, цалингийн зээл олгоход зээлдэгчийн байдлыг судлах шаардлагагүй гэсэн хариулт өгч байсан. Зээлээ төлөөгүйгээ өмгөөлөх гэсэнгүй, харин банк зээлдэгчийн өмнө үүрэг хүлээх ёстойг сануулах гэсэн төлөөгүйгээ өмгөөлөх гэсэнгүй, харин банк зээлдэгчийн өмнө үүрэг хүлээх ёстойг сануулах гэсэн юм. Голомт банкнаас нэхэмжилж байгаа 29,328,517.98 төгрөгийг төлөх боломж үнэхээр байхгүй, цалингаас өөр орлогогүй. Одоогоор хамаатныхаа хашаанд, ахынхаа хуучин гэрийг барьж амьдарч байна. 2019 оны 5 сараас эхлэн нөхцөл байдлаа учирлаж, хүсэлт тавьсаар байхад асуудлыг удаашруулсан хир нь ийм төлбөр нэхэмжлэх эрх Голомт банканд байхгүй гэж үзэж байна. Харин Голомт банкнаас үндсэн зээл, түүний хүүг боломжит хамгийн бага дүнгээр тооцож төлбөрийг урт хугацаанд төлж барагдуулах боломж олговол бид гэрээний үүргээ биелүүлэхээр чармайн хөдөлмөрлөхөд бэлэн байна...” гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК хариуцагч М, Энарт холбогдуулан “2018.05.10-ны өдрийн зээлд 22,839,318.96 төгрөг, зээлийн хүүд 4,698,069.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 105,408.46 төгрөг, нийт 27,642,797.11 төгрөг, 2018.07.5-ны кредит картын бэлэн бус гүйлгээний зээлд 386,140 төгрөг, бэлэн зээлд 482,323.55 төгрөг, бэлэн зээлийн хүүд 320,745.16 төгрөг, бэлэн бус зээлийн хүүд 157,267.39 төгрөг,  зээлийн эрх хэтрүүлсний хүүд 161,442.23 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүд 177,802.54 төгрөг, нийт 1,685,720.87 төгрөг, бүгд 29,328,517.98 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “зээл төлөх боломжгүй нөхцөл байдлаа банканд 2019 оны 5 сард мэдэгдсээр байтал хүүг зогсоогоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх боловч хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээгээр зөвшөөрөхгүй байгаа талаарх тооцооллоо тайлбарлаж чадахгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК 2018 оны 5 сарын 10-ны өдөр 13,500,000 төгрөгийг хариуцагч М, Энарт 4 жилийн хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлсэн, 2018 оны 11 сарын 5-ны өдөр 2018 оны 5 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж,  24,680,188.45 төгрөгийг зээлийг 15.6 хувийн хүүтэй, 2023 оны 10 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаатай байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК 2018 оны 7 сарын 5-ны өдөр 800,000 төгрөгийг хариуцагч Мд 2 жилийн хугацаатай, бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэйгээр, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тохиролцон  зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

2018 оны 5 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний зээлдэгч тал М, Энар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “Голомт банк” ХХК өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

 

2018 оны 7 сарын 5-ны өдрийн кредит карт эзэмших гэрээ Голомт банк ХХК болон М нарын хооронд байгуулагдсан байх тул хариуцагч М хариуцах үндэслэлтэй.

 

 “Голомт банк” ХХК 2018.05.10-нд 13,500,000 төгрөг, 2018.11.05-нд 12,300,000 төгрөгийг тус тус зээлдэгч Л.Мөнхтулгын дансанд шилжүүлэн өгсөн болох нь Л.Мөнхтулгын Голомт банк дахь 3405111225 тоот дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зээлдэгч М кредит картаар 2018 оны 7 сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  бэлнээр 482,223.55 төгрөг, бэлэн бусаар 351,140 төгрөг, нийт 833,363.55 төгрөгийг ашигласан болох нь Л.Мөнхтулгын зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зээлдэгч нар 2018 оны 5 сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 сарын 5-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 6,101,893.14 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Хариуцагч Мас зээлийн болон кредит карт эзэмших гэрээг цуцлах талаар хүсэлтийг 2019 оны 11 сарын 7-нд Голомт банк ХХК-д өгсөн болох нь зохигчийн тайлбар, Л.Мөнхтулгын Голомт банканд гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 30-ны өдөр, кредит картын зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 сарын 5-нд тус тус дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлдэгч нар төлбөрийн чадвар буурсан үндэслэлээр хүсэлт гаргасны улмаас “Голомт банк” ХХК М, Энараас 2019 оны 11 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон, гэрээгээ цуцалж, зээлийн болон кредит карт эзэмших гэрээний үүрэгт нийт 26,026,169.91 төгрөгийг гаргуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2019 оны 11 сарын 21-нд өргөдөл гаргасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Голомт банк ХХК нь зээлдэгч Л.Мөнхтулгын гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн болон кредит карт эзэмших гэрээний үүрэгт нийт 26,026,169.91 төгрөгийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандан, ажиллагаа явагдсан нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон кредит карт эзэмших гэрээг хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал 2019 оны 11 сарын 19-ний өдөр гэрээг цуцалж, эвлэрүүлэн зуучлалд 2018.05.10-ны өдрийн зээлд 23,124,710.96 төгрөг, зээлийн хүүд 1,668,780.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,748.15 төгрөг, нийт 24,811,239.91 төгрөг, 2018.07.05-ны кредит картын бэлэн бус гүйлгээний зээлд 351,140 төгрөг, бэлэн зээлд 482,323.55 төгрөг, шимтгэлд 35,100 төгрөг, зээлийн хүүд 252,235.64 төгрөг,  зээлийн эрх хэтрүүлсний хүүд 46,744.58 төгрөг, эргэн төлөлтийн хугацаанд хэтрүүлсэн хүүд 47,486.23 төгрөг, нийт 1,214,930 төгрөг, бүгд 26,026,169.91 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь талаар талууд маргахгүй, уг тооцоолол нь хууль болон гэрээнд нийцэж байна.

 

Хариуцагч талын ...Голомт банканд ажилгүйн улмаас зээл төлөх чадваргүй болсон нөхцөл байдлаа мэдэгдсээр байтал шийдвэрлэж өгөөгүйгээс 2019 оны 11 сараас хойш 2020 оны 10 сарыг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдсэнд гомдолтой... гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

2019 оны 11 сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцоод зээлийн болон кредит карт эзэмших гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь тогтоогдсон тул хариуцагч нарын 2020.02.03-нд төлсөн 212,726 төгрөг, 2020.06.02-нд төлсөн 72,666 төгрөг, нийт 285,392 төгрөгийг 2018 оны 5 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 24,811,239.91 төгрөгөөс хасаж, 24,525,847.91 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Дээр дурдсанаас дүгнэж, 2019 оны 11 сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцоод зээлийн болон кредит карт эзэмших гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болохыг тогтоож, хариуцагч М, Энараас 2018 оны 5 сарын 10, 2018 оны 11 сарын 5-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгт 24,525,847.91 төгрөгийг, хариуцагч Мас 2018 оны 7 сарын 5-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэгт 1,214,930 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд илүү нэхэмжилсэн 3,587,740.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М, Энараас 24,525,847.91 /хорин дөрвөн сая таван зуун хорин таван мянга найман зуун дөчин долоон төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Мас 1,214,930 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,587,740.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М, Энараас 286,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ