Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2020/02986/И |
Дугаар | 001/ХТ2022/00999 |
Огноо | 2022-10-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/00999
Ж.Болорчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2135 дугаар магадлалтай,
Ж.Болорчимэгийн нэхэмжлэлтэй
Б.Цэрэндолгорт холбогдох
Гэм хорын хохиролд 2,445,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ж.Болорчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.Болорчимэгээс Б.Цэрэндолгорт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,445,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэндолгороос гэм хорын хохиролд 1,945,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Болорчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Болорчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэрэндолгороос 46,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2135 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.Болорчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд ус алдсан улмаас хохирол учирсан талаар хариуцагч маргаагүй, учир нь би нийт 2,445,400 төгрөг нэхэмжилснээс Ашид билгүүн үнэлгээний компанийн гаргасан хохирлын хэмжээ болох 1,945,000 төгрөг болсон тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ гаргасан дүгнэлтийг үндэслэж шүүх бодит үнэлгээний дагуу 1,945,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрсөн. Энэ бол учирсан бодит хохирлын үнэлгээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ус алдсан талбайд зайлшгүй засвар хийхээр гарах хохирлыг тогтоосон уу, эсхүл уг орон сууцны нийт талбайг хамаарч засахад гарах хохирлыг тогтоосон уу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогоогүй байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Миний нэхэмжлээгүй зүйлийг хальж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн эвлэрүүлэх үйл ажиллагаа хурлаас өмнө болон хурал эхлэхээс өмнөх шатанд явагдсан. Бид эвлэрээгүй учир шүүх хурал явагдсан. Энэ үйл ажиллагаа нь хурлын протоколд тэмдэглэгдсэн болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч Ж.Болорчимэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017.07.16-ны өдөр Эрээн хот руу эмчилгээнд яваад 2017.07.19-ний өдөр гэртээ орж ирэхэд шагайгаар татсан ус болсон байсан. Би 2013 оны 6 дугаар сард энэ байрыг худалдаж авсан. Тэрнээс хойш хариуцагчийн байрнаас 4 удаа ус алдаж байгаа. Би уран бүтээлч хүн. Уран бүтээлүүдээ орон дээрээ тавьсан байсан. Бүгд усанд автсан. Гутал, хувцас бүгд усанд автаад хэрэглэх боломжгүй болсон. Би тэр бүрийн үнэлгээг нэхэмжлээгүй. Байранд засвар хийсэн төлбөр, гарсан зардалтайгаа нэхэмжилж байна. Ашид билгүүн ХХК 1,945,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Мөн эрэн сурвалжилсан зардал 140,400 төгрөг, өмгөөлөгчийн зардал 200,000 төгрөг, нийт 2,445,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,
Хариуцагч хариу тайлбартаа ...2017.07.17-нд жижиг өрөө түрээсэлдэг Мягмарсайхан ярихад нь би тэр хавиар ойрхон явж байсан. 19 цагт орж үзсэн. Доод айлд орох гэтэл хүнгүй байсан. 2017.07.27-нд Ж.Болорчимэгтэй уулзахад дээд тааз нь шарласан байсан. 80,000 төгрөг болох байх гэхээр нь эгч нь 50,000 төгрөг өгье гэсэн чинь таньтай тохиролцохгүй юм байна гэсэн. 2018 оны 01 дүгээр сард намайг эрэн сурвалжилж байна гээд Баянгол дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс очиж оршин суугаа хаягаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ус алдахад надаас шалтгаалсан зүйл байхгүй... гэжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,945,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
8. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүх эвлэрүүлэх ажллагаа хийсэн болох нь хурлын тэмдэглэлд тусгагдасан байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүн уг ус алдсан талбайд зайлшгүй засвар хийхэд гарах хохирол эсхүл уг орон сууцны нийт талбайг хамаарч засахад гарах хохирлыг тогтоосон эсэх нь баримтаар тогтоогдоогүй, шүүх эвлэрүүлэх ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй... гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай, шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.
10. Хэрэгт цугларсан баримтаар 2017.07.17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 129 тоотын оршин суугч Б.Цэрэндолгор нь халаах хэрэгслийн хий авах зориулалтын бус цоргон Винтель онгорхой орхисны улмаас ус алдаж, Ж.Болорчимэгийн өмчлөлийн 42 дугаар байрны 125 тоотын том өрөөний хана, таазны эмульс шохой ховхорч унасан, жижиг өрөөний хана, таазны эмульс шохой ховхорч унасан, гал тогооны өрөөний хана, таазны эмульс шохой ховхорч, мөн паркетан шал норж хөндийрсөн зэрэг гэмтэл учруулсан нь Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлох актаар, дээрх эд хөрөнгийн засварын зардлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний Ашидбилгүүн ХХК 1,945,400 төгрөгөөр тус тус үнэлсэн үйл баримт тогтоогдсон байна.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрууахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорыг түүнийг засан сайжруулах засварын зардлын хэмжээгээр тодорхойлж гэм буруутай этгээд буюу хариуцагчаас шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашидбилгүүн ХХК үнэлэгдэж буй хөрөнгийн тухай товч мэдээлэлдээ Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 45-125 тоот орон сууцны жижиг өрөө, хүүхдийн өрөөний ханын обой, шалны паркет, таазны эмульс, том өрөөний ханын обой, таазны хүрээ, гал тогоо, коридорын таазны эмульс, шалны паркет норж хууларсан, шарласан, паркет зай засвар гарч хавантаж овойсон гэж тодорхойлсон нь Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тодорхойлох актад дурдагдсан хохирол болох нь нотлогдож байх тул давж заалдах шатны шүүхээс ...Ашидбилгүүн ХХК-ийн үнэлгээ хохирол учирсан зай талбайд засвар хийхэд гарах зардал, эсхүл орон сууцны нийт талбайд засвар хийхэд гарах зардлын алин болох нь тодорхойгүй... гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
13. Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчид гэм хор учирснаас хойш хариуцагч нь хаягтаа байхгүй, хаа байгаа нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарч байсан, анхан шатны шүүх хуралдаанд зохигч эвлэрэх боломжгүй талаар тайлбарласан, мөн шатны шүүх зохигчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлалын туслалцаа авах боломжтой тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эрхийг танилцуулж байсан нь зохигчид эрх, үүрэг танилцуулсан баримтад тэмдэглэгдсэн байх тул ...шүүх зохигчийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй... гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байна.
14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2135 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Болорчимэгийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Болорчимэгээс 2020.11.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД