Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/02725

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Д  ХХК -д холбогдох

 

М Д  ХХК-ийн Даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д  нь М Д  ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тогтоол болон компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/19-208 дугаартай тушаалаар тус компанийн даатгал хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажилласан юм.

Д.Д  нь үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж, үзүүлэлт өндөртэй ажиллаж байсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны М Д  ХХК-ийн жилийн эцсийн тайлангаар 400,000,000 гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн. Байгууллагын удирдлагын зүгээс 2020 оны 03 дугаар сараас Д.Д ыг ажлын байранд ирэхгүй, шаардлага хэмээн яриа хөөрөө гаргаж улмаар ажлаар хангахаа больсон юм.

Д.Д  нь дээрх нөхцөл байдлыг хэсэг харзнасан боловч юу ч өөрчлөгдөхгүй байсан болохоор шинээр томилогдсон М Д  ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Одод хандаж хөдөлмөрийн нөхцөл байдал, ажлын байрны тухай ярихад тэрээр Д.Д т тоймтой хариу өгөөгүй юм. Д.Д  нь ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрээ гаргаач ээ гэж удаа дараа хандсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчид цалин хөлс бодоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй юм.

Ингээд санаандгүй байдлаар Д.Д ын санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтаас уг хорооны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 486 дугаар тогтоолоор 2019 оны 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж Д.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай зүйлийг олж үзлээ. 2019 оны 94 дүгээр тогтоол нь зохицуулалттай байгууллагын удирдлагад ажиллаж болох эсэхийг тодорхойлсон шийдвэр юм.

Энэ тогтоолын агуулгаас харахад М Д  ХХК Д.Д ыг ямар нэгэн байдлаар, өөрт нь мэдэгдэхгүйгээр ажлаас халсан юм байна гэж ойлгогдож байна. Д.Д  нь М Д  ХХК-д ажлаас халсан шийдвэрээ өгөх талаар хандсан боловч түүнд хариу өгөхгүй, мөн ажлын байранд нэвтрүүлэхгүй байна.

Иймд хариуцагч М Д  ХХК нь Д.Д ыг үндэслэлгүйгээр М Д  ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас халсан байх тул Д.Д ыг М Д  ХХК-ийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг энэ өдрийг хүртэл тооцон 35,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Д  нь М Д  ХХК-ийн дэд захирлын албан тушаалд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Түвшин буюу манай компанийн эцсийн хувьцаа эзэмшигч болон Тэгш арвид ХХК нарын хооронд байгуулагдсан менежментийн хэлцлийн үндсэн дээр томилогдсон байдаг. Энэ харилцаа 2017 оны намраас эхлээд 2018 онд үүссэн. Тэгш арвид ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнххишиг, Д.Д , н.Нандин-Эрдэнэ нар нь н.Түвшин хувьцаа эзэмшигчтэй уулзаж компанийн менежментийг цааш сайжруулан авч явах талаар хэлцэл хийсэн.

Уг хэлцлийн дагуу компанийн удирдлагыг шилжүүлэн авах, компанийн 21 хүртэлх хувийг эзэмших байдлаар менежментийг үргэлжлүүлэн явна гэх хэлцэл хийгдсэн. Уг хэлцлийг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Тэгш арвид ХХК М Д  ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй харилцаа үүсч, М Д  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Тэгш арвид ХХК орж ирсэн. Тэгш арвид ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн хүсэлтээр менежментийн гэрээний төлбөрийг ажилтны хувийн данс руу цалин оруулах байдлаар тохиролцож, гүйцэтгэх захирал болон дэд захирлын албан тушаалд томилж, үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байсан.

Тэгш арвид ХХК буюу менежментийн компани нь менежментийн хэлцэл хийсэн үр дүндээ хүрч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад 400,000,000 төгрөгийг ашигтай ажилласан гэх боловч энэ нь аудит болон компанийн ашигтай ажиллагааны тайлан зэргээр худлаа гаргасан гэдэг нь тогтоогдсон. Мөн манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс Тэгш арвид ХХК-тай харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн санал санаачлагыг гаргаагүй байхад Тэгш арвид ХХК нь өөрсдөө харилцаанаас татгалзаж, компанийн удирдлагыг буцаан шилжүүлэн авах хүсэлтийг тавьсан. Тэгш арвид ХХК-ийн хувьцаа эзэмшигч манай компанийн дэд захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Д  нь компанийн буюу өөрийнхөө удирдлагад ажилладаг н.Олдохбаяр гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаатай гэх асуудал үүсч, уг асуудал нь тэдгээр хүмүүсийн фэйсбүүк чат болон бусад мэдээлэл компанийн ажилчдын дунд тархсан. Үүний улмаас компанийн ажилчдын дунд маш таагүй байдал бий болж, энэ асуудал компанийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэгдэж шийдэгдсэн.

Д.Д  болон н.Олдохбаяр нар өөрийн асуудлаа шийдвэрлэж, хэн нэгэн нь ажилдаа үлдэх, нэг нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж болно гэх асуудлыг дүгнэлтээрээ гаргаж өгсөн. Д.Д  нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс тус компанид ажил үүргээ гүйцэтгэхээр нэг ч ирээгүй 7 сар явсан. Д.Д  нь миний тушаалыг ямар ч хамаагүй байдлаар гаргачих гэж хэлдэг байсан. Д.Д  нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Од гэх хүнтэй ажил үүргээ хүлээлцэж, өрөөгөө суллаж өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сард гүйцэтгэх захирал М.Одтой уулзаж 3 дугаар сарын нийгмийн даатгалыг таслахгүй бодож өгнө үү гэх хүсэлтийг тавьж, гүйцэтгэх захирал М.Од хүсэлтийг хүлээн авч 2020 оны 03 дугаар сард амралтын мөнгийг нь бодож тооцоог дуусгасан бөгөөд дээрх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн.

Д.Д  нь өөрөө ажилдаа ирэхгүй байсан атлаа 2020 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгш арвид ХХК хувьцаагаа буцаж худалдан авч 1,1 тэрбум төгрөгийн шаардлагыг хувьцаа эзэмшигч н.Түвшинд тавьж, уг хэлцэл дээр тодорхой шийдвэрийг аль аль талаас тохиролцож чадахгүй байсан учраас давхар уг асуудлыг хөндөж оруулан ирсэн байдаг. Д.Д ын тушаал гарснаар ажил үүргийн харилцаа дуусгавар болоогүй, үүнээс үүдэж ямар нэгэн үр дагавар бий болоогүй. Харин Д.Д  нь тушаал гарахаас өмнө үүрэг гүйцэтгэхээ больж ажилдаа ирээгүй. Д.Д ын ямар ч хамаагүй тушаал гаргачих гэсэн хүсэлтийг нь үндэслээд тушаал гаргасан. Дээрх нөхцөл байдлаар харахад талуудын хоорондын харилцаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болгосон нь харагдаж байна. Гэхдээ компанийн удирдлагын зүгээс дуусгавар болгоогүй, Тэгш арвид ХХК өөрсдөө санал гаргасан.

Тушаалд дурдагдсан бүтэц орон тоо батлах тухай тогтоол гарснаар Д.Д  халагдаагүй, Тэгш арвид ХХК манай компанийн үйл ажиллагааг цаашид авч явах менежмент хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж энэ тухайгаа мэдэгдсэн учраас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлөөс уг компанийн удирдлагыг буцаан авах шийдвэр гаргаж, Д.Д  гэх хүн ажиллахгүй юм бол Д.Д  гэх хүнд зориулсан албан тушаалыг нь байхгүй болгосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бид нар цаашдаа компаниа ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй авч явах юм гэдэг байдлаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Гэхдээ тушаалыг үндэслэж Д.Д  ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч М Д  ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь хувийн байдлаасаа болж ажлаа хаяж явсан, ажлаас чөлөөлсөн  тушаал гаргаад өг гэх хүсэлтээр тушаал гарсан тул  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

М Д  ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн б/20-252 тоот тушаалын 1 дэх заалтаар “Компанийн ТУЗ-ийн баталсан бүтцээр дэд захирлын орон тоо хасагдсан тул дэд захирал ажилтай Д.Д-ыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, М Д  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот Компанийн 2020 оны бүтэц, орон тоог батлах тухай тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Д ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д т 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цалин олгосон болох нь баримтаар тогтоогдож байх боловч уг хугацаанаас хойш ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, цалин олгоогүй байдал нь ажлаас халсантай адилтган тооцох боломжтой хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсны дараа ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг мэдэх боломжтой бөгөөд хариуцагч нь Д.Д ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд, ажлаас буруу халсан тухай мэдсэн хугацаанаас хойш нэг сарын дотор гомдол гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдол гаргасан гэж үзэв.

 

М Д  ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/19-208 дугаар тушаалын гурав дахь заалтаар “...Д.Д той хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг байгуулж...” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар М Д  ХХК нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн, М Д  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот Компанийн 2020 оны бүтэц, орон тоог батлах тухай тогтоолоор орон тоо хассан гэж тайлбарлах боловч уг үйл баримт баримтаар тогтоогдохгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй болох тогтоогдож байна.

 

Иймд, нэхэмжлэгч Д.Д ыг М ХХК-ийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 63,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд Д.Д ын цалинг 7,500,000 төгрөг гэх үйл баримтад маргаагүй болно.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход түүний 3 сарын цалингийн нийлбэр нь 7,500,000 төгрөг болж байх ба нэг өдрийн дундаж цалингийн хэмжээ 348,837 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацаа буюу ажлын 153 хоногоор тооцоход цалинтай тэнцэх олговорт 53,372,061 төгрөгийг М Д  ХХК-аас гаргуулан Д.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,877,939 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Д ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “М Д ” ХХК-д даалгах зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон бөгөөд шүүх хуралдаанд хойшлоход шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт давхцаж байгаа шүүх хуралдаан байгаа эсэхийг тодруулж асуухад талууд байхгүй гэсэн тул 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр товлон зарласан.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагт үзлэг хийх ажиллагаатай гэх баримт, болон хүсэлтийг хамт ирүүлсэн бөгөөд үзлэг хийх ажиллагаад оролцох шалтгаанаар товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад бие даасан шаардлага гаргаагүй хариуцагчийн төлөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан.

 

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн төлөөлөгч “өмгөөлөгч үзлэг хийх ажллагаанд оролцож байгаа тул өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт гаргасан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалтын дагуу шүүх мөн зүйлийн 105.2-т заасан шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болдог хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Гэтэл гаргасан хүсэлтийг хангаагүй нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгчийг татгалзан гаргахаар заасан хуулийн үндэслэл бүрдсэн гэж үзэж хариуцагчийн төлөөлөгч энэхүү хүсэлтийг гаргажээ.

 

Хүсэлтийн үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй бөгөөд манай тохиолдолд хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй.

 

Харин энэ зүйлийн 92.2-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн  даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.

 

Энэ зохицуулалтаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэйг зохицуулсан болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломж олгосон заалт биш юм. Харин энэ зохицуулалтын дагуу шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай бөгөөд энэ шатанд шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан зохицуулалт хамаарна.

 

Харин шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үедээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж үзэх боломжгүй.

 

Манай тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй хариуцагчийн төлөөлөгч хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан бөгөөд хэргийн оролцогч шүүгчийн хуульд заасны дагуу явуулсан ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “үндэслэл бүхий эргэлзээ” гэх ойлголтод шүүгчийн хууль ёсны үйл ажиллагаа хамаарна гэж үзэхгүй бөгөөд хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх хуралдааны явцад шүүгчийг “гаргасан хүсэлт хангахаас татгалзсан” шалтгаанаар татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.2, 103 дугаар зүйлийн 103.2-т тус тус нийцээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Д ыг М Д  ХХК-ийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53,372,061 төгрөгийг М Д  ХХК-аас гаргуулан Д.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,877,939 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Д.Д ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М Д  ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М Д  ХХК-аас 424,810 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР