Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/739

 

П.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч П.Эын өмгөөлөгч О.Цэвэлмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Эад холбогдох 1910014450554 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч овгийн Пийн Э, 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Энержи кастель” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр баг, Хонгорморьт, 1 дүгээр гудамжны 79 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            П.Э нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” орон сууцны 64 тоот гэртээ “хоол хийгээд тавьсангүй, архи уулаа” гэх шалтгаанаар хохирогч Г.Ог хэвтэж байхад нь хэвлий, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, мөн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга руу явж байх замдаа машин дотроо “утсаараа байнга оролдлоо” гэж хэвлий, бөөр орчимд нь гараараа цохиж зодсоны улмаас хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт бүхий хүнд, зүүн 7-10 дугаар хавирганы зөөлөн эд, булчинд цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Ч овгийн Пийн Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилж, Ч овгийн Пийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар П.Эыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эад оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Эын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт П.Э нь 4.686.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чонос овгийн Бат-Эрдэнийн Орхонбатад нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохирол болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 65.314.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Орхонбат нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт П.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд талийгаачтай хааяа тоглоомоор бие биенээ цохидог байсан болохоос таарамжгүй харьцаатай байгаагүй. Төгсбаяр, талийгаач бид гурав хамт ажилдаа явж, гэртээ ирж, сайхан амьдардаг байсан. Талийгаач нь манай ахын найз байгаа юм. Бидний хувьд өс хонзон, өр авлага байхгүй бөгөөд талийгаачтай багаасаа хөрш байсан болохоор маш дотно харилцаатай байсан. Намайг нутагтаа очиход талийгаач “ажилгүй хэцүү байна, ажил олоод өгөөч” гэж гуйхаар нь хотод авчирч, өөрийн ажилладаг байгууллагадаа туслах ажилтнаар оруулсан. Тухайн үед талийгаач хотод амьдрах айлгүй гэхээр нь найз Төгсбаярын хамт гурвуулаа байр түрээслэн амьдрах болж, түрээсийн төлбөрийг Төгсбаяр бид хоёр хувааж төлдөг байсан. Талийгаач нь надаас 4 насаар ах, надаас том биетэй хүн байгаа юм. Түүнийг архи уугаад байхаар нь “архи битгий уугаад бай “гэж хэлдэг байсан. 2019 оны 6 дугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд талийгаачтай муудалцаж, зодсон зүйл байхгүй. 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө ажил дээр очсоны дараа талийгаач “ахынх нь хэвлийгээр өвдөөд байна, машиныхаа түлхүүрийг өгчих” гэхэд нь би машиныхаа түлхүүрийг өгөөд явуулж байсан. Тэгээд “бие чинь гайгүй юу” гэхэд “гайгүй, ах нь жаахан хэвтэж байгаад очъё” гэж байсан. Бидний хооронд муудалцсан зүйл байгаагүй гэдгийг гэрч Төгсбаяр шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлж байсан. Надад талийгаачид хүнд гэмтэл санаатай учруулах санаа, зориг огтхон ч байгаагүй. Иймд хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаад маш их гомдолтой байна. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би автын цахилгаанчин мэргэжилтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хорих ялын нөхцөлийг өөрчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч О.Цэвэлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тус шийтгэх тогтоолд П.Эыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялыг оногдуулжээ. Шүүгдэгч П.Эын үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан шүүгдэгчийн гэмт үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг П.Эын үйлдэл хангахгүй буюу тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотолж тогтоогоогүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах санаа зорилго агуулаагүй гэдгээ хангалттай мэдүүлдэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох гэрч Р.Хонгор, О.Төгсбаяр, Б.Мянганбаяр болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр П.Эын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг нотолж тогтоодоггүй. Гэтэл П.Эын үйлдэлд хохирогчийн бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулах шууд ба шууд бус санаа зориг, өс хонзон байсан нь нотлогдохгүй байна. Үйлдэл нь нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт эргэлзээтэй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Ялтан П.Эын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг судлан шинжлэхэд энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болох нь харагдаж байна. П.Э нь талийгаач Г.Отой хар багаасаа нэг нутагт хамт амьдарч тоглож өссөн бөгөөд ахынх нь найз байсан. Мөн талийгаачийг Сэлэнгэ аймагт ажилгүй байхад нь хотод авчирч өөрийн ажиллаж байсан байгууллагадаа ажилд оруулж, хотод байх айл байхгүй гэхэд нь түрээсийн байрны гэрээг талийгаачийн нэр дээр байгуулаад байрны мөнгийг төлүүлдэггүй, Э нь Төгсбаяртай хувааж төлөөд хамт амьдарч байсан. 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр талийгаач “ахынх нь хэвлий хэсгээр өвдөөд байна, машиныхаа түлхүүрийг өгчих” гэхээр нь машины түлхүүрээ өгөөд явуулсан байдаг. Үүнээс дүгнэхэд, П.Э нь талийгаачтай хэрэг болохоос өмнө хэвийн харилцаатай, ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй буюу өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах сэдэлт, зорилго байхгүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. П.Э урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Автын цахилгаанчин мэргэжилтэй, “Энержи кастль констракшн” ХХК-д мужаанаар ажиллаж байсан. Хохирол 4.686.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бусдад төлөх хохиролгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хорих байгууллагын нөхцөлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч Р.Хонгор, О.Төгсбаяр нар нь шүүгдэгч П.Этай нийтийн байранд хамт байсан. Гэмт хэргийн үйл баримтыг энэ хоёр гэрч харсан. Гэрч О.Төгсбаяр дарамтанд орж мэдүүлэг өгсөн гэдгээ хэлдэг. Түүнээс ямар мэдүүлгийг та дарамтад өгсөн талаар асуухад “хэвлий рүү цохисон” гэх мэдүүлгийг дарамтанд орж өгсөн гэдэг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйлчлэлээр өөрчилж өгнө үү” гэсэн атлаа одоо өөр тайлбар хэлж шүүх хуралд оролцож байгаа нь нэг үйл баримтад хоёр янзын дүгнэлт хийж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” орон сууцны 64 тоот гэртээ “хоол хийгээд тавьсангүй, архи уулаа” гэх шалтгаанаар хохирогч Г.Ог хэвтэж байхад нь хэвлий, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, мөн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга руу явж байх замдаа машин дотроо “утсаараа байнга оролдлоо” гэж хэвлий, бөөр орчимд нь гараараа цохиж зодсоны улмаас хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт бүхий хүнд, зүүн 7-10 дугаар хавирганы зөөлөн эд, булчинд цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд “...Шүүгдэгч П.Эын үйлдэлд хохирогч Г.Ог алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй хэдий ч тэрээр үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогчийн хэвлий, цээж хэсэгт өшиглөх, бөөр, хэвлий хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, уг үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч болох үр дагаварт зориуд хүргэсэн, тодруулбал гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас хохирогч нас барсан болох нь нотлогдож тогтоогдсон. ... “ гэж дүгнэн П.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Эад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, Г.Од учирсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн бөгөөд амь нас аврах боломж багатай байсан ба талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язралын улмаас цус алдаж нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Орхонбат /1хх 26-27/, гэрч О.Төгсбаяр /1хх 40-43, 125/, Р.Хонгор /1хх 46-50/, Б.Гэрэлчулуун /1хх 70-71/, Б.Мянганбаяр /1хх 121-123/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1307 дугаартай шинжээчийн “...Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт, зүүн 7-10 дугаар хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн 7-10 дугаар хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсчээ. ...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язралын улмаас цус алдаж нас баржээ.” /1хх 154-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1012 дугаартай шинжээчийн “Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь дэлүү гэмтэхэд нөлөөлөхгүй. ...Дэлүүний задрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост дэлүүний задрал, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эдийн цус хуралт, зүүн 7-10 дугаар хавирганы булчингийн цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тул олон удаагийн үйлчлэл гэж үзнэ. Дэлүүний задрал нь унах үед болон юманд цохигдох үед үүсэх боломж багатай, өшиглөх, дэвсэх гэх мэт үйлдлийн үед үүсгэгдэх боломжтой.” /1хх 175-178/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шинжилгээ №1307 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтлийг аваад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай. ...” /1хх 100-110/ гэх дүгнэлтүүд,

шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдаж нас баржээ. ...Хатуу ирмэгтэй зүйл дээр дэлүүний орчимд маш хүчтэй унасан тохиолдолд уг гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...Мөн дэлүүний орчимд цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь тухайн гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломж багатай. ...” гэх тайлбар /2хх 130-132/ зэрэг бичгийн баримтууд авагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Хохирогчид учирсан гэмтэлд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломж багатай байсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байхад шүүх хохирогчид хамаатуулж, амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудлаар дүгнэлт хийлгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн үйл баримттай зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар зүйлд “анхан шатын шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” гэж заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан “хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хорих ялын нөхцөлийг өөрчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Эад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч П.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ