Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01402

 

           Б.В-гийн нэхэмжлэлтэй,

            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 183/ШШ2018/00911 дүгээр шийдвэртэй, Б.В-гийн нэхэмжлэлтэй, “Г” ХХК-д холбогдох

Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөл дордуулсныг тогтоолгож, хөдөлмөрийн нөхцөл сэргээхийг даалгах, ажлын хөлс 49 376 965 төгрөг, цалин үндэслэлгүй бууруулсны зөрүү 2 674 345 төгрөг, нийт 52 051 310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн Б.В нь “Г” ХХК-д 2012 оны 11 дүгээр сараас жолоочоос эхлэж ажилласан бөгөөд 11 сарын дараа борлуулалтын албаны дарга болон албан тушаал дэвшсэн. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс дэд захирлын албан тушаалд томилогдон 2 жил ажилласан бөгөөд үндсэн цалинг 2 962 000 төгрөгөөр хөдөлмөрийн гэрээнд тохирсон. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орсон. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал нь өөрийн хүсэлтээр ажлаас гарахыг шахаж эхэлсэн ба ажлын байр, ажлын түлхүүр, компьютер зэргийг хурааж ажил хийх нөхцөлгүй болгосон. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг үндэслэлгүйгээр бууруулж 287 655 төгрөг болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сард дуусгавар болохоор заасан байсан. Ажил олгогч “Г” ХХК нь 2017 оны 07 дугаар сард 648 095 төгрөг, 08 дугаар сард 316 778 төгрөг, 09 дүгээр сард 2 674 345 төгрөг үндсэн цалингаас үндэслэлгүйгээр суутгасан.

Ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, урамшууллын 1 000 000 төгрөг, нийт 3 962 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, урамшууллын 1 000 000 төгрөг, нийт 3 962 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, нийт 26 373 218 төгрөгийг нэхэмжилсэн.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Харин үндсэн болон нэмэлт цалингийн хэмжээн дээр маргадаг. Нэхэмжлэгчээс ажиллаж байсан хугацаа болон ажиллах боломжтой байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ажиллаж байх хугацаандаа 2 962 000 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогддог. Гэрч н.Ж “би ажлаас гарахдаа компанийн бүх баримт бичгийг үлдээж явсан” гэж мэдүүлдэг. Хариуцагч тал манайд баримт бичиг байхгүй, Б.В аваад явсан гэж гүтгэж байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалин үндэслэлгүй бууруулсны зөрүү нийт 52 051 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.В хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг үндэслэлгүйгээр бууруулсан гэж маргаж байна. Гэвч 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар хөдөлмөрийн гэрээнд дэд захирлын албан тушаалд томилогдсон ажиллах Б.В-гийн үндсэн цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор тохиролцож байсан. Шүүхэд баримтаар хавсаргасан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “үндсэн цалин” хэсэгт 2 962 000 төгрөг хэмээн засвар оруулж, нөхөн бичсэн байна. Манай компаниас нэхэмжлэгч Б.В-ийг ажлаас гарахыг шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирэхгүй байсан.

 Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сараас эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзсэн боловч 2017 оны 06 дугаар сард “хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцлийг дордуулсныг тогтоолгох, гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцлийг сэргээхийг ажил олгогчид даалгах, хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан хугацаанаас хойш хөдөлмөрийн гэрээ дуусах хүртэл хугацааны гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 26 373 218 төгрөгийг гаргуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан байна.

     Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК /РД:5633494/-аас 5 636 345 /таван сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 414 965 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хөдөлмөрийн нөхцөл сэргээлгэхийг даалгах тухай шаардлагад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх  хэсэгт зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 105 131 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М давж заалдах гомдолдоо: ОХУ-ын иргэн Б.В нь "Г" ХХК-д холбогдууж хөдөлмөрийн нөхцлийг дордуулсныг тогтоолгох, хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан хугацаанаас хойших цалин хөлс  50 031 218 төгрөг, уг хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 2 020 142 төгрөг, нийт 52 051 360 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлээс 5 639 345 төгрөгийг хангаж, үлдэх 46 414 965 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

      Хэрэгт нэхэмжлэгчийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй гэдгийг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэлдээ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажил олгогч ажлаас халах гээд шахалт хийж байгаа талаар дурдсан бөгөөд цалин буух үеэр буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн нөхцлийг дордуулж, цалин хөлс үндэслэлгүйгээр бууруулсан талаар Мэргэжил хяналтын газарт гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн нөхцлийг дордуулах талаар гомдол гаргах хүртэл өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Шүүх 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй болно. 

   Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаагүй үйл баримтыг үндэслэн..." гэж зөв дүгнэлт хийсэн атлаа ажилтан өөрийн санаачилгаар ажлын байрыг орхисон үйл явдлыг нотлох баримтгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар өргөдөл ажил олгогчид гаргаагүй, өгөөгүй бөгөөд зөвхөн хэвийн ажиллах нөхцөлгүй болгосон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж өөрийн зөрчигдсэн эрх ашгийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нотлох баримт байхад шүүх "хуульд заасан үндэслэлээр" хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн дансны хуулгын баримтаар ажил олгогч 2016 оны 07 дугаар сарын цалингаас 648 095 төгрөг, 8 дугаар сард 316 778 төгрөгийг суутгасан нь тогтоогдсон бөгөөд шүүх энэ хэсгийг шийдвэрлээгүй үлдээсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа заасан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг нарийн зохицуулж өгөөгүй. Иймд ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахад хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлагыг хангаж байж хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нь хуульд нийцнэ.

      Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогч нь монгол хэл дээр өргөдлийг бичиж нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулах гэж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тогтоогдсон. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн хэвийн ажлын байрны нөхцлийг дордуулсан нь тогтоогдож, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх ажлын байрыг буюу ширээ, сандал, компьютер зэргийг хурааж авсан нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Иймд шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд ямар саад учирсан, талуудын хэний санаачилга нэхэмжлэгч ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон эсэх дээр дүгнэлт өгөөгүй бөгөөд "ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах саналаа ажил олгогчид өргөдөл хэлбэрээр гаргаагүй боловч ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнээс татгалзсан гэж үзэх тул 2016 оны 11 дүзээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д шүүхээр шийдвэрлэх маргааныг хуульчилсан байхад шүүх "түүнчлэн шүүх хөдөлмөрийн нөхцөл дордуулсныг тогтоолгох шаардлагыг бие даасан шаардлагын хэмжээнд авч үзээгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлага хангагдана. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 46 414 965 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлүүлэх, хариуцагчаас 5 636 345 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Мэргэжил хяналтын газарт гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сараас эхлэн үндэслэлгүйгээр цалинг хасч, ажлын нөхцлийг дордуулсан гэж тайлбарлан, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын зүгээс ажлаас гарахыг шахаж эхэлсэн” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдаанд миний асуултад хариулахдаа “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж огноологдсон Мэргэжил хяналтын газарт гаргасан өргөдлийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энэ тухай өргөдөл гаргасан” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын нөхцлийг дордуулсан тул ажилдаа ирээгүй, ажлын байраа орхисон гэж тайлбарладаг.

     Нэхэмжлэгч шүүхэд анх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл  гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Мэргэжил хяналтын газраас нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ажилтан эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс эхлэн тоолохоор заасан. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний ажлын нөхцлийг дордуулсан гэж ажилдаа ирээгүй, хариуцагчаас тус сарын цалинг олгоогүй, нэхэмжлэгчээс энэ нөхцөл байдал 09 дүгээр сараас бий болсон" гэж тайлбарлаж байгаа тул тухайн үеэс өөрийн эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэгч Мэргэжил хяналтын газарт гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд тухайн нөхцөл байдал хамаарахгүй.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зуйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжил хяналтын газарт гомдол гаргасныг маргааныг шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө ажлаа орхиж явсан бөгөөд ажил хийгээгүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсний үндсэн дээр гэрээнд заасан цалин хөлсийг шаардах эрхтэй. Иймд ажил хийгээгүй ажилтанд цалин хөлс олгохоор шийдвэрлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажилдаа огт ирэхгүй болсноор компаниас түүнийг өөрийн санаачилгаар ажлаас гарсан гэж ойлгож байна.

     Нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн бөгөөд үндсэн цалингийн хэсгийг зассан. Бидэнд хөдөлмөрийн гэрээний нэг хувь байхгүй тул бид түүнд буй гэрээний эх хувийг гаргуулсан. Энэ үед нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болох эх хувь зөрсөн. Энэ нь түүний хөдөлмөрийн гэрээ хуурамч болохыг нотлох юм. Түүнчлэн, гэрчүүд бүх ажилчдын хөдөлмөрийн хөлс 240 000 төгрөг байсан, түүний хөдөлмөрийн гэрээ засагдсан талаар мэдүүлсэн. Иймд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Б.В нь “Г” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөл дордуулсныг тогтоолгож, ажлын хөлс 49 376 965 төгрөг, цалин үндэслэлгүй бууруулсны зөрүү 2 674 345 төгрөг, нийт 52 051 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, ажиллах нөхцлийг дордуулаагүй, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

    Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр Б.В-ийг дэд захирлын албан тушаалд 1 жилийн хугацаагаар ажиллуулахаар тохиролцож, улмаар хөдөлмөрийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус 1 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт хэрэгт авагдсан 37 дугаартай хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон байна. / 1 хав 11-24/

   Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин ажиллах нөхцлийг дордуулсан эсэх, цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл 2  962 000 төгрөгөөр тогтоосон эсэх талаар маргажээ.

   Хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй маргааны талаарх гомдлыг харъяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажлаас хууль бусаар халагдсанаас бусад тохиолдолд эрхээ зөрчснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

     Тиймээс нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлын байрандаа ажиллах боломжгүй болсон талаар, мөн 287 655 төгрөгийн цалинг эс зөвшөөрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хөдөлмөрийн нөхцлийг дордуулсныг сэргээн тогтоолгох, ажлын хөлс, урамшуулал, цалн, үндэслэлгүй суутгасан суутгалыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нөхцөл байдлуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгох” үүргийг ажил олгогч хүлээх тул 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй буюу үр дүн гараагүй үеийн хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгчид гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаагүй байх хугацаанд цалин хөлс олгох үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 7,8 сарын цалингаас  суутгасан 316 778 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг олгох зохицуулалтад нийцэхгүй байна.

Ийм учраас нэхэмжлэлийншаардлагын хангасан дүн дээр гомдол заасан хууль бусаар суутган авсан 648 095+ 316 778 =964 873 төгрөгийг нэмж, нийт 6 601 218 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин хөдөлмөрийн нөхцөл дордуулсныг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох талаарх дүгнэлт зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “5 636 345” гэснийг “6 601 218” гэж, “46 414 965” гэснийг ”45 450 092” гэж, 3 дахь заалтад “105 131” гэснийг “120 569” гэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             А.МӨНХЗУЛ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА