Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0795

 

Г.Хишигхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээд “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрийн нэгдэл”-ийн төлөөлөгч Б.Дашдэмбэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Г.Хишигхүүгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн, Б.Гантогос, Б.Гантулга нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрийн нэгдэл”-ийн захирал Б.Дашдэмбэрэл давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн газрын маргаан, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "... нэхэмжлэгч Г.Хишигхүү газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхисон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно..." гэж заасны дагуу олон жилийн хур хогтой хогийг өөрсдийн хүч, хөрөнгөөр Сонгино хайрхан дүүрэг дэх хогийн цэг рүү зөөж цэвэрлэн одоогийн амьдарч буй газраа жижиг байшин барин амьдрах болсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

Учир нь зохигчдын маргаж буй Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд байрлах 0.28 га талбай бүхий газрыг 1974 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Хөдөө Аж ахуй Шинжлэх ухаан технологийн нэгдэлд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаартай тушаалаар "...туршилтын механик цех, лаборатори..."-ийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрийн нэгдэл нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан бөгөөд төрийн өмчийн хуулийн этгээд болно.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авахгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж нэр бүхий айл өрхийн оршин сууж байсан газрыг ашиглах эрхийг гэрчилгээжүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн одоо оршин сууж байгаа газар нь “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл-“ийн 0.28 га газартай давхцаж байсан тул гэрчилгээ олгоогүй нь хууль ёсны байгаа юм.

Нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн нөхөр А.Бат-Очир нь гуравдагч этгээд болох “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үндэсний нэгдэл”-д ажиллаж байхдаа тус нэгдлийн газар дээр байрлаж байсан байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй агуулах байсан газрыг засаж сэлбэн орон сууцны хэлбэрт оруулан амьдарч байсан бөгөөд хамт олны зүгээс энэхүү байрыг А.Бат-Очирт шилжүүлэн өгсөн байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газрыг Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох талаар зохицуулсан бөгөөд иргэн болон аж ахуй нэгж газар ашиглахад тодорхой шаардлагууд тавигдахаар байхад анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "... Маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч нарын олон жил амьдарсаар ирсэн газар болон гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газрууд нь хоорондоо давхцалтай болох нь хэргийн оролцогчдийн тайлбар болон хариуцагчаас ирүүлсэн кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулсан зураг гэх баримтуудаар тогтоогдож байна ..." гэсэн нь хууль зүйн хувьд илт үндэслэлгүй болно.

Учир нь нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гуравдагч этгээдэд олгосон 0.28 га газраас 1554.5 м.кв газрын газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах шаардлага гаргасан бөгөөд дээрх газраас 1554.5 м.кв газрыг ашиглах эрхтэй гэдгээ хангалттай бичгийн нотлох баримтуудаар нотолж чадаагүй юм.

Өмнө нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар А.Бат-Очирт 300 м.кв талбай бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшүүлж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн А/607 дугаартай захирамжаар "... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн Их сургуулийн баруун урд талд Хөдөө аж ахуйн Техникийн Шинжлэх ухаан технологийн үйлдвэрийн хашаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарыи 13-ны өдрийн 224 дүгээр захиримжаар иргэн А.Бат-Очирт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 300 м.кв газрын газар эззмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож ..." шийдвэрлэсэн захирамж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй болно.

Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамж нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч нар уг захирамжийг мэдсэн хэрнээ өнөөдрийг хүртэл уг захирамжийн талаар ямар нэгэн гомдол, санал гаргаагүй юм.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэнд "... гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар ..." газрыг өмчлүүлэхээр заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй газар нь хязгаарлалтын бүсэд харьяалагдаж байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу "... Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд огт хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан ямар нэгэн бичгийн нотлох баримт байхгүй болно. Мөн зүйлийн 36.2 дахь хэсэт: "...Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтьн зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал ззргийг харгалзан сонголт хийнэ ..." гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Туршилтын механик цех лаборатори" төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2008 онд хийлгэсний үндсэн дээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар 0.28 га газрыг 5 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болсон байхад хууль болон хэрэгт авагдсан энэ үнэлгээний тайланд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Нөгөө талаар нарийвчилсан зохицуулалттай хуульд энэ талаар тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс маргаж буй хязгаарлалтын бүсэд хамаарах 1554.5 м.кв талбай бүхий газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг огт хийлгээгүй байдаг бөгөөд энэ хэмжээний газар эзэмших эрхтэй гэдгээ хуульд зааснаар болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн нотлох баримтаар 2886 м.кв газар эзэмшдэг талаар, түүнчлэн гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг харуулсан зураг зэрэг бичгийн нотлох баримтуудад шүүхийн зүгээс огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдлоор хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр   нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь буруу юм.

Тиймээс анхан шатны шүүх дараах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

Шүүхэд иргэн Г.Хишигхүү нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Г.Хишигхүү нь “...маргаан бүхий газар дээр надтай албан ёсоор бүртгэгдэн амьдарч байгаа хүү Б.Гантулга, Б.Гантогос нарыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсанаа хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын болон уг тушаалын дагуу гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон газар ашиглуулах 2013/37 тоот гэрчилгээний 1554.5 ам метр газартай холбоотой хэсгийг хүчингүй болгох, энэхүү 1554.5 ам метр газрыг Г.Хишигхүү, Б.Гантулга, Б.Гантогос нарт тэнцүү хуваан эзэмшүүлэхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх, өөрийг нь төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг иргэн Б.Гантогос, Б.Гантулга нараас нэхэмжлэгч Г.Хишигхүүд олгоогүй байхад түүнийг тодруулалгүй, мөн иргэн Б.Гантогос, Б.Гантулга нар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад иргэн Б.Гантогос, Б.Гантулга нарт газар ашиглуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргаагүй иргэн Б.Гантулга, Б.Гантогос нарыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр хамт шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны тусгай хамгаалалтай газарт нутагт 1554.5 ам метр газрыг нэхэмжлэгч Г.Хишигхүүд ашиглуулах үндэслэлийг анхан шатны шүүх тодорхойлсон нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн “...олон жилийн хур хогийг өөрсдийн хүчээр цэвэрлэж одоо амьдарч байгаа” гэсэн тайлбар нь бодитой эсэх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг Хөдөө аж, ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд ашиглуулах шийдвэрийг гарахаас өмнө нэхэмжлэгч Г.Хишигхүү нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ хаана, хэнд хандаж гаргаж байсныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, Хөдөө аж, ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн хэзээ гарсан ямар шийдвэрээр анх нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн нөхөр талийгаач А.Бат-Очирт маргаан бүхий газар дээр гэр бүлийн     хамт амьдрах зөвшөөрлийг олгосон. Энэ нь уг газрыг эзэмших эрх үүсгэх үндэслэл    болох эсэх, мөн уг газар дээрх ямар эд хөрөнгийг талийгаач А.Бат-Очирт шилжүүлсэн тухай тодруулж, хэрэгт нотлох баримтаар цуглуулсны үндсэн дээр шүүх дүгнэлт өгөх нь зөв байна.

Тиймээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн дагуу хэргийн оролцогчдоос тодруулж, дээрх нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн  34.2 дахь хэсэгт “Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35.2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заажээ.

Тодруулбал, дээрх хуулийн заалт болон хэргийн үйл баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Г.Хишигхүүд гэр бүлийн зориулалтаар ашиглах эрх үүссэн эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох, уг нэхэмжлэлд үндэслэн захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, шүүхээс гаргах шийдвэрийн агуулга тодорхойлогдох чухал ач холбогдолтой юм.

Мөн нэхэмжлэгч Г.Хишигхүү нь тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшихээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж гаргасан бөгөөд шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн аль нарийвчилсан зохицуулалттай хууль болохыг анхаарч хэргийг шийдвэрлэхээр байна.

Тиймээс анхан шатны шүүх нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан    олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

                  ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                              Э.ХАЛИУНБАЯР