Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

                

 2020        6              4                                          2020/ДШМ/730

 

   С.Б, Ц.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг,  

шүүгдэгч Ц.Зын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б Ц.З нарт холбогдох 1805028430235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Буриад овгийн С.Б, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсныг түдгэлзүүлсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЕ82061551/,

2. Дарьганга овгийн Ц.З, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 5-Г байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ88042032/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

1. С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацын өмчлөлийн, Ч.Бын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Ч.Бын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

2. Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацын өмчлөлийн, Ч.Бын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Ч.Бын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Буриад овогт С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дарьганга овогт Ц.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Быг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зын цагдан хоригдсон 6 хоногийг 15 нэгжээр тооцож, торгох ялын хэмжээг нь 5.910.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З, С.Б нарын торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч Ц.З, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Бодит үнэн”-ийг нотлох баримтад тулгуурлан тогтоож чадсангүй, цаашлаад тогтоогдсон гэх үйл баримтдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гаргалаа.

1. Анхан шатны шүүх энэ хэргийг урьд нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамжаар:

Гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан болохыг тогтоох, гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар нь хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн, хэрхэн яаж олж авсан эсэхийг шалгаж тогтоох,

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй, энэхүү гэмт хэргийн үйлдэлд ямар шалтгаан байсан нь тодорхойгүй учир хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж,

2. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай захирамжаар:

Утасны сим карт нь компьютерын систем гэх ойлголтод хамаарах эсэхийг шалгаж гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотлох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар бүлэглэж үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго юу байсан, хэрхэн яаж зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, хохирогч Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн, хэрхэн яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байсан.

Прокурор дээрх 2 удаагийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд хийгдээгүй, одоо нөхөн хийгдэх боломжгүй гэж удаа дараа тайлбарлаж, шүүх хуралдаанд санал, дүгнэлт гаргаж, захирамжуудыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд 2 удаа эсэргүүцэл бичиж байсан бөгөөд энэхүү эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх 2 удаа хэлэлцэж үндэслэлтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж байсан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн шийдвэрийн дагуу анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд урьд нь тогтоогдоогүй гэж үзэж байсан бүх зүйлээ ямар ч нотлох баримт нэмэгдээгүй, хасагдаагүй байхад тогтоогдсон гэж үзсэн нь ямар учир шалтгаантай болохыг огт ойлгохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад буцаасан 2 удаагийн магадлалд хэргийн үйл баримтыг тогтоогдсон эсхүл үгүйсгэгдсэн талаар огт дүгнэлт хийж байгаагүй, ямар нэгэн чиглэл өгч байсан үг өгүүлбэр нэг ч алга, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн дүгнэлт нь шүүгдэгч С.Б, Ц.З нарыг шийтгэх гэж ойлгож байсан юм шиг л бүх нотлох баримтуудаа дурьдаад үйл баримт болон хууль зүйн ямар ч дүгнэлтгүйгээр бидний хувь заяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гээд шийдчихлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ С.Б намайг Ц.Зтай бүлэглэн, хохирогч Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж, Мобиком корпорацын өмчлөлийн Ч.Бьн эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж шүүгдэгч С.Бын хамаарал бүхий этгээдүүд ашигладаг 351543045732094 имей кодтой гар утсанд 99190099 дугаарын сим картыг ашиглаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үйл баримтыг дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэжээ.

Ч.Бын “...Би Зоригтбаатар гэж хүнийг огт танихгүй, миний иргэний үнэмлэхийн хуулбараар сим карт сэргээгээд аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг,

Ч.Чинзоригийн “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед ажил дээрээ ганцаараа сууж байхад ...хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан...тэгээд би сэргээгээд өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг,

 Э.Одгэрэлийн “...хяналтын камерыг ухрааж үзэхэд Ч.Баас өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг,

М.Нарангаравын “...Батжаргал ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад хүргүүлээд ирдэг. ...” гэх мэдүүлэг,

Э.Хандмаагийн “...Би энэ байгууллагад 5 жил ажиллаж байгаа, хүний нөөцийн ажлыг Өлзиймөнх хийдэг...одоо Хулан гэж хүн хийж байгаа. ...” гэх мэдүүлэг,

Д.Одхүүгийн “...ерөнхий шүүгч Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэн хүнд өгч байгаагүй. ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт дурьдсан гэрч нарын мэдүүлгүүдээр С.Б намайг гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ хэрхэн яаж оролцсон талаарх үйлдэл, эс үйлдэхүйн талаар ямар ч нотолгоо, дүгнэлт хийсэнгүй.

Шүүхийн дүгнэлтээр С.Б нь Ц.Зыг таньдаг юм байна гэдгийг үндэслэсэн мэт харагдаж байна. Миний хувьд би Ц.Зыг таньдаггүй, холбогдож байгаагүй гэж нэг ч удаа тийм мэдүүлэг өгч байгаагүй, харин танина мэднэ, утсаар холбогдож байсан гэж удаа дараа мэдүүлсэн намайг Ц.Зыг таньдаг юм чинь, утсаар ярьж холбогдож байсан юм чинь, энэ С.Б гэдэг энэ Ц.Зтай бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн гэж таамаглаж хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэх хүн С.Быг таньдаг учраас С.Б л гэмт хэрэг үйлдэхийг захиалсан, зохион байгуулсан гэж, хохирогч гэх шүүгч Ч.Бын зохиосон жүжгийг жинхэнэ гэж үзээд шүүх шийдвэрээ гаргачихлаа.

Хавтас хэрэгт маш олон зүйл тодорхой шалгагдсан байдаг.

Ц.З гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Ч.Б иргэний үнэмлэхийн хуулбараа 50.000 төгрөгийн хамт өгөөд надаар сим картаа сэргээлгэсэн тэгэхэд Ч.Б хөх өнгийн приус загварын машинтай явж байсан, хажууд нь бас өөр нэг хүн байсан. ...” гэж мэдүүлдэг.

Ц.Зын энэхүү мэдүүлгийн эх сурвалжийг камерын бичлэг шүүж, тэрхүү машиныг олсноор тогтоогдох бүрэн боломжтой байсан, И-Март дэлгүүрийн гадна талд дүүрэн камер байхад яагаад тэр байгууллагын болоод төв замын камерын бичлэгүүдийг аваад Ц.Зын мэдүүлгийн үнэн зөвийг шалгалгүйгээр, тэрхүү бичлэгүүдийг шалгах боломжгүй болох цаг хугацааг албаар өнгөрөөсний эцэст энэ хэргийг шийдвэрлэв.

Ч.Бын иргэний үнэмлэхийг хэн, хэрхэн хаанаас, яаж авсан эсэх нь огт тогтоогдоогүй, Ч.Бын сим картыг сэргээсэн гэх иргэний үнэмлэхийн хуулбар хуурамч биш болох нь тогтоогдсон бөгөөд яаж тэрхүү бичиг баримтын хуулбар өөр этгээдэд очсон гэх нөхцөл байдлыг шалгасан боловч тогтоогдоогүй, тэгэхээр тэрхүү жинхэнэ иргэний үнэмлэхийн хуулбарыг С.Б миний бие яаж олж аваад Ц.Зт өгчихвөө.

Нотлох баримтуудаар Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэн өөрөөс нь, шүүхийн тамгын газрын аль алинаас хулгайлж, эсхүл нууцаар авах боломжгүй, Ч.Б, тамгын газрын ажилтан хэн аль нь тэрхүү бичиг баримтыг алдаагүй, хэн нэгэнд өгөөгүй гэж нотолсон байдаг.

Шүүх өөрийнх нь тогтоогдсон гэж байгаа хэргийн үйл баримтыг шууд няцаан үгүйсгэж байгаа.

М.Нарангаравын /хх-180/ “...Зоригтбаатар гэдэг залуу чинь Ч.Б, С.Б нарыг ууж идэхээр нь хүргэж өгөөд яваад байдаг юм биш үү, мөн /хх-23/ манай хүүхдийн утсыг Америкийн Нэгдсэн Улсад консулаар суугаа Галбадрал гэдэг хүн Монголд түр барих утас байна уу гэхээр нь өгсөн. Би тэр утсаа аваагүй, Галбадрал ч өгөөгүй яваад өгсөн. ...”,

Гэрч Э.Галбадралын “...Би 2018 оны 5 дугаар сард ...Нарангаравтай уулзаад “түр барьчих утас байна уу” гэхэд “надад ухаалаг утас байхгүй, жижиг товчтой утас байна” гэж хэлсэн тэгээд тэр утсыг аваад би өөрийнхөө 99113285 дугаартай сим картыг хийсэн...би тэр утсыг 7-оос 8 хоног ашигласан...тэгээд би тэр утсыг хүүхдийн 100-ын тэнд Ч.Бтай тааралдаад С.Бд өгчихөөрэй гэж хэлээд өгсөн ...ингээд л би 2-оос 3 хоногийн дараа Америкийн Нэгдсэн Улс руу яваад өгсөн. ...”, Ц.Зын “...Ч.Б өөрөө иргэний үнэмлэхийн хуулбараа 50.000 төгрөгийн хамт өгч сим картаа сэргээлгэсэн...” гэх мэдүүлгүүдийг огт үнэлэлгүйгээр, уг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэж, няцаалгүйгээр хэргийг шийдвэрлэчихлээ.

Өөрөөр хэлбэл, Ц.З нь Ч.Быг таньдаг, тэр хүн өөрөө сим картаа сэргээлгүүлсэн гэж хэлээд байхад Ц.З, Ч.Б хоёрыг ч нүүрэлдүүлэлгүйгээр “Үгүй ээ, чамд С.Б захиалга өгсөн байна” гээд таамаглаад байх юм, ийм байдлаар бол хэнийг ч, юу ч гэж хэлсэн ямар ч үндэслэлгүйгээр хэлмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тулгаж тасална гэдэг л ийм байх болов уу гэдгийг бодсоор өдийг хүрч байна.

Ч.Б нь Ц.Зыг таньдаг, Ц.Заар согтуу байхдаа үйлчлүүлдэг байсныг би ч мэднэ, Ц.З ч хэлсээр байхад Ч.Бын би танихгүй гэсэн мэдүүлэгт яагаад итгээд байгааг гайхаад байх юм.

Ч.Б нь шүүгч С.Б намайг цагдан хорих шүүх хуралдааныг явуулж байхад нөлөөлсөн, зурвас явуулснаа хүлээн зөвшөөрсөн байдгийг түүний мэдүүлгээс тодорхой харж болох бөгөөд энэ үйлдлээ нуун далдлахын тулд намайг Ц.Зтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болгох жүжгээ зохиож, үүндээ итгүүлэх зорилгоор үйлдлүүдээ араас нь хийсэн байдаг.

Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 12 цаг 51 минутын үед Ч.Б өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед миний 99194429 дугаарын утас руу “юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно.

Уг мессэж ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө Ч.Б намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу ерөнхий шүүгч Ч.Бын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа ерөнхий шүүгч Ч.Б миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо” гэж уурлаад “би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан.

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цагт Ч.Б өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн 99194429 дугаарын утас руу “Том ярьж байна хэвээрээ” гэж зурвас бичсэн.

Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Ч.Б дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэсэн С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон түүнээс болж би томд /Ц.Зориг/ даргад загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “Vibeг”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан. Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярьлаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна хэвээрээ” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн. Ингээд Ч.Бын над руу бичсэн зурвасыг хадгалж авсан. /мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн/

Би бодохдоо шүүгч Ч.Б нь яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвасаа “далдлах” зорилгоор энэ үйлдлийг хийсэн юм болов уу гэж бодож байгаа.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Ч.Бын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Ч.Бын сим картыг сэргээлгээд өөр лүүгээ зурвас бичээд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ.

Ингээд л Ч.Б надтай бүтэн 7 хоног юу ч яриагүй өнгөрсөн. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийнхөө сим картыг Ц.З гэж хүнээр сэргээлгэчихээд, манай эхнэрийн нэр дээр байдаг гар утсыг танил Галбадралаас надад өгөөрэй гэж хэлээд өгсөн утсыг надад өгөлгүйгээр өөрийнхөө сим картыг хийчихээд одоо намайг өөрийнхөө найруулсан жүжгийн гол баатар болгож байгаад гомдолтой байна.

Энэ хуурамч, ёс зүйгүй үйлдлийнх нь эсрэг нотлох баримтууд байсаар байхад шүүх огт үнэлж дүгнэхгүй байна.

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт огт тогтоогдоогүй буюу тийм үйл баримт өнгөрсөн цаг хугацаанд гараагүй, эсхүл прокурор, мөрдөн шалгах байгууллага шалгасан боловч тогтоож чадаагүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс гэмт хэргийн шинжгүй эсхүл ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж С.Б надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Цэлмэг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдгийг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд тайлбарласан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэжээ.

Анхан шатны шүүх хохирогч Ч.Бын мэдүүлгийг голлон үнэлсэн ба гэрч Э.Галбадралын мэдүүлгийг огт хайхарсангүй, илэрхий зөрүүтэй байхад түүний мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол дээрээ заасангүй.

2 дугаар хавтас хэргийн 53-аас 60 дахь талд гэрч Э.Галбадрал мэдүүлэг өгөхдөө “...би Ч.Б шүүгчийг таньдаг байсан. Нарангарав надад тэр Нокиа утсыг өгсөн, би явтлаа өөрийн сим картыг хийж түр барьж байгаад явахаасаа өмнө Хүүхдийн-100 дэлгүүрийн хавьд Ч.Б шүүгчтэй тааралдаад Батжаргалд өгчихөөрэй гэж хэлээд өгсөн. Би 2018 оны 5 сарын 16-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад явсан ба явахаасаа өмнө 2-оос 3 хоногийн өмнө өгсөн” гэж мэдүүлдэг.

Гэтэл Ч.Б нь би Э.Галбадрал гэдэг хүнийг огт танихгүй, түүнээс ямар ч Нокиа загварын утсыг аваагүй, энэ бүхэн бол гүтгэлэг гээд нүүрэлдэн байцаалт өгөхөөс татгалздаг.

Өөрөөр хэлбэл, гэрч Э.Галбадрал нь Нарангараваас авсан 351543045732094 имей кодтой Нокиа загварын гар утсыг Монголд байх хугацаандаа түр хэрэглэж байгаад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орчимд Ч.Бт өгсөн гэдгээ тодорхой мэдүүлээд байхад энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлтээ хэлсэнгүй яллалаа. Нэг бол Ч.Б худал мэдүүлээд байна, эсвэл Э.Галбадрал нь худал мэдүүлэг өгсөн байхаар нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэрэв анхан шатны шүүх Ч.Быг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байгаа бол Э.Галбадрал худал мэдүүлсэн учир үнэлсэнгүй гэж дүгнэлтээ хийх учиртай.

Гэрчээр мэдүүлэг авахын өмнө хууль сануулдаг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэрч худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг” өгсөн бол ял шийтгэхээр заасан байдаг.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, шалтгаан нөхцөлийг шийтгэх тогтоолд дурьдаагүй.

Шалтгаан, нөхцөл гэвэл Батжаргалын хувьд ийм хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл байхгүй, яагаад гэвэл түүний гар утсан дээр шүүгч Ч.Баас ирүүлсэн, шүүгчид хууль бусаар нөлөөлсөн зурвас байсан, тэр зурвасыг явуулснаа Мөнхбаяр хүлээн зөвшөөрсөн. Тэр зурвасыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлж нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөд хууль зөрчсөн хэргээр Ч.Б ажлаа өгөх нь тодорхой байсан бөгөөд Батжаргал найз гэж бодсоны үндсэн дээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, мэдэгдээгүй байдаг.

Нэгэнт шүүх хэрэг явдлыг таамаглаж шийдвэр гаргасан тул би ч гэсэн таамаглахад “Ч.Б нь өөрт нь Галбадралыг Нокиа гар утсыг дамжуулж өгөөрэй гэхээр нь өмнө явуулсан зурвасыг Батжаргал явуулсан болгохын тулд уг утсанд сим картаа хийж Батжаргал руу хоосон зурвас явуулсан хэрэг” юм. 

Өөрөөр хэлбэл, С.Бд ийм жүжиг зохиох ямар ч шалтгаан, шаардлага байгаагүй бол Ч.Бт бол харин байсан.

Энэ хэрэгт хохирогчийн мэдүүлгээс өөр С.Быг гэмт хэрэг үйлдсэнийг батлах нотлох баримт байхгүй. Гэтэл хохирогч Ч.Б нь Ц.Зыг ч танихгүй, Э.Галбадралыг ч танихгүй, түүнтэй нүүрэлдэхгүй хэмээн зугтаж шүүх хуралд ч оролцохгүй байгаа нь түүнийг нэгэн цагт найз байсан хүнээ хилсээр шийтгүүлсэндээ ичиж байгаа болов уу гэж бодно.

Энэ гурван үндэслэлээс гадна өөр дутуу бүрдүүлсэн, хууль буруу хэрэглэсэн зүйл байгаа эсэхийг судалж, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч Ц.З нь 2018 оны 5 сарын 17-ны өдөр хохирогч гэх Ч.Бтай уулзаж, улмаар түүний хүсэлтээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг сэргээж өгсний төлөө өнөөдөр гэмт хэрэгтэн болоод явж байна. Гэтэл энэ талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсээр байхад мэдүүлгийг үнэлж дүгнэлгүй зөвхөн хохирогч Ч.Бын мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийг үнэлэхдээ зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шийтгэх тогтоолыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь судалж дүгнэлгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 тоот шүүгчийн захирамж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 тоот шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээ үгүйсгэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзсэн нь хэргийг тал бүрээс нь судлаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг нь өөрөө тусгай мэдлэг шаардсан заавал мэргэжлийн байгууллагаар тайлбарлуулах шаардлагатай бүлэг тул энэхүү хэрэгт шинжээч томилж тухайн үйл баримтыг тайлбарлуулах ёстой байтал мөрдөгч, прокурорын зүгээс зөвхөн хавтас хэргийн /2-хх-101 хуудас, 119-121/ хуудсанд авагдсан Харилцаа холбоо Мэдээлэл технологийн газрын албан тоотын бланк дээр гаргасан баримтыг үнэлж дээрх зүйл ангийг тайлбарлаж байгаа нь өөрөө нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд ч гэсэн ямар учраас энэ гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийн гарсан шалтгаан нь юу юм, яагаад энэ зүйл ангиар зүйлчилсэн зэрэг нь харагдахгүй байгаа юм.

Миний үйлчлүүлэгч Ц.З нь өөрийн мэдүүлэгтээ “хохирогч нь хөх өнгийн “Приус-20” загварын автомашинтай ирсэн, жолооч нь нэг ах хүү байсан” гэж мэдүүлсээр байхад энэ талаар мөн мөрдөгч, прокурорын зүгээс шалгаж тогтоогоогүй нь хэргийг гүйцэд шалгаагүй гэх нэг үндэслэл болж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харахад шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч М.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Цэлмэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаахыг дэмжихгүй байна. Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгох байр суурьтай байна. С.Бд энэ хэргийг зохион байгуулах шалтаг, шалтгаан байгаагүй. Нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Харин Ч.Бт энэ хэргийг зохин байгуулах шалтгаан байсан. Ч.Б нь С.Б руу зурвас бичсэн зэрэг бодит шалтгаан байсан. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тайлбарлуулахаар шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 4 дэх заалтад зааснаар “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаар “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж тус тус хуульчилж заасан. Хуулийг тайлбарлуулахаар шинжээч томилуулах хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч нар өөр өөр байр суурьтай оролцож байгаа юм байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулсан нь оновчтой болсон гэж үзэж байна. Үнэхээр шүүгдэгч С.Бд нөлөөлөх гэж байсан бол шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх байсан. Гэтэл журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлүүлж шалгуулсан зүйл байхгүй. Над руу зурвас илгээсэн гэж хэлдэг боловч энэ талаар авагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй. И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт ажиллаж байсан гэрч нар мэдүүлэг өгсөн. Гэрч болон хохирогч нар мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлэг өгч байсан. Шүүгдэгч Ц.Зын мэдүүлгээс өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, түүнчлэн шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Б Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал, шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсааж бичээд “гэм буруутай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй ямар, ямар нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй болжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын ямар үйлдэл хангаж байгаа, ямар үйлдэл хангахгүй байгаа, ямар нотлох баримтуудад үндэслэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь тодорхойгүй бөгөөд шүүх гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, анхан шатны шүүх нь гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэх хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь таамаглалд тулгуурласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэхээр бичигджээ. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах. ...” гэсэн хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...”-г заах тухай шаардлагуудыг зөрчсөн тул шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.  

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл С.Б, Ц.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

               ШҮҮГЧ                                                                     М.ПҮРЭВСҮРЭН

               ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ