Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

2020           06             03                                           2020/ДШМ/37

 

 

Э.Э-, А.А-, А.А-, Э.А-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А-,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/347  дугаар шүүгчийн захирамжтай Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нарт холбогдох 1934005670419 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг "Агьт" гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 26-87 УНО улсын дугаартай "приус-20" маркын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/347 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934005670149 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэг Прокурорын газар очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 1934005670149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD, 5 хэсэг цагаан өнгийн ууттай өвс зэрэг хураагдан ирсэнийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ононд даалгаж, 2687 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болохыг, 5 ширхэг зураг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “… Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.Үүнд:

1.Гэрч Б.Пүрэвсүрэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө" гэж хуульчилсаны дагуу эрх үүргийг нь тайлбарлан өгч, түүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар урьдчилсан сануулж, гэрчийн мэдүүлгийг авсан бөгөөд Б.Пүрэвсүрэн нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...Би өөрийнхөө ногоон талбай дээрээ байсан. Манай ногооны талбай Төв аймгийн Борнуур сумын Агьт гэдэг газар байдаг. Манай ногооны талбайн зүүн талд сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг газар нэг саарал жижиг приус-20 маркийн машин байхаар нь яваад очсон чинь шууд машинаа асаагаад дөрвүүлээ машиндаа суугаад засмал замруу зугтаачихсан. Тэгээд тэд нар Улаанбаатар хотруу явдаг замаар ороод явчихсан. Би ардаас нь дугаарыг нь хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр машины улсын дугаар нь 26-87 УНО улсын дугаартай приус-20 маркийн машин байсан. Намайг тэд нар дээр очих гээд явж байхад дөрвүүлээ өвс ургасан газар цагаан торонд юм түүгээд байж байсан..., ...26-87 УНО улсын дугаартай автомашинтай 4 хүн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 13-15 цагийн хооронд өвс түүж байсан..." гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

2. Уг хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/52 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлтээр 26-87 УНО улсын дугаартай "приус-20" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг зах зээлийн дундаж буюу харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд илтэд зөрүүгүй, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхөөргүй байх тул уг дүгнэлтүүдийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэв шүүх болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу саналаа гаргаж, шүүхээс дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байна.

3. Яллагдагч А.Ариун-Эрдэнийн жолооны үнэмлэх, Samsung note 2 маркийн ягаан өнгийн гар утсыг, мөн яллагдагч Э.Энх-Номуны биеэс 20.000 төгрөгийг Баянчандмань сумын цагдаа хурааж авсан талаар тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд яллагдагч нар нь уг асуудлын талаарх гомдлоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол гарган шалгуулах бүрэн боломжтой юм. Уг асуудлыг шалгаж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх бөгөөд яллагдагчийн эрхийг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан байх тул яллах дүгнэлтэнд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхээр байна.

4. Мөрдөгч Б.Лхагвабаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу Яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нарт болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Уранчимэгт хавтаст хэргийн материалыг танилцуулж, энэ тухай хуульд заасны дагуу мөрдөгч тэмдэглэл үйлдэж, яллагдагч, өмгөөлөгч нараар гарын үсгийг нь зуруулж баталгаажуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг зөрчиж, эрхийг нь хязгаарласан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана" гэж хуульчилсан байх бөгөөд гаргасан шийдвэрээ мэдэгдэх талаар хуульд тусгайлсан заалтгүй болохыг анхаарах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ зэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоосон болно.

Иймд яллагдагч Э.Энх-Номун нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/347 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Нотолбол зохих байдлыг шалгасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нар гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нарт холбогдох эрүүгийн 1934005670149 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “яллагдагч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан 5 заалт бүхий хүсэлтүүдээс:

            1.ЭХХШт хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг шалгах ажиллагаа хийлгэх, 

2.Автомашины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин үнэлгээ хийлгэх,

3.А.Ариун-Эрдэнийн жолоочийн үнэмлэх, Samsung Note 2 маркийн ягаан өнгийн гар утсыг Баянчандмань сумын цагдаа хурааж аваад өгөөгүй, тэмдэглэл үйлдээгүй байх тул шалгаж буцаан олгуулах ажиллагаа хийлгүүлэх,

4.Яллагдагч Э.Энх-Номуны биеэс 20 000 төгрөг хураан аваад тэмдэглэл үйлдээгүй, буцаан олгох,

5.Яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт ирүүлэх зэрэг хүсэлтүүдийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогч нарын ЭХХШт хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн үндэслэл болно гэж шүүх үзлээ.” гэжээ.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар яллагдагч нарын өмгөөлөгч ямар нөхцөл байдлыг шалгаж тогтоолгохыг хүсч байгаа нь тодорхойгүй байна. Мөрдөгч нь гэрч Б.Пүрэвсүрэнгээс хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 181-182-р хуудас/ авсан бөгөөд гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийлгэх нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна.

- Эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус-20 маркийн 26-87 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 35.21 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

- Мөн шүүгчийн захирамжид дурдсан “яллагдагч А.Ариун-Эрдэнийн жолоочийн үнэмлэх, Samsung Note-2 маркийн ягаан өнгийн гар утас, яллагдагч Э.Э-ы 20.000 төгрөг зэргийг хураан аваад тэмдэглэл үйлдээгүй, буцааж өгөөгүй” гэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх ба яллагдагч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй байна.

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 53, 58, 64, 67, 70, 73, 201-р хуудаснууд/, шинжээчийн 4140, 4139, 923, 909, 910, 924 дугаартай дүгнэлтүүд, хавтаст хэргийн материалтай яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нар өмгөөлөгчийн хамт танилцсан /1-р хавтаст хэргийн 76-79, 211-214, 224-227-р хуудаснууд/ байхад анхан шатны шүүх ЭХХШТ хуулийн 7 дугаар бүлгийн 7.5 дугаар зүйлд заасан яллагдагч нарын эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

- Гэмт хэрэг гарсан сумын нутаг дэвсгэрийн хилийн зурвасыг тогтоосон байршлын зураг хэрэгт хавсаргагдаагүй боловч шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг хаана үйлдэгдсэн байдлыг нотлох боломжтой байна.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/347 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Прокурор Э.Билгүүний гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3. Яллагдагч Э.Э-, А.А-, А.А-, Э.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ