Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2019/02774/И |
Дугаар | 181/ШШ2020/00267 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2020/00267
2020 01 23 | 181/ШШ2020/00267 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: банк ХХК/РД:................../-ийн
хариуцагч: тоот хаягт оршин суух П.Н /РД:........................................../-т холбогдох,
ЗГ/................................ дугаар кредит карт эзэмшигчийн гэрээний үүрэгт 7,054,243.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Н нь Банкнаас 2016 оны 07 сарын 11-ний ЗГ/КР161103035 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн кредит карт авсан. Энэ картаа 2 жил гаруй ашиглаад, сүүлийн 1 жил орчим ямар ч төлөлт хийлгүй зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Одоо үндсэн төлбөр 4 997 292 төгрөг, хүү 1 329 770,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219 241,09 төгрөг байна. 2018 оны 6 сарын 29-ний өдөр Төв аймагт байрших пос машинаар 5 000 000 төгрөг уншуулан авч ашигласан,ашигласан хоногоор хүү хариуцах ба зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүү тооцож авдаг. 2019 оны 09 сарын байдлаар 7,054,243 төгрөгийг зээлдэгч П.Нээс гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Үүнтэй холбоотой баримтууд болох зээлийн гэрээ, хүү тооцоолсон хүснэгт, зээлийн өргөдөл, хүсэлтүүдийг хэрэгт хавсаргаж өгсөн.
Хариу тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар гаргая. Хариуцагчаас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан анзыг хэрэглэхгүй гэж байна. Банк анз бодоогүй. Анз биш нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл дээр гэрээний талууд гэрээг чөлөөт хэлбэрээр байгуулна гэж байна. Чөлөөт хэлбэрээр байгуулж байгаа тул бид хүү, хүүний хэмжээг та ингэвэл бид хүү авахгүй, ингэвэл хүү бодож эхэлнэ, та энийг ингэж хэрэглээд эхэлбэл энэнээс ингэж бодно гэх нөхцлүүдийг тавиад тэр нөхцөл болгондоо хүүгээ тохирсноор тавьж байгаа. Гэтэл хариуцагч тал шууд үндсэн хүүний 20 хувь гээд абсолют утгаар ойлгож байна. Бид гэрээний агуулгыг харилцан тохиролцоод, эрхийн хэмжээнд гэрээ байгуулсан. Миний тавьж байгаа шаардлага бол Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1.-д зааснаар нэгэнт ашигласан хоногоороо гэрээнд заасан нөхцлийн дагуу хүүгээ төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Банк хууль зөрчиж, хүнээс илүү хүү авсан зүйл байхгүй. Гэрээнд заасан уян хатан нөхцөлтэй аль аль талдаа давуу тал боломжуудыг ашиглах үүднээс хүүгийн бодлогыг гаргаж ирсэн. Түүнээс биш анз бодоод нэмэгдүүлсэн хүүг нэмж бодсон зүйл байхгүй. П.Н төлбөрийн чадваргүй гэж байгаа боловч ямар нэгэн маргаан байдаггүй. Банктай ирж уулзахдаа төлнө боломжит хугацаа олгооч л гэдэг. Өөрөө шүүх хуралд ирсэн бол арай өөр зүйл яригдах байсан байх гэж бодож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт ашигласан талаар маргаагүй. 5 сая төгрөгийг бэлэн эсвэл бэлэн бусаар авсан эсэхийг мэдэхгүй байна. Иргэний хуулийн 452.2-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй дүнгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Хэтрүүлсэн хүү ямар хугацааных гэдэг зээлийн тооцоолол тодорхойгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндсэн төлбөр, үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү гэж шаардсан. Уг шаардлагын тухайд талууд хэдийгээр гэрээний 3.5., 3.6. дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон боловч Иргэний хуульд заасантай нийцээгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардаж болно гэж заасан. Гэтэл тус тусад нь эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж хуульд нийцээгүй хэмжээний хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс гадна зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүү тооцож авна гэж байгаа боловч зээлдэгчийн зүгээс 5,000,000 төгрөгийг ямар байдлаар хэрхэн хэтрүүлсэн, ямар хугацаанд хэтрүүлсэн гэж үзээд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг тодорхойлоогүй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байна. Хэдийгээр талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох, гэрээний агуулгыг өөрчлөн тодорхойлох эрхтэй ч гэсэн энэ тохиролцоо нь хуульд нийцсэн гэж болохгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар нэгдүгээрт талууд хуульд заасны дагуу тохиролцсон гэж харагдахгүй байна. Тохиролцсон байлаа ч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хуульд заасан хэмжээнд нийцээгүй байна гэж харж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй хууль бус гэж үзэж үндсэн зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч П.Нт холбогдуулан ЗГ/КР161103035 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээний үүрэгт 7,054,243.33 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцлоо.
Хариуцагч тал зээлийн гэрээ болон зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн нэмэгдүүлсэн хүүг хариуцах үүргийг тохиролцсон гэдэг дээр маргаагүй ба шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэлд шаардаж байгаа 4,997,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын тохиролцсон кредит карт эзэмшигчийн зээлийн гэрээ болон үндсэн зээлийг авч ашигласан, зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн нэмэгдүүлсэн хүүг хариуцах үүргийг тохиролцсон талаар талууд маргаагүй.
Хариуцагч тал тохиролцсон гэрээний нөхцлүүдийн талаар маргаагүй ба харин маргаж буй гэрээний үүргийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар татгалзлын үндэслэлээ нотлоогүй болно.
2016 оны 10 сарын 07-ны өдрийн хариуцагч П.Нийн Банкны 5 сая төгрөгийн Зэс картын зээлийн эрхийн хэмжээ хүссэн “Кредит карт эзэмших ......... дугаар хүсэлтийн дагуу Талуудын хооронд 2016 оны 07 сарын 11-ний өдөр ЗГ/.................... дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан, гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь,бэлэн авсны хүү 3,5 хувийн хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хуга цаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, эргэн төлөх өдөр 15-ны өдөр, эргэн төлөх доод хувь 10, нэг жилийн хураамж-35,000 төгрөг гэж тохиролцсон, гэрээнд талууд маргаагүй, гарын үсэг зурж баталгаажуулсан, энэхүү гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан агуулга бүхий хүчин төгөлдөр зээлийн хэлцэл байна.
Нэхэмжлэгч үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс 2707,95 төгрөг төлөгдсөнийг хасч үлдэх 4 997 292,05 төгрөг, үндсэн хүү 1 329 770,23 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 507 939,96 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 219 241,09 төгрөг бүгд 7 054 243,33 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч картын зээлийг эргэлтэнд оруулж ашиглаж байсан, 2018 оны 07 сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 06 сарын 28-ны өдөр зээлийн хугацаа хэтрүүлэн 4 895 000 төрөг төлснөөр 2707,95 төгрөг илүү үлдэгдэлтэй болсон, 2018 оны 06 сарын 29-ний өдөр Төв аймагт 5 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлага хийж зээлийн мөнгийг авсан ба гэрээнд зааснаар дараа сарын 15-ны өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй, 2019 оны 8 сарын 1-ий өдрийн байдлаар үндсэн зээл 4 997 292,05 төгрөгийг хүүгийн хамт төлөлгүй 12 сар 18 хоног, нэхэмжлэл шүүхэд ирэх хүртэл 14 сар зээлийг хугацаа хэтрүүлэн ашигласан, одоог хүртэл төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн буруутай байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.-д дээр дурдсан, зээлийн үндсэн дүн, түүний карт эзэмших, ашиглах хугацааны үндсэн хүү, мөн нэмэгдүүлсэн хүүний талаар талууд харилцан тохиролцсон байх ба сар бүрийн 15-ны өдрийн дотор хүү зээлийг төлөх, эсвэл доод тал нь 10 хувийг төлж зээлийг ашиглахаар тохирсон боловч 2018 оны 06 сарын 29-ний өдөр Төв аймагт 5 000 000 төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр гаргаж авснаас хойш ямар нэг төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн 4 997 292,05 төгрөг, үндсэн хүү 1 329 770,23 төгрөгийг, хуульд нийцүүлэн нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.”Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”гэж зааснаар зээлийг ашигласан хугацааны үндсэн хүү 1 329 770,23 төгрөгийн 20 хувь болох 265 954,4 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцох үндэстэй.
Гэрээний 3.5-д “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно”гэж заасан байх ба нэхэмжлэлээр шаардсан зээлийн эрх хэтрүүлсний хүү 219 241,09 төгрөг гэсэн нь зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн дүн тодорхойгүй, энэ талаар гэрээнд ойлгомжтой нарийвчлан заасан зүйл байхгүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.”Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.”гэж заасны дагуу авч үзэхэд гэрээний хугацаа дууссанаас хойш 12 сарын хугацааны ашигласан хүү тооцсон байхад дахин эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн гэж сар бүр хүү тооцох үндэслэлгүй, хуульд зохицуулснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцох нь хуульд нийцнэ.
Иймд үндсэн зээлийн 4 997 292,05 төгрөг, үндсэн хүү 1 329 770,23 төгрөг, 265 954,4 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бүгд 6 593 016,7 төгрөгийг хариуцагч П.Нээс гаргуулж, нэхэмжлэгч Банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 461,226.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 127 817,89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хариуцуулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар бүгд 6 593 016,7 төгрөгийг хариуцагч П.Нээс гаргуулж, нэхэмжлэгч Банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 461,226.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 127 817,89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Нээс 120,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч П.Н төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ