| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 186/2020/0038/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 458
2020 4 14 2020/ДШМ/458
Д.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Д.Гт холбогдох 1911023751229 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Г, 1973 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:.../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанбийвийн гээгдүүлсэн Ай фоне-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Д-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Д.Г нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд шүүгдэгч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг зөрчиж, шүүгдэгч Д.Гт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээгүй буюу нийт эдлэх ялын хэмжээг тогтоогоогүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Д.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн байгаа. Шүүгдэгч Д.Г нь завших гэмт хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн буюу тэнссэн хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Гыг Б.Алтанбийвийн гээгдүүлсэн Ай фоне-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилжээ.
Хэргийн материалыг судлан үзэхэд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.
Шүүгдэгч Д.Гын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Алтанбийвийн гээгдүүлсэн Ай фоне-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь тэнссэн хугацаанд хамаарагдаж байх бөгөөд шүүх түүний тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Гт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ