Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2020/02990

 

2020 10 01

184/ШШ2020/02990

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.З-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээ-ээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 16,320,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Зшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...Миний бие 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Т ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах худалдах-худалдан авах 12/107 тоот гэрээг бичгээр байгуулан, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байр 1 дүгээр орцны .. давхарт .. тоот, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 850,000 төгрөгөөр, нийт 40,800,000 төгрөгийн орон сууцыг захиалсан.

Улмаар уг захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 40 хувь болох 16,320,000 төгрөгийг төлсөн ба уг орон сууц 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орохоор байсан боловч өнөөдрийг хүртэл 5 давхар карказ босгосноос өөрөөр үйл ажиллагаа хийгдээгүй, 7 жилийн хугацаанд гүйцэтгэгч компанийн зүгээс газрын маргаантай байгаа гэдгээр үйл ажиллагаагаа зогсоосон. Анх шүүхэд хандаж 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ТХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ-г үндэслэн урьдчилгаа төлбөрт төлсөн 16,320,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий боловч тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн татгалзал, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн.

Хариуцагч Т ХХК болон тус компанид орон сууц захиалсан иргэдийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлсэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Захиалагч иргэд Т ХХК-аас хүн амьдран суух шаардлага хангасан орон сууц худалдан авахаар захиалсан боловч аргагүйн эрхэнд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны .. дүгээр сарын ...-ны өдрийн .. дугаартай захирамжаар орон сууцны бүтээц (карказ)-ийн өмчлөгчөөр тогтоолгосон. Гэвч тухайн орон сууцны бүтээц нь төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан барилга угсралтын ажлын зураг төсөлгүй, чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон.

Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор захиалагч иргэдтэй орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах худалдан авах гэрээгээр үүсэх эрх, үүргийг Т ХХК-ийн зүгээс орон сууцыг үргэлжлүүлэн барьж, түлхүүрийг нь хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч иргэд нь үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээгээр Т ХХК нь тухайн карказыг үргэлжлүүлэн барих үүрэг хүлээсэн. Энэ гэрээнд Г.Знь гарын үсэг зурсан байдаг. Гэрээний 2.7 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, үл хөдлөх эд хөрөнгийг захиалгаар худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг уг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд тооцогдох бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Т ХХК-тай уг ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 16,320,000 төгрөг нь урьдчилгаа төлбөр болно гэдгийг заасан байгаа юм. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т ХХК-ийн зүгээс 2016 онд тодорхой ажлыг хийж гүйцэтгэж байсан боловч 2017, 2018 онуудад ямар ч ажил хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс та нар үүргээ гүйцэтгээч гэж удаа дараа шаардсан боловч хариуцагч талын зүгээс бид нар ажлаа хийж байгаа гэдэг хариуг өгч байсан.  

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт өгсөн 16,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК, түүний төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд орон сууц барихаар захиалагч иргэдтэй гэрээ байгуулж, барилгын суурийн ажил хийгдээд явж байхад хотын дарга Э.Б газрыг авах зөвшөөрөлгүй байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байсан. Уг газар ТХХК-ийн нэр дээр бус  миний нэр дээр газрын гэрчилгээ байна гээд маргаан үүссэн. Улмаар захиалагч иргэд хотын дарга зөвшөөрөлгүй барилга байна гэж хэлсэн гээд тухайн карказыг бид нарын өмч гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо би өөрөө хохироод үлдэж байна.

Гэтэл бүх зүйлээ авсан байж дараа нь дахиад надаас мөнгө нэхээд нэхэмжлээд яваад байгааг ойлгохгүй байна. Нэгэнт өмчөө авсан, газраа авсан болохоор надад буцааж өгөх мөнгө байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс карказаа өөрсдийнхөө нэр дээр авсан, мөн газраа авсан байж мөнгө авна гээд байгааг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 1233 тоот дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул ИХШХШТХ-ын 65 дугаар зүйлийн 65.1.6 болон мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч ТХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 16,320,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал нь ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Г.З нь урьдчилгаа төлбөр мөнгө төлөөгүй, бид аваагүй, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 16,320,000 төгрөгийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч тал нь ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд өмнө урьдчилгаанд төлсөн 16,320,000 төгрөгийг гэрээний төлбөрийн нэг хэсэг болгон заасан, уг гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа гэж маргадаг.

 

Харин нэхэмжлэгч Г.З, хариуцагч Т ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнд Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо.. байрны 10 давхрын .. тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж 40,800,000 төгрөгөөр худалдахаар, Г.Знь урьдчилгаа 40 хувь буюу 16,320,000 төгрөгийг гэрээ байгуулах үед, барилгын явцад үлдэх 60 хувийг төлж худалдан авахаар тохиолцсон, гэрээний үүрэг болох урьдчилгаа 16,320,000 төгрөгийг төлсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ...Г.З нарын 68 иргэний нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Max импекс" ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах, маргаан бүхий бүтээц /карказ/-ийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай захирамжийг буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэс болгодог ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т ...хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж болохгүй гэж заасан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан нөхцөлүүдийг тайлбартаа дурддаг.

Тухайн маргаан нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах, маргаан бүхий бүтээц /карказ/-ийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох байсан бөгөөд энэ шүүгчийн захирамжаар хариуцагч Т ХХК захиалгаар бариулж буй барилгын бүтээц нь нэхэмжлэгч нарын өмч, хөрөнгө мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг баталсан, харин маргааны зүйлийн үндэс болох 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэг, үр дагаврын талаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж дүгнэхгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр гэх шүүгчийн захирамж гарсан цаг, хугацаанаас хойш буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ гэх хэлцлийг нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан нь 2012 оны 8 сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон гэж үзэхээр байна.

 

Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, харилцаа үүссэн, уг гэрээний дагуу хариуцагч Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 10 давхар орон сууцыг барьж, түлхүүр хүлээлгэн өгөх, захиалагч иргэдийн нэг болох нэхэмжлэгч Г.З нь ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээж, харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хуульд заасан хэлбэрээр бичгээр байгуулсан, гарын үсэг зурцгаасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул энэхүү гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 16,320,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Шаардах эрхийн талаарх хариуцагч талын татгалзал, тайлбарын хувьд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-т Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ, 241.4-т Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу гэрээний нэг тал болох Захиалагч нарын нэг нэхэмжлэгч Г.Знь үүргийн гүйцэтгэлийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК нь нэр бүхий захиалагч нартай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г /хх 84-90/ байгуулснаар талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн бөгөөд тухайн гэрээнд:

...1.1-д Энэхүү гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ байгуулсан захиалагчдад орон сууцны байрыг гүйцэтгэгч үргэлжлүүлэн гүйцээн барьж өгөх, Захиалагчид үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой талуудад эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.

1.2-т Захиалагчид гэдэгт Т ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан аварх гэрээ байгуулсан, энэ гэрээний хавсралтад нэр дурдсан, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бүхий л иргэд хамаарна.

1.3-т Захиалагчид нь ...1840/0021 дугаартай 348 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа бөгөөд уг газар дээр орших дутуу баригдсан орон сууцны барилгын бүтээц /карказ/-ний хууль ёсны өмчлөгч нь болно.

2.5-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгын холбогдох бүхий л зураг төсөл болон 10 дугаар давхрын карказ бүрэн хийгдэж дуусах хүртэлх бүхий л барилга угсралтын ажил, үйлчилгээний зардлыг бие даан хариуцах үүрэгтэй. Орон сууцны барилгын 10 дугаар давхрын карказын ажил бүрэн дуусмагц Захиалагч нар нь Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу Гүйцэтгэгчид төлнө.

2.7-д Т ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн төлбөр нь урьдчилгаа төлбөр болох бөгөөд энэ Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Захиалагч тус бүр орон сууцны захиалгын гэрээг шинэчлэн байгуулна.

2.11-д Гүйцэтгэгч нь ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 12 сарын 31-ны өдрөөс өмнө түлхүүр хүлээлгэн өгнө гэсэн эрх, үүргийг зааж, харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Т ХХК дээрх гэрээний үүргээ буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц барьж дуусган түлхүүр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан шаардана гэдэг.

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй хэлцэл тул гүйцэтгэсэн ажлын хөлсөө авахын тулд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг бөгөөд захиалагч нарын нэг болох нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Т ХХК-иар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах орон сууцны барилга бариулах, хариуцагч Т ХХК нь хөлсийг хүлээн авч, барилгын стандарт, норм, дүрэмд нийцсэн, шаардлага хангасан орон сууцыг захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Захиалагч Г.З-ийн өмнөх гэрээгээр төлсөн урьдчилгаа 40 хувь болох 16,320,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн урьдчилгаанд тооцохоор талууд тохиролцсоноор захиалагч ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдоно.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, уг гэрээний дагуу хариуцагч Т ХХК нь орон сууцыг барьж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.З-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хүссэн үр дүнг бий болгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу гэж үзэв.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбараар хариуцагч Т ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т ХХК-аас 16,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.З-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.З нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Max импекс" ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах, ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын бүтээц /карказ/-ийн өөрт оногдох өмчлөлөөс татгалзах үүрэг үүсч байгааг тэмдэглэж байна. Хариуцагч талаас энэ асуудлаар шаардлага гаргахад тухайн шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 16,320,000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.З-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 239,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ