Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00124

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02990 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.З-гийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу төлсөн 16 320 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2012 оны 08 сарын 04-ний өдөр Т ХХК-тай 12/107 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах худалдах-худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61а байр 1 дүгээр орцны 10 давхарт 47 тоот, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 850 000 төгрөг, нийт 40 800 000 төгрөгөөр захиалсан.

Улмаар уг захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 40 хувь 16 320 000 төгрөгийг төлсөн ба уг орон сууц 2013 оны 02 сарын 28-ны өдөр ашиглалтад орохоор байсан боловч өнөөдрийг хүртэл 5 давхар карказ босгосноос өөрөөр үйл ажиллагаа хийгдээгүй, 7 жилийн хугацаанд гүйцэтгэгч компанийн зүгээс газрын маргаантай байгаа гэдгээр үйл ажиллагаагаа зогсоосон. Анх шүүхэд хандаж 2012 оны 08 сарын 04-ний өдөр Т ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий боловч тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн татгалзал, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн.

Хариуцагч Т ХХК болон тус компанид орон сууц захиалсан иргэдийн хооронд 2012 оны 09 сарын 30-ны өдрөөс эхэлсэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Захиалагч иргэд Т ХХК-аас хүн амьдран суух шаардлага хангасан орон сууц худалдан авахаар захиалсан боловч аргагүйн эрхэнд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 1233 дугаартай захирамжаар орон сууцны бүтээц (карказ)-ийн өмчлөгчөөр тогтоолгосон. Гэвч тухайн орон сууцны бүтээц нь төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан барилга угсралтын ажлын зураг төсөлгүй, чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон.

Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор захиалагч иргэдтэй орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр 2016 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээгээр үүсэх эрх, үүргийг Т ХХК-ийн зүгээс орон сууцыг үргэлжлүүлэн барьж, түлхүүрийг нь хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч иргэд нь үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээгээр Т ХХК нь тухайн карказыг үргэлжлүүлэн барих үүрэг хүлээсэн. Уг гэрээнд Г.З- нь гарын үсэг зурсан байдаг. Гэрээний 2.7-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, үл хөдлөх эд хөрөнгийг захиалгаар худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг уг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд тооцогдох бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 16 320 000 төгрөг нь урьдчилгаа төлбөр болно гэдгийг заасан байгаа юм. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т ХХК-ийн зүгээс 2016 онд тодорхой ажлыг хийж гүйцэтгэж байсан боловч 2017, 2018 онуудад ямар ч ажил хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгээч гэж удаа дараа шаардсан боловч хариуцагч талын зүгээс бид нар ажлаа хийж байгаа гэдэг хариуг өгч байсан.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд орон сууц барихаар захиалагч иргэдтэй гэрээ байгуулж, барилгын суурийн ажил хийгдээд явж байхад хотын дарга Э.Бат-Үүл газрыг авах зөвшөөрөлгүй байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байсан. Уг газар Т ХХК-ийн нэр дээр бус гээд маргаан үүссэн. Улмаар захиалагч иргэд хотын дарга зөвшөөрөлгүй барилга байна гэж хэлсэн гээд тухайн карказыг өөрсдийн өмч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүх зүйлээ авсан байж дараа нь дахиад мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Учир нь захиалагч нар карказыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан, мөн газраа авсан байж мөнгө авна гээд байгааг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 1233 тоот дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 16 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.З-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 239 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд 2016 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар гэрээний эрх зүйн үүрэг үүссэн хэмээн дүгнэж хариуцагчаас 16 320 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 01 сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш ба уг гэрээг нийт захиалагч нар болоод Т ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлж бариулах иргэд байгаа эсэх байгаа бол нийт захиалагч нарын хэдэн хувь нь байгаа болохыг тогтоох зорилгоор байгуулж захиалагч иргэдээс гарын үсэг цуглуулсан байдаг. Хэрэв нийт захиалагч нарын дийлэнх нь зөвшөөрч үргэлжлүүлэхээр болбол уг гэрээний 2.7-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсны дараа захиалагч тус бүр орон сууцны захиалгын гэрээг шинэчлэн байгуулж ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан боловч захиалагч Г.З- нь уг заалтын дагуу Т ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулаагүй болно. Ийм байх атал анхан шатны шүүх нийт захиалагчдын хооронд барилгын ажлыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа эсэх үйл баримтыг тодруулах зорилгоор байгуулсан ерөнхий гэрээг талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ мэт дүгнэж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

2016 оны 01 сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 16 320 000 төгрөгийг шаардах эрхтэй хэмээн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь, гэрээнээс татгалзаж 16 320 000 төгрөгийг шаардахын тулд уг гэрээний дагуу бодитоор 16 320 000 төгрөгийг өгсөн байж гэрээнээс татгалзаж уг төлбөрийг шаардах боловч нэхэмжлэгч Г.З- нь 2016 оны 01 сарын 06-ны өдрийн гэх гэрээний дагуу Т ХХК-д төлбөр төлөөгүй ба энэ талаар ч маргаагүй атал анхан шатны шүүх 16 320 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх 2012 оны 08 сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-ний эрхзүйн харилцаа нь 2016 оны 01 сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаагаар солигдсон хэмээн дүгнэлт хийж уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэлт хийсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь гэрээний эрх зүйн харилцаа өөр нэг гэрээний эрх зүйн харилцаагаар солигдох явдал нь өмнөх гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй буюу хүчин төгөлдөр байхыг шаардах боловч захиалагч гэх Г.З- нь 2014 онд 2012 оны 08 сарын 04-ний өдрийн гэрээ, мөн төлбөр төлсөн баримт зэргийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж гэрээний урьдчилгаанд өгсөн төлбөрийн оронд Т ХХК-ийн газар болон карказ зэргийг өөрийн өмчлөлдөө авснаар 2012 оны 08 сарын 04-ний өдрийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон ба Г.З-г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр өнөөдрийг хүртэл хэвээр байдаг атал анхан шатны шүүх уг гэрээний эрх зүйн харилцаа өөр гэрээний эрх зүйн харилцаагаар солигдсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Г.З- нь 2014 онд шүүхэд хандаж Т ХХК-ийн карказ болон газрыг өөрийн өмчлөлд авахдаа 16 320 000 төгрөг төлсөн баримтаа нэхэмжлэлийн үндэслэл болгож байсан атлаа мөн л уг баримтаа дахин нэхэмжлэлийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал байгаа байгаа болохыг харуулсаар байх атал анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.З- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 16 320 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2012 оны 08 сарын 04-ний өдөр 12/107 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Т ХХК нь 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан 2013 оны 02 сарын 28-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, Г.З- нь нийт 40 800 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон /1хх 4-5/, гэрээ байгуулсан өдөр Г.З-гаас гэрээний урьдчилгаа төлбөр гэж нийт 16 320 000 төгрөгийг Т ХХК-д бэлнээр тушаасан /1хх 6/ үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлжээ.

 

Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаас 2012 оны 09 сарын 05-ны өдөр зогсоосны /1хх 75-79/ улмаас Т ХХК гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болж, улмаар 2016 оны 01 сарын 06-ны өдөр нэр бүхий иргэд, түүний дотор нэхэмжлэгч Г.З-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2012 оны 08 сарын 04-ний өдрийн 12/107 тоот гэрээгээр тохиролцсон орон сууцыг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. /1хх 84-88/

 

Өөрөөр хэлбэл, талууд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 1233 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар 2012 оны 08 сарын 04-ний өдрийн 12/107 тоот гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлсэн боловч үүний дараа дахин 2016 оны 01 сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, талуудын хүлээх эрх, үүргийг шинээр тодорхойлсон байх тул анхан шатны шүүх үүрэг солигдсон гэж дүгнэн, маргааны талаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.7-д Т ХХК-тай өмнө байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлөгдсөн төлбөрийг урьдчилгаа төлбөрт оруулан тооцох агуулгатай зохицуулалт орсон байх тул 2016 оны гэрээний дагуу Г.З-гаас төлбөр хүлээн аваагүй гэх хариуцагч талын тайлбар мөн үндэслэлгүй.

 

Ажил гүйцэтгэгч Т ХХК нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр орон сууцыг захиалагч Г.З-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилгын ажил зогссон нөхцөл байдал арилаагүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т ХХК-аас 16 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.З-д олгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР