Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01482

 

       “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00967 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З-д холбогдох

  Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 880 232 471 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, прокурор Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.488 км хатуу хучилттай автозамыг барихаар З-тай 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 54 тоот гэрээ байгуулж ажилласан. Тухайн үед ажлын хөлсийг 10.3 тэрбум төгрөгт тооцон, 3 жилийн хугацаатай буюу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хийж дуусгахаар гэрээнд тусгаж, хэрэв битум, шатах тослох материал зэрэг голлох түүхий эдийн зах зээлийн дундаж үнэ 20 хувиас дээш өссөн тохиолдолд үнийн тохируулга хийхээр гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд тохиролцсон. Манайх ажлыг 2013 оны 10 дугаар сард дуусган захиалагч талд хүлээлгэн өгөх гэсэн боловч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой яамнаас комисс ажиллуулаагүй. Улмаар Автотээврийн газраар хянагдсаар хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сард улсын комисс ажлыг бүрэн хүлээж авсан нь хэрэгт авагдсан ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан дахь огнооноос харагдана. Манайхаас шалтгаалж гэрээ сунгагдаагүй, захиалагч яам өөрөө хугацааг хойшлуулж байсан. Ажил гүйцэтгэх явцад инфляци болон барааны үнийн өсөлт гарч 2013 оны сүүлээр үндсэн түүхий эд болох битумны үнэ гэрээ хийх үеийнхээс бараг 2 дахин их үнээр нийлүүлэгдэж худалдан авсан. Энэ хооронд манай компани асар их алдагдалд орсон тул гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бид захиалагчид 17 төрлийн ажилд 4.5 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарсныг мэдэгдэж, тохируулга хийхээр хандсан. Бид удаа дараа үнийн тохируулга хийх талаар мэдэгдэж, уулзаж байсан ч улсын комисс хүлээн авсны дараа зөрүүг шийдье. Улмаар яамны холбогдох мэргэжилтэнгүүд хянаж үзээд 3 төрлийн ажилд үнийн зөрүү олгож болно гэсэн. Үүнд: 10.325 м.куб хэмжээтэй хийгдэх халуун асвальт бетон хучилт байгуулах ажил, 248.960 м.кв хэмжээтэй битум цацлага хийх ажил, 335.269 м.куб хэмжээтэй зөөврөөр далан байгуулах ажил багтсан. 2011 онд анх гэрээг байгуулахад замын ажлын үндсэн түүхий эд болох битум нэг тонн нь 1 080 000 төгрөгөөр тооцсон байсан бол 2012 оноос хийж эхлэхэд 1 342 230 төгрөг, 2013 онд 1150 ам.доллар буюу 1 664 636 төгрөг болж өссөн. Мөн дизель түлш нэг литр нь 1440 төгрөг байсан бол 2011 оны 07 дугаар сард 1750 төгрөг болсон. Гэхдээ бид ажлыг Завхан аймагт хийж гүйцэтгэж байгаа тул 1970 төгрөгөөр литр тутмыг худалдан авсан. Манайх шатахуун, битум худалдан авсан гэрээ, баримтыг хэрэгт өгсөн байгаа. Зөөврөөр далан байгуулах ажлын хувьд гол өсөлт шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй байдаг. Үндсэндээ 2011 онд гэрээ байгуулах үед зөөврөөр далан байгуулах ажлын нэгжийн үнийг 9 862,18 төгрөгөөр тооцсон байсан бол 2013 онд 12 090,20 төгрөг болж зөрүү 746 987 702 төгрөг болсон. Битум цацлага хийх ажлын хувьд нэгжийн үнийг 778,61 төгрөг байхаар тооцсон бол 2013 онд 1 449,61 төгрөг болж, зөрүү 167 097 767 төгрөг болсон. Халуун асвальт бетон хольцоор хучилт байгуулах ажлын нэгж үнийг 345 993,84 төгрөгөөр тооцсон бол 2013 онд 498 127,95 төгрөг болж өссөнөөс зөрүү 1 570 784 685 төгрөг болсон. Нийт үнийн өсөлтөөс 2 484 870.155 төгрөг нэхэмжилсэн.

  Сүүлд томилогдсон шинжээч дээрх гурван ажилд түүхий эдийн өсөлтөөс хамаарах хэсэг 1 880 232 471 төгрөг гэж тогтоосон тул шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 1 880 232 471 төгрөг болгож байна. Өмнө нь Яамнаас үнийн зөрүүг олгохгүй гэж байгаагүй, харин санхүүжилт байхгүй гэдэг байсан. Гэтэл одоо өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011-2013 онуудад барилгын ажлыг бүрэн дуусч, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын комисс ажиллуулж, авто замын барилгын ажлыг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үүргээ биелүүлж, гэрээний үйлчлэл дуусгавар болсныг нотолсон байна. Үнийн өсөлт З-ны үйл ажиллагаанаас хамааралгүй тул хариуцах үндэслэлгүй. З нь “Х” ХХК-тай байгуулсан 2011 оны гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн. Гэтэл гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж дуусгавар болсноос хойш 3 жилийн дараа үнийн тохируулга хийхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж, үүрэг үүсэх үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Уг гэрээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулсан хуулиар үүссэн ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг онцгойлон дурдах нь зүйтэй.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар “Х” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Тухайн үед өөрсдөө үнээ тооцоолоод, үнийн саналаа гаргаад гэрээг байгуулж, ажил дуусгавар болсны дараа үнийн өсөлтийн зөрүү гэж нэмж 2 484 870 155 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасантай зөрчилдөж байна. Бараа материалыг хэдээр авах, гарах зардал хэд болохыг анхнаасаа тооцоолж төсвөө гаргах ёстой. “Х” ХХК гэрээнд заасан хугацаандаа ажлыг хүлээлгэн өгөлгүй зөрчсөн. Энэ нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр нэмэлт гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54/014 дүгээр нэмэлт гэрээ болон ажлыг 2014 онд 22.488 км зам, 2015 онд 7 км замыг 2 хувааж ашиглалтад оруулсан байдлаар ажил удаашралттай явагдсаныг нотолно.

З болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2 удаагийн нэмэлт гэрээний 4-т “Нэмэлт гэрээ” байгуулснаар гэрээний нийт болон нэгж үнэд өөрчлөлт орохгүй гэж тодорхой заасан тул үнийн өсөлт шаардсан нь хууль бус. Мөн ”Х“ ХХК нь захиалагч тал болох яаманд тухайн үед төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн захиалагчид төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдсэн нотлох баримтыг ирүүлээгүй. Гэрээний тусгай нөхцлийн 44-д “үнийн тохируулга хийж болно” гэж зааснаас анхнаасаа заавал хийхээр гэрээнд үүрэг болгож заагаагүй. Төсвийн хэмжээ нэмэгдсэн талаарх саналаа манайд ажил гүйцэтгэх явцдаа мэдэгдэж талууд өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэх байсан. Мөн гэрээ хэрэгжиж дуусаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гэнэт үнийн өсөлт шаардаж, гэрээг буцаан хэрэглэхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдөж мөн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэсэн Иргэний хуулийн заалттай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Прокурор Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2011 онд гэрээг байгуулж, ажлыг 2015 оны 07 дугаар сарын 31-нд уусгаж хүлээлгэн өгчээ. Гэрээний тусгай нөхцлийн 44-т “үнийн тохируулга” хийх талаар тусгагдсан байх боловч тохируулга хийх талаар яам болон гүйцэтгэгч нар уулзсан, тохиролцож байсан мөн үнийн өсөлтөөс ийм хэмжээний нэмэлт зардал гарсныг нотолсон баримтгүй. Талуудын хоорондох 2014, 2015 онд байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4-т “үнэд өөрчлөлт оруулахгүй” гэж заажээ. Иймд нэхэмжилж байгаа үнийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан З-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 880 232 471 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 584 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 4 089 600 төгрөг төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж, 1 209 600 төгрөгийг шинжээч Л.Б-д, 2 880 000 төгрөгийг шинжээч Ц.Ц, С.Б, С.Б нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч "Х" ХХК болон З-тай 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 54 тоот 10.3 тэрбум төгрөгийн хөлс бүхий гэрээг 3 жилийн хугацаатай буюу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хийж дуусгахаар байгуулсан бөгөөд гэрээний 44 дүгээр зүйлд “хэрэв битум, шатах тослох материал зэрэг голлох түүхий эдийн зах зээлийн дундаж үнэ 20 хувиас дээш өссөн тохиолдолд үнийн тохируулга хийхээр тохиролцсон” болно. Энэ тохиролцоо нь хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд хавтаст хэрэгт шатах тослох материалын үнэ гэрээний хугацааны үед буюу гэрээ хийгдсэнээс нэг жилийн дараа 20 хувиар нэмэгдсэн талаарх баримт авагдсан болно. Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай магадлалд битумын болон шатахууны үнэ өссөнтэй холбоотой үнийн өсөлтийн зөрүүнд нэхэмжилсэн 2 484 870 155 төгрөгийг шийдвэрлэхтэй холбоотой Сангийн сайдын гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгзэр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битум болон шатах тослох материалын үнийн өсөлтийн зөрүүг 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд нь үнийн өсөлт байсныг харуулсан байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Шүүх зөөврөөр далан байгуулах ажлын хөлс 1 880 232 471 төгрөгөөр нэмэгдсэн болох нь нотлогдохгүй гэж дүгнэхдээ гэрээ байгуулсан 2011 оноос гэрээний үүрэг гүйцэтгэж дууссан 2013 оныг хүртэлх хугацааны ажлын төсөвт өртгийн материалын зардлын тооцоог гаргасан нь үндэслэлгүй, шүүхийн дүгнэлтээр жил бүр 20 хувиар нэмэгдэх буюу нийт 60 хувиар нэмэгдэх ёстой байсан мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Шүүх 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээний 4-т “Гэрээний нийт болон нэгжийн үнэд өөрчлөлт орохгүй" гэснийг "үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар өөрчилсөн" гэж тайлбарласныг ойлгосонгүй. Учир нь дээрх нэмэлт гэрээний заалтад шууд утгаар үндсэн гэрээнд тусгасан 10 300 000 000 төгрөгт өөрчлөлт орохгүй болохыг заасан болохоос үндсэн гэрээнд тусгасан гэрээний заалтыг хүчингүй болгох тухай огт заагаагүй.

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийн байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч З /хуучнаар З/-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох гэрээ хэрэгжих явцад шатахууны үнийн өсөлтөөс зөөврөөр далан байгуулах болон битум цацлагын ажил, халуун асфальт бетон хучлага байгуулах ажлын зардал нэмэгдсэн үнийн зөрүүнд 1 880 232 471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч З /хуучнаар/ “Х” ХХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх  29.488 км хатуу хучилттай авто замын ажлыг 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд, нийт 10 300 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр  харилцан тохиролцож, улмаар 2014 оны 05 дугаар сарын 30, 2015 оны 04 дүгээр сарын 16-нд тус тус 2 удаа нэмэлт гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

Талууд ажлын гүйцэтгэлийн талаар маргаагүй, харин хариуцагчаас гэрээний дагуу ажлын хөлсөө бүрэн төлсөн, гэрээ хэрэгжиж дууссаны дараа үнийн өсөлтийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.

Захиалагч нь гэрээгээр тохиролцсон эсхүл төсвөөр баталсан ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй. Харин төсвийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Төсөв нэмэгдсэнийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэгдсэн төсөв буюу нэмэгдсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэрээний ерөнхий нөхцлийн 44 дүгээр зүйлд зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан үндсэн материалын үнэд гэрээний тохируулга хийх шаардлага үүсэх нөхцөл байдал, тохируулгыг хэрхэн хийх аргачлалыг баталсан болохоос биш төсвийн хэмжээ нэмэгдсэнээр ажлын хөлсийг нэмэх агуулгагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс  2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талд үнийн зөрүүний талаар мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан. Энэ баримтад гэрээний дагуу барилгын ажлаа хийж гүйцэтгэн, 2014 оны 07 дугаар сарын 01-нд  улсын комисст  хүлээлгэж өгсөн гэж бичсэн байгаа учраас Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар төсвийн хэмжээ илт нэмэгдэхээр байгаа бол гүйцэтгэгч нь энэ талаар тухайн үед захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн, түүнтэй холбоотойгоор талууд тохиролцоо хийсэн нь баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

З буюу хариуцагч талаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сангийн сайдад явуулсан 01/3424 дугаартай албан бичгийн /2 хав 80/ агуулгаас үзэхэд нэхэмжлэгч талын ирүүлсэн албан бичгийг цааш нь дамжуулсан гэж үзэх тул үүнийг гэрээнд өөрчлөлт оруулсан тохиролцоо хийсэн гэж үзэхгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч үнийн өсөлтийн зөрүүгээс ажлын төсөвт өртөг нэмэгдсэн талаар баримтаар нотлоогүй. Иймээс үнийн өсөлтийн зөрүүг шинжээчийн дүгнэлтээр гаргасан, хэрэгт авагдсан баримтаар үнийн өсөлт байсныг харуулсан байтал анхан шатны шүүх бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэх  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. 

   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  9 561 163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА