| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 168/2017/0143/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 65
М Ч Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар магадлалтай, М Ч Ж-д холбогдох 201611000447 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М Ч Ж, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
БНХАУ-ын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М Ч Ж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Ч Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М Ч Ж, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх магадлалын агуулгыг уншиж танилцуулахдаа анхан шатны шүүхийн шүүгдэгчийн холбогдсон хэргийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэнд маргахгүй, хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн атлаа магадлалыг эх хувиар нь хүлээн авч танилцахад “анхан шатны шүүх М Ч Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судалж үнэлэлгүй цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэл муутай болжээ” гэсэн нь уншиж сонсгосноос зөрүүтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.6-д давж заалдах гомдол, эсэргүүцэлд гаргасан хариу тайлбарын агуулгыг давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тусгахаар заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч буйгаа илэрхийлээд үндэслэлээ шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо гаргах тухай бичгээр тайлбар хүргүүлсэн. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй тухай хууль зүйн үндэслэлийг хангалттай гаргаж, саналаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад бичгээр гаргаж өгсөн байтал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар, санал зэргийг шийдвэртээ тусгаагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн магадлалд “гэрч Н.Н-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаанд түүний өгсөн гурван удаагийн мэдүүлгийг үндэслэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хэмээн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэрч Н.Н ирээгүйтэй холбогдуулан түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар Н.Н-ыг байлцуулахгүйгээр үргэлжлүүлэх тухай санал гаргасныг шүүхээс хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн тухай тэмдэглэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр буруу гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэрвээ улсын яллагчийн зүгээс цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичихдээ үнэхээр Н.Н-ыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэснийг хэрэгжүүлэх эрх нь улсын яллагчид байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, мөн улсын яллагч гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаагүйг давхар нотолж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг тогтоох хэсэгтээ удирдлага болгоогүй нь дээрх хуулийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.6-д заасан “давж заалдах гомдол, эсэргүүцэлд гаргасан хариу тайлбарын агуулга”-ыг магадлалдаа тусгана гэснийг зөрчсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон талаар хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхисон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дээрх асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх эрхтэй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн 46 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 147 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд хэлсэн саналдаа “...Хэргийг зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэх нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгээс гадна шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг цагаатгасан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх гэрч Н.Н буюу талийгаач Н.О-гийн төрсөн ахын мэдүүлэгт үндэслэн хэргийг анх харсан гэрч, эх сурвалжаа зааж чадсан, мөн улсын яллагч эсэргүүцэлдээ “гэрч Н.Н-ын мэдүүлгээр М Ч Ж-гийн машин дүүгийнх нь машины ард тулж зогссон байсныг гэрчилсээр байхад, түүнчлэн гэрчийн хувьд түүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар улсын яллагчаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд оруулаагүй атлаа түүний мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй, бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар эсэргүүцэлд дурдагдсан зүйлүүд нотлох баримтаар няцаагддаг юм. Н.Н нь хэрэг болсон газарт бодит байдлыг анх харсан гэрч гэх боловч түүний гурван удаагийн мэдүүлгүүд болон хүсэлт, гомдлууд нь бүгд хоорондоо зөрүүтэй, хөдөлбөргүй үнэн гэхэд эргэлзээтэй байсан тул шүүхээс энэ гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Түүний мэдүүлэг нь төрсөн дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх, нөгөөтэйгүүр өөрт ашигтай мэдүүлэг өгөх боломжтой гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү. Улсын яллагчийн “гэрч Н.Н-ыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй, бусад баримтаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэснийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад улсын яллагч нь урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаанд даргалагчаас асуусаар байхад гэрч Н.Н-ыг хуралд оролцуулахгүй байхад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч биечлэн оролцож нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж танилцуулсан, мөн амаар болон бичгээр хариу тайлбар өгсөн байхад магадлалд энэ талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.6-д заасныг зөрчсөн. Магадлалд “хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн бусад заалтуудад дурдсан асуудлуудыг энэ удаа хэлэлцээгүй болно” гэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянана гэснийг шууд үгүйсгэн хэрэг дараа ирэхээр нь бусад асуудлыг дахин хянаж буцаана гэсэн утгатай болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд гурван үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан бөгөөд эдгээрийн аль ч заалтыг анхан шатны шүүх зөрчөөгүй байхад тогтоолыг хүчингүй болгосон нь хууль бус байна. Улсын яллагч анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8, 36.2, 36.9 дүгээр зүйлүүдийг зөрчсөн хэмээн дурдсан боловч хууль хэрэглээний талаас чухам юу тайлбарлаж, эсэргүүцэж байгаа нь тодорхой биш, нэг санааг олон дахин давхардуулж бичсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх гурван үндэслэлийг тодорхой дурдаж, ноцтой зөрчсөнийг нотлох баримттайгаар гаргаж тавиагүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн хэлсэн саналдаа “...Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн энэ гэмт хэрэг бол санаатай үйлдсэн хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, авто тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн хэрэг биш гэж удаа дараа хүсэлт гаргасан. Аймгийн прокуророос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тухайн гэмт хэргийг санаатай гэмт хэргээр шалгах нь зүйтэй гэсэн хариу өгч байсан. Харамсалтай нь мөрдөн байцаагч, прокурор нар уг хэргийг болгоомжгүй үйлдэгдсэн байна гэж урьдчилан тогтоочихоод үүнийгээ хохирогч нарт танилцуулсан. Н.Н нь хэргийн бодит байдлыг шууд харсан гэрч юм. Уг гэрчийг худал, зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар ярьдаг. Шүүгдэгч М Ч Ж-гийн барьж явсан ковш нэг хүрдний байрлалд сул эргэлттэй, дугуй халцарсан, ковшны шанага, төмөр үзүүр зурагдсан, тоормос, гэрэл дохио бүрэн бус гэж дүгнэлт гаргасан. Энэ нь гэрч Н.Н-ын мэдүүлэгтэй тохирдог. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй бөгөөд үндэслэлгүй байна. Гэм буруугийн хэлбэрийн санаатай үйлдэл гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хүндрүүлэн эцсийн шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхдөө цагаатгах талын нотлох баримтуудыг үндэслэл болгож, гэрч Н.Н-ын мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд гэрчийн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон. Шүүх хуралдаанд улсын яллагч гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг хэлэлцэхээр завсарлаж, тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай дүрс бичлэгт байхад тэмдэглэлд хүсэлт гаргаагүй мэтээр буруу бичсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос яллагдагч М Ч Ж нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ш...” ХХК-ийн үүрэг гүйцэтгэгч “Т...” ХХК-д ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний 23 цагийн үед далд уурхайн 1005 дугаар түвшинд 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C загварын ачигч машинаар Jin Fang загварын 97-34 ДОА дугаартай автомашиныг мөргөж, уг машины гадна талд байсан Н.О-г ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М Ч Ж нь Н.О-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь эргэлзээгүйгээр нотлогдоогүйн дээр гэрч Н.Н удаа дараа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, түүний мэдүүлгийг давхар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, бусад гэрчийн мэдүүлгээр няцаагдсан, М Ч Ж-гийн үйлдэл, амь хохирогч Н.О-гийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнээд М Ч Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх М Ч Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судалж, үнэлэлгүй цагаатгах тогтоол гаргасан, хэргийн газарт анх очиж харсан зүйлээ мэдүүлсэн гэрч Н.Н-ын мэдүүлгийг “эх сурвалжгүй” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар буруу дүгнэлт хийсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу томилох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хэрэг гарсны дараах нөхцөл байдлыг тэр даруй харж, харсан зүйлээ мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг эх сурвалжаа заагаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр Н.О хэрхэн амиа алдсан болохыг тогтоогоогүй атлаа М Ч Ж-гийн үйлдэл Н.О-гийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл тодорхой бус бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлийг зөв гэж үзнэ.
Мөн давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд нийцүүлэн зөв тогтоох асуудлыг тэмдэглэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь энэ хэрэгт талийгаач Н.О-гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Д.Б-г тогтоосон байна. Н.О нь тухайн үед эх Д.Б-гийн гэрт хамт амьдарч байсан, гэрлэж байгаагүй, төрсөн болон үрчилж авсан хүүхэдгүй байхад хамтран амьдарч байсан гэх Б.Б-г давхар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд мөн эсэхийг хэлэлцэн шийдвэрлэвэл зохино.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч М Ч Ж, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, О.Сайнгэрэл нарын давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН