Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02629

 

 

 

 

 

2020 10 22

181/ШШ2020/02629

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.М, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.Г  нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/289 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тушаалын хуулбарыг надад өгсөн.

Миний хувьд мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан гэж үзэж байна.

Шалгалт зохион байгуулах тухай гэсэн гарчигтай Ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн шинжилгээний мэдлэгийг тогтоох, ажилтны хандлага, ур чадварын үнэлгээг тодорхойлох, карьер хөгжлийн нөөцөд бүртгэх, сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодорхойлох шалгалтыг зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн цахим шуудан ирсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан. Үнэлгээг 5 сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээллэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн.

2020 оны 6 дугаар сарын 17 -ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах тухай гэсэн гарчигтай Зарим ажилтны мэргэжлийн мэдлэг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, ажилтныг тухайн албан тушаалд тэнцэж буй эсэхийг тодорхойлох тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна гэх цахим шуудан ирсэн.

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон мэргэжил ур чадварын тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд 59%-аас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил ур чадварын түвшинд тэнцэхгүй болох нь тогтоогдсон болно.

Тиймээс таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгч, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан.

Мэргэжил ур чадварын түвшин тогтооох комиссын ажиллах журмаар комисс нь ажиллахдаа хууль тогтоомжид нийцсэн, хараат бус, шударга байх, эрх тэгш байх зарчмыг баримтлан шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй.

Анхны шалгалт авах удирдамж чиглэлд шалгалтын үнэлгээнээс хамааран ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдсэн хэрнээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй, шалгалт авах, шалгалтыг хэрхэн яаж дүгнэх нь ойлгомжгүй, шалгалтын дүнг бидэнд албан ёсоор, эрх зүйн бичиг баримтын шаардлага хангаснаар танилцуулж гарын үсэг зуруулаагүй ажлаас хууль зүйн үндэслэлгүй халж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж байсан мөртлөө 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байна гэсэн. Энэ бүрэлдэхүүн дотор нь ажилтны төлөөлөгч нэг ч байхгүй байдаг.

2020 оны 7 дугаар сарын 10-ны мэдэгдэл, гүйцэтгэх захирлын Б/289 дугаартай тушаалын анхны үндэслэл нь 5 дугаар сарын 01-ний өдрийн шалгалт байдаг. Уг мэдэгдлийг өгөхдөө ямар шалгалт дээр хэдэн оноо авсан болохыг хэлээгүй танилцуулаагүй, эксель дээр бичсэн зүйл өгсөн. Зүй нь бол ажилтанд комиссын дүгнэлт, эрх зүйн хүчин төгөлдөр баримтыг өгч түүнийгээ үндэслэх ёстой гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах ёстой байхад албан ёсны дүгнэлт, шийдвэрийг танилцуулаагүй, гардуулаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн бас нэгэн зөрчил юм.

Мөн 2020 оны 1 дүгээр сард ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Уг зарлигт цар тахал корона вирусын тархалтын үед ажилтныг өөрийнх нь хүсэлтээс бусад үндэслэлээр ажлаас нь халахыг хориглосон байгаа юм.

Тиймээс 2020 оны 08 сарын 12 өдрийн Б/289 дугаартай Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Г  нь К ХХК-ийн Галакси салбарын Харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч Т.Г  нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн тус банктай хөдөлмөрийн гэрээг байгуулсаны үндсэн дээр Харилцагчийн менежерийн албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил, үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан.

К ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн.

Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр оролцогч нарт имэйлээр хүргэж ажилласан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд Ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна гэдгийг урьдчилан мэдэгдсэн байсан.

Тус шалгалтад нэхэмжлэгч Т.Г  нь хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд өөрт нь энэ тухай албан ёсны мэйлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр илгээсэн.

Ингээд дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд Гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг байгуулж, холбогдох шалгалтыг зохион байгуулж ажилласан.

Мэргэжил, yp чадварын түвшин тогтоох комисс нь батлагдсан төлөвлөгөө, удирдамж, холбогдох журмын дагуу ажилласан бөгөөд хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг тухай бүр гаргаж баталгаажуулсан байдаг.

Батлагдсан удирдамжид заасны дагуу шалгалтыг 3 арга, хэлбэрээр явуулсан бөгөөд тест-50 оноо, Assessment center буюу өгөгдсөн сэдвийн хүрээнд багаар эсвэл дангаар ажиллан кейс, дасгал даалгавар хийх, түүнийг илтгэл тавих байдлаар танилцуулах, ур чадвар тодорхойлох ярилцлага хийх зэргийг ашиглан хувь хүнийг үнэлэх арга-40 оноо, шууд удирдлагын үнэлгээ (хариуцсан зээлийн багц, үзүүлэлтүүд)-10 оноо, нийт 100 оноогоор дүгнэсэн.

Авах шалгалтын хэлбэр, дүгнэх арга, мөн журамд заасан хугацаанд гомдол гаргах боломжийн талаар шалгалтын удирдамжид тусган нийт шалгалтад оролцогчдод мэйл хүргүүлж ажилласан.

Нэхэмжлэгч Т.Г  нь дээрх шалгалтад буюу тест-т 29 оноо, Assessment center-т 25 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 4.8 оноо, нийт 58.8 оноо авч шалгалтад тэнцээгүй тул Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно.

Т.Г  нь шалгалтын дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 29-нд банкинд өргөдөл гаргасан байдаг ба тус өргөдөлдөө банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдсан байдаг.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос дараах үндэслэлээр ажилтны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хариуг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1339 тоот албан бичгээр өгсөн.

Шалгалтын үнэлгээний хувьд ямар нэг алдаа гараагүй, ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр журамд заасан хугацаанд гомдол гаргаагүй, ажилтны гомдол нь шалгалтын дүгнэх аргачлалтай хамааралгүй, өөрийн бодлыг үнэлгээний аргачлалтай андуурсан агуулгатай, шууд удирдлагатай холбоотой субъектив байдлаар асуудалд хандсан агуулгатай байсан.

Иймээс мэдэгдэлд дурдсан хугацаа дуусахад Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасныг үндэслэн К ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон болно.

Ажил олгогч ажиллагсдын ур чадварыг тодорхойлох шалгалтыг авах журмаа өөрөө тодорхойлж, тухайн тодорхойлсон журмын дагуу шалгалтаа зохион байгуулж, шийдвэрлээд мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй гэдгийг тодорхойлон, түүний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт олгосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална хэмээн заасан бөгөөд мөн нэхэмжлэгч Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т Энэхуү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах, 40 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийи санаачлагаар цуцлах, 131.1.3. дугаар зүйл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтуудыг тус тус үндэслэн цуцална хэмээн заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэйгээр цуцалсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд дээрх зүйл заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолд зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувъд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно хэмээн тайлбарласан байдаг. Манай хувьд Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу ажиллаж, түүнд заасны дагуу албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг хүлээн авч танилцсан гэдгээ Т.Г  гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Т.Г д олгосон болно.

К ны Гүйцэтгэх захирал нь зээлийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, зээл судлах ажиллагааг сайжруулах хүрээнд харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн ур чадварыг тогтоох шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

2020 оны 5 дугаар сард харилцагчийн менежерийн албан тушаалтай ажилтны хувьд зээл судлахад өдөр тутам ашиглагддаг бөгөөд зайлшгүй мэдэж байх санхүүгийн тооцооллын мэдлэг, ур чадварыг тогтоох шалгалтыг авахад тодорхой тооны ажилтнууд хангалтгүй үнэлгээг авсан. Иймээс дээрх шалгалтад унасан ажилтнуудыг ажлын байранд тавигдаж буй шаардлагаа хангаж, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоож дүгнэх зорилгоор Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг ажиллуулах шийдвэр гаргасан.

Дараах үндэслэлээр Мэргэжил, ур чадварын түвщин хогхоох комиссыг 9 болон түүнээс дээш тооны өргөн бүрэлдэхүүнтэй зохион. байгуулах, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмыг шинэчлэн батлах шаардлагатай гэж үзсэн болно. Үүнд:

1.Харилцагчийн менежерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тухайн албан тушаалд ажиллах ажилтан нь ерөнхий болон тусгай нийт 10 гаруй төрлийн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Ажлын байрны тодорхойлолтод заасан щаардлагыг зөвхөн 1 удаагийн тестийн шалгалтаар тогтоох нь оновчгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзсэн. Мөн харилцагчийн менежерийн мэдлэг, ур чадваруудыг тодорхойлох арга аргачлал, зохицуулалтын хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмийн зохицуулалт хангалтгүй байсан.

2. Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмээр хуульч, хүний нөөцийн менежерийн албан тушаалтай ажилтан комиссын бүрэлдэхүүн байхаар тусгасан байсан буюу зээлийн үйл ажиллагаанд оролцдоп үй албан тушаалтнаар харилцагчийи мснежсрийи мэдлэг. ур чадварыг тодорхойлох нь үидэслэлгүй гэж үзсэн. Ий.мд комиссыг ажил мэргэжилтэй нь уялдаатай, хяналт тавьж чиглүүлж ажилладаг бүрэлдэхүүнээр өргөжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

3.Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тогтоох ажиллагааг тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагын хүрээнд бүх талаас нь бүрэн тодорхойлох зорилго тавьсан тул шалгалтын цар хүрээнээс хамааран 9 хүний бүрэлдэхүүнээс гадна нэмэлтээр удирдах ажилтнуудыг хамруулан өргөжүүлэн авах нь зүйтэй гэж үзсэн.

4.Олон хүнийг оролцуулан шалгалтыг зохион байгуулах нь хараат бусаар шийдвэр гаргах, үнэлгээг савалгаагүй, оновчтой гаргахад үр дүнтэй гэж үзсэн.

Дээрх үндэслэлүүдээр харилцагчийн менежерийн мэдлэг, ур чадварыг тогтоох комиссыг 2020 оны А/92 тоот тушаалаар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31 -ний өдрийн хооронд ажиллахыг үүрэг болгож шийдвэрлэсэн ба тус комисс нь шинэчлэн баталсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмын дагуу ажилласан.

Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчийн хувьд өмнө мөрдөгдөж байсан дүрмийн зохицуулалт нь өнөөгийн шаардлага, үндэслэлд нийцэхгүй, холбогдох дүрмийн дагуу комиссыг ажиллуулах нь боломжгүй гэж үзэж байсан тул Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн холбогдох журмыг боловсруулан батлуулах, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай чиглэл өгсөн.

Гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалын 1-р заалтад уг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, түвшин тогтоох, дүгнэх ажлыг 2020 оны 6 дугаар сарын 12- ны өдрөөс эхлэхээр хугацааг тусгайлан заасан, 2-р заалтад 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллах комиссын бүрэлдэхүүнийг байгуулсан, мөн А/93 тоот тушаалаар комиссын ажиллах эрх зүйн баримт бичгийн мөрдөх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэхээр тус тус зохицуулсан тул уг уг комисс нь хүчин төгөлдөр бүрэн эрхтэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Т.Г  нь КХХК-д холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Т.Г  нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр КХХК-тай №19-292-1 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус банкны Галакси салбарт Харилцагчийн менежер албан тушаалд ажиллаж байжээ /хх-ийн 24-25-р хуудас/

Т.Г ыг К ны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д заасан үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 12-ний өдрөөр тасалбар болгон К ны Галакси салбарын харилцагчийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 99-р хуудас/

Уг тушаалдаа ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж буруутгасан байна.

Т.Г  нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 2, 99-р хуудас/

Ажилтан Т.Г ын ажлын байрны тодорхойлолтод түүний ур чадварыг илтгэх ур чадвар сайтай, харилцааны өндөр соёлтой, санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх, асуудалд бодитойгоор хандах, богино хугацаанд шийдвэр гаргах, эдийн засгийн салбарууд, зах зээлийн нөхцөл байдлын мэдлэгтэй, ажлын ачаалал даах чадвартай, бусдын нөлөөнд автахгүй байх гэж тодорхойлсон байна. /хх-ийн 26, 27-р хуудас/

Ажил олгогч нь Т.Г тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.-т Ажилтан нь хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, тухайн ажилтны ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой бусад заавар журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ... хөдөлмөр хамгааллын горимыг хатуу мөрдөж ажиллана гэж тохиролцсон байна. /хх-ийн 24-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж болно гэжээ.

Ажилтан мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж

42.1.-т Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасны дагуу ажилтан Т.Г д 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл өгч тус банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж түүнд нэг сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсан тэтгэмжийг олгожээ./хх-ийн 98, 99-р хуудас/

Ажил олгогч Кажилтаны мэргэжил ур чадварын түвшин тогтоохдоо:

1.Ажил олгогч К ны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дугаартай тушаалаар Банкны салбар нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийн томилж, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг гаргаж, шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах, тайлагнахыг ажлын хэсэг /Ч.Намжилмаа/-т үүрэг болгожээ./хх-ийн 46-р хуудас/

Дээрх тушаалын дагуу Шалгалтын удирдамжийг гарган хамрагдах ажилтнууд, шалгалт явуулах хэлбэр, шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд авах хугацаа, шалгалтын агуулга, шалгалт өгөхөд анхаарах зүйлс, шалгалтын үр дүнг үндэслэн авах арга хэмжээ, шалгалтын бүтэц, зохион байгуулалт, үнэлэх байдал зэргийг тусгаж, шалгалтанд хамрагдах ажилтнуудын /Т.Г ын/ мэйл хаягаар илгээжээ. /хх-ийн 47-49, 123, 124, 125-р хуудас/

Мөн уг удирдамжид энэ шалгалтын үнэлгээг 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилтан бүрт мэдээлэх ба зөвхөн энэ шалгалтын үнэлгээнээс хамааран ажилтныг шууд ажлаас чөлөөлөх , ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж тэмдэглэсэн боловч шалгалтын үр дүнг үндэслэн авах арга хэмжээ гэдэгт:

Хангалттай үнэлгээ авсан бол тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагыг хангаж байна гэж үзнэ.

Дундаж үнэлгээ авсан бол тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа туд дутагдаж буй мэдлэг чадвараа сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгөх, сургалтанд хамруулах арга хэмжээ авна.

Хангалтгүй үнэлгээ авсан бол Ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна гэжээ./ хх-ийн 47-р хуудасны ар талд/

Ажил олгогч Кнь удирдамжийн дагуу шалгалт авч ажилтан Т.Г  хангалтгүй үнэлгээ авсан тухай шалгалтын үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр түүний [email protected] хаягаар Т.Г д хүрүүлж шалгалтын үнэлгээний дагуу сургалтанд хамруулах болно гэж мэдэгдсэн байна. /хх-ийн 50-61-р хуудас/

2. К ны гүйцэтгэх захирал 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Зарим ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох шалгалттай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/89 дугаартай тушаалыг гаргажээ./хх-ийн 62, 63-р хуудас/

Дээрх тушаалаар Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссыг зохих журмын дагуу байгуулж, хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг шалгалтанд хамруулах, үр дүнг танилцуулах ажлыг 2020 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулахыг Үйл ажиллагааны газар /Ч.Намжилмаа/-т үүрэг болгосон байна.

2.1. К ны гүйцэтгэх захирал 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай А/92 дугаартай тушаалыг баталжээ.

Уг тушаалаар харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан ажилтнуудыг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтанд хамруулж, түвшин тогтоох, дүгнэх ажлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулах, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг баталж, уг шалгалтын удирдамж төлөвлөгөөг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор батлуулах, шалгалтын бэлтгэл ажлыг хангах, үнэлж дүгнэх, үр дүнг тогтоосон хугацаанд тайлагнах, шалгалтыг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг комиссын даргад үүрэг болгосон байна./хх-ийн 64-66-р хуудас/

Дээрх тушаалын дагуу Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжийг гарган хамрагдах ажилтнууд, шалгалт явуулах хэлбэр, шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд авах хугацаа, шалгалтын агуулга, шалгалт өгөхөд анхаарах зүйлс, шалгалтын үр дүнг үндэслэн авах арга хэмжээ, шалгалтын бүтэц, зохион байгуулалт, үнэлэх байдал зэргийг тусгаж, шалгалтанд хамрагдах ажилтнуудын /Т.Г ын/ мэйл хаягаар илгээжээ. /хх-ийн 67,124, 125-р хуудас/

Мөн уг удирдамжид шалгалтын үр дүнг үндэслэн авах арга хэмжээ гэдэгт:

80% түүнээс дээш бол хангалттай үнэлгээ авсан бол тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа буюу тэнцсэн гэж үзнэ.

60%-79% бол тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа тул тэнцсэн гэж үзэж, дутагдаж буй мэдлэг чадвараа сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгөх, сургалт /өөрийн болон банкны зардлаар/-ад хамруулах арга хэмжээ авна.

59%,түүнээс доош бол тухайн ажил албан тушаалд тавигдаж буй шаардлагыг хангахгүй байгаа буюу тэнцэхгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүртэл арга хэмжээ авна гэжээ./ хх-ийн 67-р хуудас/

2.3. К ны гүйцэтгэх захирал 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмыг А/93 дугаартай тушаалаар баталжээ./хх-ийн 68-72, 151-р хуудас/

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №М-01/20 дугаартай шийдвэр гаргаж шалгалт авах арга, хэлбэрийг 1 дүгээр хавсралтаар, шалгалтын үнэлгээний аргачлалыг 2 дугаар хавсралтаар, assessment center буюу АС шалгаруулалтад нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг оролцуулахаар шийдвэрлэж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №М-03/20 дугаартай шийдвэр гаргаж Хууль, банкны эрх зүйн баримт бичгийн хүрээн дэх тест, санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх, мэдлэг шалгах тест болон бодлого, гадаад хэлний тестийг 1 дүгээр хавсралтаар, АС шалгаруулалтын зохион байгуулалт, хуваарилалтыг 2 дугаар хавсралтаар, Ас шалгаруулалтын үнэлгээ өгөх үнэлгээний хуудас, бүлгээр хийх дасгал, жишиг асуултыг 3 дугаар хавсралтаар, шууд удирдлагын үнэлгээний датаг боловсруулах хүснэгтийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталжээ./хх-ийн 73-83-р хуудас/

Ажил олгогч К ны гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан А/92 дугаартай тушаалын дагуу Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авч Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №М-04/20 дугаартай шийдвэрээр шалгалтын дүнг баталж Галакси салбарын захиралд танилцуулсан байна./хх-ийн 84-96-р хуудас/

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №01/2020 дугаартай комиссын дүгнэлт гаргаж К ны Галакси салбарын Харилцагчийн менежер албан тушаалтай Төмөрбаатарын Гантулгыг мэргэжил, ур чадварын хувьд уг албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ./хх-ийн 97-р хуудас/

Ажилтан Т.Г  нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад 59%-иас доош буюу хангалтгүй үнэлгээ авч Харилцагчийн менежер албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэил, ур чадварын түвшинт тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүнд хүргүүлж танилцуулахад тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тэмдэглэлийг бичсэн байна. /хх-ийн 98-р хуудас/

Дээрх мэдэгдлийг өгснөөс сарын дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирлын Б/289 дугаартай тушаалаар Галакси салбарын Харилцагчийн менежер Т.Г ыг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээрх бүхнээс дүгнэхэд К ны Галакси салбарын Харилцагчийн менежер ажилтай Т.Г  нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №01/2020 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24-45, 46-99 -р хуудас/

К ны Галакси салбарын Харилцагчийн менежер ажилтай Т.Г ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.- т заасан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй байна.

К ны гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаартай тушаалын хэрэгжилтыг мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжихээр, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/93 дугаартай тушаалаар батлагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн банкны үйл ажиллагаанд мөрдлөг болгохоор тус тус заасан тул Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг хууль, дүрэм, журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 64-67, 151, 68-72-р хуудас/

Иймд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаартай Т.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан КХХК-ийн Галакси салбарын Харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Т.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО