Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01510

 

      С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03266 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М“ ХХК-д холбогдох

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани М ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 03/2017 тоот “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мал худалдаалах төвлөрсөн зах мал нядалж бэлтгэх үйлдвэр төсөл, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Мах боловсруулах үйлдвэр мах худалдаалах төвлөрсөн зах төслүүдийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Нийт ажлын хөлс 30 000 000 төгрөг байсан. Гэрээт ажлыг хийж гүйцэтгээд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газраар өөрийн хийж гүйцэтгэсэн төслийн баримт, бичигт үнэлгээ хийлгүүлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж тайлангаа М ХХК-ийн менежер С.Б-т 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн байгаа. Хариуцагчаас төлбөрийг шаардсан боловч, төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлс 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 310 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлалгүй, нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж  байна. Шүүх талуудын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээ хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал биш бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болох юм. Энэ талаар шүүхэд хариуцагч тайлбар гаргаж өгөөгүй боловч шүүх хуралдаан дээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан болон нэхэмжлэгч гэрээний үүргийг нэхэмжлэх эрхгүй талаарх нотлох баримтуудыг авч ирэхэд 5 минут хоцроход нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үүргээ хангалттай биелүүлж, хүлээлгэн өгсөн, зохигчдын тайлбараар нотлогдож байна гэж үзсэн.

Хариуцагчийн гаргаж өгсөн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гэх ганцхан хуудас баримтад гэрээний талуудын нэр, захиалагч талын менежер гарын үсэг зурж, зөвхөн тайланг хүлээн авсан болохоос биш гэрээний үүрэг биелэгдсэн талаарх баталгаа болоод захиалагч талын эрх бүхий этгээд гарын үсэг, тамга байхгүй. Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний тайлан бөгөөд энэ үнэлгээний ажил нь төсөл тус бүр дээр 4,5 сая, нийт 9 сая төгрөгийн ажил байаыг захиалагч хүлээн аваагүй, зөвшөөрөөгүй. Гэрээнд гарын үсэг зурсан Б.Н "С" ХХК-ийн захирал гэж гэрээний зүйлийг тохирсон. Гэвч Б.Н захирал биш гүйцэтгэх захирал Г.Э гэсэн гэрээ барьж ирсэн бөгөөд гэрээний нөхцлийг Б.Н-тай тохирсон. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах гэсэн 3 ажлыг төсөл тус бүр дээр хийж гүйцэтгэх, тус бүрийн ажлын хөлсийг тохирсон. Энэ ажил 1-2 жил дамжин хийгдэх байсан бөгөөд гэрээг байгуулахад манай компанийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Гэрээний 4.1.1-т газрын зөвшөөрөл, кадастрын баримт бичгийг гаргаж өгч байж дээрх баримт бичгүүдэд үндэслэн хийхээр заасан. Мөн гэрээний 8.2-т гэрээг захиалагч хэзээ цуцлах эрхтэйгээр заасан бөгөөд зөвлөх үйлчилгээг үзүүлэгч тал нь гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор газрын гэрчилгээ захирамж гараагүй байхад холбогдох хууль журам зөрчиж үйлдсэн, стандартын шаардлага хангахгүй үнэлгээний тайлан гэх зүйл авчирч, мөнгө нэхсэн тул гэрээг цуцалсан тухай тэр даруй Б.Н-д мэдэгдсэн. Иймд гэрээ цуцлагдсан тул төлбөр тооцооны зүйл байхгүй гэж ойлгож явсан.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах төслийн 136012/0049, 18666297440562 нэгж талбарын дугаар бүхий 62 600 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1040 дугаартай шийдвэрээр "М" ХХК-д олгож, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах төслийн 18798/0126, 18614309902066 нэгж талбарын дугаар бүхий 150 000 м.кв газрыг Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1040 дугаартай шийдвэрээр "М” ХХК-д олгож, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар тус тус олгосон. Үүнээс өмнө дээрх газруудыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/516 дугаартай захирамжаар тус тус Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газарт олгож байсан. Тиймээс газар эзэмших эрх олгоогүй байхад улсын газар дээр дур мэдэн зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээ, үнэлгээ хийх эрх байхгүй бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэх, урьдчилсан нөхцөл, суурь байхгүй байхад гэрээний үүргийг гүйцэтгэсэн, зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд заасан 2 байршил дахь газрыг анх Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газарт олгосон шийдвэр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/516 дугаартай захирамжаар гарсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Манай компани гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраар өөрийн гүйцэтгэсэн төслийн баримт бичигт үнэлгээ хийлгүүлэн зохих ёсоор захиалагч "М" ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн юм" гэсэн боловч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/806, 02/809 дугаар албан бичигт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг холбогдох хууль журмыг үндэслэн хийж ирүүлсэн тухай дурдсан байна. Энэ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхиий үнэлгээг Байгаль орчны газар хийсэн тухай дурдсанаас биш "С" ХХК-ийн хийсэн үнэлгээг баталгаажуулсан тухай дурдаагүй,  "С" ХХК-ийн нэр байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нь утга агуулга, он дарааллын хувьд зөрүүтэй, алдаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим алдагдаж, хуулийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч  С ХХК нь хариуцагч “М“ ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зөвлөх компани нь захиалагчийн 2 төсөлд байгаль орчны зөвлөгөө өгөх, туслан гүйцэтгэгчээр ажиллах зорилгоор талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулагджээ. /хэргийн 6-10 дугаар тал/

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно” гэж заасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжид дээрх үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй. /хэргийн 48 дугаар талд/

Хариуцагч талд хэргийн материал танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Харин шүүх хуралдааны товыг шүүх зохих ёсоор мэдэгдсэн байхад хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь буруу тул энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Б.НАРМАНДАХ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА