Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 181/2020/02058/И |
Дугаар | 001/ХТ2022/01127 |
Огноо | 2022-11-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/01127
****ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02308 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2191 дүгээр магадлалтай,
****ийн нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохиролд нийт 16,500,000 төгрөг
гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохиролд нийт 16,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02308 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан “ **** ****” ХХК-аас 9,500,000 төгрөг гаргуулан ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2191 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг “...228 дугаар зүйлийн 228.1...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 166,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ингэж тайлбарласан үндэслэлээ 2014.02.25-ны өдөр 11 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.7-д заасныг иш татсан. Уг гэрээний 2.7-д “Иргэн **** нь “ **** ****” ХХК-аас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн /12 сар Х 500=6,000,000/ нийт 6,000,000 төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэнэ, нөхөн олговор хэлбэрээр олгоно. Нэг жилээс дээш хугацаанд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.” гэж талууд тохиролцсон байдаг. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлээ болгосон атлаа уг заалтын агуулгыг илт үндэслэлгүй, өөрөөр тайлбарласан. Өөрөөр хэлбэл талууд уг заалтаараа эхний нэг жил буюу 6 сая төгрөг нөхөн олговорт төлөх, цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэг жилээс дээш нөхөн олговор олгох асуудлыг харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй байхад шүүх сайн дураараа 2017 оны 10 сараас 2018 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн олговрын гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус хангаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 219, 261 дүгээр зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргалдагч талуудын хооронд байгуулсан гэрээний асуудал биш бөгөөд үүн дээр гуравдагч тал буюу гэрээний бас нэг талын үүрэг хариуцлага хамт яригдах ёстой байсаар байтал зөвхөн нэг хариуцагч буюу хоёр талт гэрээний дагуу үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн. Талуудын маргааныг шийдвэрлэхдээ хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ бүрэн хэрэгжиж байж хоёр тал гэрээ хэрэгжих буюу гурван талт гэрээ байгуулснаар гурван талт гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохирч, хэлцэл хийсэн байдаг. Нэгэнт шүүх Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг үндэслэл болгосон хэдий ч хоёр талт гэрээгээр шаардах эрх нь гурван талт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014.06.06-ны өдөр 11 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-ний нэг тал буюу Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүй улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон тул учирсан хохирлыг хариуцан арилгах, төлөх үүрэгтэй гэж маргасаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
4.1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ “анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Талуудын байгуулсан хоёр талт гэрээг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга 2014.06.06-ны өдөр зохигчтой “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ” байгуулж, уг гэрээгээр дээрх хоёр талт гэрээг баталгаажуулан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Гэвч 2018.05.11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/424 дүгээр захирамж гарч, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, төслийн явц хангалтгүй байсан гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. Иймд **** нь “ **** ****” ХХК-аас хохирол шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.” гээд дээрх хохирол шаардах дүгнэлтийг зөв гэж дүгнэсэн үндэслэлийг Иргэний хуулийн 206 дугаар зүйл 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд “талуудын байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.1.2-т “орон сууцны барилгыг 2015.03-р улиралд багтаан ашиглалтад оруулна” гэж заажээ. Хариуцагч “ **** ****” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар болон Нийслэлийн Засаг даргын 2018.05.11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар тогтоогдсон байна,” гэсэн нотлох баримтыг заажээ. Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйл 219.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай гээд Иргэний хуулийн 228 дүгээр зүйл 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.” гэж заасан тул уг хуулийн зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.” гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд” буюу маргалдагч талуудын хэн нь гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болохыг тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан 2019.02.04-ний өдөр 181/Ш32019/01792 дугаар бүхий иргэний хэрэг үүсээд, уг маргаанд уг төсөлтэй холбоотой 85 айлын нөхөн олговорт 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 сар хүртэл 511,200,00.00 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэлх нөхөн олговорт 560,000,000.00 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх нөхөн олговорт 510,000,000.00 төгрөг, 2017 оны 10 дугаар 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны нөхөн олговорт 212,500,000.00 төгрөгийг “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд” болох Нийслэлийн Засаг даргад болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газраас нэхэмжилж байгаа бөгөөд талуудын байгуулсан хоёр талт гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2014.06.06-ны өдөр зохигчтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан, уг гэрээг байгуулснаараа төсөл хэрэгжүүлэгч тал буюу гэрээний нэг тал болсон, уг гэрээгээр дээрх хоёр талт гэрээг баталгаажуулан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас дээрх төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй нь иргэд болон “ **** ****” ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд дээрх үйл баримтаар Нийслэлийн удирдлага нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж хохирсон иргэдийн нөхөн олговрын асуудлыг гэм хорыг хариуцан арилгах этгээд гэж тодорхойлон Нийслэлийн удирдлагыг хариуцагчаар татан маргаж байгаа болно. Дээрх маргаанд “ **** ****” ХХК-ийн зүгээс эрх ашиг нь зөрчигдсөн “ **** ****” ХХК-тай байгуулсан иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаад байгаа бөгөөд түүний дотор нэхэмжлэгч ****ийн нэр дээр 8,500,000 төгрөг гаргуулах шаардлага мөн хамт шийдүүлэхээр хариуцагч Нийслэлийн удирдлагаас шаардаад байгаа болно. Нэгэнт зохигчийн маргаж буй зүйл а түүний үндэслэлийн талаар өөр шүүхэд шийдвэрлэж байгаа тул уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл шийдвэр, магадлалд дурдаад байгаа хууль хэрэглээг хэрэглэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Иймд гэм хорыг хариуцан арилгах этгээд хэн болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэхээс нааш уг маргааныг шийдвэрлэх юм бол хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүрэн шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан “ **** ****” ХХК-аас 9,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг “...228 дугаар зүйлийн 228.1...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
7. Анхан шатны шүүхээс ****ийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярынгомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна.
9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 10 сараас 2018.05.14-ний өдрийг хүртэл 19 сарын байрны төлбөр 9,500,000 төгрөг, нураалгасан 2 гараашны төлбөр тус бүр нь 3,500,000 төгрөг буюу 7,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг “ **** ****” ХХК-аас гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлжээ.
Хариуцагч “ **** ****” ХХК “...Нийслэлийн Засаг дарга, гэр хорооллыг хөгжүүлэх төв, “ **** **** ХХК” нь нийлээд гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр “ **** ****” ХХК-д барилга барихаас өмнө дэд бүтцийн 3,000,000,000 төгрөгийг улсаас өгөх ёстой байсан. Манайд уг мөнгийг өгөөгүй учраас өөрсдийн мөнгөөрөө бүх орон сууцыг буулгасан. Түүнээс биш дэлгүүр, гарааш зэргийг буулгаагүй. ...гэрээнд нөхөн олговрыг “ **** ****” ХХК, Нийслэлийн Засаг даргын аль нь хариуцах талаар дурдагдаагүй байна. Нэхэмжлэгч нь манайхаас нөхөн олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ...гараашийг 3,500,000 төгрөгөөр барьсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Манайх гэрээнд заасан ямар ч заалтыг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.
10. Зохигчийн хооронд 2014.02.25-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, уг гэрээгээр **** нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон, 9 дүгээр байр, 8 тоотод байрлах 67.88 м.кв талбай бүхий орон сууц болон Сансар хотхоны эдэлбэр газарт буй 2 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөх, “ **** ****” ХХК тус байршилд шинээр баригдах барилгын 8 давхарт, 67.88 м.кв, 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр тогтоогджээ.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
12. ****, “ **** ****” ХХК-иудын хооронд байгуулсан 2014.02.25-ны өдрийн гэрээг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга 2014.06.06-ны өдөр зохигчтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх хоёр талт гэрээг баталгаажуулан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна.
13. Нийслэлийн Засаг даргын 2018.05.11-ний өдрийн А/424 дүгээр захирамж гарч, “ **** ****” ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, төслийн явц хангалтгүй байсан гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
15. Зохигчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээний 2.2.1.2-т “орон сууцны барилгыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна” гэж заасан бөгөөд “ **** ****” ХХК гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, цаашид гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2018.05.11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар тогтоогдсон тул **** хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөнөөс гэм хорыг шаардах эрхтэй гэсэн анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
16. ****, “ **** ****” ХХК-иудын хооронд байгуулсан 2014.02.25-ны өдрийн гэрээний 2.7-д “...Иргэн ****т “ **** ****” ХХК-аас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн /12сар х 500,0=6сая/ нийт 6 сая төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэн нөхөн олговор хэлбэрээр олгоно. Нэг жилээс дээш хугацаанд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ...” гэж тусгагдсан байна.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, “ **** ****” ХХК-аас үүргийн зөрчил үргэлжилсэн хугацааны нөхөн олговрыг сарын 500,000 төгрөгөөр тооцож, 19 сарын түр суурьших зардалд 9,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь 2 талт гэрээний 2.7-д заасан хэмжээнд үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
18. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярын“...гэм хорыг хариуцан арилгах этгээд хэн болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэхээс нааш уг маргааныг шийдвэрлэх юм бол хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүрэн шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 11-19 дүгээрт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй.
20. Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД