Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01537

 

      С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.А-д холбогдох    

   Зээлийн гэрээний үүрэгт нийт 6 495 760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.А 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201141783 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3,7 хувь, дараагийн 5 дугаар сард бодогдох сарын хүү 4,7 хувь, сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5 хувь байх нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 217 600 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 44 400 төгрөг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ямар ч өр төлбөр төлөөгүй.

      Байгууллагаас өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Гэрээгээр шаталсан хэмжээгээр хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдлээс 8,5 хувиар тооцож хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Л.А үндсэн зээлийн үлдэгдэл 1 282 400 төгрөг, үндсэн хүү 4 460 505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 752 854 төгрөг, нийт 6 495 760 төгрөгийг төлөөгүй. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан цагаас эхлэн эргэн төлөх графикт заасан хугацаагаа зөрчиж, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөг төлснөөс хойш зээл болон хүү төлөөгүй. Гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүг 8,5 хувиар тооцсон. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6 495 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “С” ХХК-иас 1 500 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг хүнд зээлж аваад өгчихсөн. Гэтэл тэр хүн зээлээ төлөхгүй байсаар ийм зүйл болсон. Зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч байгууллагаас надад зээлээ төл гэж шаардаж, мэдэгдэж байгаагүй. Энэ мөнгийг авсан хүнийг төлж байгаа гэж бодоод “С“ ХХК дээр очиж уулздаггүй байсан. Зээлээ хугацаандаа төлөхгүй, энэ байгууллагад хохирол учруулж байгаа нь миний буруу. Би ажилгүй, гэртээ хүүхдээ харж байгаа болохоор нэхэмжилж буй 6 495 760 төгрөгийг төлж чадахгүй. Зээлийн хүүнд их мөнгө нэхэмжилж байх тул хуулийн дагуу төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-гаас 3 944 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 551 247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-гаас 55 770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие тайлбартаа "...Зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч байгууллагаас надад зээлээ төл гэж шаардаж, мэдэгдэж байгаагүй" гэж тайлбарлаж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу "C” ХХК-ийн шаардах эрх 2014 оны 07 дугаар сард үүсч, 2017 оны 07 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...үлдэгдэл 1 282 400 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн боловч нийт 3 944 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Байгууллагаас өр төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлсэн" гэх, хариуцагч тайлбартаа "нэхэмжлэгч байгууллагаас зээлээ төл гэж шаардаж, мэдэгдэж байгаагүй" гэсэн зөрүүтэй тайлбар, шаардлагыг нотолж тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "...3 944 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох" гэж анзын хэмжээ илт өндөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч үндсэн зээлээс хэт өндөр анз шаардаж, хариуцагч миний бага насны хүүхдээ харж эрхэлсэн ажилгүй байгаа, энэ хугацаанд нэхэмжлэгч нэг ч удаа шаардаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй" байх ёстой. Шүүх Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж хариуцагчаар хэт өндөр төлбөр, анз төлүүлэхээр шийдвэр гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С ХХК  хариуцагч Л.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 495 760 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2 000 000 төгрөг төлөх боломжтой, үлдэгдэл төлбөрийг үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цалин барьцаалсан ЗГ1201141783 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, хүүг эхний 6 сар 3.7 хувь, дараагийн 5 сар 4.7 хувь, сүүлийн 1 сар 8.5 хувь байх нөхцөлөөр харилцан тохиролцсон, хариуцагч зээлийн үүргээс үндсэн зээлд 217 600 төгрөг, хүүд 44 000 төгрөг, нийт 262 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэж, нийт 3 944 513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй нэмэгдүүлсэн хүүд 752 854 төгрөгтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Учир нь: талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлийн хүүтэй холбоотой заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээг хэт их гэж үзэн бууруулах үндэслэл хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага хэт өндөр анз шаардаж, бага насын хүүхдээ харж, эрхэлсэн ажилгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх хариуцагчийн тайлбар, гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

  Иймд хариуцагч Л.А-гийн зээлийн үүрэгт төлөх үлдэгдэл төлбөрийн талаар нэхэмжлэгчээс хийсэн тооцоолол, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжгүй юм.

Хариуцагч нь зээлийн гэрээний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА