Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

  2020             5              5                                          2020/ДШМ/566

 

 

Х.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

прокурор А.Ганзориг,                                   

шүүгдэгч Х.Ж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2008000190218 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Х-ы Ж, 1987 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... дүгээр цэргийн ангийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кронус” нэртэй авто засварын газрын үүдэнд иргэн Э.Одхорлоогийн эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг цохиж зодон хүч хэрэглэн, монетон хос ээмгийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 294.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Э.Одхорлоог дээрэмдэх явцдаа ээмэгтэй 2 чихнээс нь татаж, толгойн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овгийн Х-ны Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Жыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Х.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дуаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг буюу 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Жт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Х.Жын цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Жт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж ирсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Жын үйлдэл холбогдолд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кронус” нэртэй авто засварын газрын үүдэнд иргэн Э.Одхорлоогийн эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг цохиж зодон хүч хэрэглэн, монетон хос ээмгийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 294.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Э.Одхорлоог дээрэмдэх явцдаа ээмэгтэй 2 чихнээс нь татаж, толгойн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Одхорлоогийн “2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Баянхошууны автобуснаас Сонгинохайрхан дүургийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн автобусны буудал дээр буугаад зам дагуу зүүн хойшоо алхсан бөгөөд “Кронус” нэртэй авто засварын газрын баруун талд ирэхэд хойд зүгээс буюу миний өөдөөс зам дагуу хар өнгийн малгайтай, улаан өнгийн синтфонон куртиктэй, архи уусан халамцуу байрын, надаас өндөр биетэй, цайвардуу царайтай, монхордуу хамартай залуу ирж байсан. Түүнийг зөрж өнгөрнө гэж бодтол шууд миний толгойн баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохиж авахад миний малгай газар унасан, тэгтэл тэр залуу миний хоёр чихнээс гараараа зулгаагаад ээмэг салгаж авах гээд татаад байсан, миний ээмэг ардаа түгжээтэй болохоор тайлагдахгүй байсан. Миний чих их өвдөөд “авраарай” гэж орилсон чинь цаад талд байсан авто засварын газраас нэг залуу гүйж гарч ирээд улаан куртиктай залуугаас намайг салгаж авсан, миний хоёр чихнээс цус гарч байсан. ...” /хх 19/,

 

гэрч Ц.Батбаярын “...би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Сити шопын автобусны буудлын замын зүүн талд байдаг Кронус авто сервисийн ажлын байрандаа 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 18-19 цагийн орчим байж байхад нэг эмэгтэй хүн “амь авраарай, туслаарай” гээд орилоод байхаар нь гараад очиход манай ажлын байрны яг баруун талд улаан куртиктай, 170-аас дээш өндөртэй, цайвар царайтай, 30 орчим насны залуу хар өнгийн шубатай 50-60 орчим насны эгчийн хоёр чихнээс нь хоёр гараараа зулгааж байхаар нь очоод “болиоч ээ” гээд болиулсан. Тэр залуу согтуу байсан, амнаас нь архи үнэртэж байсан. Тэгтэл нөгөө эгчийн хоёр чихний ээмэг зүүсэн хэсгээс нь цус гарч байсан, хоёр ээмэг нь санжигнасан байсан, тэр эгч хэлэхдээ “миний ээмгийг энэ залуу дээрэмдэх гэж байна” гэж хэлсэн. ...” /хх 29/,

гэрч Э.Сайнбилэгийн “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би Ачит-116 чиглэлийн алаг машин дээр эргүүлийн цагдаа жолооч Батзаяагийн хамтаар 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байхад 19 цаг 04 минутын орчим жижүүрийн Ачит-10-с “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо зам дагуу “Кронус” авто сервисийн гадаа согтуу хүн ээмэг булаачихлаа, хүнийг нь барьсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу дуудлагаар очиж шалгахад дээрэмдүүлсэн гэх 50 орчим насны Э.Одхорлоо, түүнийг дээрэмдсэн гэх Ж бас дуудлага өгсөн Одхорлоод тусалсан гэх залуу нар байсан, Жыг уг залуу хувцаснаас нь бариад зогсож байсан, Одхорлоо гэх эмэгтэйгийн хоёр чихнээс нь цус гарсан байсан. ...” /хх 27/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...Э.Одхорлоогийн биед учирсан 2 чихэнд шарх шарбаралт, цус хуралт хаван бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл байсан. ...Дээрх Э.Одхорлоогийн чихэнд үүссэн гэмтэл нь хүний хоёр гараар татахад үүсэх боломжтой гэмтэл байсан. ...” /хх 44-45/,

шүүгдэгч Х.Жын яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Баянхошууны Сити шопын орчим Дорж, Алтанбаяр нартай уулзаад “Уянга” караоке орж уусан. 18 цагийн орчим уг баарнаас ганцаараа гарч урд талд байдаг “Кронус” засварын газрын хажуу талд явж байхад өөдөөс 50 орчим насны хар өнгийн шуба, хар үстэй малгайтай, хар гуталтай, эмэгтэй хүн ирж байхаар нь архины мөнгө олох зорилгоор уг эгчийн хоёр чихнээс ээмгийг нь авах гэж хоёр гараараа зулгаасан. ...“ гэх мэдүүлгүүд /хх 76-79/,

"Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монетон хос ээмэг 294,000 төгрөг” /хх 49-50 х/, хохирогч Э.Одхорлоогийн биед 2 чихэнд шарх шалбаралт, цус хуралт, хавантай гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 578 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42-43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 8-11/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Х.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Жын хохирогч Э.Одхорлоогийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг цохиж зодон хүч хэрэглэн, монетон хос ээмгийг хууль бусаар дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хохирогч Э.Одхорлоогийн 2 чихнээс нь татаж, толгойн тус газар нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.Жын гаргасан “...оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

Шүүх, шүүгдэгч Х.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хангасан байна.  

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ