Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2020/02782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Бор толгой гудамж, тоотод оршин суух, С овогт С-н Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 5 тоотод байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/ Найрамдлын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гуравдагч этгээд Кредитех СТМ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, П.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.У, гэрч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр С.Т нь өөрийн биеэр очиж гардан авсан болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаартай шийдвэр, НИХДЗШШүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1725 тоот магадлалын дагуу төлбөр төлөгч С.Таас 98,238,960 төгрөг гаргуулж, төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК-д олгуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч С.Тын зүгээс Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зах зээлийн үнэ нь 400,000,000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн.

Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээг 157,910,100 төгрөг хэмээн тогтоосон байна.

Гэтэл тухай байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3,000,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууц нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна.

Иймд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 157,910,100 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Би Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдалын зам гудамж гэх хаягт нийтдээ 21 айлын 5 хаус барьсан. 2013 онд уг хауснуудыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад 2 хаусыг үнэлүүлж байсан. Тэр үед 96 м.кв талбай бүхий байрыг 163 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Одоо бүрэн баригдаж 198 м.кв хаус болсон байгааг 157 сая төгрөгөөр үнэлсэн байгаа нь маш багаар үнэлсэн гэж үзэж байгаа. Манай хауснаас 200 метр зайд одоо төвийн шугам явж байгаа, төвийн шугамд холбогдоод ирвэл цаашид үнэлгээ улам өсөж 250 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэж бодож байгаа. Үнэлгээчин дутуу баригдсан үеийн үнэлгээ болон баригдаж дуусаагүй барилгын үнэлгээг итгэлцүүр болгон ашигласан байгааг зөвшөөрөхгүй байна. Би өөрийн хөрөнгөө алдаад, банкны зээл, зээлийн хүү төлж амьдарч байна. Үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1607 дугаар шийдвэрээр С.Таас нийт 98,888,105 төгрөгийг Кредитех СТМ ББСБ ХХК-д олгохоор, С.Т нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсний дагуу тус шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 184/ГХ2019/01490 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн тус албанд ирүүлсэн.

Дээрх гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390055 дугаарын тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч С.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м,кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20390055/06 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 20390055/08 дугаартай тогтоолоор хураан авч С.Тын хадгалалт хамгаалалтанд үлдээсэн.

Барьцаа хөрөнгийг хураасантай холбогдуулан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг төлбөр төлөгч С.Тд 4/140111, Кредитех СТМ ББСБ ХХК-д 4/14157 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд С.Т 400,000,000 төгрөгөөр, Кредитех СТМ ББСБ ХХК 98,888,105 төгрөгийн үнийн санал тус бүр өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч Баян Модот ХХК-ийг томилохоор байгаа талаар талуудад 2020 оны 4 дүгээр сарын 29-нд утсаар танилцуулахад санал хүсэлт байхгүй гэсэн тул Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч хөрөнгийн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 157,910,100 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4/18222, 4/18223, төлбөр төлөгч С.Тд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 4/18224, 4/18225 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно. Нэхэмжлэгч С.Т нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайлан болох 156,805,830 төгрөгийг зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, буруу тооцоолж хэт доогуур үнэлсэн гэж үзсэн байх тул уг үнэлгээг гаргасан Баян Модот ХХК-нийн үнэлгээчин С.Цыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үнэлгээчинд хууль сануулж, ажиллагааг хуулийн дагуу хийгдсэн байгаа.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Кредитех СТМ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, П.Б, өмгөөлөгч П.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1607 дугаар шийдвэрээр С.Таас нийт 98,888,105 төгрөгийг Кредитех СТМ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч хариуцагч С.Т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир албадан гүйцэтгэхээр шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн.

Үнэлгээг хуулийн дагуу гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/ Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийхдээ барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, итгэлцүүр болгон үнэлсэн үнэлгээ нь дутуу баригдсан барилгын үнэ, ханшийг ашигласан, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байршилтай, дэд бүтцэд холбогдох боломжтой байгаа зэргийг харгалзаж үзээгүй одоо уг хаус 250,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхад 70 хувийг гүйцэтгэлтэй барилгаас доогуур 157,910,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь зөрүүтэй үнийн санал ирүүлж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнэлгээг гаргасан үнэлгээчин хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаартай шүүхийн шийдвэрээр С.Таас 98,238,960 төгрөгийг гаргуулан Кредитех СТМ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,227,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч С.Т гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хянаад 2019 оны 09 дүгээр 23-ны өдрийн 1725 дугаартай магадлалаар 184/ШШ2019/01607 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн олгосон, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШЗ2019/13601 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон 184/ГХ2019/01490 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20390055 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй байна. .

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Таас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд барьцаа хөрөнгө буюу 198 м.кв талбайтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай үнийн саналыг, төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 98,888,105 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг гаргасан ба төлбөр төлөгч, өмчлөгч нар орон сууцны үнийг зөрүүтэй үнийн санал өгсөн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар Баян модот ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 41231 дугаартай Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин үнэлгээчин үнэлгээг гаргахдаа тухайн хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ болон ирээдүйд үйл ажиллагаа явуулж олох орлого, байршил зэргийг харгалзаагүй, өмнөх дутуу гүйцэтгэлтэй барилгын үнэ ханшийг итгэлцүүр үнэ болгон ашигласан гэж нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа боловч үнэлгээг гаргахдаа шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад ямар хууль журмыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Ц мэдүүлэгтээ ...шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөгө болгон хийсэн. ...нэхэмжлэгч С.Тын хөрөнгийг үнэлэхдээ уг хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцаж өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар хийсэн. ...уг хувийн сууц төвийн шугамд холбогдоогүй байсан..., хөрөнгийн байршил, районы ойролцоох 500 м талбайд байгаа хөрөнгөтэй харьцуулалт хийдэг, ...тохиргоо хийж оруулдаг..., насжилт 2014 оныг г.м С.Т өөрөө тайлбарлан, хотхоны зохион байгуулалттай, насжилт, чанар ижил гэсэн..., ...бид уг хөрөнгийн зах зээлийн бодит үнийг гаргасан, илүү болон дутуу үнэлэх эрх байхгүй... гэсэн мэдүүлэг гаргадаг ба дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан түүний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд уг үнэлгээний тайлан, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгчийг тайлбар үгүйсгэгдэж байна.

                                                                                                              

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна.

 

Иймд, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/ Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Тын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/ Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Ч.НЯМСҮРЭН