Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 181/2018/00060/и |
Дугаар | 01497 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 01497
Н.Ө-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэртэй, Н.Ө-ын нэхэмжлэлтэй, О ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн О ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 07 дугаар сараас мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 06 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Манай компани нийт 3000 гаруй ажилтантай, түүний дотор миний ажиллаж байсан Хангамжийн хэлтэс 5 менежер, нийт 70 орчим ажилтантай бөгөөд зөвхөн миний ажлын байрыг цомхотголд оруулсан. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй ба Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежерт 2 хувааж шилжүүлсэн. Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалыг 2017 оны 06 дугаар сард шинээр бий болгосон нь миний ажлын байрыг шилжүүлэх зорилготой байсан нь харагдаж байна.
О ХХК-ийн үйл ажиллагааны Хангамжийн хэлтсийн үйлчилгээний гэрээний баг жилд дунджаар 150 сая ам.долларын зарцуулалт бүхий гэрээнүүдийг хариуцдаг бөгөөд миний орон тоог хассан дүр үзүүлж, миний гүйцэтгэж байсан бүх ажил үүргийг шинээр бий болгосон Стратеги гэрээний менежер гэх албан тушаалд шилжүүлэн өгсөн нь бизнесийн үйл ажиллагааны зайлшгүй шаардлага байгаагүй зөвхөн Хангамжийн хэлтсийн дарга Эван Хиллийн үзэмжээр намайг ажлаас халахын тулд цомхотгол нэрийдлээр хийж байгаа хууль бус үйлдэл юм. Тус компани намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг зохиомлоор бий болгосон. Би үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд ажилласан 3 жилийн хугацаанд нийт 57.8 сая ам.долларын хэмнэлт, 660 орчим үйлчилгээний ханган нийлүүлэгчдийн тоог цөөрүүлж, 330 болгосон, дотоодын үйлчилгээний ханган нийлүүлэлтийг 76 хувиас 90 хувь болтол нэмэгдүүлсэн зэрэг үр бүтээлтэй сайн ажилласан ба энэ хугацаанд манай багийн гишүүд худалдан авалт, ёс зүйн дүрэм журмуудыг чанд мөрдөн ажиллаж байсан.
Намайг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр компанийн Хүний нөөцийн хэлтсээс дуудаж, албан ажлын хэрэгцээний эд хогшлийг хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлын багаж хэрэгслийг хураан авсан ба ажлын байранд нэвтрэх эрхгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халж, тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг компани зөрчиж, дээрх тушаалыг гаргасан.
Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, дундаж цалин 10 848 691 төгрөг, нийт 45 441 686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн зардлыг бууруулахтай холбоотой компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хуулийн дагуу ажилтнуудыг ажлаас халсан бөгөөд тухайн үйл ажиллагаагаар зарим орон тоо хасагдаж, зарим ажилтны тоо цөөрсөн. Нэхэмжлэгч Н.Ө-ын эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж ажил олгогчоос хуулийг үндэслэлтэй хэрэгжүүлсэн байна. О ХХК-ийн хувьд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Хангамжийн үйлчилгээний менежерийн орон тоо хасагдсан учраас Н.Ө-ыг ажлаас халсан. Иймд О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ыг хариуцагч О ХХК-ийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч О ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44 874 123 /дөчин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч О ХХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 567 563 /таван зуун жаран долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382 320 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, буруу үнэлж дүгнэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу "Ажилтан ажлаас буруу халсан... тухай гомдлоо... шүүхэд" гаргах ёстой байна. Иргэн Н.Ө 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "нэхэмжлэл”-ийг шүүхэд гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/00165 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж "нэхэмжлэл"-ийг хүлээн авч хуулийг буруу хэрэглэж иргэний хэрэг үүсгэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж гаргасан Н.Ө-ын "нэхэмжлэл"-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг удирдлага болгон хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "тодорхойлох эрх" гэж ямар эрх гүйцэтгэх удирдлагад үгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ тогтоогоогүй. Н.Ө-ын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ийн өдрийн 181/ШЗ2018/03139 дүгээр захирамжаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулан авсан О ХХК-ийн дүрмийн 6 (Ь) хэсэгт ”Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 болон 83.7 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь энэхүү дүрмийн заалтууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан гэрээний нөхцлийн дагуу өөрийн үүргээ биелүүлнэ" гэж заажээ /хх-75/. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.3 дахь заалтын "g" хэсгийн дагуу гүйцэтгэх захирал "Ажилтнуудыг ажилд авах, тэдэнд цалин хөлс олгох, мөн тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох болон компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг батлах" /хх-105/ эрхтэй байх бөгөөд уг гэрээнд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7 дахь хэсэгт заасны дагуу О ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурсан байна. Эдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралд хариуцагчийн албан тушаал, ажилтнууд буюу бүтцийг тодорхойлох эрх олгоогүй болох хариуцагчийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна” гэсэн нь үндэслэл хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гадаад хэл дээр гаргасан бүх нотлох баримтын орчуулгыг гаргаж өгсөн болно. Ингэхдээ гүйцэтгэх удирдлагын гэрээний холбогдох хэсгийн орчуулгыг хийлгэн хуулийн дээрх шаардлагыг хангасан байхад шүүх "...дээрх гэрээг гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүрэг гэсэн хэсгийн орчуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба тус орчуулга нь хариуцагчийн дүрэмтэй зөрчилдөж байх тул тус гэрээний орчуулгыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Иймд шүүх Н.Ө-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт "...2018 оны 04 дүгээр улирлын орон тоо хасагдаагүй..." гэж хэнээс, хэзээ, яаж гаргасан шаардлага, талуудын ямар тайлбар, нотлох баримт зэргээс шийдвэртээ дурдсан нь ойлгомжгүй. Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хангамжийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр улирлын орон тоо хасагдсан эсэх асуудлаар иргэн Н.Ө-аас шаардлага, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй байхад гаргаагүй шаардлага, нотлох баримтгүй зүйлийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэр эргэлзээ төрүүлж байна.
3. Хэргийн 127 дугаар талд хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвч болон 128 дугаар талд буй орчуулгаас үзэхэд нийт хангамжийн хэлтсийн 74 ажилтнаас 3 гадаад ажилтан, 71 монгол ажилтан байна. Монгол болон гадаад ажилчдын схемыг өөр өнгөөр ялган тэмдэглэсэн байхын зэрэгцээ, үйл ажиллагааны хэсэг болон гүний уурхайн хэсгийн монгол ажилчдын тэмдэглэгээг дотор нь тасралтгүй үргэлжлэх зураас болон 2 цэгтэй тасархай зураас зэргээр ялган тэмдэглэсэн байна. Харин аль орон тоо хасагдсан эсвэл хасагдах гэж байгаа нь орон тооны бүдүүвчийн баруун дээд хэсэг дэх тэмдэглэгээнээс харагдах бөгөөд Н.Ө-ын "Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер" гэх орон тоо нь "орон тоо хасагдах" гэсэн тэмдэглэгээтэй, хасагдах хугацаа "2017 оны 11 дүгээр cap" гэсэн байна. Үүнийг орон тооны бүдүүвчийн доод хэсэгт буй хүснэгтийн тоотой тулгаж үзэхэд "Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер"-ийн орон тоо хасагдсан нь нотлогдож байна. Иймд шүүх нотлох баримтуудыг ойлголгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэхээр байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэхдээ Хангамжийн стратегийн менежер болон Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүд хэрхэн давхцаж байгаа, үүнийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Хангамжийн стратегийн менежер болон Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэг нь Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, үүрэгтэй давхцаагүй тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зуйлийн 36.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхэд, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 3 сарын дотор хасагдаж үгүй болсон байсан ажил, албан тушаалыг ажил олгогч бүтцэд дахин бий болгосон нөхцөл байдал байхыг шаарддаг. Хэрэгт Н.Ө-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цуцалснаас хойш ажил олгогч даруй 3 сарын дараа тухайн орон тоог дахин бий болгосон баримт байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, шүүх хуралдаан дээр яригдаагүй, шүүх үүнийг тогтоогоогүй атлаа шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь үндэслэлгүй.
Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар тушаал, түүний хавсралт болох Хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчид "хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер орон тоо 2017 оны 11 дүгээр сараас хасагдахаар" батлагдан гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдсан байхад шүүх “тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлийг шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй болно. О ХХК-ийн дүрмийн ямар зүйл, заалтыг үндэслэн шүүх "Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь зааснаар нэхэмжлэгчийг Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй' гэж дүгнэсэн нь тодорхой бус байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд, хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Ө хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” ЭйчАр 4007/17 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер Н.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 11 дүгээр тал/
Хариуцагчийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж “...гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй, ажил үүрэг нь шинээр бий болгосон стратеги гэрээний менежерийн албан тушаалд шилжүүлэн өгсөн” гэх тайлбар гаргасантай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.
Анхан шатны шүүх хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалын орон тоо хасагдаагүй, хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэгтэй давхцаж байгаа гэх үндэслэл зааж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан боловч уг орон тоо нь 3 сарын дотор дахин бий болсон байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар цомхотголоор чөлөөлөгдсөн ажилтныг буцааж авах үүрэг ажил олгогчид үүснэ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар тушаалаар /хэргийн 36 дугаар талд/ тус байгууллагын орон тооны бүтцэд өөрчлөлт хийснээс хойш 3 сарын хугацаа өнгөрөөгүй байгаагаас гадна уг орон тоог дахин бий болгосон тухай баримт хэрэгт байхгүй байхад хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй юм.
Хариуцагч О ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлд компанийн орон тооны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсантай хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалаас чөлөөлөх талаар ажилтанд хуульд заасан хугацааны дотор мэдэгджээ. /хэргийн 12 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж, нөхцлүүдээ тодорхой заасан байна. Иймд тухайн оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.
Хэргийн 102-106 дахь талд авагдсан хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гэрээ нь талуудын хооронд англи хэл дээр байгуулагдсан тул орчуулгын товчоогоор орчуулагдсан, талууд гэрээний орчуулгын агуулга дээр маргаагүй. Уг гэрээнд оролцож байгаа талуудыг О ХХК болон ноён Армандо Торрес, ноён Марко Пирес” гэж тодорхойлон бичсэн буюу гэрээний талуудыг тодорхой заасан байна. Гэрээний тал хэн болохыг орчуулан заасан байгаа тохиолдолд “...хооронд...” гэсэн үг оруулаагүй нь уг гэрээг байгуулагдаагүй гэж үзэх нөхцөл болохгүй.
Гүйцэтгэх захирлын гэрээнд зааснаар компанийн гүйцэтгэх захирлын хувьд орон тоо бүтцийн өөрчлөлт хийх эрхийг олгосон байх бөгөөд орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан бүтцийн схем гаргасан тушаалаар тогтоогдож байна. Энэ талаарх орчуулгын товчоогоор орчуулагдсан баримт хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
Тус компанийн орон тооны бүтэц батлах, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох эрхийг гүйцэтгэх захиралд гэрээгээр олгосон байх тул гүйцэтгэх захиралд эрх олгогдоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаас өмнө гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар “бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан бөгөөд уг орон тоог гурван сарын дотор дахин бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байхгүй.
Түүнчлэн ажил олгогч нь орон тоо, бүтэц батлах эрхтэй бөгөөд орон тоо хасагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн тайлбарт дурдаж буй “...Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалыг 2017 оны 06 дугаар сард шинээр орон тоо, албан тушаалын давхцал бий болгосон” гэх нөхцөл байдал нь уг хэрэгт хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар “бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал нь зөвхөн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахад чиглэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА