Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 136/2020/00222/И |
Дугаар | 001/ХТ2022/00860 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/00860
“ ****” сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00025 дугаар магадлалтай,
“ ****” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
****д холбогдох,
Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 02 тоот зоорийн давхрын өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ ****” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ****д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Алтанговийн 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг ****гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ****” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00025 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаартай шийдвэртэй, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 202/МА2020/00025 дугаартай магадлалтай иргэний хэрэгт гомдол гаргах нь: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч ****гийн хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Алтанговийн 102-1 дүгээр байрны 02 тоотын зоорийн давхар буюу доод хонгил нь “ ****” СӨХ-той түрээсийн гэрээ хийхийг татгалзаагүй. Подвалыг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөр мөнгө “ ****” СӨХ-ны дансанд биш, “ ****” СӨХ-ны дарга болох С.Одвалын хувийн дансанд түрээсийн төлбөр тушаагдаж байсан учир **** СӨХ-нд түрээсийн төлбөр тогтоосон шийдвэрийг харах саналыг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Батнасан “ ****” СӨХ-д подвалыг түрээслэхээр хэзээ, хэний шийдвэрээр түрээсийн үнэ хөлсийг тогтоосон баримтаа үзүүлээч тэрийг нь үзэж байж түрээсийн гэрээ хиймээр байна гэж хэлэхээр нь “ ****” СӨХ ****г подвалоо чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргасан байдаг. “ ****” СӨХ нь байрны подвалыг бусдад түрээслүүлэх бүх гишүүдийн хурлын шийдвэргүй, холбооны дүрэмдээ дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших ашиглах журамд юу гэж тусгагдсан эсэх нь тодорхойгүй, 2020 онд бусдад үргэлжлүүлээд түрээслэх эсэх талаар бүх гишүүдийн хурлын шийдвэр гараагүй байхад “ ****” СӨХ дураараа аашлан подвалыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг “ ****” СӨХ-ны дангаараа шийдвэрлэдэг асуудал биш болох нь мөн хуулийн 15.5-д “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж болно” гэж тодорхой зааж өгсөн байна. Улсын дээд шүүхийн тайлбарт тусгагдсан байсан. 2017 оноос хойш “ ****” СӨХ нь нэг ч удаа бүх гишүүдийн хурлыг хийж байгаагүй ба 2019.01.16-ны өдөр гэрчилгээг ямар баримтанд үндэслэж авсан эсэх нь эргэлзээ бүхий байдлыг төрүүлж байгаа юм. Мөн 2017.04.20-ны өдөр “ **** сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгон, шинээр дахин зохион байгуулалтанд оруулахаар Сайншанд сумын Засаг даргаас чиглэл хүргэгдсэн албан бичиг гарсан байсан. Гэвч энэхүү асуудлыг тавихаар албан ёсны байгуулагдсан СӨХ гэсэн тайлбараас өөрөөр баримтгүй. 2017.02.19-ний өдрийн “ ****” СӨХ-ны удирдах зөвлөлийн анхдугаар хурлын тогтоол гэсэн тамга тэмдэггүй баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2017 онд ирц бүрдээгүй учир бүх гишүүдийн хурал хийгдээгүй тарсан. Үүнийг байрны оршин суугчид, “ ****” СӨХ-ны удирдах зөвлөлөөр сонгогдсон гишүүд, хяналтын зөвлөл гэх ихэнх хүмүүс мэддэг. Хурал зохион байгуулагдаагүй учир хурлын тэргүүлэгчид ч сонгогдох боломжгүй байдал харагдаж байгаа юм. Бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүд болон **** СӨХ-ны даргыг сонгосон шийдвэр гараагүй. “ ****” СӨХ холбооны тамга тэмдэг дарагдаагүй баримтыг шүүхэд гарган өгөхдөө нотариатаар батлуулсан байгааг нь анхан болон давж заалдах шатны шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн СӨХ-ны удирдах зөвлөл хуульд заасны дагуу сонгогдсон гэх үндэслэл харагдахгүй байгаа юм. Өмнө нь сонгогдож байсан хуучин удирдах зөвлөлийн гишүүдийн нэрээр баримтыг үйлдэн гаргасан байхыг үгүйсгэх аргагүй байдал харагдаж байна. Үүнийг нь анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. “ ****” СӨХ нь албан ёсны хуулийн дагуу байгуулагдсан холбоо гэж харагдах баримтуудаа бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй. Тухайн байрны подвал “ ****” СӨХ-ны хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх баримт ч байдаггүй. “ ****” СӨХ хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгааг нотолсон баримт ч хэрэгт авагдаагүй байхад энэ бүгдэд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд тусгагдсан байхаар харагдаж байгаа ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 7.2.1-д холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтуудаас харахад ч жил бүр сууц өмчлөгчдийн холбоо бүх гишүүдийн хурлыг хийж, бүх гишүүдийн хурлын шийдвэрээр дундын өмчлөлийн эд хөрөнгө болох байрны подвалын асуудлыг хэдэн төгрөгөөр түрээслэх асуудлыг шийдвэрлэдэг. “ ****” СӨХ нь Батнасангаас тавьсан шаардлагыг эс зөвшөөрч Батнасангийн эзэмшил, ашиглалтанд байгаа подвалыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. “ ****” СӨХ дангаараа байрны подвалыг түрээслэх, чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “ ****” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ****д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Алтанговийн 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гарган, үндэслэлийг “...орон сууцны подвал нь орон сууцны өмчлөгчдийн дундын эд хөрөнгөд хамаарах бөгөөд тус Сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийг дэмжих зорилгоор подвалыг гэрээний үндсэн дээр иргэдэд түрээслүүлдэг. ... **** нь 2003 оноос 02 тоот подвалыг түрээслэн гутал засварын үйл ажиллагаа явуулж байгаа боловч түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, гэрээ хийхгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна” гэж тодорхойлжээ.
7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...би анх подвалыг өөрийн хөрөнгөөр засч тохижуулан ашиглах болсон, тус Сууц өмчлөгчдийн холбоо нь хүмүүсийг гадуурхаж, түрээсийн төлбөрийг үндэслэлгүй нэмдэг, хяналтын зөвлөлд тайлан тооцоогоо гаргаж өгдөггүй. ...2017 онд ирц бүрдээгүй учир СӨХ-ны бүх гишүүдийн хурал хийгдээгүй, удирдах зөвлөлийн гишүүд болон даргыг сонгосон шийдвэр гараагүй, тус СӨХ хуулийн дагуу байгуулагдан, хэвийн үйл ажиллагааг явуулж байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй гэж маргасан байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сайншанд сум 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалыг ****гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Нэхэмжлэгчийн, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй Дорноговь аймгийн Сайншанд сум 2-р баг, Алтанговийн 102-1 байрны зоорийн давхарт байрлах 02 тоот подвал нь “ ****” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, мөн хариуцагч **** нь уг подвалыг 2003 оноос түрээслэн, гутал засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч 2009 оноос хойш түрээсийн төлбөр төлөөгүй, “ ****” Сууц өмчлөгчдийн холбоотой түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээс гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн ч гэрээг байгуулдаггүй, түрээсийн төлбөр төлдөггүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Хэргийн баримтаар хариуцагч **** нь “ ****” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сайншанд сум 2-р баг, Алтанговийн 102-1 байрны зоорийн давхарт байрлах 02 тоот подвалыг гэрээ болон хуульд заасны дагуу, хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшиж, улмаар зохих төлбөрийг төлж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иймд маргаан бүхий, зоорийн давхрын 02 тоот подвалыг нэхэмжлэгч “ ****” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
12. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...“ ****” СӨХ хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгааг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх энэ бүгдэд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. ...нэхэмжлэгч дангаараа байрны подвалыг түрээслэх, чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, хариуцагчийн өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт өгсөн байна.
13. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00025 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА