Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0031

 

Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-д заасныг тус тус баримтлан Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг Үенч сумын Сонгуулийн хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Үенч сумын Сонгуулийн хороо шинэ акт гаргаагүй бол Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол хүчингүй болохыг дурдаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх О.Мягмарыг сумын Засаг даргын Тамгын газрын туслах түшмэлийн /ТЗ-3/ ангилалд хамруулан, төрийн албан хаагчийн цалин хөлсийг авч, эрхийг нь хэрэгжүүлэн ажиллаж байсан байна гэж дүгнэсэн. Гэвч О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын санхүү төсвийг хариуцсан нягтлан бодогчоор томилогдож, өмнө нь хариуцан ажиллаж байсан төрийн сангийн төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгүүлсэн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй.

О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар хавсран гүйцэтгэж байсан төрийн сангийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн төдийгүй Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газар О.Мягмарыг санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулж, түр хугацаагаар төрийн сангийн төлөөлөгчийн ажил хавсран гүйцэтгүүлсэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхийг эдэлснээс биш анхан шатны шүүхийн шийдвэрт “төрийн албан хаагчийн цалин хөлс авч, эрхийг нь хэрэгжүүлэн ажилласан” гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм.

Өөрөөр хэлбэл, О.Мягмар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд зааснаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газартай санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог төдийгүй үндсэн ажлын байр нь санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогч буюу байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт О.Мягмар нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хамаарахгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй, төрийн сангийн төлөөлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтээ үндэслэл бүхий гаргаж чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “...төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэжээ. О.Мягмар нь төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаагүй нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөж төрийн сангийн төлөөлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэжээ. Гэвч О.Мягмар нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, тангаргийн хуудсанд гарын үсэг зураагүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй...

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтын 4.4-д зааснаар О.Мягмар нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэх боловч мөн тогтоолын 4.7-д зааснаар үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр /нягтлан бодогч/ албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаал буюу төрийн сангийн төлөөлөгчийг гүйцэтгүүлж болохоор заасан. Мөн тогтоолын 3.1-д ...төрийн албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нөхцөлийг тусгасан. Энэ нь төрийн албыг тасралтгүй, шуурхай явуулахад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзэх боломжтой. Тогтоолын 5.1, 5.3-д зааснаар урамшуулал болон тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар бодож авахаар байгаа нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан эрхээр хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийг хариуцсан нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан юм.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нэр томьёо нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар ойлгогдох бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах, төрийн албаны мэргэшлийн шалгалт авах, түүнд тэнцэж томилогдох хүртэлх процесс нь гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд О.Мягмар нь төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, О.Мягмарыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан төрийн албан хаагч гэж үзэх боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэхээр байна.

О.Мягмар нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байхдаа түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг хангасан бөгөөд Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнд О.Мягмар нь сонгогчдын хамгийн олон саналыг авч төлөөлөгчөөр сонгогдсоор байтал Сонгуулийн хороо 07 дугаар тогтоол гаргасан нь О.Мягмар болон Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байхад анхан шатны шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ховд аймгийн Үенч суманд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогчдын дийлэнх олонхын санал авсан Ч.Долгор, Б.Оюунчимэг нарыг Цагдаагийн байгууллагын албан бичгийг үндэслэн төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон. Дээрх Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар албан бичгийг нэг талаар захиргааны акт гэж үзэх боломжгүй, захиргааны илт хууль бус акт юм.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтаар цагдаагийн байгууллага нь захиргааны зөрчлийг хянан шалгахаас, захиргааны зөрчлийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүйн дээр нэр бүхий төлөөлөгчдийг батламжлах асуудлыг түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй. Гэтэл Сонгуулийн хороо Цагдаагийн байгууллагын 285 дугаар албан бичгийг үндэслэн төлөөлөгчийн түр үнэмлэхийг түдгэлзүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүх тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор байтал цагдаагийн байгууллагын албан бичгийг үндэслэн төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй .болгосон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчжээ...

Анхан шатны шүүх Ч.Долгор, Б.Оюунчимэг нарын захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхээс хамаарч Сонгуулийн хороо нэр бүхий нэр дэвшигчийн төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгох эсэх асуудал шийдвэрлэгдэхээр байна гэж үзэн 08 дугаар тогтоолыг Үенч сумын Сонгуулийн хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг зөрчсөн. Сонгуулийн хороо Ч.Долгор, Б.Оюунчимэг нарт олгосон төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад урьдчилсан байдлаар дүгнэлт гаргаж, хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг зөрчсөн.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Ч.Долгор, Б.Оюунчимэг нарт холбогдуулан гаргасан захиргааны зөрчил нь тогтоогдохгүй... байна гэж дүгнэн цагдаагийн байгууллагад буцаан даалгавар хүргүүлсэн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд захиргааны зөрчил шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгааг анхаарч үзээгүй өрөөсгөл дүгнэлт хийжээ.

.:.Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 дугаар тогтоол гаргаж, 09 дүгээр тогтоолоо хүчингүй болгосон. 09, 10 дугаар тогтоолоор 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан нь 09 дүгээр тогтоолыг хэлбэрийн төдий биелүүлж, 10 дугаар тогтоол гарган нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь 09 дүгээр тогтоолоор 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөд 10 дугаар тогтоолоор мөн адил 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь Ч.Ганбат, О.Мягмар нарыг 07 дугаар тогтоолоор нэрийн жагсаалтаас хасаж, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл, Ч.Долгор, Б.Оюунчимэг нарыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шалгагдаж буй захиргааны зөрчлийн арга хэмжээ нь тус тус шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлгүй, 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараагаар түр үнэмлэхийг хүчингүй болгох, нэрийн жагсаалтаас хасах зэрэг арга хэмжээ авах боломжтойн дээр энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4-д заасныг Сонгуулийн хороо буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 07, 08, 09 дүгээр тогтоолоор дээрх нэр бүхий хүнийг нэрийн жагсаалтаас хасах, түр үнэмлэхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж 05 дугаар захирамж гаргасан нь ойлгомжгүй, Сонгуулийн хорооны дарга бие даан захирамжилсан акт гаргаж, 07, 08, 09 тогтоол гаргасан. Сонгуулийн хорооны даргад ийм эрх байхгүй.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын О.Мягмарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 08 дугаар тогтоолыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг хэрэгсэхгүй болгож, 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 09, 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны дарга Б.Бурмаа давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрог, Улиаст багт нэр дэвшигч Ч.Ганбат нь урьд Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч. Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргааны даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Ч.Ганбатыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээс нь чөлөөлж, гэрээт ажилтнаар томилсон.

Төрийн захиргааны болон тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч байхаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан.

Хуулийн дээрх зохицуулалтад тангараг өргөсөн Монгол Улсын иргэн бүрийг төрийн жинхэнэ албан хаагч байхаар заагаагүй, харин төрийн захиргааны болон тусгай албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалыг эрхэлж буй Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ. Энэ нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох зорилготой Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан шударга ёсыг сахих зарчмаас үүдэлтэй зохицуулалт юм.

Анхан шатны шүүх төрийн жинхэнэ албан тушаалыг түр /гэрээт/ эрхэлж байгаа этгээдийг хуулийн зохицуулалтад үл хамруулж тайлбарлаж, хуулийн зорилго, ач холбогдол, нэр дэвшигч нар шударгаар өрсөлдөх боломжийг үгүйсгэсэн.

Төрийн жинхэнэ албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх хуулийн шаардлагыг Ч.Ганбат зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад үүнийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар нь 27” байхаар заажээ. Нэр дэвшигч Ч.Ганбат нь 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай хуулийн дээрх заалтын дагуу цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэнд тооцогдоно. Иймээс нэр дэвшигч Ч.Ганбатад хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлага тавигдана.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д сонгуульд цэргийн жинхэнэ алба хаах насны нэр дэвшигчдэд цэргийн жинхэнэ алба хаасан байх шаардлагыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан Монгол Улсын иргэний “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээс үүдэлтэй зохицуулалт юм.

Гэтэл Үенч сумын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Ганбат нь цэргийн албыг биечлэн хаагаагүй, дүйцүүлэх хэлбэрээр ч хаагаагүй, мөнгөн төлбөрөөр ч хаагаагүй, цэргийн албанд татагдах насны дээд хязгаарт хүрээгүй байна. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар тухайн жилдээ /2016 онд/ түр чөлөөлөгджээ. Тэрээр дараа, дараагийн жил бүрт, 27 нас хүртлээ цэргийн жинхэнэ албанд татагдсаар байх болно.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлнө” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх Ч.Ганбатыг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаасан мэтээр буруу дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ч.Ганбатад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна уу” гэжээ.          

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07, 08, 09  дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийн тухайд:

Тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолоор баталсан Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрог Улиаст багт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Ч.Ганбат нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон үндэслэлээр түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, түүнд олгосон Үенч сумын иргэдийн төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон байна.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа татан буугдсантай холбоотой тус газрын Гадаргын усны нөөц, чанар, экологи хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Ганбатыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргааны даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар Ч.Ганбатыг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх хүртэл гэрээт ажилтнаар түр томилсон байна.

Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл төрийн захиргааны болон тусгай албан тушаалын ангилалд хамаарах албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байсан” гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй тохиолдолд сумын сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар, мөн хуулийн 154 дүгээр зүйлд “нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг зааж хуульчилсны дотор мөн зүйлийн 4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших тохиолдолд тухайн сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, мөн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар хуульчилсан байна.

Иймд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ТҮ-5-1 шатлалаар цалинжиж, гэрээт ажилтнаар ажиллаж байсан Ч.Ганбатыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж, хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх”-аар зохицуулсан хэдий ч Ч.Ганбат нь тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдөж цэргийн тоо бүртгэлээс хасагдсан болох нь түүний цэргийн үнэмлэх[1]-д тэмдэглэгдсэн байх тул Ч.Ганбатыг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн дагаж мөрдөгдсөн Цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас чөлөөлөхөөр зохицуулсныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийн тухайд:

Төрийн жинхэнэ албаны харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө... төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана” гэж төрийн албан хаагч аль сонгуульд нэр дэвшихээс хамаарч хэрхэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах талаар хуульчилжээ.

О.Мягмар нь Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилогдсон бөгөөд мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар О.Мягмарыг тус газарт нягтлан бодогчоор томилохдоо түүнд өмнө хариуцаж байсан төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4-д албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаас дүгнэхэд О.Мягмарыг төрийн захиргааны албан хаагч гэж үзнэ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнийг туслах түшмэлийн буюу ТЗ-3 ангилалд хамруулсан байна.

Түүнчлэн О.Мягмар нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон үндэслэлээр түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, түүнд олгосон Үенч сумын иргэдийн төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх 2016 оны орон нутгийн сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдахаар товлогдсон байх тул сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд сонгууль болохоос 3 сарын өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргах байжээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсгийг зөв тайлбарлаж, маргаан бүхий тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын тухайд:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-д заасныг баримтлан маргаан бүхий 08 дугаар тогтоолыг Үенч сумын Сонгуулийн хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчид олгосон хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцох шийдвэрийг гаргах бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно.

Гэтэл шүүхээс нэр дэвшигч Б.Оюунчимэг, Ч.Долгор нарыг Сонгуулийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхийг тогтоож, эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг үндэслэн нэр дэвшигчдэд олгосон хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон нь буруу байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, маргаан бүхий 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын тухайд:

Хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон 10 дугаар тогтоолтой маргаагүй байх тул “09, 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5, 6 дахь заалтуудын дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН