Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

    2020           3             10                                        2020/ДШМ/298                                                

 

 

                               Н.Б, П.Ц нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттулга,

шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Э.Уянга,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.Б, П.Ц нарт холбогдох эрүүгийн 1822000500149 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Боржигин овгийн Н.Б,
  2. Олхонууд овгийн П.Ц,

 

Шүүгдэгч Н.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэж, мөн дүрмийн 15.2-д “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэж тус тус заасныг зөрчин Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг замын зорчих хэсгээс чөлөөлж тавиагүйгээс П.Ц жолоочтой Истана маркийн 30-62 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, уг автомашинд зорчин явсан зорчигч А.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Мөнхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Банзрагчийн амь насыг хохироосон, Истана маркийн 30-62 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Истана маркийн 30-62 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс Н.Б жолоочтой Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг мөргөж, зорчигч А.Чулуунцэцэг, П.Баасанбаярын нарын эрүүл мэндэд хөнгөн, Ц.Мөнхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Банзрагчийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Б, П.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн  Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Олхонууд овгийн П.Цг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Цд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н.Б, П.Ц нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Бат-Эрдэнийн ВСE ангилалын 149204 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Н.Бд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад зааснаар шүүгдэгч П.Цгээс 74.300 төгрөг гаргуулан өмгөөлөгч Б.Хандмаад олгож, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтээр замын зорчих хэсгийн өргөн 7.10 метртэй, нэг талын урсгал нь 3.55 метр замын зорчих хэсгийн 1.40 метр зайг эзэлж эвдэрсэн чиргүүлээ байрлуулсан.

ШУТИС-ийн МИС-ийн техникийн 7 шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 12/51 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...тухайн нөхцөл байдалд Истана маркийн автомашин нь чиргүүлийн хажуугаар эсрэг урсгал сөрөхгүйгээр зөрж өнгөрөх боломжгүй” гэсэн зэрэг нотлох баримтуудаар П.Ц жолоочтой Истана маркийн автомашин нь зам дээр байсан чиргүүлийн хажуугаар эсрэг урсгал сөрөхгүйгээр зөрж өнгөрөх боломжгүй байсан.

Н.Б жолоочтой Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай автомашины 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг хөдөлгөх боломжтой талаар Тээврийн цагдаагийн албаны техникийн 5 шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 824 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...дээрхи эвдрэл гэмтэлтэй чиргүүл нь замын хөдөлгөөнд оролцож болохгүй ч зам, зорчих хэсгийг чөлөөлөх зорилгоор тээврийн хэрэгслээр чиргүүлийг чирч зам чөлөөлөх боломжтой байсан” гэх дүгнэлт, мөн хавтаст хэрэгт авагдсан, тухайн чиргүүлийг мөргөсний дараах гэрэл зургийн үзүүлэлтээр чиргүүлийг аюулгүй байдлыг хангах үүднээс Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр чирч замыг чөлөөлөх боломжтой байсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай “...тухайн чиргүүлийн ар хэсэгт байгаа таних тэмдэг, улсын дугаар, цацруулагч зэргийг харанхуйд машины гэрэл хамгийн багаар бодож 150-200 метрт тусгаж үзэхэд тухайн тэмдэг, гэрэлтүүлэг хангалттай сайн тод харагдаж байсан болно” гэх тэмдэглэлийг үндэслэжээ.

Тухайн нөхөн үзлэгийг хийхэд цаг агаарын байдал тааламжтай, үзэгдэх орчин чөлөөтэй үед хийжээ. Гэтэл зам тээврийн осол, хэрэг болох үед цас, бороо холилдон орж байсан, цасан шуурга шуурч байсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж онцгой байдал зарлачихсан, автомашинуудыг явуулахгүй байсан болох нь тогтоогдсон байхад шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар үнэлээгүй хэрэгт авагдсан гэрч Л.Цолмонбаатарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өөрийнх нь мэдүүлэг, Дундговь аймгийн Автотээврийн төвийн техникийн шинжээч Н.Батчулууны дүгнэлт болон түүний өгсөн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шалтгаан болоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч П.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол болоход би өгсүүр газар явж байхад өөдөөс маш хурц гэрэлтэй машин эсрэг урсгалаас гарч ирсэн. Би машины гэрлээ хол, ойр дээр нь хэд хэдэн удаа шилжүүлсэн боловч нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй байсаар би хурдаа хасаж зөрөхөд чиргүүл тулаад ирсэн. Чиргүүл нь өөрөө 20 цагийн байрлалтай байсан учир тоормоз гишгээд зүүн гар тийш дарж, жолоочийн самбаачлах үйлдэл хийсэн боловч багтаж гарахгүй энэ осол аваар болсон юм. Энэ ослоос хойш 1 жил 11 сарын хугацаанд Тээврийн цагдаагийн шинжээч болон ШУТИС-ийн шинжээч нар хамтран 5 удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хурал дээр шинжээч ирж оролцохдоо чирэгч буюу авто машин нь зүгээр байгаа нөхцөлд байх бүрэн боломжтой гэж хавтаст хэргийн материал болон гэрэл зургаас харагддаг юм. Хавтаст хэрэгт байгаа шинжээч болон гэрч нарын ослын болон огцом эргэлтийн тэмдэг байгаагүй гэж нотолдог юм. Энэ 5 удаагийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт буюу жолооч хөдөлгөөний эрчим, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу тээврийн хэрэгслийн хурдаа энэ дүрэмд заасны дагуу сонгож явна гэсэн заалт байгаа юм. Төв аймгийн цагдаагийн постноос Согоотын гуанз хүртэл 100 км, гуанзнаас осол болсон газар хүртэл 101 км байгаа. Үүнээс үзэхэд 201 км замыг таван цагийн хугацаанд туулж осол болсон газарт очсон юм. Ингэхээр миний хувьд хурд хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл байгаа юм. 9.2 заалт нь жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох буюу хасах арга хэмжээ авна гэсэн заалт байгаа ч миний хувьд зам дээр ослын тэмдэг цацруулагч юу ч харагдаагүй учир хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан юм. Гэтэл эсрэг урсгалын машинтай гүйцэт зөрж амжаагүй байхад 20 цагийн байрлалтай ногоон өнгийн чиргүүлийн булан тулж орж ирсэн байдаг. Авто машинаа чиргүүлийн ард байрлуулж, оврын болон ослын дохионы гэрлийг асаасан бол аюул саад байгааг мэдэх бүрэн боломжтой гэж харж байна. 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт байгаа ч миний хувьд явсан км, туулсан цаг хугацаагаар бодоход 201 км замыг 5 цагт хуваахад дунджаар 40-50 км замыг 1 цагийн хугацаанд туулж өнгөрүүлсэн байгаа юм. Үүнээс харахад энэ зам маань орон нутгийн чанартай зам бөгөөд хурдны хязгаар нь 80 км цаг хүртэл явж болох юм.

Миний хувийн байдал, төлбөр төлсөн баримт болон бусад зүйлүүдийг хэргийн материалаас судалж үзэн, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ял нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг бүхэлд нь судалж, хянаж үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх, Истана маркийн 30-62 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ц, Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хоёулаа зөрчсөн байна. Харин гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал нь жолооч П.Цгийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж гарсан болох нь гэрч Д.Саранцэцэгийн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, осол болсон газраас наана “огцом эргэлтийг заасан замын тэмдэг”-ийг үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Л.П.Ц нь анхаарал болгоомжгүй явсны улмаас зам тээврийн осол гарч болзошгүй аюултай нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, жолооч П.Ц нь урдаа тохиолдсон саадыг мөргөөгүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байжээ. П.Цгийн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь бусдын амь нас хохирсон, бусдад хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж, Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Бат-Эрдэнийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.7, 15.2, 6.2 заалтуудыг зөрчсөн үйлдэл нь гэрч Л.Цолмонбаатар. шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн мэдүүлгүүд, шинжээч Н.Батчулууны дүгнэлт болон мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар гэмт хэргийн шалтгаан болоогүй байна гэж тус тус шүүх дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлтэд дурдсан нотлох баримтаар үнэлсэн гэрч Л.Цолмонбаатар, шүүгдэгч Н.Б нарын мэдүүлгийг гэрч С.Батбаяр /2-хх-246-247/, О.Бат-Өлзий /1-хх-142-143/, Д.Саранцэцэг /2-хх-243-245/, гэрч Б.Даваадорж /1-хх-187-188/ нарын мэдүүлгүүд няцаадаг. Шинжээч Н.Батчулууны мэдүүлэг болон дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №11, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №12/51, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Базаррагчаагийн мэдүүлэг зэрэг баримтууд үгүйсгэсээр байтал эдгээр эрс зөрүүтэй нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, яагаад гэрч С.Батбаяр, Ө.Бат-Өлзий, Д.Саранцэцэг, Б.Даваадорж, шинжээч И.Базаррагчаагийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, үнэлэх боломжгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасныг, хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-хх-17-21/ зэрэг нотлох баримтууд нь осол болсон цаг хугацаанаас 3 сарын дараа буюу цаг уур орчны байдал, байгалийн гэрэл, осол болсон тухайн нөхцөл байдлаас эрс зөрүүтэй нөхцөлд тээврийн хэрэгслийг нүдэн баримжаагаар байрлуулж хийсэн ажиллагааг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан баримт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн газрын нөхөн үзлэг хийх ажиллагааг хуульчлаагүй, мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №824 тоот шинжээчийн дүгнэлт /2-хх-5-9/ нь хэрэг учрал болсон цаг хугацаанд мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан гаргасан дүгнэлт учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх саналыг гаргасан боловч хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй талаарх дүгнэлтийг хийлгүйгээр шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг тус тус зөрчсөн.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимтай үл нийцэж байна.

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй. Харин хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж, алиныг нь нотлох баримтаар тооцохыг шүүх шийдвэрлэнэ. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхдээ осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох нь чухал ач холбогдолтой.

Хүний субъектив хүчин зүйл, техникийн хүчин зүйлийг зөв тогтоосны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийх нь үндэслэл бүхий болно.

Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг эвдэрсэн цагаас хойш 14 цагийн хугацаанд чирэгч буюу 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэвийн ажиллагаатай байгаа нөхцөлд ямар нэгэн аргаар чиргүүлийг замаас зайлуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулгүй байдлыг хангах бүрэн боломжтой байсан болох нь шинжээч И.Базаррагчаагийн “...нэн даруй зайлуулна. ...” гэсэн ойлголт, “...хөдөлгөөнд оролцох боломжгүй...” хоёр ойлголт нь 2 өөр утга санааг илэрхийлсэн ойлголт юм. Хөдөлгөөнд оролцох гэдэг нь замын хөдөлгөөнд оролцоод тээврийн хэрэгслийг жолоодон замыг туулах, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үйлдэл. Харин хориглосон газарт зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авахыг үүрэг болгож байгаа нь жолооч та ямар нэгэн аргаар тухайн тээврийн хэрэгслийг замаас зайлуулж, холдуулж замаа чөлөөлөх үүрэгтэй гэж Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Огцом эргэлт” гэсэн тэмдэг байгаа тохиолдолд жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг, түр зогсолт хийхийг тус тус хориглосон тэмдэг, тэмдэглэгээ ...” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг жолооч Н.Б замын зорчих хэсгээс зайлуулах, замаа чөлөөлөх бүрэн боломжтой байсан, хэрэв тухайн тээврийн хэрэгслийг ямар нэгэн аргаар замаас зайлуулж, замын зорчих хэсгээс зайлуулсан бол энэ гэмт хэрэг гарахгүй, хүний амь нас эрсдэхгүй байх бүрэн боломжтой байсан.

Тиймээс гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал буюу шалтгаант холбоо нь шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан байх магадлалтай байхад анхан шатны шүүх яагаад Н.Бат-Эрдэнийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь гэмт хэрэг биш, яагаад шалтгаант холбоогүй, хэрэгт гэрч Д.Саранцэцэгийн хэд хэдэн удаагийн зөрүүтэй мэдүүлгүүд байгаагаас яагаад шүүгдэгч П.Цг буруутгасан мэдүүлгийн хэсгийг нотлох баримтаар үнэлэх болсон үндэслэлээ тогтоолд тусгаагүй.

Харин П.Ц нь ердийн боломжит түвшинд самбаачлах, аюулаас зайлсхийх үйлдэл хийсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-9-10/, хэргийн газрын үзлэгийг фото зургаар үзүүлсэн баримт /1-хх-11-16/, хэргийн газрын үзлэгийг схем зургаар үзүүлсэн замын цагдаагийн акт /1-хх-243/, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №12/51 дугаартай дүгнэлт, шинжээч И.Базаррагчаагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг байдал нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд үл нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн. Осол болох шалтгаан нь шүүгдэгч Л.П.Цгийн огцом эргэлтийн болон ослын гурвалжин тэмдэгийг хараагүй, хурдаа хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон. Чиргүүлийг хөдөлгөх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жолооч Н.Бат-Эрдэнийн буруу гэж бодохгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Б, П.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Бат-Эрдэнийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар зүйлд “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ зам, тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 15.2 дугаар зүйлд “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, гэрч Л.Цолмонбаатар, Дундговь аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээч Н.Батчулууны гаргасан дүгнэлт /1хх 241/, түүний “Би бол техникийн дүгнэлт гаргаснаа санаж байна. Тэр 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерийн үзүүрийн болон угын шарик нь нурж унасан байдалтай байсан нь тухайн хэргийн газраас хөдөлгөх боломжгүй. Учир нь, үзүүрийн нурсан шарикны дотор талын объёмууд нь дугуйны стуцертэй халалтанд орсны улмаас дугуй салахгүй, салахааргүй болсон. ... Тэр чиргүүлийг тухайн газраас хөдөлгөх ямар ч боломж байхгүй. Дугуйг хүчээр салгаж, шарикийг нь салгаж байж л хөдөлгөх боломжтой, өөрөөр ямар ч боломжгүй” гэсэн мэдүүлэг /1хх 201-202/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай “... тухайн чиргүүлийн ар хэсэгт байгаа таних тэмдэг, улсын дугаар, цацруулагч зэргийг харанхуйд машины гэрэл хамгийн багаар бодож 150-200 метрт тусгаж үзэхэд тухайн тэмдэг, гэрэлтүүлэг хангалттай сайн тод харагдаж байсан болно" гэсэн тэмдэглэл /1 хх 18/, шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Базаррагчаагийн мэдүүлэг зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шалтгаан болоогүй, зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдал болохоос гэмт хэрэг зайлшгүй гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөл биш гэсэн дүгнэлтийг хийж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хуульд тусгайлан заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт анхан шатны шүүх түүнийг  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дүгнэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлон, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн үйлдлийг гэмт хэрэг зайлшгүй гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөл биш дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Энэ гэмт хэргийн үр дагавар зарим үед хэд хэдэн шалтгаан, нөхцөл харилцан үйлчилсний дүнд үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөн байдаг бөгөөд түүнээс гарах үр дагавар болгомжгүй хэлбэрээр илэрдэг.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус тодорхойлон хуульчилжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд, гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан нь болгоомжгүй гэм буруугийн үндсэн шинж нь байна.

            Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг бөгөөд энэ нь болгоомжгүй гэм буруугийн хэлбэрт ч хамаарна.

Үүнтэй холбоотойгоор болгоомжгүй гэм буруугийн хэлбэр гэдэгт гэмт этгээд хор уршгийг гаргахгүй байж чадна хэмээн бүрнээ итгэснээс гадна зарим тохиолдолд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд ашигтай ч гэж тооцсон байхыг хамааруулан ойлгодог билээ.

Анхан шатны шүүх “...жолооч П.Ц нь анхаарал, болгоомжгүй явсны улмаас зам тээврийн осол гарч болзошгүй аюултай нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, жолооч П.Ц нь урдаа тохиолдсон саадыг мөргөөгүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байжээ. ...” гэж шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн зөрчил нь зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдал болохоос гэмт хэрэг зайлшгүй гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөл биш байна гэж шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь нийгмийн аюулын шинж буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн хууль, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал буюу эс үйлдэхүй нь уг зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Монголд Улсын Замны хөдөлгөөний дүрмийг зөрчсөн  гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх болон уг осолтой шалтгаант холбоогүй гэж дүгнэх нотлох баримт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл /чиргүүл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 321, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12/21 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээс гадна тус албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 824 дугаартай “...чиргүүлийг чирж зам чөлөөлөх боломжтой байсан нь тогтоогдож байна.” /2хх 7/, гэрч Л.Цолмонбаатарын “...2018 оны 2 дугаар сарын 9-ний өглөө ...14 цагийн үед байх Дундговь аймгийн төвөөс зүүн хойш 15-16 км-т зайд л байх чиргүүлийн зүүн урд талын дугуй эвдэрснээс болоод зогссон дугуйг үзэхэд шарик байхгүй, гол нь дээрээ холхиноод голны боолт нь тайлагдаагүй явах боломжгүй болсон байсан болохоор чиргүүлээ боломжоор нь зам чөлөөлж, машинаас салгаж чиргүүлийн зүүн урд дугуйг өргөгчөөр өргөж /домкрат/ орхиод, ...Н.Б ах 16 цагийн үед буцаж ирээд сэлбэг аймгийн төвөөс олдохгүй байна гэж хэлээд хот руу захисан гэж хэлсэн. ...төв орж хоол унд идээд дугуй тайлах багаж аваад буцаад чиргүүл орхисон газартаа 19 цаг өнгөрөөж очсон. ...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг болж байхад Улаанбаатар хотоос захисан дугуйны 2 шарик ирсэн, тэгээд үүр цайхаар шарикаа солъё гэж ярилцаад хэвтсэнээс хойш 30-40 минутын дараа байх юм цохих шиг чимээ гарахаар нь...” /1хх 152/, гэрч Б.Сугардоржийн “...аймгийн төвөөс 16 км зам дээр чиргүүл эвдрээд тавьсан байгаа гэж хэлэхээр нь чиргүүлээ замаа чөлөөлж тавиарай гэж хэлээд нилээн байлгаж байгаад 22 цагийн үед постоор гаргаж явуулсан...” /1хх 153/, шүүгдэгч Н.Б анхан шатны шүүх хуралдаанд “...өдөр 12 цагийн үед эвдрээд зогссон. ... осол үүрийн 04 цагийн үед болсон...” /3хх 124/ зэргээс үзвэл шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн жолоодон явсан Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерын хоёр шарик Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 14 цагийн орчим эвдэрсэн, мөн сарын 10-ны өдрийн шөнийн 04 цагийн үед зам тээврийн осол болсон, мөн анхааруулах гэрлэн дохио хэрэглээгүй нөхцөл байдал авагджээ.

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн жолоодон явсан Фусо маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерын хоёр шарик эвдэрснээс хойш 14 орчим цагийн  дараа зам тээврийн осол болсон, энэ хугацаанд тэрээр 79-79 ТЧ улсын дугаартай чиргүүлийг замын зорчих хэсгээс чөлөөлөх ямар ч арга хэмжээ аваагүй, шөнийн цагт анхааруулах гэрлэн дохиог ямар шалтгааны улмаас хэрэглээгүй болох талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд прокурорын “...шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.

Харин тээврийн хэрэгслийг засварлах, цэнэглэх, ачих, буулгах гэх мэт ашиглалт, үйл ажиллагааны үед хор уршиг учирсан бол авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэхгүйг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Шүүгдэгч Н.Б, П.Ц нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б, П.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах, П.Цд авсан цагдан хорих тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ