Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

   2020            3             17                                       2020//ДШМ/310                                                

 

                              Д.Ц, Б.Б, Ц.Б,

                                          Ж.С нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнх-Од,

шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ю.Тогмид,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/86 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнх-Одын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Ц, Б.Б, Ц.Б, Ж.С нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д.Ц,
  2. Ц.Б,
  3. Б.Б,
  4. Ж.С,

                 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 79а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай захирамжаар 2 жил 5 сар 21 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Д.Ц, Ц.Б нар нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар, Б.Б нь зохицуулагчаар ажиллаж байхдаа бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 40-52 УБН улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож явсан Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны гадна Ж.Сэс 450.000 төгрөгийн хахууль авсан,

Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу  2019 ны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Б, цагдаа зохицуулагч Д.Ц, Ц.Б нарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн гадна Д.Цд 450.000 төгрөг бэлнээр өгч, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Б, цагдаа зохицуулагч Д.Ц, Ц.Б нарт 450.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ж.Соёл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт гэрчээр асуугдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай Ё.Батдэлгэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгах нь зүйтэй байна.  

Хэрэг зөрчил гарсан 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүр орчмын замд цагдаа зохицуулагч Д.Цын хамт хяналт шалгалт хийх, хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэх үүрэгтэйгээр Туул-16 чиглэлд үүрэг гүйцэтгэн ажилласан ба хяналт шалгалтын явцад хэргийн шүүгдэгч Ж.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн хэдий ч согтуурлын хэмжээг шалгах драйгер багажийг ажлын байрандаа орхисон, мөн Тээврийн цагдаагийн албанаас баримт материал очиж авах шаардлагатай үндэслэлээр Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэсэн хувь хэмжээг тогтоож баримтжуулах ажиллагааг хийгээгүй, тухайн өдрийн шөнийн ээлжинд “зам тээврийн осол хэргийн дуудлага, гомдол мэдээлэл хүлээн авч, хэргийн газрыг хамгаалалтад авах” үүрэгтэй Туул-15 чиглэлд ажиллаж байсан Б.Б, Б.Ц.Б нарт үлдээсэн энэ хугацаанд Б.Ц.Б, Б.Б нар нь “ахлахын машиныг баазаас очиж авах” нэрийдлээр Ж.Соёл-Эрдэнийн бичиг баримт, машины түлхүүрийг хураан авч, машинтай нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гадна орхин явсан ба тэднийг баазаас буцаж ирэхэд зөрчилд холбогдогч Ж.С нь машинаа цоожлон орхиж, хэлтсийн байрны гаднаас явсан нөхцөл байдалтай байна.

Хэргийн 1 дүгээр хавтас 217-218 дугаар талд авагдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон тайлбар баримтаас Б.Б, Б.Ц.Б нар нь тус хэлтсийн гаднаас ...06 цаг 07 минут 58 секундэд явж 06 цаг 23 минут, 15 секундэд ирсэн, Ё.Батдэлгэр, Д.Ц нар нь ...06 цаг 16 минут 15 секундын үед хэлтсийн байранд ирсэн ба тэднийг ирэх үед тоёото приус-30 маркийн 40-52 ЖБМ улсын дугаартай автомашины жолооч Ж.С нь машинтайгаа хэлтсийн байрны гадна байж байгаад ...06 цаг 21 минут 10 секундын үед машинаа орхиод явсан...” гэж тэмдэглэгдсэн ба 06 цаг 16 минут 15 секундээс ... 06 цаг 21 минут 10 секундын хоорондох 05 /тав/ минут орчмын хугацаанд тэрээр зөрчилд холбогдогч жолоочийг драйгер багаж үлээлгэн шалгах боломжгүй байсан шалтгаан нөхцлийг тодруулан нарийвчлан шалгах шаардлагатай.

Түүнчлэн Б.Б, Ц.Б нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ прокуророос тэдгээр нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэхдээ, Д.Цоор дамжуулан Ж.Сэс 450.000 төгрөгийн хахууль авах үйлдлийг удирдан чиглүүлж, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн ерөнхийлөн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

“Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэх бөгөөд гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Иймээс тэдгээр шүүгдэгч нарын хувьд тухайн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр, хэрхэн ямар үг, үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн гэх нөхцөл байдлыг шалган тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Прокуроос шүүгдэгч Д.Цын гэмт үйлдэлд нь ял сонгосон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тус тус “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг давхар журамласан нь ойлгомжгүй, тодорхой бус байна. /хэргийн 90, 103/,

Шүүгдэгч Д.Ц, гэрч Ё.Батдэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

Иймд дээр дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэн Ж.С, Д.Ц, Б.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 19020 0629 0228 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хамт буцааж  шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “хэрэгт гэрчээр асуугдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай Ё.Батдэлгэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгах нь зүйтэй байна. Учир нь 06 цаг 16 минутаас 15 секундээс 06 цаг 21 минут 10 секундын хоорондох 5 минут орчмын хугацаанд тэрээр зөрчилд холбогдсон жолоочийг драйгер багаж үлээлгэн шалгах боломжгүй байсан шалтгаан нөхцөлийг тодруулан нарийвчлан шалгах ” гэж дурджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ё.Батдэлгэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно.

Гэрч Ё.Батдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргагч Ж.Соёл-Эрдэнийг яагаад шалгаагүй болон шалгах боломжгүй байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг авсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн байтал түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийхийн оронд, харин “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн.

Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай Ё.Батдэлгэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр ерөнхий байдлаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг нь биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг нь шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс огт яллагдагчаар татагдаагүй хүнийг гэм буруутай эсэхэд урьдчилан дүгнэлт хийж, шүүх яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний явцад дундын байр сууринаас хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх”, “гэм буруугүйд тооцох” зарчмыг алдагдуулж, яллах талыг барьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр болно.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “Б.Б, Ц.Б нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ хахуулийн үйлдлийг удирдан чиглүүлж, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн ерөнхийлөн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймээс тэдгээр шүүгдэгч нарын хувьд тухайн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр, хэрхэн ямар үг, үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн нөхцөл байдлыг шалгаж тогтоох ” гэж дурдсан байна.

Прокурор хэргийг хянаж, нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрлөөр нь ялгаж, тогтоолд энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

Шүүх дээрх шийдвэр, түүний хууль зүйн дүгнэлттэй санал нийлээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхойлох учиртай.

Гэтэл шүүх “нөхцөл байдлыг шалгаж тогтоох” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “Прокуророос шүүгдэгч Д.Цын гэмт үйлдэлд нь ял сонсгосон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг давхар журамласан нь ойлгомжгүй, тодорхой бус байна” гэж дурджээ.

Прокуророос Д.Цын яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамласнаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан “гэмт хэрэгт гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдсэн болно.

Д.Цын яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж бичсэн нь Д.Цын үйлдсэн хэргийг үгүйсгэх, буруутгахад нөлөөлөхгүй ба энэ нь бичиглэлийн буюу техникийн шинжтэй алдаа бөгөөд уг алдааг шүүх хуралдаанаар зөвтгөх замаар буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2” дахь хэсгийг хүчингүй болгон хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Шүүгдэгч Д.Ц, гэрч Ё.Батдэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах” гэж дурджээ.

Шүүгдэгч Д.Ц, гэрч Ё.Батдэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн аль хэсэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль хэсэгтэй нь зөрж, мэдүүлгийн зөрүү гарсан, уг мэдүүлгийн зөрүүний улмаас хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхэд ямар боломжгүй нөхцөл байдал үүссэн, тэр нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан үндэслэл шалтгаанаа дурдалгүйгээр хэргийг прокурорт буцаах шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “нүүрэлдүүлж мэдүүлэг авах” мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх боломжтой бөгөөд гэрч Ё.Батдэлгэр нь шүүгдэгч Д.Цтой нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлт гаргаагүй байхад түүнийг шүүгдэгч Д.Цтой нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/86 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөв зүйтэй шийдвэр болсон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Соёл-Эрдэнийн бичиг баримтыг Батдэлгэрт хоёр удаа өгсөн байдаг. Анх Ц.Б бичиг баримтыг аваад Батдэлгэрт өгсөн. Маргааш нь Батдэлгэрт бичиг баримт байж байхад Д.Ц руу “уг бичиг баримтыг аваачиж өг, мөнгө ав” гэдэг асуудлыг ярьсан байдаг. Гэрч Батдэлгэр шүүх хуралдаанд оролцохдоо “би мөнгө ав гэж хэлээгүй, бичиг баримтыг нь өг гээд өгч явуулсан” гэж мэдүүлээд байдаг. Прокурор яагаад Батдэлгэрийг хамгаалаад байгааг ойлгохгүй байна. Энэ талаар бид холбогдох байгууллагад нь хандсан. Уг хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх гэж гурван удаа хойшилсон. Хоёр дахь хурал дээр өмгөөлөгч Оюунболд бид хоёр Батдэлгэрийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад, прокурор 3 яллагдагчийг шууд цагдан хорих саналыг гаргасан. Ингээд шүүх хуралдаан хойшилсон байхад 3 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагт Батдэлгэр болон прокурор Мөнх-Од нар уулзсан асуудал байдаг. Уг асуудлыг прокурорын дотоод хяналтаар шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа. Иймд хэргийг дахин шалгуулах нь зүйтэй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг 4 үндэслэлээр буцаасан. Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй. Гэрч Батдэлгэрийг шалгуулах хангалттай үндэслэл хавтас хэрэгт авагдсан. Гэрч Батдэлгэр нь тухайн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Драйгерыг ажлын байрандаа орхисон нь газар дээр нь шалгаагүй гэдэг нь тогтоогдсон. Өглөө 06 цагт ажлын байраа орхиж Цагдаагийн Ерөнхий газрын жижүүр рүү материал авахаар явсан гэдэг боловч тухайн үед байсан жижүүр Мөнхтогоо “5 цагаас өмнө материалаа авсан байх ёстой. Үүнээс хойш дахиж ирэх шаардлага байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн гаднах камерын бичлэгт хоёр удаа үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Уг тэмдэглэлээс “жолооч Соёл-Эрдэнийг зугтаж явахаас 5 минутын өмнө Батдэлгэр ажлын байрандаа ирсэн, шалгах боломжтой байсан” гэдгийг хасаж бичсэн. Харин 1 дүгээр хавтас хэргийн 218 дугаар хуудсанд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар тухайн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “жолооч Соёл-Эрдэнийг зугтаж явахаас 5 минутын өмнө Батдэлгэр ажлын байрандаа ирсэн, шалгах боломжтой байсан” талаар бичсэн байдаг. 2 дугаар хавтас хэргийн 189 дүгээр хуудсанд гэрч Батдэлгэр мэдүүлэхдээ нь “би Б.Бд хандаж Замын цагдаагийн хэлтэст жолоочийг авч очоод драйгераар түүний согтолтын зэргийг шалга гэж хэлээгүй” гэсэн байдаг. Мөн 2 дугаар хавтас хэргийн 188 дугаар хуудсанд Б.Б нь “Соёл-Эрдэнийн бичиг баримтыг би 7 цаг 30 минутын үед Б.Бгээс хүлээж аваад, өглөө 9 цагт ээлжнээс буутлаа ажилласан. Өөрөөр хэлбэл 1 цаг 30 минутын хугацаанд Батдэлгэр хангалттай шалгах хугацаа байсан боловч тухайн чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Уг бичиг баримтыг Б.Б биш Батдэлгэр Д.Цд өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хэрвээ Б.Б уг үйлдлийг чиглүүлсэн юм бол Батдэлгэрээр бичиг баримтыг дамжуулж Д.Цд өгөөд байхад Батдэлгэр мэдэхгүй байх ямар ч боломж юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол энэ нь өөрөө зөрчил болно. Жолооч зугтаагаад явсан ч гэсэн Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилтгаж 400.000 төгрөгөөр торгох эрх нь Батдэлгэрт байсан. Гэтэл уг арга хэмжээг аваагүй. Мөн Б.Бгийн хэлсэнээр зүгээр бичиг баримтыг нь өгөөд явуулчих гэсний дагуу Батдэлгэр тийм арга хэмжээ авах үүрэггүй, хоёулаа адилхан албан тушаалтай, бие биенийгээ удирдах боломжгүй. Уг хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар шалгаад шүүгдэгч нарт мөн гэрч Батдэлгэрт бүгдэд нь арга хэмжээ авсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өгсөн мөнгөний дүн болон уусан архины хэмжээ зэргийг нарийн тогтоож чадаагүй. Анхнаасаа Батдэлгэрийг прокурор шалгаагүй, хамгаалж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Батдэлгэрийг гэрчээр оролцуулах санал гарахад прокурор эсэргүүцэж байсан. Эргээд яллагдагч нарыг цагдан хорих санал гаргаж байсан. Өнөөдрийг хүртэл хамгаалаад эсэргүүцэл бичээд ирсэн байна. 3 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын үүдэнд Батдэлгэр болон прокурор Мөнх-Од хоёр уулзаад зогсож байсан асуудал байсан. Иймд шүүгдэгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорын хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаад уг асуудлыг шалгуулах өргөдөл өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаас харахад шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал, өөрөөр хэлбэл 4 хүн байсаар байтал нэгийг нь авч үлдчихээд, зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой, өөр бусад хүнийг татах ёсгүй гэх агуулгаар үзэх үндэслэл байхгүй. Батдэлгэрийн үйлдэл, эс үйлдэхүйг шалга гэсэн болохоос биш, буруутгаад аваад ир гэсэн зүйл байхгүй. Яагаад тэр 5 минутад шалгаагүй юм бэ, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлыг шалга гэсэн байгаа. Прокурорын зүгээс шалгасан, болсон, миний яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэх байдлаар эсэргүүцсэн нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлаас харахад Б.Бгийн хувьд Ц.Б, Д.Ц нарт үүрэг чиглэл өгөөд зохион байгуулаад байсан үйлдэл харагддаггүй. Мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд гэрчээс зөвшөөрөл авч байж нүүрэлдүүлэн байцаах арга зам байна. Өөр арга зам байхгүй гэж прокурор хэлж байна. Мөрдөн шалгах бусад арга хэмжээ байгаа. Яагаад бусад аргаар нь шалгаад мэдүүлгийн зөрүүг арилгаж болохгүй байгаа юм бэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан. Бидний зүгээс эсэргүүцсэн зүйл байхгүй. Шалгах шаардлагатай бол шалгуулсны дараа гэм бурууг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.С “тус шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц, Б.Б, Ц.Б, Ж.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...нэг цагдаа намайг шалгах гээд ирэхэд нь би урьд шөнө 11 цагийн үед 50 грамм архи уучихсан, хаана зогсох уу гэхэд намайг урагшаа очоод зогсож бай гэхээр нь би зам дээр зогсож байсан машинуудын урд нь очоод зогссон. ...Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гадаа очсон. Тэр цагдаа машинаас буухдаа миний машины түлхүүр, жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг аваад намайг машинаас буулгаад ...ажил руугаа орсон. ...” /1хх 87-89/,

Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Ж.С гэгч дээр тандагч багаж улаан гэрэл асаж согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дохио өгсөн. ...дэслэгч Батдэлгэр надад хандан Ц.Б, Б.Б хоёр нөгөө нөхөрт өгчихөөрэй гэсэн гээд Соёл-Эрдэнийн түлхүүр, бичиг баримтыг өгсөн...” /1хх 95-97/, анхан шатны шүүх хуралдаанд “...дэслэгч Батдэлгэр намайг Соёл-Эрдэнийн өгсөн мөнгийг нь ав гэж хэлсэн. Үүний талаар би Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө хэлсэн боловч мөрдөгч хавтас хэрэгт миний мэдүүлгийг бүрэн тусгаагүй. ...тухайн үед Батдэлгэрийн гар утас холбогдох боломжгүй байсан. ...дэслэгч Батдэлгэр надад шүүгдэгч Соёл-Эрдэнийн бичиг баримтыг өдөр торгуулийн мөнгө гүйцээж өгөх юм байна шүү гэж хэлээд өгсөн. ...” /2хх 181/,

шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Хамгийн эхэнд Д.Ц Соёл-Эрдэнийг үлээлгээд би Соёл-Эрдэнийг зогсоож шалгасан. ...ахаа байгаа нь 160.000 төгрөг байна, танд энийг өгчихье гээд байсан юм. ...Офицер цолтон буюу зохицуулагч нар жолоочийн согтуурлын зэргийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч материалжуулах үүрэгтэй. ...” /1хх 105-107/, анхан шатны шүүх хуралдаанд “...тухайн үед Батдэлгэр гарсан зөрчлийг бичгийн хэлбэрт буулгаж бэхжүүлэх үүрэгтэй байсан. ...Ж.С гар утсан дээрээ 160.000 төгрөгийг үзүүлж байхад миний хажууд Батдэлгэр байсан. ...” /2хх 186, 187/,

шүүгдэгч Ц.Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Тухайн өдрийн хувьд дэслэгч Батдэлгэр нь Соёл-Эрдэнийн согтуурлын зэргийг Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй байсан юм. Би Ж.С гэх жолоочийг Батдэлгэр өөрөө шалгах байлгүй гэж бодоод бичиг баримт, машины түлхүүрийг нь хураан авч явахгүй байх арга хэмжээг нь авсан. ...” /1хх 116/, анхан шатны шүүх хуралдаанд  “...дэслэгч Батдэлгэр түүний согтуурлын хэмжээг драйгер багажаар илрүүлэх боломжтой байсан. ...” /2хх 182/,

гэрч Б.Батгэрэлийн “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд ерөнхий жижүүрт мэдэгдэж эрэн сурвалжлах ажлыг зохион явуулах үүрэгтэй. ...” /1хх 71/,

гэрч Н.Хангарьд “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд алба хаагч уг жолоочийг олж, тогтоох арга хэмжээ яаралтай авах ёстой. ...” /1хх 73/,  

 гэрч Ё.Батдэлгэрийн “...Ж.С гэх жолоочийг Д.Ц тандагчаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн дохио өгсөн гэсэн. ...Ц.Б над дээр ирээд энэ жолоочийг драйгер үлээлгэж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. ...драйгер багажийг шүүгээндээ хийгээд орхичихсон байсан юм. ...Б.Б дэслэгч өдөр цайны цагаараа ирэхээр нь архи нь гарчихсан, драйгер үлээлгэхээр хувь гаргахгүй байх, нэгэнт нотолж чадахгүй юм чинь бичиг баримтыг нь зүгээр өгчих, Д.Цын гэр нь Яармагт байдаг юм чинь уулзаад өгчих гээд би хэлсэн. ...Нэгэнт Соёл-Эрдэнийг алдчихсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нь нотолж чадахаасаа өнгөрсөн гэж үзсэн тул Д.Цыг гэр нь ойрхон тул бичиг баримт, түлхүүрийг нь зүгээр өгөөд явуулсан. ...миний бие Соёл-Эрдэний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэж тогтоогоод материалжуулж шалгах ёстой байсан юм. ...” /1хх 64-67/ гэсэн мэдүүлгүүд,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...зураг №10 06:37:14-д Ё.Батдэлгэр автомашинд суун явж байгааг харуулав...” /1хх 15-22/,  “...06 цаг 16 минут 15 секунд: Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэр цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Ц нар хэлтсийн байранд ирсэн. 06 цаг 21 минут 10 секунд: Тоёота приус 30 маркийн 40-52 УБН улсын дугаартай автомашины жолооч хэлтсийн байрны гадаа автомашинаа орхиод явсан. ...06 цаг 38 минут 00 секунд: Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэр хэлтсийн байрнаас гарч явсан...” /1хх 218/ зэрэг хэргийн үйл баримтыг тогтоохуйц баримтууд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Дээр дурдсан болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэр албан үүргээ гүйцэтгэх явцдаа 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 40-52 УБН улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож явсан Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мэдсэн атлаа зохих хууль, журам, ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг хооронд зөрүүтэй гэж дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх тэдний мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоожээ.

Анхан шатны шүүхийн хийсэн “Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгах” гэсэн дүгнэлт зөвхөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэж хэргийг прокурорт буцаасан гэж үзэхгүй.

Нөгөөтээгүүр, прокурор шүүгдэгч Д.Ц, Б.Б, Ц.Б, Ж.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэж, хэргийн нөхцөл байдал болох хэрэгт хамтран оролцсон хэлбэр, үйл баримтыг тогтоон тэднийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэрч Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэртэй холбогдох хэсэгт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймээс Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ё.Батдэлгэрийн үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн шинж байгаа эсэх, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тохиолдолд хэрхэн хамтран оролцсоныг нарийвчлан шалгах шаардлагатай.

Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамрласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ прокуророос тэдгээр нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэхдээ, Д.Цоор дамжуулан Ж.Сэс 450.000 төгрөгийн хахууль авах үйлдлийг удирдан чиглүүлж, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж ерөнхий байдлаар дүгнэсэн, оролцооны хэлбэрийг давхардуулсныг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон оролцоо тус бүрийг дахин нягтлан шалгах нь зүйтэй.

Прокурорын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол, яллах дүгнэлтэд Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг давхар журамласныг зөвтгөх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Д.Ц, гэрч Ё.Батдэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаснаар хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ерөнхий байдлаар бичигдээгүй, түүнд дурдсан үндэслэлүүд тус бүртээ мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг тогтоолгох, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянахад чиглэгдсэн тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх тухайн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг болно. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх зарим гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэдэг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах эсэх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаанд тусгай журмын дагуу хийгдэх,  зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон онцгой бүрэн эрх юм.  

Анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тэдний гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэдэг боловч мөн хэргийг уг шүүх хуралдаанаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорт буцааж болдог учиртай.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон заасанд гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой болон шүүхээс хэргийг прокурорт буцаах асуудлын аль аль нь хамаарна.

          Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, ...орлого, ...-ийг ойлгоно” гэж заасан тул мөрдөн шалгах ажиллагаанд хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон гэх 450.000 төгрөгийг хураах, битүүмжлэх гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийвэл зохино.

Иймд прокурор Б.Мөнх-Одын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/86 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнх-Одын бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ