Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01710

 


  2020          06             19                                                 183/ШШ2020/01710

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн ш=үүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бат-О.Л холбогдох,

 

Хариуцагч: Д.А холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л нь өмгөөлөгч Г.Н надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байхдаа “У г” ХХК-ийн ажилчдын байрны доор байрлах 10, 13 тоотод байрлах тус бүр нь 15.000.000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг Б.Лгийн Хаан банк дахь 50991 дугаарын дансанд шилжүүлж авсан, мөн Б.Л нь Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд өөрийн хүү Л.З “Д о” ХХК-ийн бариулж буй “Хан Түшээ” хороололд хямдхан байр зарна гэж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг нягтлан Д.Аюурзанаар дамжуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр авсан.  Б.Л нь уг автомашины зогсоолыг Н.Болор-Эрдэнэд худалдаж, мөнгөө буцаан авах гэтэл элдэв арга хэрэглэн, төлөхөөс зайлсхийх болсон. Иймд Н.А орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20.000.000 төгрөг, Б.Лгээс автомашины зогсоолын төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу талбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н нь Ланд ровер маркийн автомашин өгөөд нэмж 30.000.000 төлөөд Ланд груйзер 200 маркийн автомашин авах гэж байна, 30.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу Б.Л нь 2016 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөгийг Г.Нд бэлнээр зээлдүүлж, Г.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан төлсөн юм. Мөн Г.Нгийн хувьд хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн бариулж буй Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах орон сууцыг зарахаар түүнээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг нягтлан Д.Аюурзанаар дамжуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд Д.Аюурзанын хувьд 20.000.000 төгрөгийг Г.Нгаас бэлнээр аваагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Нгийн нэхэмжлэлтэй, Б.Л, Д.Аюурзана нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...би Б.Лгээс автомашины зогсоолыг 30.000.000 төгрөгөөр худалдан авахаар түүнд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн Б.Лгээс түүний хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн бариулж буй “Хан Түшээ” хороололд хямдхан байр худалдан авахаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нягтлан Д.А 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.А орон сууцны урьдчилгаа төлбөрт бэлнээр төлсөн 20.000.000 төгрөгийг, хариуцагч Б.Лгээс автомашины зогсоолын төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...нягтлан Д.А нь Г.Нгаас орон сууцны урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй, Г.Н нь 30.000.000 төгрөгийг  Б.Лгээс зээлж, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буцаан төлсөн” гэсэн хариу тайлбар гаргаж, зохигчид мэтгэлцжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-т дурдсан “...гэрч Б.Л, гэрч Ч.Мөнхжаргал, гэрч Д.Аюурзана, гэрч Н.Болд-Эрдэнэ нарын мэдүүлэг” Хаан банкны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Орлогын мэдүүлэгт “...орлого 30.000.000 төгрөгийг Г.Нгаас Б.Лд шилжүүлсэн” гэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дүгээр шийдвэр, нэхэмжлэгч “Голден Адвокэйтес” ХХК-иас төлбөр төлөгч Л.Золбоо, “У г” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн “Төлбөрийн нэхэмжлэх”, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 27Ш1-4/3408 дугаар албан бичгийн дагуу шүүхэд ирүүлсэн Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай тогтоол, Б.Лгийн өргөдөл болон гэрч Ч.Мөнхжаргалын шүүхэд гаргасан мэдүүлгээр нэхэмжлэгч Г.Нн “...автомашины зогсоол худалдан авахаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг Б.Лд шилжүүлсэн, мөн Б.Лтэй тохиролцож түүний хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн бариулж буй Хан Түшээ хороололд орон сууц худалдан авахаар Д.Аюурзанад 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн үйл баримт нотлогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Лхагвсүрэн нь 30.000.000 төгрөгөөр, хариуцагч Д.Аюурзана 20.000.000 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нотлогдохгүй байна.

 

Иймд Г.Нгийн нэхэмжлэлтэй, Б.Л, Д.А нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Г.Нгийн нэхэмжлэлтэй, Б.Л, Д.А нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.СЭМЖИД